УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном бичиж хэвлүүлжээ. Түүний номын нээлт өчигдөр боллоо. Эрхэм гишүүний шинэ номын нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Х.Нямбаатар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, профессор, багш нар оролцсон байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монголын төр ёс, хууль цааз, Үндсэн хуулийн эрх зүйтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ном, сурах бичгийг дангаараа болон хамтран бүтээж хэвлүүлсэн ажээ. Тэрээр “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” номоороо Монгол Улсын гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Их Хурлын шагнал”-ын анхны эзэн болсон юм.
Уншигчдын гар дээр дөнгөж очоод буй “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном нь түүний 38 дахь бүтээл аж. Шинэ ном нь хууль санаачлах, хэлэлцэж батлах, баталгаажуулах, хэвлэн нийтлэх үеийн техник, хууль тогтоомжийг системчлэх, тайлбарлах, эрх зүйг рецепцлэх болон хууль хэрэглэх техникийн асуудлыг багтаасан нийт 7 бүлэг, 17 зүйл бүхий 330 хуудастай юм.