Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Өнөөдөртөө амьдарч сурвал аз жаргалтай байна гэдгийг номдоо өгүүлсэн

“Аз жаргалын эрэлд” номыг зохиогч Д.Мөнх-Эрдэнэтэй номынх нь талаар товч ярилцлаа.


-Та анхны номоо гаргажээ. Яагаад аз жаргалын тухай бичих болов?

-“Аз жаргалын эрэлд” номыг бичих болсон шалтгаан их энгийн л дээ. Хүн өглөөнөөс орой хүртэл аз жаргалынхаа төлөө л явдаг. Хэрэлдэж, маргалдахдаа хүртэл өөрийгөө зовоох гэж биш өөрийнхөө жаргалын төлөө л хэрүүл, тэмцэл хийдэг шүү дээ. Гэвч бидний жаргалтай сайхан байхын төлөө хийж буй энэ үйлдлийн үр дүнд зовлон ирээд байдаг нь ямар учиртай юм бэ. Хүмүүс бид чинь жаргалын төлөө явж байгаа байж, зовлон гаргах үйлдлийг хийчихээд байдагт л гол учир нь байгаа юм. Тэгэхээр аз жаргалтай амьдрах гол нөхцөл нь өнөөдөртөө амьдарч сурах юм гэдгийг энэ номдоо гаргаж өгөхийг зорьсон юм. Маргааш бол бидэнд арай ирээгүй байна. Өчигдөр бол аль хэдийн болоод өнгөрсөн. Болоогүй байгаа маргаашид санаа зовоод, эсвэл өнгөрсөн, өчигдрийнхөө ямар нэгэн зүйлд харамсаад өнөөдөртөө амьдарч чаддаггүй. Үүнийг энгийн байдлаар хүмүүст хүргэхийг зорьж, “Аз жаргалын эрэлд” хэмээх номыг гаргасан юм.

Мэдээж, аз жаргалыг хүн бүр янз янзаар хүлээж авах байх. Миний хувьд аз жаргал гэдэг бол тайван, амгалан байх. Зарим хүмүүсийн тухайд эд хөрөнгө ч байж болно шүү дээ. Гэвч, эд хөрөнгө хэрэглээ болохоос, цаад туйлын зорилго биш байхгүй юу.

Тэгэхээр таны номыг уншсанаар хэрхэн аз жаргалтай амьдрах тухай ойлголт авч чадах юм байна?

-Ер нь тийм, гэхдээ энэ номд миний санаа бодлоос шууд урган гарсан зүйл нэгээхэн ч байхгүй. Энэ номыг уншаад та авах гээхийн ухаанаар хандан өөртөө таалагдсан зүйлс байвал хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Сайн номыг уншаад сайтар дадуулж чадахгүй бол сайн эм өвөртөлчихөөд салга өвчнөөс салахгүйтэй адил гэдэг үг байдаг.

Хүмүүс бид аз жаргалыг дандаа гаднаас хайдаг. Машин тэрэг, сайхан хань ижил, найз нөхөд гээд бүгдийг гаднаас хайж байдаг. Гэвч аз жаргал бидний дотор байдаг. Гаднах эд зүйлс гэдэг бол сэтгэлийн тусгал юм. Нэг цэцгийг хоёр хүн өөр өөрийн харах ертөнцөөр харна. Цэцэгт дуртай хүн цэцгийг гоёор харна харин дургүй хүн бол муухайгаар харна. Тэгэхээр бидний яаж харж байгаагаас сэтгэлийн тусгал шалтгаалж байгаа хэрэг.

-Ном тань хэдэн бүлэгтэй вэ?

-Есөн бүлэгтэй. Эхлээд хүн гэж юу вэ. Хүн араатан амьтнаас юугаараа ялгарах вэ. Хүний биеийг олж төрнө гэдэг маш ховор. Адгуус амьтдаас ялгарах зүйл бол нөгөө арга билиг гэж яриад байдаг. Сайхан сэтгэл, саруул ухаан хоёр юм. Хоёрдугаар бүлэгт хүсэл шуналын тухай өгүүлсэн. Ер нь хүний хүсэл шунал барагддаггүй. Сайхан гар утастай болчихьё гэхэд хүсэж, хүсэж автал авсан гар утас нь сарын дараа байдаг л зүйл болоод хувирчих нь. Яг үүнээс аз жаргалыг үнэхээр авч чадах юм уу гэтэл энэ нь түр зуурын юм байдаг. Тэгэхээр хэт их материаллаг зүйл рүүгээ хандаад ирэх юм бол зовлон болдог. Хоёрдугаарт хүн шуналаа гүйцээнэ гэвэл долоон тэрбум байтугай, долоон хүн ч энэ гариг дээр багтахгүй гэж байгаа. Цаашлаад үхэл, уур, уучлал, хайр, зовлон, ёсзүй, эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн есөн бүлгээс бүрдэж байгаа.

-Номын нээлт чинь хаана, хэзээ болох вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоодугаарын сарын 30-нд буюу энэ бямба гаригийн 17 цагт болно.

Ч.БАДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *