Categories
мэдээ цаг-үе

Д.Гантулга: Иргэдийн төлөөлөл ямар байдгийг үзүүлнэ

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгатай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс яриагаа эхэлье. Энэ удаагийн сонгууль ямархуу болж өнгөрөв. Мөн танайх бусад намуудаас долоо хоногийн хойно сурталчилгаагаа элсэн. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөв үү?

-Шүүгчийн хууль бус, увиагүй, мэргэжлийн алдаанаас болж 14 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийх хуулиар олгогдсон хугацаанаас долоо хоногийн хойно сурталчилгаагаа явуулсан. Нарийн яривал долоо хоног ч биш, сурталчилгааны материалаа хэвлэх зэргээс үүдэж хоёр хоног алдаж, таван хоногийн хугацаанд л сурталчилгаагаа хийлээ. Бид анхнаасаа сурталчилгаагаа хуульд заасны дагуу хугацаанд бүтэн хийсэн бол үр дүн мэдээж өөр байна. гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн, бурууг хэн нэгнээс хайж, гоншигоноод сууж болохгүй.

Харин энэ үйл явдал ардчилсан нийгэм төлөвших үйл явц болж бид түүхэнд бичиж байна гэж харж байгаа. Бидний дараагийн үе гарч ирж, ардчилсан сонгууль явуулж чаддаг, нийгмийн шударга бус үйлдлийг ярихдаа “2020 онд шүүгч захирамж гаргаж сонгуулийн сурталчилгааны хуулиар заасан хоногийн тал хугацааг авч, сурталчилгаа явуулах боломжгүй болгож байсан” гээд яригдах түүх бичиж байна. Том зургаараа энд айхтар гомдоллоод суумааргүй байна. ХҮНямартай ч нийслэлд гурав, дүүрэгт 12 төлөөлөлтэй боллоо. Үүнээс гадна өнгөрсөн зургадугаар сард болсон уиХ-ын сонгуулиар нийслэлд 10 орчим хувийн санал авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар 176 мянган хүний санал авсан. Энэ амжилтаа саяны орон нутгийн сонгуулиар хоёр дахин нэмэгдүүллээ. Үүнээс бид олон нийтийн хүсч буй гуравдагч сөрөг хүчин болох итгэлийг бидэнд хүлээлгэж байна гэсэн итгэлийг авлаа.

-Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр та хоёр Баянзүрх дүүргээс сонгогдлоо. Тойргийнхоо асуудлыг хэрхэн харж байна. Хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ. Ер нь ирэх дөрвөн жилд ямар ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Бид Баянзүрх дүүргээс сонгогдсон хэдий ч нийслэлийн иргэдийн төлөөлөл болж ажиллах ёстой. Ер нь аль ч дүүргийн асуудал бүгд адилхан. Байшин хорооллын иргэдийн асуудал дүүргээр хязгаарлахгүй бүгд ижилхэн. Гэр хорооллын иргэд ч мөн өөрийн гэсэн асуудалтай. Гэхдээ таны асууснаар өөрийн тойрогтоо гэвэл, тулгамдсан олон асуудлаас нийтлэг нэгийг нь ярья. Манай нам түгжрэлийн асуудлыг шийдэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасан.

Тухайлбал, манай тойргийн буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны дундуур машин байтугай хүн явах зайгүй болтол хашаа, барилга барьчихсан. Жишээ болгож ярихад, явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлыг эхний ээлжинд хийнэ. Энэ нь түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учрыг нь тодорхой жишээгээр тайлбарлая л даа. 25 дугаар хорооны 83 дугаар сургууль хойноо хаалгагүй учраас гурван өндрийн байрны оршин суугчид хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө их холуур тойрдог.

Тиймээс машинаар хүүхдээ хүргэж өгдөг. Хэрвээ 83 дугаар сургууль хойноо хаалга гаргаад хүүхдүүд сургуульдаа ирж, явах үед нээдэг, бусад үед хаадаг болчихвол сурагчид ч өөрсдөө сургуульдаа гүйгээд орох боломжтой болно. Ингэвэл нэг ч болтугай машин тийм ойрхон газар хүүхдээ хүргэж өгөхийн тулд тойрохгүй, замын хөдөлгөөнд орж түгжрэхгүй. Энэ мэтчилэнгээр том том ярилгүй сэтгэл гаргаад хийчих олон ажил байна. Бид үүнээс ажлаа эхэлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Бид нийслэлийг удирдах түвшинд, санасан хэмжээнд суудал авч чадаагүй. Хэрвээ манай нам олонх болбол П.Наранбаярыг хотын даргаар томилно гэж мэдэгдсэн. Тэр хэмжээнд хүрч чадсангүй. Гэхдээ аль намын хэн нь ч хотыг захирагч болсон бай тэдний зөвийг дэмжиж, бурууд эрс шийдэмгийгээр сөрж зогсож, олон зүйлийг иргэдэд нээлттэй болгоно. Бид иргэдийн төлөөллөөр сонгогдлоо шүү дээ. Тиймээс жинхэнэ иргэдийн төлөөлөл ямар байдгийг үзүүлнэ.

Эхлээд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулалтаа хийнэ. Шулуухан хэлэхэд, энэ зохион байгуулалтад бид бүлэгтэй болох ёстой. Бүлэгтэй болох үгүйг хуулиар бус дэгээр шийддэг. Одоогийн дэгээр бол гурван гишүүн бүлэгтэй болох боломжтой. Гэхдээ одоо дэг яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Таваас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно ч гэдэг юм уу гурваас дээш тоо заачихвал боломжгүй болно. Эхний ээлжинд бид бүлэгтэй болмоор байна.

Тэгвэл иргэдийн дуу хоолойг илүү илэрхийлж чадна. Бүлэгтэй болохын тулд АН-ынхан ч мөн нэг байр суурьтай зогсох байх. Тэглээ гээд бид АН-тай нэгдэхгүй. Бид хийх ажлаа нийслэлийн төлөвлөгөөнд оруулах ёстой. Төлөвлөгөөнд орж, төсөв тавигдаж байж бодит ажил болно. Тиймээс нийслэлийн ирэх жилийн төлөвлөгөө батлахад манай намын түгжрэлийг бууруулахаар тусгасан мөрийн хөтөлбөрөө тусгуулахаар ажиллана.

-Нийслэлийн жил бүрийн төсвийн мөнгө үргүй зарцуулагдаж байна гэлцдэг. Таны хувьд нийслэлийн төсвийг түгжрэлээс гадна аль салбарт, юунд түлхүү төсөвлөөсэй гэж харж байгаа вэ?

-Зорьж байгаа ажлаа бүгдийг нь хэлчихвэл хүмүүс нэгийг нь ч тогтоохгүй. Бид үндсэн асуудлынхаа үзүүр болгож түгжрэлийг яриад байгаа юм. Улаанбаатар хотод мэдээж маш их асуудал бий. Тухайбал, манай намын мөрийн хөтөлбөрт гэр хороололд руу чиглэсэн “Цэвэр, цэмцгэр гэр хороолол” хөтөлбөрт төсвөөс одоо байгаагаас илүү төсвийг дэд бүтэц, зам харгуй зэрэгт зарцуулахыг бодож байгаа. Би байшин хорооллын оршин суугчдын саналаар сонгогдсон ч гэсэн гэр хороололд анхаарал хандуулна.

Улаанбаатар гэсэн нэг хот байгаа ч гэр хорооллыг орхигдуулж ирсэн. Хувийн ч бай, төрийн ч бай бүх байшин хорооллын инженерийн дэд бүтцийг төр тавьж өгсөн. Тэгвэл гэр хороололд ч инженерийн дэд бүтцийг төр тавьж өгөх ёстой. Учир нь төр ашгийн байгууллага биш. Зардал өндөр гарах нь төрд хамаагүй. Ялгаваргүй ажиллахын төлөө төр байгаа юм. Иргэдэд тэгш хүртээмжтэй ажиллах ёстой.

Өдийг хүртэл барьж ирсэн нийслэлийн удирдлагуудаас өөр өнцгөөс харах ёстой. Хөрсний бохирдол, утаа гэх мэтээр асуудал байна. Гэхдээ сонгууль болохоор энэ бүх асуудлыг уран хөхөө шиг ярьдаг бус тодорхой нэг асуудлыг нь барьж аваад дорвитой ажиллах ёстой.

Тиймээс түгжрэлээс эхэлье гэж байгаа юм. Түгжрэл харагдахгүйгээр боломжийг үгүй хийж байна. Иймээс түгжрэлийн асуудлыг манай нам голлож яриад байгаа юм. Хэдий гурвуулхнаа гарч ирсэн ч гэсэн бүх зүйл рүү үсчилгүй бодитой ажил хиймээр байна.Үүнийхээ хүрээнд дүүргийнхэнтэйгээ ойр ажиллана. Дахин дахин хэлэхэд нэгэнт бид иргэдийн төлөөлөл болсон учраас нам харгалзахгүй зөвийг дэмжиж, буруугийн эсрэг хатуу зогсоно. Бид “Бид танд ойр төлөөлөл байна. Бүхнийг ил тод гаргаж ирнэ” гэж амласан.

-Танайх ямар нэгэн намтай эвсэхгүй гэж мэдэгдсэн. ХҮН-ын гурван төлөөлөл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө яаж ажиллах вэ?

-“Бид дөрвөн жилийн хугацаанд аль нэг намтай эвсэхгүй. Эвсэж албан тушаалын ямар ч яриа хэлцэлд орохгүй” гэдэг ХҮН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Гэхдээ ямар ч намтай эвсэхгүй гээд бүх зүйлийг шүүмжилж, эсэргүүцнэ гэсэн үг биш. Манай намын мөрийн хөтөлбөрт орсон, бидний зорьж буй зорилгод нийцэж байвал нам харгалзахгүй дэмжинэ. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо намынхаа хайрцагнаас гарах хэрэгтэй. Биднийг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түгжрэлийг бууруулна гэж сонгосон болохоос Д.Гантулгыг ч юм уу П.Наранбаярыг дарга болгоно гэж сонгоогүй. Бид дарга биш иргэдийн төлөөлөл болж сонгогдсон. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан үндсэн удирдамж нь ч “Та бүхэн мөрийн хөтөлбөрийнхөө төлөө хараат бусаар ажиллана” гэж заасан байгаа юм. Тиймээс нэг намтай наалдаж, албан тушаалын ярианд ороод явчихвал бид иргэдийн төлөө бус өөрсдийнхөө төлөө, намынхаа төлөө ажиллаад эхэлнэ шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *