Categories
мэдээ нийгэм

Д.Хаянхярваа: Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шинэ танхим хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах тухай хөтөлбөр танилцуулжээ. Мөн үлдэж байгаа хугацаанд ямар том төслүүд дээр ажиллах вэ гэдгээ тодорхой болгож, бүлэгт мэдээлэл өгөхөөр болсон байна.

Хоёр дахь нь агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөлд юу тусгах, хөрөнгө санхүүг хаанаас ямар эх үүсвэрээс босгох боломжтой талаарх тодорхой саналыг хаврын чуулганаар оруулж ирэх даалгаврыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Хуралдааны талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газраас гурван тулгуурт эдийн засгийн өөрчлөлт, 900 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын талаар сонсгол хийлээ. Үүнд гишүүд асуулт асууж, хариулт авсан. Засгийн газар үндсэндээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ажилгүйдэлтэй холбоотой асуудалд голлон анхаарч ажиллана. Мэдээж уул уурхайн салбар бидний анхаарлын төвд байна. Үлдэж байгаа хугацаанд ямар тодорхой томоохон төслүүдэд анхаарал хандуулж ажиллах вэ гэдгийг намрын чуулганд тодорхой санал гаргаж, хаврын чуулганаар хэлэлцээд явахаар тохиролцсон.

Мөн бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь агаарын бохирдол байлаа. Энэ асуудал маш хүнд түвшинд хүрсэн. Утааны асуудлыг бүх түвшинд анхаарч, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Иймээс Засгийн газар хаврын чуулганд утааны асуудлыг яг ямар байдлаар хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгөх талаар асуудлыг боловсруулж оруулж ир гэдгийг хэлсэн.Түүнчлэн утааны асуудлыг бага хөрөнгөөр шийдэхгүй учраас санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх хувилбаруудыг ч ярилцахаар тохирсон. Ингээд агаарын бохирдол, утааг бууруулахын тулд зуух, цахилгаан халаагуур, хийг ашиглахаар бол ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв бэ гэдэгт Засгийн газар хаврын чуулганд тодорхой санал оруулж ирэхээр болсон.Агаарын бохирдолтой зэрэгцээд яригдаж байгаа нэг асуудал нь хөрсний бохирдол байна. Нийслэлийн хөрсний бохирдлыг агаарын бохирдолтой хамт шийдэх ёстой гэдгийг олон гишүүн онцолж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *