Categories
мэдээ нийгэм

Д.МӨНХБОЛД: Хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт боловсруулна

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад хэрэглэх “Техникийн тодорхойлолт”-ыг Техникийн хэлтэс боловсруулж байна. Энэ талаар Техникийн хэлтсийн орлогч Д.Мөнхболдоос тодрууллаа.


-“Эрдэнэтийн-Овоо” орд газрын өөрийн онцлог гэж байдаг. Оюутолгой зэрэг бусад ордууд өөр өөрийн онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн ордын агуулга, бүтэц, найрлага өөр учраас… Тэгэхээр бид 41 жилийн түүхэндээ Эрдэнэтийн ордыг ашигладаг технологитой болчихсон. Энэ технологи өөр газар таарахгүй. Ийм технологид тохирсон тоног төхөөрөмж энд ажиллах ёстой.

Өнгөрсөн оны зургаадугаар сард үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ нь техник технологийн, эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, тогтвортой хөгжлийн бодлого юм. Уг ажлын хүрээнд үйлдвэрлэлд тулгамдаж буй техникийн асуудлыг техникийн зөвлөлөөр шийдвэрлэж байгаа. Техникийн хэлтсийнхэн 2019 оны сүүлийн хагас жилд техникийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам боловсруулж байна. Өмнө нь онцгой комисс хуралдаж тулгамдаж буй асуудлаа шийдэж ирсэн. Үйлдвэрийн удирдлагын баг 2020 оныг “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” он болгох зорилт дэвшүүллээ. Энэ нь үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлье. Тэгэхдээ шинжлэх ухаанд суурилъя гэсэн санаа.

Эрдэнэт үйлдвэрт техник, тоног төхөөрөмж ямар байх ёстой юм. Ямар шаардлага хангасан тоног төхөөрөмж авч, хэрхэн ашигтай ажиллуулах ёстойг зөв тодорхойлох нь маш чухал ажил. Иймээс анхан шатны техникийн баримт бичгийг тодорхой болгож нэг стандарт загварт оруулах шаардлагатай гэж үзсэн.

-Техникийн тодорхойлолт боловсруулж нэг загварт оруулснаар ажлын ямар өөрчлөлт гарах вэ?

-Ямар техник хэрэгцээтэйг зөв тодорхойлох шаардлагатай. Тухайн техникт ерөнхий болон тусгай шаардлага тавигддаг. Сүүлийн жилүүдэд техникийн тодорхойлолтыг үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өөр өөрийн чиглэлээр янз бүрийн хэлбэрээр боловсруулж байсан. Энэ нь зарим нэг техникийн шаардлагыг орхигдуулах, улмаар зөвхөн нэг талыг баримталж тодорхойлох нь олон асуудал дагуулдаг. Жишээлбэл, шинэ техник, тоног төхөөрөмж захиалахдаа худалдан авсны дараа тухайн техник дээр ажиллах ажилтныг сургах шаардлагыг орхигдуулснаар асуудал үүсдэг. Тухайн техникийг тодорхойлолтын дагуу тендер зарлаж худалдан авалт хийгээд техникийг ажиллуулах үед бэлтгэгдсэн ажилтангүй байгаа нь тухайн техникийг эвдэх, ажилтан осолдох зэрэг хүндрэл үүсгэдэг. Тэгэхээр уг техникийн тодорхойлолт дээр нь хүн сургах шаардлагатайг тусгачих ёстой.

Үүнээс гадна захиалсан тоног төхөөрөмж ямар орчинд ажиллахыг тодорхойлоогүйгээс шинээр ирсэн агаар шахах компрессор халаад байн байн зогсоод байсан.

Учир юу вэ гэвэл гадна орчин ба дулаан байранд ажиллах зориулалтыг тодорхойлолгүй захиалга хийгдсэн. Гадна ажиллах тоног төхөөрөмжийг дотор тавихаар халаад ажиллахгүй байх жишээтэй.

Техникийн тодорхойлолтод үндсэн үзүүлэлт, төрөл, загвар, ямар энергийн эх үүсвэр хэрэглэх талаар тодорхой заах хэрэгтэй. Гаднын зарим тохиолдолд нэмэлтээр өөр энергийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Тухайлбал, зарим тоног төхөөрөмжид тусгай хий азот шаарддаг.

Үүнийг техникийн тодорхойлолтод тусгаагүй бол азотын станц тавих, шугам татах зэрэг нэмэлт ажлууд гарна. Тэгэхээр цахилгаан, азот, ус, уур хэрэглэнэ гээд тусгай шаардлага дээр нь заачихвал ямар ч асуудал гарахгүй. Энэ бүхнийг тооцоогүйгээс нэмэлт зардал гардаг. Шинэ техник үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэл учруулдаг.

Тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг зөв боловсруулснаар ийм алдаа дахин гарахгүй. Техникийн бодлого зөв хэрэгжинэ, нэг стандартад орж цэгцэрнэ. Өнгөрсөн оны сүүлийн улиралд үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд болон бодлогын хэлтсүүдтэй хамтран техникийн тодорхойлолт загварыг зөвшилцөх замаар боловсруулж, 12-р сарын 25-ны өдөр буюу Уурхайчдын баяраар “Техникийн тодорхойлолтын загвар батлах тухай” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэр гарсан. Ингэснээр 2020 онд Эрдэнэт үйлдвэр худалдан авалт хийж буй бүх тоног төхөөрөмжийнхөө техникийн тодорхойлолтыг нэг загвараар боловсруулна. Техникийн бодлого нь техникийн тодорхойлолтоос эхлэх ёстой. Байшин барилаа гэж бодоход суурийг нь сайн тавина гэсэн үг.

-Баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *