УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссод гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байгаа гэж ХЭҮК-оос мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Дарангуйлагч дэглэмийн үлдэгдэл, хэвшмэл ойлголтыг халах ёстой. Ямар асуудал болохгүй болоод цэргийн дэг байсаар байна вэ? Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар дүрэм гарсан. Тухайлбал цэргийн алба хаагч цол харгалзахгүйгээр дүрмээ биелүүлнэ. Ёс зүй, сахилга зөрчвөл хариуцлага хүлээнэ. Цэргийн ангид сэтгэл зүйч офицер гэж ажиллана гэж заасан. Гэтэл дүрэм яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Хүний эрхийн үндэсний комисст цэргийн алба хаагчтай холбоотой хэчнээн гомдол ирсэн бэ?
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна.
2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй байна” гэв.
Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлалд танкийн ротын захирагч ахлах дэслэгч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч дэд ахлагч н.Ванданлхагва ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн гүйлгэж байх явцад байлдаж н.Алтантулга бие нь муудсаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдсон алба хаагчид зургаан сараас таван жилийн хорих ял авсан.
Дараагийн хүний амь настай холбоотой хэрэг 2019 оны есдүгээр сард 12-нд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан. Өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас байлдагч н.Наранбаяр өвс авчсан машин дээрээс унаж нас барсан. Энэ хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдээд явж байгаа.
Дараагийн хэрэг бол энэ оны гуравдугаар сарын 28, 29-нд гарсан ёс зүйгүй хэрэг. Тухайн салаан захирагч Г-г цагдаагийн байгууллагад шилүүлсэн, хариуцлагаа хүлээгээд явна.
Сүүлийн гарсан хэрэг бидэнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн. Ер нь хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёс зүйн харилцааны асуудал алба хаагчид дунд гарч байсан. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээр бид судалгаа хийж үзсэн. Хамгийн оргил үе нь 2018, 2019 онд байсан. Түүнээс хойш энэ үзүүлэлт 50 хувь буурсан. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа, үр дүн гарна гэж бодож байна.
Цэргийн амь насыг хэнээс нэхэх вэ гэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Энэ дээр бид ямар нэгэн хаацайлалт хийж, хэргийг хөнгөвчлөх асуудал гаргахгүй.
Зэвсэгт хүчинд гарч байгаа ёс зүй, хүний амь настай холбоотой асуудлыг бид нар дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн ангийн удирдлага хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй гэж үнэнээ хэлье. Энэ асуудлаар хуралдаан зохион байгуулж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүддээ баярлалаа гэж хэлэхээс өөр үг надад алга.
Манай зэвсэгт хүчин бол нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Нийгэмд болж байгаа бүх үйл явдал манай энэ салбарт болж байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөөч” гэв.