Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гантулга гишүүн ээ, эхлээд өөрөө малчин болчих. Тэгж байж бусдыг мал малла гэж хэлэх эрхтэй болно

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян” өрнүүлжээ. Монголын морин спорт, залуу уяачдын тэргүүн тэрбээр энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу гэр бүлийг сонгон 50 эм төлөг өгч, малжуулах ажил зохион байгуулж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Залуучуудын мал маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй ” гэж санаа зовнин ярьсан байна. Түүний бодлоор бол хотод байгаа залуучуудыг 50 төлгөөр хуурч бүгдийг нь хөдөө хөөх юм байх. Үр дүнд нь хотын түгжрэл багасч, утаа униар нь арилж, хөдөө орон нутаг хөгжих юм гэнэ. Өнгөц харахад залууст мал өгч, ажилтай болгох гээд байгаа мэт. Үнэн хэрэгтээ залуусыг хөдөө цөлж, хөгжих, суралцах, мэдлэг мэргэжилтэй болох, орчин цагийн хүн шиг сайхан амьдрах боломжоос нь татгалзуулж байна гэсэн үг.

Мал маллах, малчин болох тийм сайхан ажил уу гэж захын залуугаас асуугаад үзээрэй. Бүгд д толгой сэгсрэн зугтах байлгүй. Яагаад гэвэл нүүдэлчид, малчдын амьдрал бол хамгийн хүнд бэрх, хатуу хөтүүг дөрвөн цагийн туршид туулдаг юм. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж сая нэг шөнө болохоор амсхийдэг цаг наргүй ажил. Салхи шуурганаар нялх жаахан үрсээ дааруулан дааруулан нүүдэл хийх, цасан шуурганаар хэдэн хонины араас явж байгаад осгох бол энүүхэнд. Зүсээн гандтал зүтгээд овойж оцойтлоо хөлжиж хөрөнгөжсөн хүн ч цөөн. Одоо бол бүгд л банкны зээлтэй, ноолуур гартал хэдэн төгрөг хүнээс зээлж цагаан сараа тэмдэглэх тухай л бодож суугаа. Ийм ундуй сундуй, өнгөрсөн зуунаараа байгаа амьдрал бол малчдынх. Ачлагын тэмээ нь портер машинаар солигдож, гэрэл чийдэн гэртээ гялалзуулдаг болсон ч байгалийн ая занг аргадан амьдардаг хүнд хүчир хөдөлмөр нь хэвээрээ. Ийм байтал өөрсдөө хотод шигдэн ая тухтай сайхан амьдарчихаад “Хөдөө л амьдрал байна. Хөдөө гарч мал малла. Малчны хөдөлмөр шиг сайхан нь хаана байна. Амьдрал мэдэхгүй байж хөдөөг мууллаа” гэж омогдохыг нь яана.

Хэрэв үнэхээр хөдөө малчин болчихоод санаа амар, стресс бухимдалгүй, ая тухтай, аз жаргалтай амьдарч болдог юм бол Д.Гантулга гишүүн өөрөө эхлээд малчин болчихоод бусдыгаа араасаа дуудаач. Яагаад өөрөө Улаанбаатарт, бүр саарал ордонд тухалж суучихаад залуусыг болохоор малчин бол гэж хөдөө хөөж байна вэ. Энэ бол өөрийнхөө дуртай хотод бусдыг оруулахгүй гэж байгаатай ялгаагүй юм.

Залуус Д.Гантулга гишүүний үгэнд орж, 50 төлгөнд хууртан малчин болуузай. Энэ зуунд нүүдлийн мал аж ахуй устаж үгүй болно гэдэг. Нүүдэлчид эрчимжсэн, суурин, ашиг шим ихтэй фермерийн аж ахуйд зайгаа тавьж өгч байгаа нь бодит үнэн. Хэрэв залуус малчин болж хөдөө гарвал тэр чигтээ хаягдана. Хийж бүтээх залуу халуун нас тань хэдэн хонины захад өнгөрнө. Орчин цагт хүмүүс улам л ая тухтай амьдарч, ингэж амьдрах шийдэл гарц нь нэмэгдсээр атал манай эрхэм гишүүн маань яагаад залуусаа хөдөө хөөгөөд унав. Түүний санаачилсан “Залуу малчдыг дэмжих аян” бол тэр чигтээ буруу юм. Харин ажилгүй залуусыг мэргэжилтэй болгож, мэргэжлийнх нь дагуу ажилд оруулах аян өрнүүлсэн бол хавьгүй дээр байлаа.

“Малчин болох хүн алга. Залуус хотод шигдээд хөдөө явахгүй байна” гэсэн шүүмжлэл бол арай хэтэрхий популист юм. Амьдрал дээр малчид өөрсдөө ийм шийдвэр гаргадаг юм. Тэд хүүхдүүдээ өөр шигээ болгохгүйн тулд их, дээд сургуульд явуулж, хот орон газар бусдын адил тохь тухтай амьдруулахыг хүсдэг. Энэ бол хүүхдээ гэсэн эцэг, эхийн чин хүсэл юм.

Монгол орон газарзүйн хувьд эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Жилийн дөрвөн улирлын ялгаа маш их. Зуны улирал нь дулаахан боловч маш хуурай бөгөөд зургаагаас наймдугаар сар хүртэл ердөө гуравхан сар үргэлжилдэг. Хахир хатуу хүйтэн өвөл нь барагдахгүй урт. Цаг агаарын тайланд дурдсанаар аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл бүхэл бүтэн долоон сар үргэлжилдэг. Хавар, намрын хэлбэлзэх хугацаа янз бүр байдаг ч хүйтэн хавсарга, жиндүү жаварлаг өдрүүд зонхилдог. 1989-2014 оны байдлаар Монголд жилд дунджаар 57 удаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон бол сүүлийн жилд энэ давтамж нэмэгдсэн байна. 2015 онд л гэхэд аюулт үзэгдэл 76, гамшигт үзэгдэл 17 удаа болж есөн хүн амь насаа алдсан баримт байна.

Ийм цаг ууртай нөхцөлд хөдөө гарч, хөхөртлөө салхинд туугдан амьдрах залуус цөөн байх нь аргагүй юм. Хотын утаа, замын түгжрэлд ажилгүй залуусыг буруутган хөдөө хөөж байхаар, ажлын байрыг нэмэх, эдийн засгаа тэлэх, улс орноо хөгжүүлэх урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлээч.

О.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Д.Гантулга гишүүн ээ, эхлээд өөрөө малчин болчих. Тэгж байж бусдыг мал малла гэж хэлэх эрхтэй болно” хэмээх нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Монголчууд япон стандартын сүү” уухаар боллоо. Монголчууд 60 сая малтай ч багагүй хэмжээний сүүг гаднаас авдаг. Малынхаа сүүг бүрэн сааж чадвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, их хэмжээгээр экспортлох боломжтой гэнэ. Энэ боломжийг нээх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний аян” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өчигдөр энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах талаар сургалт хэлэлцүүлэг ХХААХҮЯ-нд болсон. Эндээс хийн сурвалжлагыг сонины тэргүүн нүүрт онцоллоо.

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсээч гэсэн саналыг тавьсан гэх “бор шувуу” нисч байна. Энэ зун явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас ямар хүнийг нэр дэвшүүлэх бол гэдэг олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тэгвэл Н.Энхбаяр С.Ганбаатар ийм санал тавьсан нь үнэн үү? Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрээс энэ тухай дэлгэрэнгүй уншина уу. УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг улс төрийн мэдээллийн хоёр, тавдугаар нүүрээс унших боломжтой. Тэрбээр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон” хэмээн ярилцлагадаа онцлов.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр бол нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт “Д.Гантулга гишүүн ээ, эхлээд өөрөө малчин болчих. Тэгж байж бусдыг мал малла гэж хэлэх эрхтэй болно” хэмээх нийтлэл гарлаа.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нарын дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид баривчилжээ. Д.Даваасамба, С.Баярхүү, П.Бүнчинжав нар “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяраас авлига авсан байна. Энэ тухай мэдээллийг нэг, долдугаар нүүрээс уншаарай.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн зүг, мөр гаргах зурхайг өнөөдрийн шинэ дугаартаа онцлон гаргаж байна. Зурхайг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *