Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхжаргал: Олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээг тасалдуулбал ямар ч эмчилгээгүй болно

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судлалын тасгийн эмч Д.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Энэ хүмүүсийг бүрэн эмчлэх ямар, ямар эмчилгээ танайд хийгдэж байгаа вэ?

-Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас өнгөрөгч онд эмэнд тэсвэржилтийн тандалт судалгааг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Үүгээр манайд шинэ тохиолдлын дунд рифампбицен эмэнд тэсвэржилтийн эзлэх хувь 5.3 хувь, урьд нь эмчлэгдэж байсан тохиолдол 16.5 хувьтай гарсан. Эмэнд мэдрэг сүрьеэгийн тоо харьцангуй тогтвортой байгаа ч эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Харьцуулбал, 2006 онд анх эмэнд дасалтай сүрьеэгийн улсын дундаж 1.5-тай байсан бол одоо 7.6 болтлоо нэмэгджээ. Энэ үзүүлэлтийг нөгөө талаар оношлогооны чадвар сайжирч байгааг харуулж байгаа явдал гэж харж болно. Аймаг, дүүргүүдийн эмнэлэг эмэнд тэсвэржилтийг хоёр цагийн дотор мэддэг аппарат, тоног төхөөрөмжтэй болсон. Эмэнд дасалтай сүрьеэгээр өвчлөгсдөд таваас зургаан төрлийн эм уулгадаг. Ямар эмэнд тэсвэртэй байна гэдгээс хамаараад харилцан адилгүй. Нэг эмээс өдөрт дөрвөөс таван ширхгийг, нийт хориод эмийг хоёр жилийн турш ууна. Энэ бүх эм, эмчилгээ манай улсад 100 хувь үнэгүй байдаг.

-Сүрьеэгийн эмчилгээг 100 хувь үнэ төлбөргүй хийдэг. Бүрэн эдгэрэх боломжтой өвчин гэхээр хүмүүс тайвширч, алгуурлах тал байдаг уу?

-Тийм. Тухайн өвчтөний халааснаас нэг ч төгрөг гардаггүй болохоор хүмүүс эмчилгээг тууштай хийлгэдэггүй. Энэ нь өөрөө эмэнд дасалтай сүрьеэ бий болох анхдагч хүчин зүйл болдог. Хоёрт, тухайн хүн анхнаасаа эмэнд дасалтай сүрьеэгийн нян авч энэ өвчнөөр өвчилдөг. Антибиотек тэсвэржилтийн эрин үе гэдэг шиг сүрьеэгийн тэсвэржилт нь сүрьеэгийн эмчилгээ бий болсон үеэс эхлээд яригдаж эхэлсэн. Ямар ч нян, бактерийг буруу эсвэл дутуу эмчлэхэд тэсвэрждэг. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ урт хугацаанд буюу есөөс 24 сарын хугацаанд үргэлжилдэг. Манай улс 2003 оноос эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, 2006 оноос эмчилж эхэлсэн. Манай улсад хийгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ нь ДЭМБ-ын зөвлөмж болгосон олон улсын стандартад нийцсэн байгаа. Иргэдийн дунд Япон, Солонгост очвол сүрьеэг сайн эмчлэгдэнэ гэсэн хандлага ажиглагддаг. Бид тэдэнтэй яг ижил стандартаар эмчилгээ хийдэг.

-Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Гэтэл сүрьеэгээр өвчлөгсөд нас барах тохиолдол гарсаар байна. Энэ юутай холбоотой вэ?

-Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй болохоор хэзээ ч очсон эмч нар бүрэн эмчилнэ гэж боддог. Хэзээ ч ирсэн бид эмчилнэ. Гэхдээ эмчилгээний сонголт хязгаарлагдмал болдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Эмчилгээгээ тасалж дутуу орхиод байвал өвчин хүндэрсээр бүрэн эмчлэгдэх боломжгүй болно. Нэг эмэнд дасалтай сүрьеэ өвчтэй хүнийг эмчлэхэд дөрвөөс зургаан мянган долларын эмийг үнэгүй өгдөг. Олон эмэнд дасалтай сүрьеэд бол 40 мянган долларын өртөгтэй 5-6 төрлийн эмийг хоёр жил өдөр бүр уух ёстой. Тухайн өвчтөн хэрвээ энэ эмчилгээг тасалдуулах юм бол ямар ч эмчилгээ байхгүй. Үхлээр дуусна. Ийм 100 хүн тутмын 75 нь таван жилийн дараа нас бардаг. Үлдсэн 25 нь амьдралын төгсгөлийн шат руу шилжинэ гэсэн үг.

-Зөвхөн сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг гэж байдаг уу?

-Ганцхан сүрьеэ өвчний үед илэрдэг өвөрмөц шинж тэмдэг гэж байдаггүй нь сүрьеэг оношлоход төвөг учруулдаг. Хоёр долоо хоногоос дээш хугацаанд ханиалгах, хоолонд дургүй болох, жин буурч, турах, ядарч сульдах, шөнө хөлрөх эсвэл халуурах гэх мэт ханиад томуу болон бусад өвчинтэй төстэй шинжүүд илэрдэг. Үүнээс болоод эмч нар өөр өвчин гэж сэжиглэнэ. Өвлийн улиралд жаахан хүүхэд сүрьеэгийн нян авчээ гэхэд томуу, томуу төст өвчин гэж үзээд өөр талаас нь эмчлээд байдаг. Энэ мэтээр өөр өвчинтэй андуурах тохиолдол бий.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Сүрьеэ амьсгалын замаар дамждаг учраас хувь хүнээс шалтгаалах зүйл байхгүй. Гэхдээ сүрьеэгийн халдвар авсан хүн бүхэн өвчилдөггүй. Тэдний арван хувь нь өвчлөх эрсдэлтэй. Дархлаа сул байх эсвэл нэг төрлийн нянг дахин дахин авч байгаа хүмүүс өвчилдөг. Тийм болохоор сүрьеэ өвчтэй хүмүүс гэр бүлийнхнээ тогтмол үзлэг оношлогоонд хамруулж байх хэрэгтэй.

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад сүрьеэ өвчний тархалт манай улсад ямар байна вэ?

-Дэлхийд сүрьеэгийн өвчлөл өндөртэй 20 орны тоонд манай улс ордоггүй. Гэхдээ номхон далайн баруун бүсийн 37 орныхоо сүрьеэгийн өвчлөл өндөртэй дөрвөн орны нэгд орж байна. Сүрьеэ өвчний бүртгэгдэж байгаа тохиолдол арван жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдол 100 мянган хүн амд 134 байгаа юм. Харин тархалтын судалгаагаар 100 мянган хүн амд 757 хүн байх боломжтой гэж гарсан. Тэгэхээр тархалт тав дахин өндөр байна. Энэ үзүүлэлт бол оношлогдохгүй, бидэнд баригдахгүй, тухайн өвчтөн байх тохиолдолд өөрөө зовиураа мэдэхгүй маш их байна гэсэн үг. Тэгэхээр одоо сүрьеэтэй тэмцэх стратеги, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд идэвхтэй илрүүлэлт рүү чиглэж байна. Нийгэмд оношоо мэдэхгүй, өвчин тараагаад яваад байгаа хүмүүсийг эрт илрүүлэх хэрэгтэй байна. Эрт илрээд бүрэн эмчлэгдэх юм бол эмэнд дасалтай болохоос бүрэн сэргийлэх боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *