Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Хувийн хэвшлээ дэмжвэл Монгол Улс 10 жилийн дотор дэлхийн дундаж орлоготой орон болж хөгжинө

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай ярилцлаа.


-Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх буюу дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх, нэг хүнд оногдох ДНБ-ийг арван мянган ам.доллар, нийт эдийн засгийг буюу ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх санаачилгыг таны байгуулсан “Монголоо шинэчилье” клубээс танилцуулж байсан. Энэ тухай ярилцлагаа эхэлье…

– Энэ санаачилгын зорилт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа одоо ч хүчинтэй байгаа. 2016 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр боловсруулж УИХ-аар баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, бусад орны туршлага зэрэгт үндэслэсэн учраас хэрэгжих боломжтой.

Өнөөг хүртэл долоон удаа намууд УИХ-ын сонгууль хийж, сонгууль бүрээр амлалт өгдөг. Тэр нь хэрэгжилт муутай, сүүлийн жилүүдэд бүр цайгаад эсрэгээрээ хэрэгждэг болоод байна. Энэ санаачилга, зорилтод намуудын мөрийн хөтөлбөрөөс ялгагдах хэд хэдэн зарчим бий. Анх удаа санаачилгын зорилтыг тоогоор гаргаж тавьсан. Мөн гол хэрэгжүүлэгчид нь хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид байж хэрэгжих боломж бүрдэх юм. Төр засаг аль болох шууд оролцохоос татгалзаж, энэ санаачилгын зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах дэмжих бүтцийг (нэмэлт орон тоо бий болгохгүйгээр) УИХ, Засгийн газрын түвшинд бий болгох, холбогдох зүйн орчныг бүрдүүлэх болон бусад холбогдох шийдвэрүүдийг хугацаа алдалгүй гаргах, санхүүжилт босгох, гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, салбаруудын томоохон хөрөнгө оруулагчийг татах зэрэгт хувийн хэвшилтэйгээ нягт хамтарч ажиллах юм. Түүнчлэн энэхүү санаачилгын зорилт хялбархан бэлэн мөнгө тараах амлалт биш, нийт ард түмнээ, бизнес эрхлэгчдээ энэ зорилтыг хэрэгжүүлэхэд уриалан тэднийгээ дэмжиж ажиллах явдал юм. Ийм учраас энэ санаачилгын эрхэм зорилгыг “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн”, уриаг “Бүтээлч монгол хүнээ дэмжье”, “Хичээсэн хүн сайхан амьдрах орчинтой итгэл төгс Монгол орноо хөгжүүлье” гэж томьёолсон. Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн олон зорилт, хөтөлбөр бий, ихэнх агуулга нь яриа өгүүлбэр, харин “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бол ганц тоон зорилттой. НҮБ-ын оролцоотой хийсэн үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг. Энэ бодлогыг УИХ-аар баталсан тул Засгийн газар хэрэгжилтийг нь гаргаж явах үүрэгтэй. Хууль ч ийм байгаа. Гэтэл чимээгүй байгаад байх юм.

-Энэ санаачилга хэрэгж-вэл ямар үр дүнд хүрэх вэ?

-Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар гэдэг нь олон улсын хэмжээнд дундаж орлоготой оронд ордог. Энэ санаачилга хэрэгжсэнээр монгол хүн дэлхийн дундаж орлоготой болох юм. Санаачилгыг төр, засаг зохион байгуулан дэмжвэл нийт дундаж орлоготой иргэд нийт иргэдийн дийлэнх олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндсэн зорилт хэрэгжих юм. Түүнчлэн монгол хүний амьжиргааны чанарыг олон улсын дундаж түвшинд хүргэх болно. Мөн монгол хүний сарын дундаж цалин 1000 ам.долларт буюу түүнээс дээш болсноор одоогийн байдлаар гадаадад ажиллаж амьдарч байгаа 200 мянга орчим залуус эх орондоо ирж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Энд товчхон тайлбар шаардлагатай. Энэ санаачилгыг нийтэд танилцуулснаас хойш нэлээд хүнтэй уулзсан. 10 жилийн дараа цалин 1000 ам.доллар болно гээд хүлээгээд сууж байх уу, заавал ам.доллараар ярьдаг нь яаж байгаа юм, ам.доллар гэхээр сонирхоно гэж бодоо юу, монголчууд хэзээ ч дэлхийн дундаж орлоготой болж чадахгүй, тоогоор зорилт гаргаж тавьдаг нь зөв зэрэг шүүмжлэлүүд байсан. Шүүмжлэх нь зүйн хэрэг. 2019 онд нэг хүнд оногдох ДНБ-ийг 4178 ам.доллар байхаар УИХ төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Энэ нэг хүнд оногдох ДНБ-ийг ам.доллараар илэрхийлсний 10 орчим хувь буюу 350-420 ам.доллар нь төрийн захиргааны албан хаагч, багш, эмч, нарын цалин. Үүнийг улсын дундаж цалин гэдэг. Эндээс нэг хүнд оногдох ДНБ 10000 ам.доллар болсноор, үүний 10 хувь дундаж цалин гэвэл 1000 ам.доллар буюу түүнээс дээш болохоор байгаа биз. Гэхдээ өнөөдөр хувийн хэвшлийн боломжийн компанид ажиллаж байгаа дунд түвшнээс дээших менежерүүдийн цалин аль хэдийн 1000 ам.доллар буюу 2.8 сая төгрөгөөс давсан. Энэ бол сайн зүйл. Тэгээд дээрх энэ санаачилгын зорилтуудыг 10 жилийн дотор гэсэн нь анхаарал татах нь ч мэдээж юм. Төр, засаг, нийт иргэд улсаараа урагшаа харж иймэрхүү зорилтын төлөө хамтарч ажиллаж чадваас 5-6 жилийн дотор ч нэг хүнд оногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх боломжтой байх. Ерөнхийдөө нэг хүнд оногдох ДНБ-ийг одоогийн 4200 орчим ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт юм. Япон, Герман зэрэг улсууд ийм зорилтуудыг гаргаж тавин хэрэгжүүлж байсан. Японы нэг ерөнхий сайд 1960-аад оны үед нэг хүнд оногдох ДНБ-ээ 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж ард түмнээ манлайлан дагуулж чадсан учраас 10 жил биш, 7.3 жилийн дотор энэ зорилтоо хэрэгжүүлж байж. Ингэснээр Япон улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс бол хөгжсөн байдаг. УИХ-аар удахгүй 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд энэ тоо тодорхой болно байх. 2019 оны ам.долларын энэ зорилт доогуур биелэлттэй гарах байх. Учир нь энэ засаг ам.долларын ханшны өсөлт, төгрөгийн ханшны уналтаа бараг тавиад туучихлаа. Товчхон хэлэхэд энэ дөрвөн жилд эрх баригчид томилолт, зардал өсгөдөг төрийн байгуулагуудын конторын барилгыг асар олноор барих, тансаг зэрэглэлийн шинэ машин хөлөглөх зэрэг тансаглалын зардлаа ерөөс танасангүй. Үүгээр зогсохгүй улсын төсвийг дөрвөн жилд нийт 9.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, үүнийгээ санхүүжүүлэхийн тулд 10 их наяд төгрөгийг хэвлэн зах зээл лүү нийлүүлсэн гэсэн мэдээлэл явж байна. Үнэний ортой байх. Ер нь манай улсын төсвийн эдийн засгийн үр, өгөөж Дэлхийн банкны судалгаагаар гишүүн орнуудын дотор хойноосоо 13 дугаар байрт явж байна. Энэ маш тааруу үзүүлэлт. Ийм үйл ажиллагаанаас болоод төгрөгийн ханш өндийхгүй унаад байх шиг байна. Уг нь өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай, экспортын гол нэрийн нүүрс, зэс, алтны зах зээл сайн байсан. 2012-2016 оны хооронд АН болон Шудрага ёс эвсэл эрх барьж байхдаа дөрөв орчим их наяд төгрөгийг зах зээлд хэвлэж нийлүүлсэн гэдэг.

-Энэхүү санаачилгад нийцэх хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд бий юү. Өөр ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

-Хангалттай эрх зүйн орчин бий. Баялагийн хуваарилалт, баялгийн дахин хуваарилалтын эрх зүйн орчныг тодорхой болгох. Эхнийх нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нээж илрүүлсэн стратегийн ордуудын үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлж, менежментийг олон жишгээр сайжруулж төрийн эзэмшлийн хувьд оногдох ногдол ашгийг нэмэгдүүлэх, энэ орлогыг үр ашигтай хүртээмжтэй хуваарилах. Нөгөөх нь татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрдэж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах. Гол нь энэ санаачилгыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас зохион байгуулах мөн Засгийн газар нэлээд олон шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах шаардлагатай. Үүнээс гадна улстөрчид олон түмэнд таалагдах үг, үйлдлээ(популизм) зохистой хязгаарлаж, төр, засаг баялаг бүтээж байгаа бүтээлч хүмүүс, хувийн хэвшлээ дэмжих, гол нь тэдний ажиллаж амьдрах өрсөлдөх чадвартай орчныг бий болгох үндсэн ажилдаа онцгойлон анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн эдийн засаг дахь оролцоо буюу ДНБ-д эзлэх төсвийн урсгал зардал хурдацтай тэллээ. Төрд ажиллаж байгаа албан хаагчид, төрийн өмчит ААН-д ажиллаж байгаа хүмүүсийн тоо их олноор нэмэгдлээ. Энэ эдийн засаг дэх төрийн оролцоо ийм байдлаар нэмэгдэхээр төрийн байгуулагын хүнд суртал гаарч, авлигын үзүүлэлт муудсаар байна. Мөн төрд алба хашиж байхдаа төр, түмний хөрөнгөөс хулгайлсан хүмүүсийг төрөөс бүрэн чөлөөлдөг болох хэрэгтэй. Мөн төр, олон нийтийн баялгийг шамшигдуулсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг улс төрийн нам аливаа улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндсэн шалгуураа болгомоор байна. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө түүний дотроос үзэл бодлоо илэрхийлэх улс төрийн эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрхийг төр засгийн зүгээс зөрчихгүй байх, хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал, төрд алба хашиж байгаа хэн нэгэн иргэд, ААН-ийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварласан нь тогтоогдвол шууд хуулийн хариуцлага тооцдог болохыг хуульчилж болно. Парламентад суудалтай намууд хамтраад урт хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай байлгана гэдгээ зарламаар байгаа юм. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийг үндэсний эн тэргүүний зорилт болгож, экспортын орлогод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний орлогын эзлэх хэмжээг жил бүр нэмэгдүүлэх нь зүйтэй. Монгол Улсын бүх компани экспортлогч болохын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэхдээ Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг Уул уурхайн олборлох үйлдвэр, Хөдөө аж ахуй, Боловсруулах үйлдвэр (Уул уурхай, ХАА, хөнгөн үйлдвэр), Эрчим хүч ба Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр, Аялал жуулчлал гэх зэргээр олон улсад зарладаг ч юм уу. Эдгээр салбарт бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэвшилтэт технологи, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал шинэ эрин үеийн мэдээллийн технологи болон дижитал технологийг нэвтрүүлэх шаардлагатай.

-Та энэ санаачилгынхаа зорилтыг ам.доллараар гаргаж тавьдаг нь ямар шалтгаантай вэ. Өнөөдөр манайд ажлын байр хомс байгаа. Тэгэхээр цалинг тэрхүү хэмжээнд хүргэхэд ямар алхмууд хийх ёстой гэж үзэж байна?

-Эдийн засаг өсч байна, уруудаж байна гэж олон жил ярилаа. Бодит тохиолдолд яасан байна гэдгийг судалсан. 2011-2020 оны хооронд 10 жилийн хугацаанд төгрөгөөр илэрхийлсэн эдийн засгийн өсөлтийн голч 6.3 хувьтай байсан боловч ам.доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ 4100 ам.долларын түвшинд сүүлийн 10 жилийн хугацаанд өгсөж уруудан хэлбэлзэж бодитой өсөлт гараагүйгээр зогсохгүй, ам.доллартай харьцуулсан төгрөгийн худалдан авах чадвар 2.2 дахин унаснаар өдөр тутмын өргөн өргөн хэрэглээндээ импортын барааны хэрэглээ өндөртэй монгол айл өрхүүдийн амьжиргаанд хүндээр тусч өнөөгийн байдлаар ядуурлын хамрах хүрээ 2014 онд 21 орчим хувь байсан бол 2018 онд 30 хувьд хүрч, гурван хүний нэг нь ядуурлын байдалтай байна. Цаашид эдийн засаг төгрөгөөр илэрхийлсэн дүнгээр өссөн ч Монгол Улс гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны уналтаа тогтворжуулж чадахгүй одоогийн энэ байдлаараа явбал нийт хүн амын 50 хувь, хоёр хүний нэг нь ядуурах эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихаад байна. Энэ байдлаас харахад ажлын байр байхгүйдээ биш, ажил хийгээд авдаг цалин нь бага, авсан цалин үнийн өсөлтөөс амьжиргааны зардалд нь хүрдэггүй болохоорт хүмүүс, тэр тусмаа залуус эх орондоо ажиллах дургүй болчихоод байна. Ийм байхад л намууд, эрх баригчид сонгуульд дахин сонгогдохын тулд бэлэн мөнгө амлаад, хэвлэж тараагаад байх бололтой. Энэ бол хорлонтой үйл ажиллагаа.

-Цалинг энэ хэмжээнд хүргэхэд юу анхаарах ёстой юм. Улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаа гээд бүхий л зүйлс нөлөөлж таарах байх…

-Холын зорилготой бол ойрын зовлон бага оршдог гэдэг. Хаана очихоо мэдэхгүй яваад байвал хаана ч очихгүйгээр үйл явдал дуусдаг гэдэг. Тиймээс Монгол Улсын төр засаг дунд (5 хүртэлх жил), урт хугацааны (5-с дээш жил) зорилттой болох. Тэр зорилтоо тууштай хэрэгжүүлэх. Тэрнээс сонгууль болгоны өмнө, хойно өөр юм яриад байж болохгүй. Төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэх, хуульчлах хэрэгтэй болно. Ер нь бол аль Оюу толгой төсөлтэй дөхүү 10 гаруй төслийг хурдан хэрэгжүүлэхэд л энэ зорилт хэрэгжих боломжтой. Засаглалын бүх түвшинд хууль дээдлэх эрх зүйт төрийн зарчмуудыг мөрдөж тэгш шударга байдлыг хэвшүүлэх. Төрд ажиллаж байгаа хэн ч хууль зөрчвөл өөрөө ажлаа өгдөг ёс зүйн жишигтэй болох. Хууль, хяналтын байгууллагад улс төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Боловсролын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Төр, засгийн бодлогын шийдвэрийг зөвхөн судалгаанд үндэслэн тухайн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангаж бодлогыг өрсөлдүүлэх замаар гаргах тогтолцоонд шилжих зэрэг олон арга хэмжээ байх шаардлагатай.

-Төгрөгийн ханшийг зах зээлийн эдийн засгийн зарчмаар тогтвортой байлгана гэж байгаа. Энэ боломжтой юу. Өдрөөс өдөрт төгрөгийн ханш суларч байна шүү дээ.

-Гол нь гадаад валютын нөөц, Монголбанкны алтны нөөцийг нэмэгдүүлэх юм. Уг нь энэ боломжтой. Нөгөө талаас экспортын тогтвортой өсөлтийг хангах. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын байнга ярьж ирсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах аж үйлдвэр-лэлийг хувийн хэвшлээ дэмжих замаар хөгжүүлэх юм. Мөнгө дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бэлэн мөнгөний амлалтаас татгалзаж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх юм. Улсын төсвийн үр өгөөжийг сайжруулж, алдагдалгүй батлах. Ирээдүйн өв сангийн хуулийг хэрэгжүүлэхдээ улс төр, төрөөс хараат бус болгож олон улсын туршлагаар менежмэнтийг явуулж хуримтлалаа асар ихээр нэмэгдүүлэх мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахын тулд нийт иргэддээ аль болох үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн ач холбогдлыг сурталчилан таниулах хэрэгтэй. Экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хувийн хэвшлийн ААН-үүдээ дэмжих, дэмжих хуулийг боловсронгуй болгож сэргээх зэрэг байж болно.

-Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд бий болгох хэрэгтэй гэж байсан. Жишээ нь, ямар төсөл байвал болох вэ?

-Энэ дээр 15 орчим төслийг гаргаж үзсэн. Бүгдийг нь доор жагсаалаа. Гол нь уул уурхайн бус салбарын томоохон төслийн хэрэгжилт их чухал байна. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр ложистикийн чөлөөт бүс, Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох, Байгалийн хий дамжуулах хоолой, Нүүрсний гүн боловсруулалт (нүүрс хийжүүлэх, нүүрснээс байгалийн нийлэг хий ялгаруулах), Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть-химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах зэрэг төслүүд бий.

-ЖДҮ-ийн тухай хуулийг та өргөн барьж 2007 онд батлуулж байсан юм билээ. Таныг олон компанитай гэдэг. Энэ хуулийг батлуулаад тэр компаниуддаа ЖДҮ-ийн зээл аваад өгчихсөн биш биз. ЖДҮ-ээс гишүүд зээл авсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-ЖДҮ-ийн тухай хуулийг анх 2004 онд УИХ-ын гишүүн болчихоод 2005 онд Японы ГХЯ-ны урилгаар Б. Батбаяр( молекул), р.Буд гишүүнтэй хамт Япон явж тэдний Засгийн газрын хөгжиж байгаа орнуудад олгодог хоёр шаттай, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг сонирхоход ЖДҮ-тэй холбогдсон эрх зүйн орчингоо бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд хуулийн төсөл дээр ажиллаад 2006 онд УИХ-аар хэлэлцүүлсэн болов унаад, дахиж сайн боловсруулаад 2007 онд батлуулж байсан. Өнгөрсөн хугацаанд Японы энэ хоёр шаттай зээлээс хоёр удаагийнх нийлээд 100 орчим сая.ам долларын зээлийг Монгол Улс авч, зохих эзэндээ хүрсэн болов уу гэж бодож байна. Миний хувь эзэмшдэг байсан ямар ч компани ЖДҮС-гаас зээл аваагүй өнөөг хүрсэн. Үүнд итгэлтэй байна. 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл арилжааны банк эцсийн шийдвэрийг гаргадаг. Зээлийн хэмжээ нь нэг иргэн, эсхүл ААН-д 200 орчим сая. төгрөг, зээлийн хүү нь ес орчим хувьтай байсан. Гэтэл зээлийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлж, хүүг нь гурав дахин бууруулаад улс төрийн шийдвэрээр олгодог болгоод, өөрсдөө болон хамааралтай ААН-дээ авчихсан байна гэж хэвлэлээс ойлгосон. Хэрэв ингэсэн бол арай дэндэнэ. Засгийн газар болон УИХ-ын гишүүн ийм шийдвэр гаргасан бол Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно. Монгол төрийн түүхэнд дахиж “хууль зөрчсөн ийм болчимгүй алдаа”давтагдах ёсгүй. Хөгжилтэй орнуудад бол ийм алдаа гаргасан бол өөрсдөө огцрох өргөдлөө өгчихсөн байгаа болов уу даа. Ингэхгүй болохоор л төр, засагт итгэх иргэдийн итгэл алдраад байгаа юм даа.

-Удахгүй 2019 оны шилдэг үг шалгаруулах үйл ажиллагаа болох юм билээ. Энэ тухайд?

-Халдварт өвчний эрсдэлтэй байгаа учир 2019 оны шилдэг үг шалгаруулах ёслолын арга хэмжээг бичлэг хийгээд олон нийтэд цацна гэсэн. Энэ арга хэмжээг Төв гандантэгчэнлин хийд, ШУТИС, Монголоо шинэчилье клуб хамтарч зохион байгуулж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл сошиалаар явж байгаа тул тайлбар хэрэггүй болов уу. Зарын дагуу олон хүн оролцож байна. Ёслолын арга хэмжээ энэ сарын 20-нд 11:40 цагт Гандан хийдэд болно. Олон түмэнд хэрэгтэй үг шалгарна гэдэгт найдаж байна. Сайныг бодож төлөвлөж байж сайн үйлс бүтдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *