Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 14 бүлэг 126 зүйлтэй. Нарийвчлан тусгаж өгсөн. Их чимхлүүр ажил юм байна.
Анхдугаар чуулганыг зохион байгуулах талаар нэлээн өөрчлөлт хийлээ. УИХ дэгээ өөрсдөө тогтооно. Таваас илүүгүй гишүүний бүрэлдэхүүнтэй комисс гаргаж, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох ажлыг зохион байгуулна. Насаар хамгийн ахмад нь хурал даргална.
Дараагаар нь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүдийг томилж, тангараг өргүүлнэ. Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн танилцуулна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг тогтооно. Холбогдох байнгын хорооноос дүгнэлт гаргуулна. Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрх эдэлнэ. Анхдугаар чуулган дээр шийднэ. Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг зүйл бүрээр хэлэлцэнэ. Эцсийн хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүний олонхи буюу 39 гишүүн дэмжсэн кноп дарж хууль батлагдана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль батлах босго хоёр дахин нэмэгдэж, гишүүдийн хариуцлага эрс дээшилнэ хэмээн мэдээлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ-ын гишүүн хуралдааныг үймүүлэх, бүдүүлэг үг хэрэглэвэл хуралдаанд оролцуулахгүй. Түүнийг хөөнө гаргана. Гишүүн хэрвээ хуралдаанд оролцох эрхээ хасууллаа гэж үзвэл гомдол гаргах эрхтэй.