УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
–Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхний өдөр л Таван толгойн асуудал маргаан дагуулаад эхэллээ. Ерөнхий сайдын зүгээс гэрээ ерөнхийдөө дуусч байгаа талаар мэдээлсэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Хаврын чуулганы нээлтийн өдрөө Монголын төр засаг гадныханд нүүр царайгаа харуулчихлаа. Би л хувьдаа тэгж ойлгож байгаа шүү. Ингэж хэлэх болсон шалтгаан юу вэ гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы урьд өдөр Монголын ард түмэнд маш гэрэл гэгээтэй мэдээллийг шийдсэн түвшинд цацсан. Ойр дотнын хүмүүстэй уулзаад ярьж байхад, иргэдийн санаа оноог сонсож байхад маш зөв зүйтэй зүйл ярьж байна гэсэн. Одоо л Монгол төрийн ажил урагшаа алхах нь уу гэдэг ойлголтыг өгсөн юм. Бага ч гэсэн итгэлцэл төрүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь маргааш нь УИХ-ын дарга маш тодорхой байр сууриа “Би”-гийн өнгөнөөс илэрхийлсэн. Энэ Монголын төрд нэгдсэн бодлого байна уу гэж гадныхан дахин эргэлзэхэд хүрсэн. Тэр бүү хэл монголчууд бид өөрсдөө эргэлзээд эхэллээ. Монголын төрийн бодлого тодорхой түвшинд ойлголцсон, зангидсан зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн түвшинд гаргаж ирдэг албан тушаал гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ явчихлаа.
Би чуулганы завсарлагаанаар Дархан-Уул аймагт ажилласан. Төрийн бодлого шийдвэр гэж том юм ярихаасаа илүүтэйгээр том төслүүдтэй холбоотой асуудлуудыг иргэдэд тайлбарласан. Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордын талаар сайн яриад явахад иргэд ерөнхийд нь яах ёстой вэ гэдгийг ойлгодог юм байна гэдэг нь харагдсан. Бид Таван толгойг зургаан жил ярилаа гэдэг. Оюу толгойг хэдэн жил яриад хэдэн жил гацааж байгаа билээ. Таван толгой нь одоо гацчихаад байна. Явж явж төр засаг нь толгойгоо олохгүй бол том төслүүд явахгүй гэдгийг харлаа. Одоо болсон. Явуулах цаг ирсэн. Үүнийгээ Засгийн газрын түвшинд шийдээд явах хууль эрхзүйн орчин хангалттай байгаа. Энэ ажлыг явуулах гэхээр ямар шалтгаанаас болоод ийм гацаа үүсээд байдгийг хувь гишүүнийхээ үүднээс ч гайхаж л байна.
–Даваа гаригт танай бүлэг хуралдаад Таван толгойн асуудлаар мэдээлэл авсан. Бүлэг ерөнхийдөө ямар байр суурь илэрхийлэх вэ. Ерөнхий сайд 14 хоногт Таван толгойн асуудлыг шийдэж өгнө үү гэдгээ илэрхийлсэн байна лээ. Энэ хугацаанд амжих уу?
-МАН-ын бүлэг Таван толгойн асуудал дээр саналаа солилцсон. Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө байр суурийг нэгэнт тодорхой хэлчихсэн, УИХ-ын дарга нь ийм юм ярьчихдаг. Тийм болохоор манайхан Засгийн газрын байр суурийг ажиглая даа л гэж тохирсон. Түүнээс Таван толгойг яах вэ гэдэг талаар тусгайлан ярилцаагүй. 14 хоногт Таван толгойн асуудал шийдэгдээд явах нь худлаа л болов уу гэж бодож байгаа. Таван толгойн гэрээ чинь маш том гэрээ байна лээ шүү дээ. Гэрээ хэлцлийг ойлгодог нэг нь ойлгох байх. Ойлгохгүй нэг нь ойлгохгүй. Учир нь бизнесийн энэ том гэрээг хийхэд ойлгодог, туршлагатай хүн нь бидний дунд хэд байгаа билээ.
Надад нэг зүйл ажиглагдаад байгаа нь УИХ бизнестэй холбоотой зүйлд хутгалдан орох нь буруу юм уу даа гэж харж байгаа юм. УИХ өөрөө оролцсон бизнес үндсэндээ цаг хугацаа алдаж, ашиг сонирхол орчихдог. Тийм болохоор дэмжигдэж босохоосоо илүүтэйгээр нурж унах нь олон байна л даа. Шат шатандаа хариуцсан ажлаа сайн хий гэж манайхан ярьдаг. Өөр өөрийнхөө түвшинд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төрийн институци ажлаа хийж чадаж байвал асуудал аяндаа шийдэгдэнэ.
–МАН-ын зүгээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 76 мажоритар тойрог болгох уу, пропорциональ хэд хэдийн харьцаатай байх вэ гэдэг дээр бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байна. Эдийн засаг ийм хүнд байхад сонгуулийн дайтай санал асуулга хийж чадах уу. Чадлаа гэхэд эдийн засаг ямар байгаа билээ тэр бүгдийгээ бодолцсон юм уу?
-Манайхан орон нутагт нэлээд ажилласан. Даваа гаригийн бүлгийн хуралдаан дээр орон нутагт ажилласан тухайгаа нэлээд ярилцсан. Миний л уулзсан бүх уулзалт дээр 76 жижиг мажоритараар сонгууль явуулах ёстой гэдгийг иргэд хэлсэн шүү. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна. Ялангуяа өнгөрөгч Засгийн газрын үед намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс маш хариуцлагагүй ажилласан гэдгийг иргэд хэлж байна лээ. Бүлгийн хурал дээр ярилцаад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх нийтийн санал асуулгаар шийдье гэдэг дээр санал нэгдсэн. Манайхан хуулийн төслөө боловсруулаад явж байна. Зардал мөнгөний талаар ярих юм. Энэ чинь сонгуультай адилхан реклам сурталчилгаа явагдахгүй. Мажоритарыг сонгох уу, пропорционалыг сонгох уу гэдэг хоёрхон зүйл дээр санал авна. Хүмүүсийн бодоод байгаа шиг айхтар их зардал гарахгүй байх.
–Мажоритараар явах нь зохимжтой гэдэг дээр та саналтай байна уу?
-Тийм.
–Их хуралд тойргоос хоёр удаа сонгогдсон тан шиг хүмүүс дараагийн удаа жагсаалтаар орох магадлал өндөр юм биш үү?
-Надад пропорциональ буюу жагсаалтад орох нь илүү ашигтай байж болно. Гэхдээ энэ өнцгөөс асуудалд хандах нь буруу юм. Энэ миний л бодол шүү. Уг саналыг иргэд гаргаж байгаа болохоор тэднийхээ үгийг сонсох ёстой. Хувь улстөрчийн хувьд пропорциональ нь зөв гээд өөрийн байр суурийг илэрхийлж болохгүй. УИХ-ын 76 гишүүн дотор янз бүрийн л бодолтой хүмүүс яваа.
–УИХ-аас Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтын үед нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн байна гэсэн. Жишээлбэл, Хөгжлийн банкны 60 гаруй дарга даамалд тус бүрт нь 150 сая төгрөгөөр байрны дэмжлэг үзүүлсэн ч гэж байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн. Одоогоор надад ямар нэгэн мэдээлэл алга. Тан шиг л сураг төдий мэдээлэлтэй байна. Удахгүй ажлын хэсэг нь тайлангаа хэлэлцэнэ. Тэр үед тодорхой болно. Сүүлийн үед Монголбанк хүмүүстээ байрны дэмжлэг үзүүлж мөнгө өглөө, Хөгжлийн банк тэгсэн байна гэсэн мэдээлэл их гарч байгаа. Үнэхээр тийм бол төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн давуу талыг ашиглан ингэж аяглаж болохгүй. УИХ дээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Тийм зүйл байхгүй” гэж мэдэгдсэн. Хэрэв өгч байгаа бол адилхан төрийн албанд ажиллаж байгаа эмч, багш нарт өгч яагаад болохгүй гэж. Адилхан л төрийн төлөө зүтгэж яваа хүмүүс. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцны асуудлыг шийднэ гэж байгаа бол нийтээр нь шийдээд явах ёстой. Төрийн банкинд ажилладаг хүмүүс нь асуудлаа шийдүүлээд явж болохгүй.
–Энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө аймаг, дүүргүүдэд хуваарилагдаагүй байна. Үүнээс болоод олон бүтээн байгуулалтын ажлууд гацаанд оржээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өгөөд явах боломж бий юу?
-Улсын төсөв өнөөдөр юун Орон нутгийн хөгжлийн сантай мантай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө сайн юм хийдэг газраа сайн зүйл болсон. Зүгээр салхинд хийсгэдэг газраа хайран мөнгө болсон. Аймгийн хөгжлийн сангаас сумын хөгжлийн сан руу мөнгө өгдөг л дөө. Сумын хөгжлийн сангийн мөнгөөр инээдэмтэй зүйлс маш их хийдэг. Сумын төвийг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно гээд 100 метр хашаа барьж, хэдэн гэрэл тойруулж тавьдаг. Тэгсэн хэрнээ 200-300 сая төгрөг үүндээ зарцуулсан гэдэг. Үнэнийг хэлэхэд сумын төвд нэг хашаа барьж хэдэн гэрэл тавьж үлийгээ хийнээ. Энэ мэтчилэн салхинд хийсгээд байгаа мөнгөө Засгийн газар маш сайн үзэж харах ёстой. Намайг орон нутагт ажилладаг байхад одоогийнх шиг хэдэн тэрбумаар нь авдаг хөрөнгө гэж байсангүй. Гэнэтхэн аймгийнхаа төсөвтэй ижил хэмжээний мөнгө ороод ирэхээд юм хийдэг хүнд маш том боломж нээгдэж байгаа юм. Сэтгэл байхгүй хүнд төрийн мөнгө хайран л байхгүй юу. Үүнийгээ шалгаж, үр дүнг нь тооцож үзэж ёстой. Ялангуяа сумдад зарцуулах мөнгийг яг юунд зарцуулах вэ гэдэг чиглэлийг нь гаргах шаардлагатай. Хөдөө суманд ахиухан мөнгө өгчихлөө гэхэд юу хийх вэ гэдэг нь бүрхэг байдаг. Сая Хөвсгөлийн сумдаар яваад ирэхэд танил талдаа мөнгө өгчихдөг. 14 саяар жорлон барьсан ч гэж байх шиг. Ийм инээдэмтэй зүйлс орон нутагт их байдаг юм билээ.
–Та Эдийн засгийн форумд сууж байгаа харагдсан. Энэ жилийн форум Итгэлцэл нэрийн дор болсон. Үнэхээр итгэлцэл төрүүлж чадахуйц болж чадав уу. Ямар гарцыг нээж өгсөн бэ?
-Энэ жил Итгэлцэл нэрийн дор эдийн засгийн форум чууллаа. Итгэлцэл гээд энэ үг чинь өөрөө их сайхан үг юм. Би хоёр ч салбар хуралдаанд орж суусан.
Бид гадаад талдаа итгэл алдсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл өнөөдөр дотоод итгэлцлээ сайжруулах хэрэгтэй гэж ярилаа. Дотооддоо бид ямар ч итгэлцэлгүй байна. Үүний хамгийн том нотолгоо Ерөнхий сайд, УИХ-ын даргын нэг хоногийн зайтай хийсэн мэдэгдэл харуулаад өглөө. Тийм болохоор бид дотоод итгэлцлийг бий болгож авахгүйгээр, өөр хоорондоо учир зүйгээ олохгүйгээр хөгжлийн тухай, урт хугацааны бодлогын тухай, алсын харааны тухай ярих утгагүй. Эдийн засгийн форумд сууж байхад П.Очирбат гуайн хэлсэн үг надад л лав таалагдсан. Тэр нь юу гэхээр “Социализмын үед Намын төв хороо, Сайд нарын зөвлөл хамтарсан шийдвэр гаргадаг байсан юм. Тэр чинь социализмтайгаа алга болчихсон” гэсэн юм. Ерөнхийлөгч нэг асуудал оруулж ирэхээр нь унагадаг, Засгийн газар асуудал оруулахаар УИХ дээр ирээд бүдэрдэг. Засгийн газар том уу, УИХ том уу гэдэг асуудал өрнөж байна шүү гэдэг өнгө аясыг илэрхийлэн хэлсэн. П.Очирбат гуай ёгтлох маягаар тэр үгээ хэлсэн. Тэгэхээр Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийнхөө түвшинд, УИХ нь УИХ-ынхаа түвшинд, Засгийн газар нь Засгийн газрынхаа түвшинд хэрэгжүүлээч ээ. Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байнаа гэдгийг төрийн өндөр түвшинд ажиллаж байсан энэ хүмүүс хэлээд байна. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийгээ хийж чадахгүй, дээрээ л бужигнаад байгаа юм. Үүнийх нь гай Монголын эдийн засагт нөлөөлж хөгжил хойшоо татагдаж байна л даа. Энэ бүх асуудлаа шийдээд Монгол Улс тойрч ургадаг модтой болох ёстой.
–Мод гэдэг нь хөгжлийн бодлого уу?
-Яг тийм. Тэр мод чинь урт хугацааны хөгжлийн том бодлого юм. Хөгжлийн том бодлого нь байхгүй болохоор залгамж чанар нь алдагдсанаас болж бид алдаж байгаа. Үүнээс цаашдын Монголын хувь заяа шалтгаалах гээд байна.
–Та чуулганы өмнө Дархан-Уул аймагтаа ажиллаад ирсэн. Нутгийн иргэд тань ямар захиас танаар дайв. Дархан-Сэлэнгийн бүсийнхэн төмөр зам, авто замтай, ногоо тарьдаг хөдөлмөрч хүмүүс байдаг тул тэр бүр ядуурал гээд байдаггүй гэдэг шүү дээ…
-Тэр үнэн. Гэхдээ Дархан-Уул аймагт ч гэсэн алслагдсан хөдөө гэж бий шүү дээ. Аймгийн төв болон хөдөөний малчидтайгаа ч уулзлаа. Дархан Уул аймаг чинь ерөнхийдөө хотожсон гэдэг утгаараа аймгийн төвөөрөө бухимдал байна. Өмнөх уулзалтаас хойш бухимдал нэмэгдсэн гэдэг нь харагдсан. Иргэдийн зүгээс хэлсэн хамгийн том асуудал төр засагт итгэх итгэл алдарлаа гэж байсан юм. Аль ч газрын хүмүүстэй уулзахад хэлж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын алинд нь ч итгэх итгэл алдарлаа гэсэн. Энэ улсад төр, төр засгийн бодлого шийдвэр гэж байна уу гэж ам асууж байна лээ. Эхлээд бид алдагдсан итгэлийг олж авахын тулд ажиллах хэрэгтэй болчихлоо. Хоёрдугаарт, төр засгийн зүгээс хөгжлийн бодлогыг дэмжинэ гэж олон зүйл дээр байнга ярьдаг хэдий ч банк санхүүгийн салбарт болохоор худлаа байдаг. Жилийн 17-18 хувийн хүүтэй зээл авч яаж бизнес хийх юм. Монголын банкууд яагаад хүү бууруулах тал дээр ажиллахгүй байна. Монголын төр засаг яагаад үүнд анхаарал хандуулахгүй байна вэ гэдгийг хэлцгээсэн. Болохгүй бол гадны банкийг оруулж ирээд өрсөлдүүлж банкны салбарт хүү бууруулах бодлого барихгүй байна. Хүүг бууруулаад өгвөл бид төр засгаас илүү юм шаардахгүй. Бид урагшилж, хөгжиж дэвжмээр байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлсэн. Өөр иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал нь дээр хэлсэн Сонгуулийн тогтолцооны асуудал байна. Мажоритар системд орж, хар машины асуудлаа шийд гэж байгаа юм. Иргэдийн зүгээс хамгийн их бухимдал дагуулж байгаа зүйлс нь эрүүл мэндийн салбарын асуудлыг ярьж байна лээ. Эмч ажилтнууд нь мянга сайхан сэтгэл гаргаад ажиллалаа гэхэд төсөв мөнгө нь хангалтгүй байдаг. Сүүлийн хоёр гурван жил удирдлагын түвшиндээ дэндүү их халаа сэлгээний маргаан хийлээ. Эрүүл мэндийн салбарт улс төржилт орж ирснээр байдал дордож байна гэдгийг бухимдалтай хэлж байна. Түүнээс биш өлсөж үхчих гээд байна гэдэг зүйлийг ярихгүй байгаа юм. Төв суурин газраа ажлын байрны асуудлыг шийдээд өгөөч гэсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг та нар хувьчилсан. Өнөөдөр 500 гаруй хүнийг хална гэж байна. Ажиллагсдынхаа цалинг бууруулчихлаа. Улсын төсөвт төлдөг мөнгө нь нэг тэрбумаар тасарчихлаа. Ингэж менежментийн хувьчлал хийгээд байвал хэнд хэрэгтэй юм бэ гэдгийг хөндсөн. Хөтөл дээр ч гэсэн хувьчлалын асуудал яригдсан. Тэгэхээр бид томоохон аж ахуй нэгжүүдийг менежментийн гэрээгээр хувьчилна уу, яана уу тодорхой түвшинд бодолцохгүй бол болохгүй болжээ.
Э.ЭНХБОЛД