Categories
мэдээ нийгэм

Д.Хархүү: МоАХ-нд үйл ажиллагаа, хэм хэмжээний иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 25 жилийн ойтой холбогдуулан Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл (АХАЗ)-ийн тэргүүн Д.Хархүүтэй ярилцлаа.

-МоАХ саяхан ойн баяраа тэмдэглэсэн. АХАЗ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бэ. Энэ талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-“АХАЗ” анх 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд орон нутагтаа МоАХ-ны салбаруудыг үүсгэн байгуулж байсан зохицуулагчид, МоАХ-ны төв байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж байсан. Тухайн үеийн МоАХ-ны даргатай хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцон ажиллаж эхэлсэн юм.

-Та нарыг МоАХ-г хуваах гэж байгаа гэх юм билээ?

-Манай байгууллагад МоАХ-ны хүрээний гаднах байгууллага, МоАХ байгуулагдаж байхад төрж байсан хүмүүс ч байгаа шүү дээ. Өнөөгийн нийгэм улс төрийн нөхцөл ардчилсан хувьсгалын анхдагчдыг үндсэнд нь гурван хэсэг болгож байгаа юм. Өнөөгийн байдлыг зөв зүйтэй сайн сайхан, болж бүтэж байгаа гэж хардаг шүүмжлэх зүйлгүй нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь бид хийдгээ хийчихсэн алдар гавьяагаа хүртээд замаа хөөе гэж байгаа. Харин гурав дахь хэсэг нь ардчилсан хувьсгалаар олдсон ололт, амжилтдаа дүгнэлт хийж, 1990 онд ард түмэндээ амлаж байсан амлалт, Үндсэн хуулиараа тунхагласан иргэний нийгмийн төлөвшилд сэтгэл эмзэглэж, түмэн олныхоо өмнөөс үгээ хэлэхгүй байж болохгүй болоод ялгараад байна.Үүний төлөөлөл нь манай АХАЗ юм.

-Яагаад “АХАЗ” ардчиллын гажуудал, иргэний нийгмийн төлөвшилд сэтгэл дундуур байдаг юм бэ?

-Улс төрийн намууд Үндсэн хуульд тунхагласан “Иргэний нийгэм”-ийн үзэл баримтлал, бодлогогүй явж ирсний уршиг. Эрх барьж ирсэн нь ч бусад намууд ч зөвхөн эрх мэдэлд хүрэхийн төлөө л улайрцгаагаад эрх мэдлийн хүрээгээ тун ч явцуу,бусдыг дуурайсан ядмагхан, нийгмийн уялдаагүй байдлаар тодорхойлсон байгаа нь ажиглагддаг. Бодлогоо зөв тодорхойлж, чиг баримтлалаа тогтоогоогүй намууд цаашдаа ч төвөг бэрхшээлийн ундарга байсаар байх болно.

-МоАХ-ны партизанууд даргыгаа “Их хурлаа хуралдуул, ажлаа өг” гэсэн агуулгатай зүйлийг ярьж эхэлсэн байна лээ. Та тэднийг дэмжиж байна уу?

-Аливаа үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцдог мэр сэр хүмүүс Ардчилсан намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлээд жирийн гишүүдээс цөөнгүй дэмжлэг авч байгаа гэж сонссон. Харин Ардчилсан холбоонд хамт зүтгэж эдүгээ ямар нэгэн эрх мэдэлд хүрсэн, тэр замыг туулахдаа элдэв дарамт гүтгэлэг доромжлолыг сөрөг намуудаас дөжиртлөө сонссон журмын нөхдөө бусадтай нийлээд балбаад байгаа нь тийм ч зохимжтой биш. Бид нэгнээ урмаар тэтгэх хэрэгтэй шүү дээ. Хэлмээр сануулмаар зүйл гарвал уулзаж байгаад ярьж болно доо.

Ардчилсан холбоонд аливаа асуудлыг шударгаар шийдэх хэцүү юм шиг байна лээ. Сэтгэлийн хөөрлөөр, шүүн тунгаалгүй бусдын үгээр ханддаг, хурал хийхэд хэсэг хүмүүсийг шүгэлдэх, орилох үүрэгтэйгээр зориуд оруулж үймүүлдэг гажиг үзэгдэл олонтоо гардаг байсан. Энэ нь ардчилсан холбоонд экстрмистүүд цөөнгүй байсан, бусдын үзэл бодлыг ямар ч аргаар хамаагүй няцаадаг коммунист арга барил ардчилсан холбоонд ч халдсаны гай юм. Тийм нөхцөлд улс төрийн олон ишт үзэл шахагдан хавчигдаж, бүлэглэн хашгирагсад тэргүүлэгчийн ширээнд залардаг. Үүнээс харахад МоАХ-нд байгууламж, үйл ажиллагаа, хэв хэмжээний иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай нь харагддаг. Гэхдээ ийм шинэчлэл хийх боломж ихээхэн төвөгтэй байх болов уу. ”АХАЗ” байгуулагдсан явдал ч гэсэн бид иймэрхүү хандлагаас аль болох зайлсхийж олон жил хийсэн судалгаанд тулгуурласан зүйл шүү дээ.

-МоАХ-ноос төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн талаар таагүй зүйл ярьдаг, бичдэг хүмүүс нэлээд байх юм?

-Хүнийг муу хэлээд асуудал шийдэгдэж, Монгол Улс хөгжчихдөг бол улс даяар “Муучлах өдөр” зохион байгуулаад л бүх юм сайхан болчих байлаа. Би тэдний хийж байгаа ажлыг нийгмийн чиг баримтлалтай нь дүйцүүлэн хардаг. Ерөнхийлөгчийн иргэний оролцоо хяналтыг дээшлүүлэх, хотын удирдлагын хот гэсэн эзэнгүй айлыг эзэнтэй болгох гэсэн бодлогын шинэчлэлийг эерэг талаас нь харж байгаа хүмүүс олон бий. Тэдний нэг төдий. Өнгөрсөн жилүүдэд Шилэн дансны хууль,орон нутгийн хөгжлийн сан, иргэний танхим, дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалт, ахмадын орон сууц хөтөлбөр гээд урьд нь сонсдож байгаагүй олон шинэчлэл эхлүүлж байгааг муугаар хэлэх аргагүй шүү дээ. Тэгээд эдгээр шинэчлэлүүд нь монгол түмний зорин тэмүүлж, хүсч мөрөөдсөн “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн эд эсийг бий болгох эхлэл гэж үзэж байна.

-Намууд нэгдэх, эвсэл болох асуудал яригдаад эхэллээ. Танай зөвлөл үүнийг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд тактикийн шинжтэй алхмууд хийж байгаа нь тийм сайн үр дүн дагуулахгүй. Түүний оронд намын бодлогоо нарийвчлан боловсруулах, иргэний нийгмийн намын хэв хэмжээнд оруулах хэрэгтэй. Өнөөгийн манай намууд коммунист хэлбэртэй, капиталист агуулгатай,хоёрдмол хандлагатай байгаагаас иргэд сонгогчдынхоо оюун санааны нам болж чадахгүй. Харин иргэдээ хооронд нь аль болох улстөржүүлэн хэрэлдүүлж чадсан нь ялдаг хачин гажиг үедээ яваад байна. Бид намуудын мөрийн хөтөлбөрүүдэд судалгаа хийхэд Иргэний нийгэм гэдгийг нэг л ойлгож тусгаагүй байгаа нь харагддаг л даа. Олон нийт хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм, ардчиллын үнэт зүйлс, шударга ёс руу тэмүүлээд байна шүү дээ. Манайд МАН-д л дандаа чөтгөрүүд байгаа юм шиг, нэг бол АН-д хамгийн адгийн шаарууд цугласан юм шиг ярьдаг. Н.Энхбаярыг дагаад дандаа авлигачид бөөгнөрчихсөн юм шиг харагдуулахыг хичээдэг. Түүнийгээ улс төр хийж байна гэж боддог болчимгүй үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, тийм хүмүүсийг санхүүжүүлдэг нам ч байх шиг байна. Энэ бол хамгийн муу, бүр уршигтай ирээдүйд улс төрийг хааш нь ч ямар ч этгээдийн ашиг сонирхлын золиос болгож мэдэх үйлдэл. Улс төрийн нам оюуны төвлөрөл болохоос хэрүүлийн тулам биш гэдгийгээ ухаарч ажиллах ёстой.

-Тэгвэл та нар нам байгуулах уу?

-Бид нийт монголчууддаа хандаж талцаж хэрэлдэлгүй, холыг харж, аливаа сонголтдоо ухаалаг хариуцлагатай хандах уриалга гаргасан. Иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ихэвчлэн ажиллана. Бидний үзэл баримтлалыг дэмжиж байгаа хүмүүс нэр дэвшвэл сонгогчдод нь хандаж дэмжлэг хүснэ. Судалгаанд тулгуурлан урт болон дунд хугацааны “Иргэний боловсрол” сургалтын хөтөлбөр хийж байгаа. 2016 оноос эхний нааштай эхлэлүүд тавигдаж, 5-6 жилийн тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна даа.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *