Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Гансүх: Америк, Монголын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол өргөн утгаараа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд түлхэц болно

Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүхтэй ярилцлаа.


-АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “АНУ-монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг баталлаа. ингэснээр стратегийн түншлэлийг албан ёсоор эхлүүлж илүү бодит болгож байна гэж ойлгож болох уу?

-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж, айлчлалын үр дүнгээр Монгол, Америкийн хооронд стратегийн түншлэл тогтоосноо зарласныг Та мэдэж байгаа. Стратегийн түншлэлийг албан ёсоор эхлүүлж байгаа юу гэж асуусан тухайд хэлэхэд стратегийн түншлэл гэдгийг бид үйл явц, аливаа харилцааны түвшин гэж ойлгох хэрэгтэй болов уу.

Манай хоёр орны хувьд талуудын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн, талууд харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, харилцан итгэлцэл бий болсон, ардчилсан орнууд, нийтлэг үнэт зүйлстэй зэрэг олон хүчин зүйл байгаа нь стратегийн түншлэлтэй болох үндэс юм.

Нэгэнт тунхагласан стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх, бодитой болгох чиглэлээр хоёр улсын Засгийн газар ажиллаж байна. Юуны өмнө бид Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д айлчлахад мөн хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлье, түншлэлээ бататгая гэж ярилцан тохиролцоод замын зураглалыг гаргасан. Замын зураглалд ямар, ямар чиглэлд хамтын ажиллагаагаа чиглүүлэх вэ гэдгийг ярилцаж тохиролцсон. Бид одоо замын зураглалаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн сард ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг онлайнаар зохион байгуулсан.

Хоёр талаас 24 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө тууштай байгаагаа харилцан илэрхийлсэн. Тэгэхээр АНУын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар сая баталсан тогтоол бол стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тогтоол.

-Тэр талаар тодорхой дурдвал…

-Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоогоод 37 жил болж байна. Тогтоолд энэ 40 шахам жилийн хугацаанд Монголын ардчилал, шинэчлэлийн ололт амжилт, Монгол, Америкийн харилцаанд гарсан ололтууд, ахиц дэвшлийг тусгасан. Эдгээрийг ийнхүү дүгнээд, ололт амжилтуудаа бататгаад цаашид хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг ерөнхий дүр зураг, зорилтыг тогтоолд оруулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, анхаарах ёстой арга хэмжээнүүд. Тухайлбал, тогтоолд хоёр улс 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Замын зураглалыг тохиролцсон, МСКын Хоёрдугаар компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг онцолсон. Жишээ нь, бид АНУтай Ил тод байдлын гэрээ хэлэлцээр байгуулсан. Худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин гээд бүхий л хамтын ажиллагаа ил тод байх үүргийг аль аль талдаа хүлээсэн хэлэлцээр. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд амаргүй. Харин АНУын талаас техникийн тусламж үзүүлж, хуулийн төслийг олон нийтэд хүртээмжтэй болгох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дата баазыг өргөжүүлэх, хуулийн төслийг англи хэл рүү орчуулж нийтэд танилцуулах боломжийг бий болгох зэрэг ажил техникийн туслалцаа үзүүлж байна.

-Энэхүү тогтоол батлагдсанаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль урагшлах болов уу гэсэн хүлээлт байна л даа.

-Манай Ерөнхийлөгч АНУд айлчлахдаа тавьсан санал санаачилгуудын нэг бол Гуравдагч хөршийн худалдааг дэмжих хуулийг АНУын Конгрессоор батлуулах тухай байсан. Энэхүү хуулийг батлуулснаар гарах үр дүнг бид сайн ойлгож байгаа. Энэ хууль батлагдсанаар Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУын зах зээлд татваргүй гаргах боломж бүрдэнэ. Хэрвээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн АНУ руу татваргүй гарвал 50 000 гаруй ажлын байр бий болно. Энэ салбарт олон мянган эмэгтэйчүүд ажилладаг. Монголын жижиг, дунд үйлдвэрүүд сэргэнэ, дээрээс нь бид өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг АНУ-д зарах боломжтой болох юм. Монгол, АНУын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолын төслийг Конгресст батлуулах нэгдсэн хуралдаан дээр Конгресс дахь Америк-Монголын Бүлгийн гишүүн Тэд Ёохо Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн ач холбогдлын талаар тодорхой дурдаж ярьсан. Тогтоолд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид, түүний дотор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ёстой тухай заалт бий. Энэ заалт Монголын ноос ноолуурын салбарт хамаатай, Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг урагшлуулахад ч нөлөөтэй.

Энэхүү хуулийн төслийг өмнө нь Конгресст хоёр удаа өргөн бариад байна. АНУ-ын Конгресс буюу парламент нь хоёр жил тутамд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг. Өмнөх хугацааных нь үед өргөн баригдсан хууль хэлэлцэгдэж дуусаагүй бол дараагийн Конгресст өргөн барих хэрэгтэй болдог. Одоо өргөн баригдаад байгаа төслийг Конгрессын 100 шахам гишүүн дэмжиж байгаагаа мэдэгдсэн.Одоо гурав дахь удаагаа өргөн барих боломж бий болж байна гэж бид харж байгаа. Тийм учраас “АНУМонгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоол” бол өргөн утгаараа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хуулийг урагшлуулахад хөшүүрэг болно гэж үзэж байна. Тогтоолд Монголын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэгийг авах, Монгол, Америкийн худалдааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэмжиж хамтран ажиллахыг Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци зэрэг байгууллагад уриалсан.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулиас гадна өөр ямар эерэг, өөрчлөлт авчрах заалтууд тогтоолд туссан бол?

-Америкийн зүгээс Монгол Улсыг ардчиллаа бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, төрийн байгууллага, институцийн чадавхаа нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх чадавхаа сайжруулах зэрэгт онцгой анхаарч, цаашид тууштай үргэлжлүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг уриалсан. Энэ талаараа тогтоолд тусгасан гэсэн үг.

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч он гараад тангараг өргөнө. Манай улсын тухайд АНУ-ын шинэ ерөнхийлөгч хэр ээлтэй байх бол?

-Том гүрний төрийн тэргүүн солигдоход дэлхийн бүхий л улс орнууд анхаарч байдаг. Энэ нь ч байх ёстой асуудал. Монгол Улсын хувьд АНУ-тай нэгэнт стратегийн түншлэлийн харилцаатай, энэ харилцааг л улам өргөжүүлж явах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. Манай хоёр орны харилцааны суурь зарчмууд байгаа учраас харилцаа улам гүнзгийрэх боломж бүрдэнэ л гэж ойлгож байгаа.

Сонирхуулж хэлбэл, Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамтран ажиллах өндөр албан тушаалын хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлж байгаа. Тэдний дотор өндөр албан тушаал хашиж байхдаа манай улсад айлчилж байсан хүн хэд хэд бий. Тухайлбал, Жо Байден өөрөө 2011 онд дэд ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байсан. Түүний Төрийн нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлээд байгаа Тони Блинкен Цагаан ордны ҮАБЗд ажиллаж байхдаа манай оронд айлчилж байсан. Жон Керри гуайг Жо Байден Уур амьсгалын асуудал хариуцсан элчээр томилсноо зарласан. Жон Керри бол АНУын Сенатад олон ажил ажилласан. Ажиллаж байхдаа Сенатаар батлагдсан Монгол Америкийн харилцааны тухай, Монгол Улсыг дэмжсэн тогтоолуудыг байнга дэмжиж, хамтран зохиогчоор оролцож байсан эрхэм хүн. Мөн тэрээр Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсад айлчилж байсан. Ингээд харвал Монголыг мэддэг, Монголтой харилцаж байсан хүмүүстэй ажиллана гэдэг нь тун аятай. Ер нь ч хуучны танилтайгаа уулзах ямар сайхан байдаг билээ дээ.

-Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байх үедээ БНХАУ Монгол зэрэг орнуудаас нүүрс авч, дэлхий даяар муу нүүрс тараадаг, Ерөнхийлөгч болсон даруйдаа би үүнийг таслан зогсооно гэх зүйлийг ярьсан. Энэ нь монголчуудад бага зэргийн айдас төрүүлсэн нь нууц биш. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Яг тийм биш юм. Сонгуулийн өмнөх сунгааны үед дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярьж байсан. Тэгэхдээ Хятадыг шүүмжилсэн, тэр үеэрээ л Монголоос түүхий нүүрс авч ашиглаад байгаль орчныг бохирдуулж байна гэсэн утгатай зүйл хэлж байсан юм. Тэгэхээр манай нүүрсний худалдааг зогсоох тухай асуудал биш.

-Манай улс өнөөдрийн байдлаар АНУ-аас хичнээн иргэдээ чартер нислэгээр аваад байна вэ. Мөн эх орондоо ирэхээр хүсэлтээ өгсөн хичнээн иргэд байгаа бол?

Манай улс АНУаас иргэдээ маш сайн татаж авсан. Өнгөрсөн долдугаар сараас эхлээд нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн шууд нислэгээр 1000 гаруй иргэнээ авчирсан. Мөн транзит нислэгээр 1500 гаруй иргэн эх орондоо ирсэн. Одоогийн байдлаар 1500гаад хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнээс 300 орчим нь нэн яаралтай ирэх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээ байна. Тусгай үүргийн шууд нислэг үйлдэж байгаа нь цар тахлын үед бие биедээ үзүүлж буй томоохон дэмжлэг. Мөн стратегийн түншлэлийн чухал илрэл.

-Тэдгээр иргэдээ хэдийгээр авчрах вэ?

-Манай улс дотоодод цар тахал гарсантай холбоотойгоор 11 дүгээр сард төлөвлөсөн байсан хэд хэдэн нислэгийг цуцалсан. Өнөөдөр Улсын Онцгой комиссоос гурван удаагийн нислэг үйлдэж, 600 шахам иргэнээ авах шийдвэр гаргасан байна. Ингээд нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэрээ гаргаад явах болов уу гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *