Categories
мэдээ цаг-үе

Д.Хоролдамба: Архивын баримт бол өвөг дээдсийн ой санамж

Архивын Ерөнхий газраас зохион байгуулж буй “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-өчигдөр эхэллээ. Энэ үеэр Архивын Ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.


-Хүмүүс архиваас намтар, ураг удмынхаа түүхийг мэдэхийг хүсдэг болжээ. Хэдэн үеэ олж мэдэх боломж байна вэ?

-Сүүлийн үед хүмүүс ураг удмаа мэдэхийг их хүсдэг болсон. Энэ нь маш зөв, сайшаалтай зүйл шүү. Өөрийн удам судраа, намтар түүхээ мэдэхийн тулд ямар ч хүн ерөнхий түүхийн мэдлэгтэй. Архивын баримтыг унших чадвартай. Босоо монгол бичгээр түвэггүй сайхан уншчихдаг байх ёстой. Архивын ерөнхий газарт 1918,1922 ,1929, 1933 оны хүн амын тооллогын баримтууд бий. 1929 оны хүн амын тооллогын баримт нэлээд чухал байр суурийг эзэлдэг. 1956 оны хүн амын тооллого бас их мэдээлэлтэй. Мөн 1989 оных байна. Сүүлийн үед архивын баримт бичгүүд цахимжаад нэлээд өргөжиж байна. Хэн ч байсан аав, ээж, өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг усыг мэдэж байгаа бол архивын ерөнхий газарт хандаад, ураг удмынхаа хэдэн үеийн баримтыг авах боломжтой. Яг хэдэн үеийн түүх гарахыг судалж үзэж байж мэднэ.

-Жирийн иргэд цахимаар ороод, удмынхаа мэдээллийг авах боломжтой юу?

-Манай Архивын ерөнхий газрын сайт, фэйсбүүк фэйж хуудсуудаар ороод сонирхож болно. Архивын ерөнхий газар гээд гүүглээр хайгаад ороход нэлээд мэдээлэл бий. Харин ураг удмынхаа мэдээллийг нарийн дэлгэрэнгүй авъя гэвэл өөрийн биеэр ирж хандаад тэр дор нь гаргуулж авч болно. Мөн тамга тэмдэгтэйгээр баримтжуулан олгож байгаа. Зарим төрлийн мэдээллийг хоёр гурван минутаас эхлээд хоёр, гурав хоногийн дотор гаргаж өгдөг.

-Би аав, өвөөгөө л мэднэ. Тэрнээс дээших үеэ мэдье гэвэл хэдэн үеийн мэдээлэл гарч ирэх боломжтой бол?

-1929 оны тооллого нэлээд дэлгэрэнгүй байдаг юм. 1922,1918 оных ч мөн адил. Өвөөгийнхөө төрсөн аймаг сумыг мэдэж байгаа бол тодорхой мэдээлэл гарна. Ноёд тайж нарын удам судрын мэдээлэл бол Чингис хааны үе хүртэл гардаг. Хандаж үзэж байж болно. Архивыг зөвхөн цаас хадгалдаг газар гэж ойлгож болохгүй. Иргэд ч архивын ач холбогдлыг мэддэг болоод байгаа. Энд түүхийн угсаатны чиглэлийн эрдэмтдийн ажил явагдаж байдаг.

Монголын хүн амын түүхийн тухай баримтууд нэлээд нэмэгдэж байдаг. Мөн баримтуудыг чанартай хадгалах технологийг байнга хийж, хэрэгжүүлж байдаг юм. Архивын баримт гэдэг бол өвөг дээдсийн ой санамж байгаа юм. Энэ ой санамж нь улс үндэстнийг чиглүүлдэг. Төр улсын урагшаа хандсан замд багш нь болж байдаг шүү дээ. Архивын мэргэжилтнүүд зүгээр нэг төрийн албан хаагчид биш, эрдэмтэн судлаачид шүү дээ. Архивын салбарын хамт олон нийгмийн оюун санааны амьдралд, нийгмийн соён гэгээрэлд хувь нэмэр оруулсаар байна. Архивын баримтууд сүүлийн үед улам сайжирсныг олон баримтаар нотолж болно. Архивын 90 жилийн ойн хүрээнд олон ажил хийсэн. Орчин цагийн хүмүүсийн чиг хандлага англи хэл судлах болж. Харин архивын мэргэжилтнүүд манж хэл, монгол бичиг дээр тулгуурлан ажиллаж байна.

Тэгэхээр дээрх хэлүүдийг ойлгодог байлгахын тулд ажилчдаа дотоод сургалтаар мэргэшүүлж байна. Хэдэн зуун хүнийг архив албан хөтлөлтөөр сургаж байна. Мөн ном бүтээлүүд болгож эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж нийтлэх ажлуудыг хийж байгаа. Эрдэмтдийг судалгааны ажилдаа шамдахад нь түлхэц болох ажлуудыг ч хийж байгаа.

-Өмнө нь архивчдыг ОХУ-д сургадаг байсан. Энэ тогтолцоо юу болж байгаа вэ?

-ОХУ-ын ВНИЙДАД-ын сургалтад хамрагдах эсэх талаар мэргэжилтнүүдээс санал авч, зардлын тооцоог гаргаж үзээд, 7-21 хоногийн сургалтад хамруулна. Энэ асуудлыг зургадугаар сард зохион байгуулах Орос-Монголын хамтарсан комиссын ээлжит 23 дугаар хуралдаан дээр Оросын талтай ярилцана. Мөн энэ үеэр бакалаврын түвшинд ажилтныг бэлтгэхээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах замаар шийдвэрлэх боломжийн талаар хөндөж, асуудал дэвшүүлнэ. Хамгийн том хүндрэл нь гадаад арга хэмжээний зардал байхгүй. Гэвч бид гар хумхин суухгүй. БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орны Данс эвхмэлийн товчоо, Тайваний архивтай хамтран ажиллах, ажилтнуудаа сургалтад хамруулахаар харилцаж байна.

ОХУ-д түүх архивын чиглэлээр мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэдэг байсан тогтолцоо тасалдчихаад байгаа. Ийм байж болохгүй. Энэ уламжлалыг сэргээхээр ярилцаж байна. Мөн бид ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Ажилтан албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрмэлзэж байна. Авдаг хэдэн төгрөг дээр нь ч анхаарч, нэмэр хандив болж байгаа. Мөн ажилчдын үйлчилгээнд зориулж шинэ автобустай болох гэж байна.

-Архивын салбарт өөр ямар ажил хийж байна?

-Төрийн архивын сан хөмрөгийн хамаарлыг шинэчлэн тогтоож, харьяалах архивуудад баримтыг шилжүүлэх ажил хийхийг бид ихэд чухалчлан үзэж байна. Энэ үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архив, мэдээллийн төв, Шүүхийн төрөлжсөн архив, Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын хөмрөгт хамаарах 50 хөмрөгийн баримтыг шилжүүлэх ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Цаашдаа аймаг, нийслэлийн архивууд дээр түүхэн үечлэл хийгдсэнээр Монгол Улсын түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой болох юм.

-Архивын сан хөмрөгийн талаар ямар бодлого явуулж байгаа вэ?

-Бид төрийн архивын тоо бүртгэл-мэдээллийн сангийн программ хангамж боловсруулах ажлыг 2017 онд эхлүүлж, төрийн 37 архив болон тэдгээрт хөмрөг үүсгэгч 5000 гаруй байгууллагын архивт хадгалагдаж буй нийт баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гаргах, нэгтгэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг чанаржуулах. Энэ талаар АЕГ-аас тавих хяналтыг хүчтэй болгох бодлого баримталж байна. Цаашид архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлж байгаатай холбоотойгоор төрийн архивуудад хадгалагдаж буй хосгүй үнэт баримтыг судалж илрүүлэх, тоо бүртгэлд хамруулах, гэрчилгээжүүлэх, соёлын өвийн улсын тоо бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх замаар үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилтын хүрээнд тодорхой ажлууд хийнэ.

Тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “АЕГ-ын шинэ цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн ажлаар БНСУ-ын ЭКСИМ банкны төлөөлөгчид ирж, ХЗДХЯ, СЯ-тай “Төслийн үзэл баримтлал” баримт бичгийг үзэглээд буцлаа. Төслийн хүрээнд “Нэгдсэн Архивын менежмэнтийн систем”-ийн программ хангамж боловсруулахаар ажиллаж байна.

-Архив судлал, баримт бичиг судлалыг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд ямар ажил хийж байна вэ?

2018 онд Монгол-Оросын хамтарсан комиссын хуралдаан, Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн 140 жилийн ойн болон Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран тус бүр үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ онд Сайн ноён ханд холбогдох архивын баримтын эмхэтгэл, “Ноёд, тайж, лам нарын захидлын цуглуулга хөмрөгийн дээжис” баримтын эмхэтгэл, “Монголын тухай БХК (б) Н-ын баримт бичиг” баримт бичгийн эмхтгэл (1953-1966)-ийн IV боть зэргийг бэлтгэн гаргана. Үндэсний төв архивт хадгалагдаж буй яам, аймаг хошуу, албан байгууллагын 5700 орчим тамга, тэмдгээс үнэт болон хосгүй үнэт холбогдох тамга тэмдгийг сонгон цомог гаргахаар ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *