УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай ярилцлаа.
-Та саяхнаас Ардчилсан хүчний холбоог удирдахаар болсон. Юу хийж байна?
-Ардчилсан Хүчний холбоо бол Монгол Улсад олон ТББ байдаг, тэдний нэг нь юм. Цаашид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тухайлбал иргэдийг үзэл бодлоор нь ангилж Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл хавтгайрч байгаатай тэмцэх гээд хийх ажил их байгаа.
-Манай улс Олон улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрт хамрагдсанаар ямар үр дүн, ямар сөрөг үр дагавар гарна гэж харж байна?
-АН эрх барьж байхдаа эдийн засаг сайжрахгүй бол ийм хөтөлбөрт хамрагдах талаар ярьж байсан. Энэ он гарсаар тэр үетэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Ер нь бол Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орон. Экспортын орлогын 80 гаруй хувь нь ашигт малтмалын түүхий эдийн экспортын орлогоос бүрддэг, энэ түүхий эдийнхээ 90 орчим хувийг өмнөд хөршдөө худалддаг. Тэгээд өнөөгийн байдлаар зэс, нүүрс, төмөр, алтны зах зээлийн үнэ бүгд сайжирч нэмэгдсэн. Нүүрсний үнэ л гэхэд тэр үеэс 2.5 дахин нэмэгдсэн байна. Татвар нэмэгдсэнээр иргэд, аж ахуйн нэгжийн зардльн ачаалал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр амьдралаа өөрсдөө авч яваа, хүмүүст ажлын байр бий болгохын зэрэгцээ татвар төлж арай ядан үйл ажиллагаа явуулж байгаа олон жижиг, дунд ААН үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ. Үр дүнд нь Монгол Улсын дундаж орлоготой иргэдийн тоо цөөрч, ядуурал нэмэгдэж, орлогын түвшний ялгаа ихсэх болно. Угтаа бол эрх баригчид энэ хөтөлбөрт хамрагдах нөхцлийг бүрдүүлэхдээ төрийн эдийн засаг дахь оролцоог багасгах, мөн төр, засгийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх нь зохистой байсан. Гэтэл эрх баригч МАН тэгсэнгүй харин ч тансаглалын гэх урсгал зардлаа нэмэгдүүлснийг АН-ын УИХ дахь цөөнхийн гишүүд шүүмжилсээр байна. Эндээс хөтөлбөрт хамрагдаж байгаа гол зорилго нь 2008 оноос хойш авсан зээлийг төлөх, дахиж зээл авах гэж харагдаж байна.
-Монголбанкинд аудитын шалгалт хийж үзээд АН засгийн эрхийг барьж байх үед олон тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан байна гэж мэдэгдээд байгаа?
-Мэргэжлийн аудитын байгууллага ийм дүгнэлт гаргахгүй байх. Ер нь тэр орны төв банк алдагдалд орсон гэсэн мэдээлэл сонссон хүн байдаг болов уу. Улс орнуудын төв банк бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй тул алдагдал гэж ярих нь зохисгүй. Аливаа орны төв банк валютын ханшийг тогтвортой байлгах, инфляцийг барих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих замаар ажлын байрыг хадгалах, өрсөлдөх чадвартай зээлийн орчныг бүрдүүлэх зэрэг зорилтыг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Төв банк үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах хуультай. Мөн жил бүр УИХ-аас төв банкнаас явуулах мөнгөний бодлогын хүрээг баталж өгдөг. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан мөнгөний бодлогын дагуу монгол банк үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож байна. Тэгэхээр УИХ-ын саяхан гаргасан шийдвэр нь нэг талаасаа шийдвэрүүд нь хоорондоо зөрчилтэй, нөгөө талаасаа сонгуульд чиглэсэн улстөржсөн шийдвэр гэж үзэхээр байна. Үндсэн хууль, Монголбанкны тухай хууль, Улсын нөөцийн тухай болон бусад хууль тогтоомжид Монголбанк, Засгийн газар нь мах, гурил, бензин, цемент зэрэг стратегийн барааны үнийг тогтвортой байлгах арга хэмжээг хэрэгжүүлэх, зохицуулах заалтуудыг суулгаж өгсөн байдаг. Эдгээр гол нэрийн барааны үнэ тогтвортой байснаар иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой байх, дээшлэх үндсэн нөхцөл бүрддэг. Тиймээс Монголбанк хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Монголбанк эдгээр хуульд заасан үүргээ мөнгөний бодлогоор дамжуулж хэрэгжүүлэхэд зардал гарна. Манай улсад энэ зардлыг хэрхэн тусгах, яаж зохицуулах талаар хууль эрх зүйн орчин тодорхой бус байдаг. Энэ зардлын талаар олон жил ярьж байна. Тухайлбал 2012 оны намраас 2014 оны хооронд шатахууны үнэ тогтворгүй байнга нэмэгдэж байсан тул, төв банк шатахуун импортлогч компаниудад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ийм хэлбэрийн бодлогын арга хэмжээний үр дүнд 2012-2016 оны хооронд шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байгаад зогсохгүй, алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг бууруулж байсан. Орон сууцны хөнгөлөлттэй санхүүжилтийн бодлогын арга хэмжээ ч мөн адилхан. Энэ бодлого хэрэгжсэнээр 90 гаруй мянган айл, өрх орон сууцтай болсон гэсэн мэдээлэл байдаг.
-Өнгөрсөн дөрвөн жилд АН мөнгөтэй байсан. Их хэмжээний өр тавьсан. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийг муутгах алхмыг хийсэн гэгдээд байгаа?
-Үнэнд гүйцэгдэнэ гэж нэг үг байдаг даа. Угаасаа эрдэс баялагийн түүхий эдийн зах зээлийн үнэ хэлбэлзэл ихтэй, байсхийгээд өгсөж урууддаг. Харин хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой хэлбэлзэл багатай байдаг нь зах зээлийн зарчим юм. Тиймээс ашигт малтмалын түүхий эдийн үнэ буурахаар энэ нам эсхүл тэр улстөрч бууруулсан, эсрэгээр үнэ өсөхөөр нь манай нам үнийг өсгөчихлөө гэж улс төрждөгөө больчихмоор байгаа юм. Ийм зүй тогтолд нийцээгүй улс төржилт нь монголчууд урагшаа харж үндсэн асуудлаа нэгдсэн бодлогоор шийдэж хөгжихөд садаа болж байна. Хөрөнгө оруулалтанд зах зээлийн байдал, ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай эрх зүйн орчин голлох нөлөөтэй гэдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манайд ямар нөхцөл байдал бий болсныг хүмүүс санаж байгаа байх.
-Монголд гол нь ямар шалтгаанаар хөрөнгө оруулалт буурсан гэж үзэж байна вэ?
-2013 оны байдлаар сүүлийн 21 жилийн хугацаанд Монгол Улсад 14.2 тэрбум долларын гадаадын шинэ хөрөнгө оруулалт орсон байх ба үүний найм орчим тэрбум доллар нь Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалт гэсэн судалгаа байдаг. Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалт 2010-2013 оны хооронд орсон байдаг. Манай улсын экспортын зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг гол нэрийн ашигт малтмалын түүхий эдийн зах зээлийн үнэ 2012-2016 оны хооронд 20 хувиас гурав дахин буурсан. Түүхий эдийн үнэ унахаар уг бизнесийн ашиг, орлого буурдаг, үүнийгээ дагаад тэр салбарт хөрөнгө оруулалт буурах нь мэдээж болов уу.
Эрх зүйн орчныг тогтворгүй болгосон явдал байдаг. 2012 оны тавдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар гадаадын хувийн хэвшлийн ААН уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, банкны салбарт хөрөнгө оруулалт хийхэд Засгийн газраас зөвшөөрөл авахаар хуульчилсан.
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгуулийн үеэр гаргасан ба энэ тогтоолоор нийт тусгай зөвшөөрлийн 40 орчим хувь буюу 1440 тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг зогсоосон байдаг. Урт нэртэй хуулийг зөрчиж 106 тусгай зөвшөөрөл олгосон нь авлигатай холбогдсон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг 2010-2014 оны хооронд таван жил орчим хугацаанд зогсоосон. 2012 оны арваннэгдүгээр сард УИХ-аас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг болгосон. Энэ тогтоол тухайн үеийн УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд дээр эрх барьж байсан нам, эвслийн бүлгийн зарим гишүүн нэмэгдсэнээр батлагдсан байдаг. Оюутолгой төслийн ТЭЗҮ болон Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Ил уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал 4 тэрбум доллар нь 2012 оны жилийн эцсийн байдлаар 6.6 тэрбум болж 60 гаруй хувиар хэтэрсэн байдаг. Энэ зардлын хэтрэлтийн хэмжээ нь Монгол Улсын нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хөрөнгө учир Засгийн газар арга буюу шалтгааныг тодруулах ажлын хэсэг байгуулсан.
Энэ бүх асуудлыг 2012-2016 оны УИХ, Засгийн газар шийдвэрлэж, эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг Эрдэс баялагийн салбарт урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
-АН-ын Засгийн газрын үед авсан их өр зээлийнхээ талаар бодлоо хуваалцаач. Бондын өр зээл, эргэн төлөлт, одоогийн УИХ, Засгийн газрын авч буй зээлийн тухайд юу хэлэх вэ?
-Түүхий эдийн экспортлогч орон мөртлөөсөө Түүхий эдийн үнэ буурах цикл ирэхэд (2012-2013 он) ямар ч хуримтлалгүйгээр зогсохгүй, төсөвт орох орлогоосоо урьдчилаад ойролцоогоор хоёр тэрбум орчим долларын орлогыг зээлээд хоёр нам хамтарч эрх барьж байх үедээ бэлнээр тараачихсан байсан. АН-ын УИХ дахь олонх, Засгийн газар жингүйдсэн эдийн засгийг шууд унагааж дэлбэлэхгүйн тулд 2.0 орчим тэрбум долларын санхүүжилтийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгож ажлын байрыг алдахгүйн тулд дотоод зах зээлээ дэмжиж бүтээн байгуулалт хийсэн.
Энэ нь УИХ дахь хүчтэй цөөнхийн шүүмжлэлийн бай болж АН, Монгол Улсыг дааж давшгүй өрд оруулсан нэр авсан нь 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. Гэвч цаашид 5.5 тэрбум долларын зээл авах болсон талаар мэдээлж байна. Монголын өнөөгийн улс төр ийм байдалтай л байна. Энэ хавар авсан бондын зээлийн тухайд одоогийн эрх баригчид АН-ыг муулж, тэр нь гадна талдаа Монгол Улсыг муухай харагдуулж эхлэхээс өмнө Хөгжлийн банкны бондын санхүүжилтийг бондын зээлээр сольсон бол хүү нь харьцангуй бага тусах байсан болов уу гэж бодож байна.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна. Мэдээж АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байгаа байх. Танай нэр дэвшигчийн талаар иргэд, сонгогч ямар хандлагатай байх шиг байна?
-Мэдээж дэмжиж байгаа. Ер нь олон түмнээс Х.Баттулга нэр дэвшигч маань илт өрсөлдөгчдөөсөө дэмжигч олонтой байгаа нь судалгаагаар ч, хандлагаар ч тодорхой байгаа. Дэмжигч олонтой байгаа гол шалтгааныг дүгнэж хэлвэл энгийн ард түмний амьдралыг сайн мэддэг, улс орноо хөгжүүлэхийн тулд их ажил хийсэн, шударга бус асуудалтай зоригтой тэмцэгч, ямар ч тохиолдолд улс, нийт иргэдийн эрх ашгийн талд найдвартай зогсож чадна гэсэн үзүүлэлтүүд байх шиг байна. Дээр нь Монгол Улс парламентын засаглалтай орон бөгөөд, УИХ-ын 86 хувийг нэг нам дангаараа бүрдүүлж байгаа учир энэ УИХ, Засгийн газар хүссэн шийдвэрээ, тухайлбал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ямар ч тээг болох зүйл байхгүй, улс төр ч хангалттай тогтвортой байх нөхцөл аль хэдийн бүрдсэн гэдгийг сайтар ойлгож байх шиг байна. Тэр нь УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавилаа гэхэд нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь дэмжсэнээр хориг хүлээн авагддагтай холбоотой байх.
Ер нь АН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хүчтэй эрх баригчдад нийт иргэдийн эрх ашгийн үүднээс хяналт тавих, хурдацтай ажиллахыг шаардах, улс төрийг бага ч гэсэн тэнцвэржүүлэх, бодлого өрсөлдүүлэх зэрэг давуу талууд бүрдэнэ гэж харж байна. Монгол Улс экспортын чиглэлийн боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлснээр дундаж орлоготой иргэд нь нийгмийн олонх болсон хүчирхэг орон болж хөгжинө гэж боддог. Энэ гэхдээ тун амаргүй даваа. Үүнд манлайлал, чирэх хүч хэрэгтэй. Өнөөгийн хэрэглээний буюу импортод түшиглэсэн эдийн засагтай байгаа тохиолдолд, монголчууд хооронд импортын барааны 5-20 хувийн ашиг л эргэлдэж байх шиг байна. Хэрэв боловсруулах аж үйлдвэр хөгжиж, гадаад зах зээл дэх хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолж чадвал нэмүү өртөг, зардлаар импортынхоос 3-4 дахин илүү орлого монголчуудын амьдралд үлдэх болно. Х.Баттулга энэ зорилтыг мөрийн хөтөлбөртөө “Экспортын шинэ эринийг эхлүүлнэ” гэж тодорхойлсон байна. Тэр өнөөг хүртэлх улс төрийн амьдралаа Монгол Улсыг аж үйлдвэржсэн улс болгоход зориулж ирсэн гэхэд хилсдэхгүй байх.
-Одоо уул уурхайн томоохон төслүүдээ хэрхэн яаж урагшлуулах, ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж харж байна. Таван толгойн ордоо хөдөлгөх ёстой гэж хүн бүр хүлээж байна?
-Санал нэг байна. Уг нь Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ экспортолсоор ирсэн. Хамгийн гол нь Таван толгойн орд Гашуун сухайт хоорондын төмөр замыг хурдан үргэлжлүүлээд дуусгачихмаар байна. Энэ төмөр зам уг нь өнөөгийн байдлаар Монгол Улсад байгаа төслүүд дотор хамгийн ашигтай, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Тиймээс тэр үеийн Засгийн газрын шийдвэрээр Чингис бондын санхүүжилтээс тодорхой санхүүжилт хийсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт байхгүй тул зогсчихсон байдаг. Энэ боомтоор нүүрсний 70 орчим, зэсийн баяжмалын 60 гаруй хувь дамжин өнгөрөх тооцоо гарсан байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр манай ашигт малтмалыг авах худалдан авагчийн тоо нэмэгдэж өрсөлдөөнөөр зах зээлийн үнэд ойрхон үнээр эрдэс баялагаа борлуулах боломж нэмэгдэх юм.