УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Хурлын үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа” хэмээн онцлов.
Тухайлбал, Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгохоор болжээ. Тэтгэврийн зээлийн хүүг буурууулах санал нь хэрэгжиж, тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар бууруулсан байна. Хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор болов. Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон хууль баталсныг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэлдээ дурдлаа.
Мөн тэрбээр “Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК худалдан авсан асуудлыг ажлын хэсэг шалгасны дүнд энэхүү худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан нь энэ намрын чуулганы онцлох шийдвэр байсан. Цаашдаа манай бүлгийн гишүүд болон ард иргэдийн зүгээс гарч байгаа санал бол “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох саналыг тавьж байгаа. Бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмших бололцоо олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон улсын болон дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх том арга хэмжээний эхлэл болно гэж үзэж байгаа” хэмээн ярьлаа.