Categories
мэдээ цаг-үе

Д.Хосбаяр: Жүжигчин хүн “зуурсан гурил шиг” байх ёстой

Жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа.


-Та дүр бүтээхдээ зохиолтойгоо хэрхэн ажилладаг вэ?

-Уран бүтээлч хүний гол баримтлах зарчим нь зохиол байдаг. Ямар нэгэн уран бүтээлд ажиллахдаа эхлээд заавал зохиолыг нь харна. Дараа нь хамт ажиллах уран бүтээлчдийн багаа хардаг. Тухайн цаг үеийн нийгмийн байдал, мөн өөрийн дүрийн ертөнцийг үзэх үзэл нь юу юм гэдгээс нь эхэлж ажилладаг. Зарим хүмүүс жүжигчдийг ямар нэгэн уран бүтээл дээр ажиллахдаа зүгээр үг цээжлээд л тоглодог гэж боддог. Гэвч тийм биш л дээ.

-Дүр бүтээж байх үедээ хоолойгоо өөрчлөх шаардлагатай нэлээд тулгардаг байх?

-Жүжигчин хүн “зуурсан гурил шиг” байх ёстой гэж ярьдаг. Хоолоор зүйрлэвэл, жүжигчин цуйван, гурилтай шөл гэхчлэн ямар ч хоол болох ёстой. Дуу хоолой, бие цогцос бол надад байгалиас заяасан өгөгдөл. Хэдий миний байгаа байдал намуухан байж болох ч надаас тэс өөр, орилж хашгирсан, миний сэтгэл зүйн темпераментээс тэс өөр темперамент байсан ч гэсэн мэргэжлийн жүжигчин мөн л юм бол би түүнийг гаргах л ёстой байхгүй юу. Миний тоглосон дүрүүдэд Хосбаяраас тэс өөр орилж хашгирсан дүр зөндөө байгаа. Жишээлбэл, “Үр” аймшгийн кинонд би эсрэг дүрд тоглосон.

-Та УДЭТ-т 2010-2013 онд ажиллаж байсан. Тоглохыг мөрөөддөг байсан ч тэнд ажиллаж байх үедээ тоглож чадаагүй жүжгийн дүр байдаг уу?

-Байгаа. Би СУИС-ийг 2009 онд Ардын жүжигчин Мөнхдорж багшийн удирдлага дор төгсөөд тэр жилдээ УДЭТ-т шалгалт өгч туслах жүжигчнээр ажилд орсон. “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх” жүжгүүдийн олны хэсэгт ажиллаж байлаа. Ер нь би кинонд ажиллахаасаа илүү театрт ажиллах дуртай. Театр өөрөө амьд харилцаатай байдаг. Надад театрт тоглохыг хүсдэг олон дүр бий. Оюутан байхдаа Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглохыг мөрөөддөг байлаа. Тоглож чадаагүй л дээ. Одоо ч худлаа болсон байх аа. Мөн “Гамлет” жүжигт тоглохыг мөрөөддөг байсан. Би УДЭТ-т байхдаа хүүхдийн жүжгүүдэд л олон тоглосон.

-УДЭТ-т ажиллаж байхдаа тоглосон дүрүүдээсээ алинд нь илүү хайртай вэ?

-Би УДЭТ-т дөнгөж ороод В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм“ мюзыклд тоглож байсан. Тэр жүжгийн гол дүр нь өөрөө олны хэсэг байсан байхгүй юу. Ихэнх сценүүд нь олны хэсэгтэй, бүжигтэй, орилж хашхирсан. Хоёр цаг гаруй хугацаанд олон хүн бүжиглэж, дуулдаг. Тэр жүжиг л миний зүрх сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм.

-Тухайн үед тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг байв?

-Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг байсан. УДЭТ-т шалгалт өгөөд тэнцэнэ гэдэг “тэнгэрийн умдаг атгасантай” дүйцнэ. Анх тайзан дээр гишгээд л Ардын жүжигчин, гавьяатуудын ард зогсоод, тэдэнтэй текст харьцах үгээр хэлэхийн аргагүй л сайхан мэдрэмж байсан.

-Жүжигчин аливаа уран бүтээлд ажиллахдаа сэтгэл зүйгээ сайтар бэлдэх шаардлагатай байдаг. Таныг уран бүтээлд ажиллаж байх үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан үе бий юү?

-Уран бүтээлч аливаа нэг дүр дээр ажиллахдаа тухайн киноныхоо дүрээр л амьдрах ёстой. Өөрт тохиолдсон хар бараан зүйл, гэр бүлийн хэрүүл болон дарамт шахалт, сэтгэл санааны таагүй байдлаас бүрэн ангижирч байж аливаа нэг дүр дээр ажиллах ёстой. Надад сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тохиолдол зөндөө л байдаг. Намайг нэг хурим хөтөлж байхад ээж маань залгаад “Нагац ах чинь бурхан болчихлоо. Миний хүү, ажлаа дуусгаад шууд ирээрэй” гэсэн. Тэр үед эвгүй л байсан. Хүмүүст аз жаргал хүсээд, маш гоё зүйлийг ярьж байгаа хэрнээ дотроо уйлмаар санагдаж байсан.

-Дэлгэцийн уран бүтээлүүдээ дараа нь үзэхэд “Ээ энэ дээр нь ингэчихгүй дээ” гэх харуусал төрж байсан дүр бий юү?

-Бүх уран бүтээлд маань тийм харуусал байдаг. Маш сайн ажилласан хэрнээ дараа нь уран бүтээлээ үзэхээр дутуу л байдаг юм. Жишээлбэл, “Найз” киноны хамгийн сүүлийн үхдэг хэсгийг сайн ажвал гүрээ нь хөдлөөд амьсгалж байдаг байхгүй юу. Би тэр кинонд дахиад таван секунд амьсгаагаа түгжчихгүй дээ гэж харуусдаг юм. Уран бүтээлч хүн насан туршаа суралцаж байдаг.

-Уран бүтээлд ажиллаж байх үед шантармаар бэрхшээл зөндөө тулгардаг байх. Ялангуяа олон ангит кинонд тоглож байх үедээ шантармаар зүйлстэй тулгарахад киногоо дундаас нь орхиж болохгүй хэцүү байдаг байлгүй. Та тийм үеүдийг хэрхэн даван туулдаг вэ?

-Хамтын хүчээр л даван туулдаг. Олон ангит кинонд тоглоход хамгийн багадаа гурван сарын ажил. Өвөл гадаа зурганд орох, намар хүйтэн ус руу орох гэх мэт хэцүү зүйл олон тулгардаг. Би Ц.Төмөрхуяг ахын найруулсан “Хараал” аймшгийн кинонд тоглосон. Тэр кинонд “Хүүхэд нь нас бараад, оршуулчихаад байж байтал эхнэр нь шөнө очоод хүүхдээ ухаад аваад ирдэг. Шөнө бороон дунд цахилгаан цахиад хаалга тогшихоор нь онгойлгосон чинь эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн “Хүүхдээ одоо хөхүүлье” гэчихсэн зогсож байдаг. Тэгээд шоконд ороод, хүүхдээ буцааж аваачаад шөнө ширүүн борооноор булдаг.” Тэрэн дээр би маш их цөхөрч байсан. Гал командын машин авчираад бороо оруулаад шалба норчихсон, Гачууртын хүн тавьдаг газар цогцос ухахад маш хэцүү л байсан. Ёстой л уран бүтээл юм даа гэж бодоод л даван туулсан даа.

-Хамтарч ажиллахад урамтай, байнга суралцаж байдаг уран бүтээлч байдаг уу?

-Дрийм энтертайментийн найруулагч, зураглаач Ц.Цэрэндоржтой би “Үр”, “Үзэсгэлэнт арванхоёрдугаар сар” зэрэг кинонуудад хамтран ажиллаж байсан. Найруулагч, зураглаачийн өнцгөөс дүр дээр маш сайн зөвлөж ажилладаг. МУГЖ Ц.Төмөрхуяг ахтай “Хараал”, “Үр”, “Бүтэн амьдрал” кинонууд дээр хамтран ажиллаж байсан. Аав шиг л зааж зөвлөдөг хүн дээ.

-“Амьдрал чиний төлөө” киноны Тодбаярын дүр таныг олонд таниулж өгсөн. Уг киноны саналыг анх хэрхэн хүлээж авч байв?

-“Амьдрал чиний төлөө”, “Найз” хэмээх хоёр кино надад хувь хүний тал дээр болон уран бүтээлчийн хувьд нэлээн зүйлийг өгсөн. Түүнээс хойш маш олон уран бүтээлд тоглосон. Заримыг нь бараг мартчихсан байна. Тэр үед би УДЭТ-т ажиллаж байсан. Намайг “Гэгээн Муза” нааадмын улаан хивсний ёслолыг хөтөлж байхад Н.Байгаль найруулагч харсан юм билээ. Дараа нь намайг дуудаж уулзаад, санал тавьсан.

-“Бүтэн амьдрал” киног үзэгчид “хэт солонгос хэв маягтай” хэмээн нэлээд шүүмжилсэн байна лээ. Та уг киноны зохиолыг хэр сайн зохиол гэж дүгнэх вэ?

-Би “Бүтэн амьдрал” кинонд Оюу толгойн ажилтан залуугийн дүрд тоглосон. Кино зохиол нь Дэлхийн стандартынх. Тэгэхээр зохиолын эрхийг нь худалдаж аваад өөрийн улсын онцлогт тохируулж киногоо хийсэн гэсэн үг. Солонгос зохиолыг албан ёсны эрхтэйгээр худалдаж аваад уг киног Монголд хийсэн. Миний хувьд, маш сайн зохиол гэж бодож байгаа. Би өмнө нь НТВ телевизийн “Гэр дүүрэн охид” кинонд ажиллаж байсан. Оросын инээдмийн кино зохиолыг худалдаж аваад тэр киног хийсэн юм.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажиллав?

– “Этик” продакшны гурав дахь уран бүтээл “Хилгүй жим” кинонд тоглолоо. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хилийн застав дээр байрлаж сар гаруй хугацаанд кино зургаа авсан. Уг кинонд гарах үйл явдлыг бодит амьдралаас сэдэвлэсэн. 1993 онд гурван хилчин хилээ манаж яваад Тувачуудад эрэлхэгээр амиа алдсан байдаг. Би уг киноны гол дүр болох баатарлаг гавьяа байгуулсан гурван хилчний нэгэнд тоглосон. Энэхүү хилчдийн эхнэр, хүүхдүүдтэй нь очиж уулзсан. Цагаан-Үүр суманд уг гурван хилчинд зориулсан хөшөө байдаг юм билээ. Киноны маань нээлт коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хойшилсон байгаа.

-Дараагийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргасан уу?

-Дрийм энтертайментийн залуустай хамтраад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн тухай “Шоронгоос бичсэн ил захидал” өгүүллэгийг кино болгох гээд ажиллаж байна. Одоогоор зохиол дээрээ ажиллаж байгаа.

-Таны хүндэлж явдаг найруулагч хэн бэ?

-Квентин Тарантино. Түүний шийдлүүд нь гоё санагддаг юм. “Биллийг устга”, “Жанго эрх чөлөөгөө олсон нь” гэх мэт кинонуудыг нь үзэх дуртай. Монголоос гэвэл, Ж.Сэнгэдорж. “Бодлын хулгайч”, “Үргээлэг” гэх мэт кинонуудыг хийсэн. Түүнийг л сайн найруулагч гэж боддог. Бас кинонд нь ажиллаад үзчих юм сан л гэх бодол бий.

-Таныг сагсан бөмбөгийн спортод дуртай, НБА-гийн тоглолтуудыг их үздэг гэж сонссон. Ямар багийг дэмждэг вэ?

-Байнга үздэг. Сан-Антонио Спёрс багийн улаан фанат. Энэ улиралд манай баг бүсдээ 12 дугаар байрт яваа. Manu Ginobili, Tim Dun­can, Tony Parker хэмээх “Их гурвал”-ыг ид үед нь дэмжиж эхэлсэн. Би чөлөөт цагаараа зааланд тоглох дуртай. Мөн “Аавуудын групп”-ын соёл урлаг хариуцсан админ хийдэг.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *