Боловсрол судлалын доктор Д.Мөнхжаргалтай Боловсролын багц хуулинд орж байгаа олон нийтийн анхаарал татсан зарим өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-“Багшийн ажлыг сурагчдын сурлагын амжилтын ахицад үндэслэн үнэлнэ” гэж БШУЯ-ны удирдлагууд ярьж байна. Тэгвэл багш нарын ажлыг хэн, яаж үнэлэх вэ. Хөтөлбөрийн хэрэгжилтээр үү. ЭЕШ-ын оноогоор уу. Улсын шалгалтын дүнгээр үү. Муу ажилласан багшийн цалинг хасна гэвэл үнэлгээ нь бодитой байх шаардлагатай. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Зөвхөн боловсролын салбар биш, манай улсын ихэнх салбаруудад аливаа ажил, үйлийн гүйцэтгэлийн үнэлгээний соёл төлөвшөөгүй гэж хэлж болно. 2020 онд явуулсан “АХБ-ны Хямралын үеийн боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн судалгаагаар сургууль, цэцэрлэгийн багш нарын дийлэнх нь өөрсдийнх нь ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлдэггүй, захирал, эрхлэгчийн үзэмжээс ихээхэн хамаардаг гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү судалгаагаар идэвхтэй сургалтын арга зүй, технологи нэвтрүүлэн сурагчидтайгаа сэтгэл гарган тулж ажиллан, тэдний гарааны түвшинг ахиулж чаддаг багш нар сурлагын ахицын хэмжээг 2013 оны журмаар үнэлдэг боловч энэ нь санхүүгийн урамшуулалтай холбогдохгүй байгааг илэрхийлсэн. Яамны удирдлагуудын яриад байгаа багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх Ахицад суурилсан үнэлгээний загвар (Value-added modeling) бол хэрэгжүүлэхэд нэлээд ажиллагаа шаарддаг. Хичээлийн жилийн эхэнд сурагчдын сурлагын амжилтын гарааны түвшинг хэрхэн үнэн зөв тогтоох вэ гэдэг нь хамгийн ярвигтай асуудал юм. Үүнийг сурагчдын өмнөх хичээлийн жилүүдийн амжилтын түвшин, оюун ухааны хөгжлийн түвшин, шилжилт хөдөлгөөн, хичээл таслалтын байдал, бүлэг дүүргэлт, тухайн насандаа суралцаж буй эсэх, сургуулийн болон сургуулиас гадуур ижил төстэй хичээл сонгон судалж буй байдал, тухайн боловсролын түвшинд элсэн суралцах үеийн сурлагын амжилтын байдал зэрэг хүчин зүйлүүдийг тооцсон регрессийн загвараар бодож гаргадаг. Зарим орнуудад багш мэргэжлийн стандартад суурилсан үнэлгээний загвар (standard-based modeling)-ын дагуу үнэлгээ хийдэг. Харин сүүлийн жилүүдэд Стандартад суурилсан нэгдмэл үнэлгээний загвар (Holistic standards-based approach) болон Олон талт үнэлгээний загвар (Multi-faceted approach) нэлээд түгээмэл хэрэглэгдэж байна. Ахицад суурилсан үнэлгээний загварыг сурагчид нь ахиц муутай байгаа багш нарыг сул тал гэж үзэхээсээ илүүтэйгээр ахиц амжилтад хүргэдэг багш нарын гүйцэтгэлийг үнэлж олж хардаг, тэрхүү амжилтад нь нийцэхүйц санхүүгийн болон санхүүгийн бус урамшуулал заавал олгодог механизм нэвтрүүлэх нь зүйтэй. Тэгэхээр М.Армстронг “Та гүйцэтгэлийг хэмжиж чаддаг бол гүйцэтгэлийн урамшууллыг олгох боломжтой” гэж хэлсэнчлэн боловсролын салбарт үнэлгээний нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, шударга үнэлгээчдийг бэлтгэх, түүгээр дамжуулан үнэлгээний зөв соёлыг нэвтрүүлэх том зорилт бидний өмнө тулгарч байна.
-Ажлын хэсэг ахалсан зарим гишүүн “Захирал сайн багшаа цалингаар нь тогтоох боломж олгоё” гэж яриад байгаа. Гэтэл захирал гэдэг нэг л хувь хүн шүү дээ. Захиралд таалагддаггүй багшийн үнэлгээ буурах эрсдэл бий?
-Ихэнх улс орнууд сургуульд суурилсан боловсролын шинэчлэлийг өрнүүлж, сургуулийн ажлыг чанаржуулснаар багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэж, боловсролын чанарыг дээшлүүлж, нийгмийн хэрэгцээг хангаж байгаа нийтлэг хандлага юм. Үүнийг сургуулийн удирдах ажилтны мэргэжлийн болон манлайллын ур чадвар, нийтийн өмнө хүлээсэн өндөр ёс зүйтэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл манай улсад сургуулийн удирдлагын улс төрөөс шууд хамааралтай томилгоо нь ёс зүй, мэргэжлийн ур чадварын шаардлага хангахгүй сургуулийн удирдах ажилтнуудын эзлэх хувь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгааны дүнгээс харвал сургуулийн захирлуудын 10,6 хувь нь бакалаврын түвшний боловсролгүй, дипломын дээд боловсролтой, өөрөөр хэлбэл дээд сургуулиа бүрэн дүүргээгүй нөхөд сургуулийг удирдаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ хувь өсч байгааг дурдсан байдаг. Сургалтын менежерүүдийн 9,5 хувь нь мөн л дипломын дээд боловсролтой хүмүүс байна. Мэргэжлийн зэрэггүй захирал 80 хувь, сургалтын менежер 38 хувьд хүрчээ. 2019 оны “Бага, дунд боловсролын дэд салбарын судалгааны тайлан”-д “Бүх шатны боловсролын удирдлага, багш, ажилтнуудын томилгоо нь улс, орон нутгийн сонгуулийн дараа өөрчлөгдөн солигдож, мэргэжлийн бус удирдлагууд олноор бий болж байгаа нь боловсролын чанар, боловсролын үйлчилгээг авагчдын эрх ашигт маш сөргөөр нөлөөлж байгаа” нь боловсролын салбарын тулгамдсан асуудлуудын дээгүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 69,5 хувь нь үүнд санал нэгджээ. Нэг сонгуулийн хугацаанд 300 шахам сургуулийн захирал өөрчлөгддөг гэсэн статистик үзүүлэлт бий. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын сургууль дөрвөн жилд зургаан захирлын нүүр үзсэн. Үүн дотор цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн ч байсан гэдэг. Сургуулийн удирдах ажилтнуудын зарим нь ийм дүр төрхтэй, тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байхад тэдний гарт багшийн ажлын үр дүнг гүйцэтгэлд суурилан урамшуулах санхүүгийн эрх мэдлийг өгөх нь эрсдэл дагуулах магадлалтай.
-Сурагчдын хувьсах зардлын асуудлыг дахин авч үзнэ гэж байгаа. Олон нийтийн хувьд өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал олгохгүй байхыг дэмжих хандлагатай байгаа. Гэтэл хувийн сургуулийн эздийн хувьд сурагчийг улсын, эсвэл хувийн хэвшилд суралцаж байгаагаар нь ялгаварлаж байна гэж үздэг. Хувьсах зардлыг сургуульд нь бус сурагчид нь өгөх ёстой гэсэн санал явна. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Сургуулийн бие даасан байдлыг сайжруулах оролдлогын дунд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал байрыг эзлэх хандлагатай байна. АНУ-ын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр нь “Холимог өмчийн сургууль”-иас эхтэй, Япон дээд сургуулиа бие даасан хуулийн этгээдийн (Gakkoo hoojin) статустай болгож байгаа болон Их Британийн “Чөлөөт сургууль”-ийн хувилбар сургуулийн удирдлага, хяналт, хариуцлагыг зөвхөн төр засаг үүрэх бус эцэг, эх, багш, оролцогч этгээдүүдтэй хамтран хариуцах, тэдний үүргийг нэмэгдүүлэх, ингэснээр боловсролын чанарыг дээшлүүлэх нэгэн алхам юм. Хэдийгээр улсаас төсөв, зардлыг нь даадаг ч хяналт, хариуцлагыг өөр субьектүүд үүрч болдог гэсэн санаа явж байна. Нөгөө талаас төрийн бус өмчийн сургуулиуд нь олсон орлогоо сургуулийнхаа хөгжилд зарцуулах ашгийн төлөө бус гэсэн статусаар ажиллах нь нийтлэг байдаг. Дээрх хөгжлийн зүй тогтлыг харвал өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль гэдэг хуулийн этгээд улам л нийтийн шинжтэй болон хувирч буйг харж болно. Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулийг эрх зүйн орчинд алагчилж болохгүй. Тээврийн, эрүүл мэндийн, Үдийн хоолны, хувьсах зардлын үйлчилгээг сургуульд зориулагдсан зүйл бус харин сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол субьект болох суралцагчийн эрхийг хангахад зориулагдсан зүйл гэдгээр нь ойлгох хэрэгтэй юм. Харин сургалтын цөм хөтөлбөрөөс давсан суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангах, хөгжлийн онцлогт нь тохирсон агуулга, арга зүйг хэрэгжүүлж буй үйлчилгээний хувьд чанарын ялгаа үүсэх бөгөөд үүнийг алагчлал гэж үзэх нь зохимжгүй. Тэгэхээр “Үйл үйлээ дагна, үнээ тугалаа дагана” гэдэг шиг хувьсах зардал бол ваучерийн системээр суралцагчаа дагах нь дэлхий нийтийн жишиг юм.
-Багшийн нийгмийн асуудлыг анхаарах ёстой гэдэг дээр олон хүн санал нийлэх болов уу. Цалинг нь өндөр тогтоож чаддаггүй юм аа гэхэд бусад урамшуулал, дэмжлэгийг суулгах хэрэгтэй гэж зарим багш ярьж байна лээ. Багшийг дэмжих ямар дэмжлэг байж болох вэ?
-Үндсэн хуулинд суралцагчийг алагчлахгүй, сургуулийг бас алагчлахгүй гэдгийг тов тодорхой зааж өгсөн. Харин ардын багшийг алагчлахгүй гэсэн заалт оруулж өгсөн бол суралцагч, багш, сургуулийг алагчлахгүй гэсэн гурвалсан давхцал үүсэхээр байв. Багшаа алагчлахгүй байх нь нийгмийн хөгжил, дэвшлийн бас нэгэн үзүүлэлт болдог. Боловсролын ерөнхий хуулинд багш, ажилтны нийгмийн баталгаа гэсэн зүйл оруулж багшид үзүүлэх олон талын дэмжлэгийг сайтар тусгаж өгсөн нь ажиглагдаж байна. Харин багшийн нийгмийн баталгаа гэхээсээ илүүтэйгээр багшийн цалин хөлсний хамгааллын тогтолцоо гэдгийг оруулж өгөх нь зүйтэй юм. Олон улсын багшийн статусын тунхаглалд багш ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах эрхтэй гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд өнөөгийн өртгөөр, цалин хөлсөөр хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа тохиолдолд багшийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээг хамгаалдаг хамгааллын тогтолцоог хуулинд тусган оруулж өгөх шаардлагатай байгаа юм.
-Хүмүүнлэг боловсролыг дэмжих хуулийн тухай яриад байна лээ. Хүмүүнлэг боловсрол гэж юугаа хэлж байна вэ?
-Эдүгээ дэлхий нийтээрээ сайн хүний эрэлд мордож, төрийн байгууллагаас эхлээд хувийн хэвшил хүртэл мэргэжлийн мэдлэг, чадвар өндөртэй хүнээс илүүтэйгээр сэтгэл зүтгэлтэй, итгэл даах хүнийг ажилд авахаар хайдаг болжээ. Сайн хүн ховордсон нь боловсролыг өрсөлдөөний хэрэгсэл болгон ашиглахад илүүтэй анхаарч хүний эрхэм зан чанарууд, түүний үнэ цэнэтэй талыг орхигдуулж ирсэн орчин үеийн боловсролын өрөөсгөл байдалтай холбоотой болохыг дэлхий нийтээрээ ойлгож эхэлсэн.
Оросын яруу найрагч А.С.Пушкин “Халимаг бүсгүй” шүлэгтээ монгол хүний халуун дулаан сайхан сэтгэл, нүүдэлчдийн мөс чанарыг магтан дуулсан байдаг. Өнөөдөр ийм л төлөвшилтэй, хүний мөс чанартай иргэн хамгийн үнэт капитал болох цаг ирсэн. Монголчуудын хүнээр хүн хийдэг, хүний мөс чанар суулгадаг уламжлалт ардын сурган хүмүүжүүлэх ухаан эдүгээ цагт яригдаж буй тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалтай сайтар нийцэж байгаа. Дэлхий дахинаа энэ талаар судлах, амьдрал ахуйдаа хэрэглэх сонирхол, хэрэгцээ нэмэгдэж байна. Уламжлалдаа суурилан хүний мөстэй монгол хүмүүнийг төлөвшүүлж чадвал дэлхий дахинаараа эрэн хайж буй тэрхүү “сайн хүн”-ийг монголчууд бид нийлүүлэх магадлал өндөр байгаа юм.
Харин А.С. Пушкины тодорхойлсон халуун дулаан сэтгэлтэй, хүний мөстэй монгол хүн цөөрсөөр байна. Манжийн эрхшээл, коммунизм болон зах зээлийн нийгмийн үзэл суртлын нөлөөнд монголчуудын язгуурын сэтгэлгээ, хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Өнөөдөр бид аливаа ажлыг хэлбэрддэг, аргацаадаг, оромддог, өнгө, хэлбэр хөөдөг, отго жинс, одон медальд донтсон, хэрэгтэй хэрэггүй цол гуншин, зэрэг дэв горьдсон, өөрт нь байгаа, өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй байх зүйлээ огоорсон, өрөөлийн хувьд үнэ цэнэтэй байх зүйлд хэтэрхий автсан “Муухай монгол хүн” болоод байна. Финляндууд өөрийгөө гоёж гоодохыг мартах тохиолдол байдаг ч өвлийн улиралд явган хүний зам дээр буталсан хайрга дэвсэхээ хэзээ ч мартдаггүй. Харин монголчууд бид барилгынхаа үүдийг гялгар хавтангаар бүрж гангардаг ч өвлийн хүйтэнд хүмүүс халтирч унана гэдгийг мартдаг. Энэ бол хүний сэтгэлгээ, хандлагын ялгаа. Боловсролын багц хуулийн шинэчлэл, түүн дотроо хүмүүнлэг боловсролын хуулийн амин сүнс нь монголчуудын сэтгэлгээний шинэ төлөвт шилжих, хандлагын өөрчлөлт хийх эрх зүйн орчин бүрдүүлэхэд орших болов уу.
Дээр дурдсан “Муухай монгол хүн”-ийг “Сайхан монгол хүн” болон өөрчлөгдөхөд дэм болохуйц дээр дэвшүүлсэн боловсролын зорилгыг монголчуудын язгуурын шинж чанарт тулгуурлан дараах байдлаар задлан тайлбарлаж болох юм: “Хүний мөс чанар, төлөвшлийн хувьд чин итгэлт чанартай, чин шударга зантай, чин үнэнч сэтгэлтэй, өөрөө урган төлжсөн, амьгүй хийгээд амьд бүхний оршихуйн үндэс болсон эх ундаргад хүндэтгэлтэй ханддаг, эх байгалиа хайрладаг, эх орноороо бахардаг, эх эцгээ хүндэтгэдэг, эх хэлээ эрхэмлэдэг, бусад улс орнуудтай зэрэгцэн орших, дэлхийн дайдад өрсөлдөхийн тулд амь биеэ тэжээх тэтгэх, амьд үлдэх (тэсэж үлдэх), амьдрах ухааны (зөөлөн) чадвартай иргэн төлөвших боломжийг нээх, дэмжихэд хүмүүнлэг боловсролын зорилго оршино.
Дэлхий дахинаа хүмүүнлэг боловсролын гол зарчим бол уламжлал шинэчлэлийг хослуулах хэмээн үзэж байна. Европын холбооны улсууд Боолоны процессын дагуу боловсролын нэгдмэл стандарттай болох явц өрнөж байгаа ч гэсэн ХБНГУ-ын Боннийн их сургууль “Уламжлал шинэчлэлийг хослуулна”, Унгарын Өтвөш Лорандийн их сургууль “Уламжлалт соёл, Шинэ хандлага” (Traditional Values, Modern Approaches) хэмээн сургуулийнхаа алсын харааг илэрхийлсэн жишээг дурдаж болно.
Эцэст нь ёс зүй, ёс суртахууныг хуульчлах ёстой эсэх талаар Монтескъёгоос “Ёс суртахууныг сайжруулаад хүрч очих түвшинг заавал хуульчлан тогтоох хэрэггүй” гэсэн эшлэл авах нь зүйтэй болов уу.