СУИС-ийн оюутан Д.Мөнхтөмөртэй ярилцлаа.
-Хэзээнээс эхэлж уртын дуу дуулсан бэ?
-Уртын дууг тавдугаар ангиасаа дуулж эхэлсэн. Тэр жил манай сургууль урлагийн үзлэгийн номертоо уртын дуу гэсэн төрөл оруулсан юм. Тухайн үед уртын дуу дуулах хүүхэд ховор би ангийн хүүхүүдийн шахалтаар жаахан дурамжхан дуулж байлаа. Урлагийн үзлэгт маань намайг бэлдэж Хан Хэнтий чуулгын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Оюунтуяа багш маань Хулст нуур дууг зааж байлаа. Би энэ дуугаараа урлагийн үзлэгтээ орж бусад ангийн хүүхдүүдээс хол тасархай түрүүлж байсан юм. Үүнээс хойш л уртын дуунд дурлаж эхэлсэн.
“Хулст нуур” дууг дуулахад төрсөн нутаг ус, аав, ээж, өөрийн хайртай хүлэг морио санан дурсаж буйг илэрхийлдэг. Анхны тэмцээнд амжилт үзүүлсэнээс хойш гэрийхэн маань дэмжсэн. Тэр тусмаа эмээ маань их дэмждэг.
-Аав ээжийнх нь удамд дуулдаг хүмүүс бий юу?
-Манай аав хүүхэд байхдаа аймагт зохиогддог хүүхдийн “Яргуй” урлагийн наадамд оролцож дуулдаг байсан гэнэ лээ. Түүнээс би ээжийнхээ талаас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргын удамтай. Би хөдөөний хүүхэд учир сургуулийн амралтаараа хөдөө их очно.
Морь унаад өглөө эрт адуунд явахдаа дөрөөн дээрээ өндийж “Эр бор харцага” уртын дууг их дуулдаг байлаа. Ингээд дуулж явахад зэрэглээтсэн тал нутаг минь тун ч үзэсгэлэнтэй санагддаг байж билээ. Уртын болон ардын дуунаас өөр дуу дуулах сонирхолгүй.
-Уртын дуу дотроо халх, боржигон гэх мэт олон аялгуутай. Та аль аялгуугаар нь дуулдаг вэ?
-Би айзам уртын дуу дуулах илүү их дуртай. Тэр тусмаа “Эртний сайхан” хэмээх дуу. Сүүлд манай ҮУИТ-ийн дуучин Т.Баатархүү ах дуулснаас хойш бүр их сонсох болж сурж дуулах сонирхол маш их төрсөн. Надад тийм намуухан тайван амгалан болгосон дуу шиг санагдсан. Дууны онцлог гэвэл Их эзэн Чингис хааныг өгүүлсэн дуу байдаг. Харин бусад аялгуунаас нь гэвэл бэсрэг уртын дуу айзам дуунаас илүү амьсгаа зарцуулалт бага нугачаа багатай дуу л амар санагддаг. Харин боржигон аяар маш санамсаргүй тохиолдлоор сурч байлаа.
-Боржигон аяар дуулж сурч байсанаа дурсвал?
– 2020 оны 11 сард Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгаас зохиосон Боржигин уртын дууны уралдаанд оролцсон юм. Тухайн тэмцээний хүүхдийн төрөлд “Зээ хүү бор борын бялзуухай” гэх дууг заавал дуулна гэсэн байлаа. Тэр үед боржигон дууг огт мэдэхгүй. Тухайн дуугаа халх аяар дуулаад сурчихсан байсан юм. Уг тэмцээн болохын хоёр хоногийн өмнө Говьсүмбэрт очиж байлаа. Тэгтэл нутгийн дуучин ах эгч нар надад маш сайхан хандаж боржигон аяар яаж дуулдгыг зааж өгсөн. Миний хувьд боржигон аяар дуулахад ая нь яг л лам хүн ном уншиж байгаа юм шиг санагдаж билээ. Мөн их олон нугалаа хийж дуулна. Үеийн залуучууддаа хандаж хэлэхэд монгол өв соёлоо улам их дээдэлж дэлгэрүүлж байгаасай гэж хүснэ.
А.ДОРЖХАНД