Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Монголын төр хүүхдийн тоглоом биш, дахин огцруулах бичиг өргөн барихгүй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхий сайдыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд өргөн барьж, түүнийг нь УИХ хэлэлцлээ. Засгийн газар уналгүй үлдлээ шүү дээ. Тань руу одоо ямар нэгэн дарамт шахалт ирэх болов уу?

-Дөрвөн хүнээр л Засгийн газар үлдлээ шүү дээ. Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал үндсэндээ 14 хоногийн турш үргэлжиллээ. Засгийн газрыг огцуулах хүрээнд маш олон гишүүнд санал бодлоо илэрхийлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний кабинетийнхан үүнээс маш том сургамж авсан байх.

Яагаад гэвэл засаг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр алдаатай бодлого явуулдаг, хувь хүний харьцаа, ажлын арга барил, нам дотор байгаа элдэв зүйлсээс эхлээд олон зүйлийг ярьсан. Нийгэм ч мөн олон зүйлийг олж авсан байх. Тиймээс Ерөнхий сайд болон засгийн кабинетийнхан энэ бүгдээс сургамж авч цаашдын ажилдаа онцгойлон анхаарч хичээж ажиллаасай гэж бодож байна.

-Засгийн газар огцроогүй ч үнэхээр том сургамж болж чадсан гэж та үзэж байна уу?

-Өөр нэг чухал зүйл нь Монголд парламентат ёс устах гэж байсныг бид зайлуулж чадсан нь том амжилт. Түүнчлэн эрх мэд-лийн төлөө нийгмийг, ард түмнийг жагсаал цуглаанд уриалан дуудсан, үймээн шуугиан гаргах гэж байсныг бид зогсоож чадсан. Энэ хоёр том асуудал нийгмийг цочроох гэж байсныг бид зогсоож чадсан. Засгийн газарт өгсөн сануулга үр дүнгээ өгсөн гэж бодож байгаа.

-Хуулийн хариуцлага тооцуулна гэдэг зүйлийг танай намын дарга ярьсан шүү дээ?

-Сая Ерөнхий сайдын үгнээс харж байхад занасан, зүхсэн, хууль хяналтын байгууллагад хариуцлага тооцно гэсэн зүйлсээ ярьж байна. Миний хувьд үүнээс нь айгаад байх юм байхгүй. Хуулийн өмнө очиход айх зүйл алга. Намынхаа хариуцлагыг тооцвол тооцно биз. Энэ бүхнээс У.Хүрэлсүх гэдэг хүн ухаарал авсан бол цаашид ухаан зарж ажиллах байлгүй дээ. Үнэхээр энэ хүний толгой ажилладаггүй бол цаашид ямар үйлдэл гаргахыг нь ард түмэн харах байх.

-Дараагийн алхам юу байх вэ?

-Дараагийн алхам гэж байхгүй. Засгийн газар ажлаа хийнэ, Улсын Их хурал нь ажлаа хийнэ. Өөр юм байхгүй шүү дээ.

-Ерөнхий сайд нам дагасан олигархын бүлэглэлтэй тэмцэнэ. Улсын Их хурлын даргыг огцруулна гэдэг зүйлийг ярьсан л даа?

-Өөрийнх л ярьж байгаа зүйл. Олигархын бүлэглэлтэй тэмцэнэ л гээд байгаа юм. Би тэр олигархын бүлэглэлд нь байдаггүй болохоор мэдэхгүй байна.

-МАН-ын дотоод талцал хуваагдал цаашид улам эрчимжих юм биш үү?

-Гайгүй байлгүй дээ. Манайхан чинь бас ухаантай шүү дээ.

-Цаашид чуулгандаа суух уу?

-Бид чуулгандаа суухгүй гээгүй.

-Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин өргөн барих уу?

-Дахиж өргөн барина гэдэг асуудал байхгүй. Монголын төр хүүхдийн тоглоом биш, дахиж огцруулах бичиг өргөн барина гэж юу байхав.

-Таныг намаасаа хөөх гээд байгаа юм биш үү?

-Хөөвөл хөөнө л биз. Хориннэгдүгээр зуунд намаас хөөнө гэдэг тийм ч том асуудал биш.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *