Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Б.Пүрэвсүрэн: Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан нь монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй болсонтой холбоотой DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан. бурууг зөвөөс ялгах сэтгэлгээ үгүй болж байна гэж зарим сэтгэл судлаачид, философийн хүмүүс ярьж байна. Тэгэхээр зөв гэж юу юм бэ?

-Зөв буруу, сайн муу гэдэг ойлголт бол үндсэндээ ёс зүйн ойлголтууд л даа. Ёс зүйн ойлголтуудын суурь үндэс нь тухайн соёлын  тогтолцооных нь үүднээс авч үзэхэд тэнд оршиж байгаа үнэлэмж, үнэт зүйлстэй холбоотой. монгол хэлэнд ч гэсэн үнэлэмж, үнэт зүйлс гэж хоёр өөр яриад байгаа нь угтаа нэг л ойлголт. Нийгмийн оюун санааны амьдралд гарч байгаа энэ огцом өөрчлөлт, энэ төвөгтэй байдлыг бид дор бүрнээ өөр өөрийнхөө мэдэрч байгаа. Монголын нийгэм нэлээд хаус төлөв байдал буюу эмх замбараагүй байдалд оршиж байна гэж хэлж болох юм. наад зах нь улаанбаатар хотын аж байдлыг аваад үзэхэд туулж барамгүй газар нутагтай байж төөлж, сөөмөлж амьдарч байгаа нь энэ бүхэнтэй шууд холбоотой. Энэ бүгдийн цаана авлига, бодлогын хомсдол, хэт их төвлөрсөнтэй холбоотойгоор боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, тэгш бус байдал газар авсантай холбон тайлбарлавал илүү ойлгомжтой байж магадгүй.

Бид үр хүүхдийнхээ төлөө санаа зовох нь эцэг эх бүрийн үүрэг. Гэсэн хэдий ч монгол Улсынхаа хууль, дүрэм, бүх журмыг дагаж мөрдөж амьдрах нь Үндсэн хуульд заасан үүрэг. миний л хэрэг бүтэж байвал бусад нь яах вэ гэсэн хандлага ихээр газар авсан бололтой. Өөрөөр хэлбэл, хүний цаанаасаа заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоож байгаа явдал ажиглагдаж байна. хүнийг хүн гэж үзэх нь төрийн үйлчилгээний, хүмүүс хоорондын харилцаанд илэрхий дутагдаж байна. Би өнгөрсөн хугацаанд нэлээн их ярьсан.

-Хүний заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоодог гэдэг таагүй сонсогдож байгаа ч зарим талаар тийм. Яагаад ийм болов?

-Шууд судалгааны үр дүн харахгүйгээр хэлэхэд хэцүү. Гэхдээ миний өөрийн түвшинд хийсэн судалгааны үр дүн, онол үзэл баримтлалтай хослуулаад аваад үзвэл Монгол Улсад зарим нэгэн өөр хүч үйлчлээд, удирдаад байна уу даа гэж хардаг. Үүнийг дэлгэрүүлж яриад байх сэдэв биш байх. Аргумент үндэслэлтэй яривал үнэн, эрх, эрх чөлөө, зөв, үнэт зүйл гэдэг ойлголтууд хоорондоо шууд хамааралтай. Тэр битгий хэл баруун, right гэдэг ч хамааралтай. Бид өөрийнхөө баруун гарыг зөв гараар бичиж байгаа гэж ярьдаг шүү дээ. Угийн гарвалаар ч холбоотой үгс. Тийм болохоор монголчууд заримдаа үнэнтэй шууд нүүр тулахгүй тойроод байдаг. Ярианы хэлээр бол нүцгэн үнэнтэй хүртэл нүүр тулахгүй байна шүү дээ.

Нөгөө талаар бүх юмыг хялбарчлах, бэлэнчлэх гэсэн халамжийн сэтгэлгээ, халамжийн бодлогын үр дүнд ажил хийх, хөдөлмөрлөх, шударгаар хөдөлмөрлөх тухай ойлголт нэлээд алсарч байна уу гэж ойлгогддог. Үүний үндэс нь нийгэмд байгаа шударга бусаар хэт их орлого олж байгааг олон нийтийн зүгээс хараад дур гутах, үзэн ядах, “Энэ чинь байж л болдог хэвийн үзэгдэл юм байна” гэдэг хандлага газар авсан. Уг нь манай үндэстний уламжлалд хэзээ ч боол хүн гэж байгаагүй. Таргийн таван ямаатай, чөдрийн ганц морьтой, саалийн ганц үнээтэй гэх мэтээр хэлц үг байсан. Боол би… гэж байгаа хүн нь эхнэр авдаг, үр хүүхэдтэй, эдлэн газартай, Монгол газар нутаг дээрээ чөлөөтэй зорчих эрхтэй хүмүүс байсан энэ хэв шинж үндсээрээ алдагджээ. Тийм учраас монгол ахуй, монгол соёлын үндсийн үндэс газар нутгаа зохистой харилцаагаар чөлөөтэй эзэмших суурь эрх алдагдсан. Алсуураа нүүдлийн соёл иргэншил бүдгэрч байгаа зэрэг олон хүчин зүйл монгол хүний өөрийнх нь суурь үнэт зүйл, монгол хүн гэсэн эрхэм чанар хөндөгдөхөд хүрээд байгаа юм.

Түүгээр зогсохгүй гадаадад ийм байдаг гэсэн, баруунд ийм байдаг, Америкт ийм байдаг гэсэн үзэл санаанд хэтэрхий их автсан болов уу гэж бодож байна. Тиймээс монгол хүн хэзээнээсээ эрх чөлөөтэй байсан хэв шинж Улаанбаатарын түгжрэлд аймшигтайгаар алдагдаж байна. Ах дүү нартайгаа чөлөөтэй уулзаж чадахаа больсон. Орой үдэш чөлөөтэй гарч урлаг соёлын арга хэмжээнд хамрагдах явдал ихэнх гэр бүлд байхгүй.

-Энэ байдал хүнд бухимдал авчирдаг юм биш үү?

-Бухимдал асар их бий болсон. Ажлаасаа гараад өөрийнхөө гэр орон, амралт, хувь хүний хөгжилд зориулах цагийг зүгээр л элсэнд асгасан ус мэт гэдэг шиг агаарт хий хоосон, үр дүнгүй амьдралын алтан цаг мөчөө алдаж байна. Би бодохдоо монголчууд маань алийн болгон хилэнцэт хорхой гэдэг шиг өөрөө өөрийгөө боомилж амьдрах вэ, үүнээс ангижирахгүй юм бол зөв бурууг ялгах байдал улам л алдагдах болов уу.

Ер нь зөв гэдэг эрх гэсэн үг. Хүн нэг эрхээ алдсанаар бусад эрх ч алдагдахгүй байна гэсэн үг биш. Олон эрхээ алдах магадлалтай. Илүү тодорхой утгаар яривал нийгмийн соёлын нэгдмэл байдал үнэт зүйлс маш их алдагдсан байна гэж хэлнэ. Энэ нийгмийн сэтгэл зүй юунаас болж ингээд байна вэ гэдгийг илүү цааш нь тодруулах хэрэгтэй.

-Нийгмийн эрүүл сэтгэлгээ алдагдсан талаарх хүчин зүйлийг та нэрлэлээ. Тэр дундаас сугалж аваад нэг зүйл тодруулмаар байна. Нийгмийн сүлжээ өөрөө том нөлөөлөл. Тэнд сайн, муу дүрүүд байна. Жишээ нь, Осоржамаа гэх иргэн бий. Түүнийг мянга мянгаараа дэмждэг. Энэ үзэгдэл зөв юм уу?

-Сошиал буюу нийгмийн сүлжээнд автах, цахим харилцаанд хэт оролцох явдал ганц Монголд болоогүй, дэлхий даяар байгаа үзэгдэл. Зарим улс оронд нийгмийн сүлжээ бүрэн нээлттэй биш. Яах аргагүй бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа платформууд бий. Миний хувьд таны дурдсан иргэний тухай детальчилж үздэггүй. Нэрийг нь бол мэднэ. Гол нь тэр хүндээ биш, асуудал яагаад ийм байна вэ гэдэгт байгаа шүү дээ. Суурь томьёоллын үүднээс харахад зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй байна. Сэтгэлгээний хувьд туйлшрамтай, даган дуурайх дуртай хэв шинж манай монгол соёл, монгол ахуйд өнө эртнээс байсан. Жишээ нь, аль 300, 400 жилийн өмнө Ижил мөрний зүг нүүсэн халимагууд, ойрадууд өнөөдөр өөрийн гэсэн хэв шинжээ хадгалаад амьдарч байна. Манайхны нэг гол шинж бол дасан зохицох чадвар өндөртэй. Ер нь нүүдэлчид бол дасан зохицох даван туулах чадваргүйгээр хаана ч амьдрах аргагүй хүмүүс шүү дээ. Түүний нэг жишээ нь сошиал орчинд маш хурдан дасан зохицсон гэж харж болно.

Монголын нийгэм ийм байгаа нь тэгш бус байдал, боловсролын тогтолцооны чанар хүртээмж хангалтгүйтэй холбоотой. Өнгөрсөн 30 жил бидний хамгийн их өөрсдийгөө оролдож тоглосон зүйл боловсролын тогтолцоо.

-Боловсрол гэдэг хүнийг төлөвшүүлэх гол хэрэгсэл…?

-Тийм. Боловсрол эцсийн бүлэгт хүнийг хүн болгоно. Боловсрол монгол хүнийг бий болгоно. Боловсролтой монгол хүн дэлхийн энтэй, хаана ч өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой. Гэтэл боловсролын тогтолцоогоор асар их оролдсон. Түүний цаана эх оронч сэтгэлгээ, ёс суртахууны төлөвшил, хүмүүжлийг тарамдсан. Багцалж харъя гэвэл ерөөсөө энэ. Тэр тусмаа 1990 онд Боловсролын хуулиас “хүмүүжил” гэдэг үгийг үндсээр нь авч хаясан. Одоо ч байхгүй. Нэг үгнээс болоод ийм болчихлоо гэж хэлээгүй. Онцолж хэлэхэд ийм байна. Боловсролоороо их тогловол цаашдаа үүнээс ч их юм болно. Төр засаг нь өөрөө хөлөө олохгүй бол байдал үүнээс ч дордоно. Үүнээс яах ёстой юм бэ гэвэл аль болох шинжлэх ухаанч, зөв зүйтэй бодлого хэрэгтэй. Зөв бодлого гэдэг нь монголчуудад таарсан нийцсэн бодлого байх ёстойгоос аль нэг гадны загвар бодлого тэр чигээрээ Монгол оронд хуулагдах ёсгүй.

-Монголчуудын үнэт зүйл гэж тодорхойлох, харах, баримжаалах зүйлс бүдгэрчихсэн талаар манай сонин хөндөж ирсэн. Өнөөдрийн эмх замбараагүй байдал, шударга бус, ёс суртахуунгүй үйлдлүүд үүнээс эхтэй гэж харж болох. Судлаачид, эрдэмтэд, философийн салбарынхан нэгдэж байгаад монголчуудын үнэт зүйлийг тодорхойлж, нарийвчилж гаргаж ирвэл яасан юм бэ?

-Өөрийн чинь хэлж байгаа шиг ийм уриалга үйлдлийг хийгээсэй гэж хамгийн их ярьдаг, санал дэвшүүлдэг хүн бол доктор, бригадын генерал Ц.Сосорбарам гуай. Тэрбээр манай хүрээлэнтэй хамтраад, өөрөө гардаад хийсэн “Үндэсний ой санамж, үнэт зүйл” гэдэг ном бий. Энэ хүн үүнийг л байнга ярьдаг. Яагаад монгол судлаачид адаглаад үнэт зүйл гэдгийг нэг мөр болгоод дээр нь монголчуудын эрхэмлэх зүйлийг гаргаж болохгүй юм бэ гэж ярьдаг. Үүнээс гадна СУИС-иас санаачлаад “монгол хүний эрхэмлэх есөн зүйл”-ийг тодорхойлж Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан нь бий. Нөгөө талаар Удирдлагын академийн профессор Я.Долгоржав “Үнэлэмж гэдэг зүйл эрхэмж гэдгээс эхтэй. Эрх, зөв гэдгээс эхлэлтэй тогтолцоог хэлээд байгаа юм” гэсэн зарчмын саналыг гаргадаг. Дээр нь манай хүрээлэнгийн саяхан “Философийн нэвтэрхий толь”-ийг хөрвүүлж гаргаад байна.

Ер нь монгол хүний эрхэмлэх дээдлэх зүйл бол тодорхой. Монгол хүнээ дээдэлнэ, түүх өв уламжлалыг дээдэлнэ.

-Жишээ нь та тэр багт орлоо гэж бодъё. Таныхаар монголчуудын үнэт зүйлс гэдэгт юуг нэрлэж, тодорхойлох вэ?

-Үнэлэмж бол өргөн утгаараа хүний дотоод эрхэмлэлийн тогтолцоо шүү дээ. Зорилго, чиглэл бүгдийг нийлбэр цогц юм. Тийм учраас үнэт зүйл гэдэг бол нэлээд субъектив шинжтэй. Гэхдээ материаллаг биш.

Ямар ч тохиолдолд үндэсний үнэт зүйл гэж бий. Монгол Улс өөрөө нэгдмэл, цул, бат, бэх байя гэвэл бид үнэт зүйлсийн хувьд нэгдмэл байх ёстой. Нэгд, бүгд монгол хэлээр ярьж бичдэг байх ёстой. Хоёрт, эх орныхоо төлөө гэсэн бодол, үнэлэмжтэй байх ёстой. Тэр нь зөвхөн Монголд амьдар гэсэн үг биш. Дээр нь монгол соёл, өв уламжлал, зан заншилдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Өвлөн уламжлаад зогсохгүй хүндэтгэлтэй хандах шүү. Энэ нь зөвхөн Монголдоо хязгаарлалттай амьдар гэсэн үг биш. Уг хязгаарлалтуудыг туйлшруулж тайлбарлаад байдаг болохоор эцсийн эцэст үнэлэмжүүд ойлгогдохоо больчихоод байгаа юм. Дэлхийн иргэн байхыг энэ бүхэн хязгаарлахгүй. Гадаадад төрсөн монгол хүн байсан ч “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон” гэдэг шиг зүрх сэтгэлд нь Монгол гэсэн дэгээ байхыг хэлнэ. Нөгөө талаар монголчуудын үнэт зүйлсийг зөвхөн монгол хүн тээхгүй. Гадаадын иргэн, Монголыг дэмждэг, сонирхдог хэн ч монгол үнэт зүйлстэй байхыг хязгаарлахгүй байх ёстой. Биднээс илүү монголжсон гадны иргэн байдаг.

Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, “Монгол соёл, ахуй харин ч тогтвортой хөгжлийн хамгийн гол илэрхийлэл байсан” гэж сүүлийн жилүүдэд яригдаж байгаа. Байгальдаа ээлтэй, хэт их хог хаягдлын системгүй, хүн хүндээ ойр, хүүхэд багачууддаа бүр ойр соёлын тогтолцоо зөвхөн нүүдлийн соёлд байсан гэж үздэг юм билээ. Гадаадад ямар ч баян чинээлэг хүмүүс монгол гэрийг өөр өөрсдийн загвараар бариад амьдардаг тохиолдол түгээмэл болж байна гэж ярих хүмүүс бий. Тэгэхээр монгол ахуйдаа ойр байвал монгол үнэт зүйлстээ ойр байх юм шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

 

One reply on “Доктор Б.Пүрэвсүрэн: Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан нь монголчууд зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй болсонтой холбоотой DNN.mn”

Маш сайхан нийтлэл байна… Маш энгийнээр бүхийл зүйлийг базаад хэлжээ… Монгол хүн, Монголын үрсэд, цаашлаад Дэлхийн бүхий л хүн ардад Монголын үндэстний үнэт зүйлс түүнээс улбаатай үүссэн хүмүүжил буюу боловсрол, ёс буюу хуулийг дэлгэрүүлж нэг нийтлэг нийгмийн соёлыг цогцлоож чадвал цэнхэр гариг минь илүү их амар амгалан урт удаанаар баялаг сүр жавхаатай орших боломжтой… Юу үнэн… Энэ үнэн юм… Явж явж энэ л хамгийн эрхэм дээд үнэн гэдэг нь болчхоод байгаа юмаа😅

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *