Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр хаалттай болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болно. Наймдугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хурал хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй шалтгаанаар хойшилсон.

Хоёр дахь удаад наймдугаар сарын 24-ний өдөр товлогдсон хэдий ч Д.Гантулгын дөрвөн өмгөөлөгчийн нэг А.Отгонбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас шүүх хуралд ирээгүй учир өнөөдрийг хүртэл дахин хойшлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.

Түүнчлэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьж, байцаалт авахаар болсон байна. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол АТГ-т ирсэн аж.

Эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэгтэй холбоотой ийнхүү хоригдсон байж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *