УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд буюу маргааш болно. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас товлогдоод байгаа урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох аж.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, өнгөрсөн зургадугаар сард гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн юм.