Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэцогт: Такси барьдаг шигээ л гараа өргөөд автобусанд сууя

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээг дэвшүүлж “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ноос өчигдөр мэдээлэл хийв.Тодруулбал, Зайсан, Хүннү, Ривер гарден зэрэг том хорооллоос шууд хотын төвд буюу их тойруу, бага тойрууд дөхүүлж өгөөд буцах хоёр зогсоолт “буухиа автобус” болон такси үйлчилгээг орлох хурдан тойрдог “мини автобус” үйлчилгээний шийдлийг боловсруулжээ. Мөн ухаалаг аппликэйшний тусламжтайгаар урьдчилсан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгөх программын үйлчилгээг танилцуулсан юм.

Түгжрэлийг сааруулах зорилготой уг шийдлийн талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ны тэргүүн Д.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Түгжрэлийг багасгаж, тэг зогсолтыг арилгахын тулд олон янзын шийдлийг эрэлхийлж байна. Тодруулбал, импортоор орж буй машинд хязгаарлалт тавих, торгуулийг нэмэгдүүлэх зэрэг саналыг нэг хэсэг ярьсан. Тэгвэл та бүхний зүгээс ямар санаачилгыг дэвшүүлж байна вэ?

-Авто замын түгжрэлийн асуудлыг гүүр барихаас хурдан хугацаанд шийдэж болно. Хамгийн гол нь зөв зохион байгуулалт, зөв тогтолцооны удирдлага хэрэгтэй. Одоо үйлчилгээнд гарч буй 900 автобусаар л нийтийн тээврийн үйлчилгээг төсөөлөөд байж болохгүй. Автобусны үйлчилгээг хөгжүүлж чадвал нийслэл хотын долоохон километрт иргэд заавал машин барихыг бодохгүй. Хот доторх машиныхаа хэрэглээг бууруулъя гэж нэг хэсэг нь ярьж байна. Тэгвэл дугаарын хязгаарлалт тавьж, бензиний үнийг өсгөх, торгуультай машиныг явуулахгүй байх зэрэг иргэдийн халаасыг хоослох шийдэл байгаа юм. Бидний зүгээс нэмэлтээр хямд үйлчилгээ санал болговол иргэд машинаа гэртээ үлдээгээд явна. Өөрөөр хэлбэл, иргэдийн халаасыг хоослохгүйгээр энэ шийдлийг боловсруулж болно. Нарантуул гэдэг том зах байхад яагаад тэр чиглэл рүү автобус тавьж өгөөгүйд бид үнэхээр гайхдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, тав тухтай түргэн шуурхай болговол түгжрэл багасна гэж үзэж буй хэрэг үү?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт 900 автобус 500 мянган зорчигчид үйлчилж байна. Харин 300 мянган автомашин 700 мянган зорчигчид үйлчилж байгаа нь өөрөө харьцангуй үзүүлэлт юм. Автобусны үйлчилгээг сайжруулснаар нийслэл дэх түгжрэлийг бүрэн бууруулах боломжтой. Засгийн газраас автомашинд зориулж гүүр, зогсоол барья гэх мэтчилэн нөгөө 300 мянган машинд зориулж маш их хөрөнгө оруулалт хийж байна. Үнэндээ 900 автобусаар үйлчлүүлж ажлаа амжуулж байгаа иргэддээ зориулж системийн шинэчлэл хийх учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврээр зорчигч иргэдэд зориулж нэг ч төгрөг зарахгүй байна. Одоогийн байдлаар автобусны зогсоол болгонд зогсдог нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож буй. Үүнээс шалтгаалан иргэд нийтийн тээврээр зорчихоос илүүтэй хувьдаа машин хэрэглэж байна.

-Автобусны системийг өөрчлөх нь замын хөдөлгөөнийг сааруулах аргачлал байх нь ээ?

-Улаанбаатарын түгжрэлийн гол буруутан нь нийтийн тээврийн систем юм. Тиймээс автомашины хэрэглээг хот доторх болон хотоос гаднах гэж хоёр ялгах хэрэгтэй. Одоогийн байдлаар өглөөний 06-12 цагийн хооронд хотын 10 талаас төв рүү чиглэсэн урсгал маш их гарч ирж байгаа юм. Энэ нь түгжрэлийн гол эх үүсвэр болоод байна. Иргэд ажлынхаа гадаа машинаа тавиад зогсчихно. Өглөөний 8-9 цагт машины зогсоолууд бүгд дүүрч, оройн 6-7 цагаас наашгүй болдог. Улмаар өдөр нь зогсоолоос үүдэлтэй түгжрэл бий болж байгаа юм. Тэгвэл гадна зогсоолд машинаа тавьж буй хүмүүст зориулсан үйлчилгээг үзүүлэх нь чухал. Энийг л “буухиа үйлчилгээ” гээд байгаа юм. Тодруулбал, Хүннү Молл, Ривер гарден зэрэг том том хорооллуудын үүднээс автобус аваад л замдаа зогсохгүйгээр нийслэлийн төвд ирнэ. Хотын төвийн түгжрэлд оролгүй буцаж эргэх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь автобусанд тав тухтай орчинг бүрдүүлснээр иргэд маань машинаа гэрийнхээ гадаа үлдээгээд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. Хот доторх жижиг тэрэгний хэрэглээг бууруулъя гэвэл түүнийг орлох хурдан шуурхай, тохитой тээврийн үйлчилгээ байх ёстой. Ингэхийн тулд цөөхөн хүний бага оврын хурдан эргэдэг автобус шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 20 таксийг цөөлж 20 хүний бага оврын автобус явуулъя гээд байгаа юм. Заавал автобусны буудал дээр очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүйгээр зам дээр гараа өргөөд л сууя. Тэрхүү нөхцөлийг бүрдүүлбэл хурдан хэрэгжих боломжтой систем юм.

-Тэгвэл “мини бус” үйлчилгээ нь ямар учиртай юм бол. Үүнийг нэвтрүүлснээр ямар давуу тал үүсэх вэ?

-Автомашин хэрэглээ өндөртэй учраас иргэд такси барьдаг. Тэгвэл такси үйлчилгээг бууруулахын тулд таксинд сууж байгаа иргэдэд бид ямар үйлчилгээ үзүүлэх юм бэ, тэдэнд такси олдохгүй бол зүгээр алх гэж хэлж болохгүй л дээ. Тиймээс энэ төрлийн үйлчилгээг орлох хурдыг бий болгох ёстой юм. Бидний санал болгосон шийдэл бол тойргоор явдаг бага оврын “мини автобус” үйлчилгээ юм. Нийслэл маань их тойруу, бага тойруу гэсэн тойрог системтэй учраас харьцангуй хурдан явна. Хамгийн гол нь иргэд заавал автобусны буудлаас суух шаардлагагүй, гараа өргөөд таксинд суудаг шиг нийтийн тээврээр үйлчлүүлье. Өөрөөр хэлбэл, Бага тойрог, их тойрог замууд болон албан байгууллагуудын байршлыг зөв тооцоолж такси хамгийн их явдаг замуудаар мини бус явуулна. Хэрэв “мини бус” дүүрвэл том том хороолол руу шууд явдаг болгох юм. Хотын дэд төвүүдэд ийм дунд оврын хурдан эргэдэг автобусууд эрэлт хэрэгцээ ихтэй. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр 30 мянган таксины тоог 10 мянга болгож бууруулах боломжтой. Мөн ухаалаг аппликэйшний тусламжтайгаар урьдчилан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгч болдог программын үйлчилгээний шийдэл бий. Жишээлбэл, урьдчилсан билет зардаг аппликэйшнд үндэслээд хаанаас хэдэн хүн хаашаа явах гэж байгаагаас хамааран зорилтот автобусыг нь гаргаад өгнө. Тодорхой цагуудад иргэдийн урсгал нэмэгддэг худалдаа, үйлчилгээний төвүүдэд шууд хүргэх “буухиа тохилог автобус” үйлчилгээ нь онгоц, вагонд сууж бууж байгаа хүмүүст үйлчлэх жижиг машинуудыг орлох үйлчилгээ юм. Ямар нэгэн метро барихыг хүлээж цаг алдалгүй түгжрэлийг хэдхэн сарын хугацаанд л бууруулах боломжтой гэсэн үг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт хийснээр түгжрэлийг 40-60 хувь багасгана гэж хэлж болох уу?

-Одоо үйлчилж буй нийтийн тээврүүдийг өөрчилнө гэж ярихгүй. Хамгийн гол нь нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх шийдлийг боловсруулж байна. Жишээ нь, автомашинтай иргэдийг автобусанд суулгах нэмэлт үйлчилгээ байж болох юм. Хамгийн гол нь замын түгжрэлийг сааруулахын тулд системээ сайжруулах нь чухал. Хэрвээ зөв систем оруулж чадвал 2-6 сарын дотор ердөө 600 автобусны нэмэлт үйлчилгээгээр үүнийг хангалттай шийдэх боломжтой. Одоо бол хүмүүс зогсоол хайж цагаа үрэхээс үнэхээр залхаж байна. Гэртээ хэзээ харихаа мэдэхгүйгээр зам дээр маш их цагийг бухимдаж өнгөрүүлж байна. Бараг л зогсоол дээр хонох дөхөж байна шүү дээ. Энэ бүх асуудалд яг одоо шийдэл эрэлхийлэх болжээ. Түүнээс биш 10 жилийн дараа метро барина гэх мэтчилэн тайвшруулж дараад байвал түгжрэл саарахгүй. Хамгийн гол нь 1.5 сая хүн амтай, төв цэгээсээ 7 километрийн алслалтай жижигхэн хот учраас энэ асуудлыг шийдэх боломж бий. Аргачлал нь ийм байж болно, шийдэх боломж хангалттай бий гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Бид түгжрэлээс шалтгаалаад жилдээ 55 тэрбумыг бензинд үрж, маш их цагийг зам дээр өнгөрүүлж байна. Мөн осол аваараас үүдэлтэй зардлууд их гарч байгаа учраас асуудлаа богино хугацаанд шийдэж болно. Бид одоо түгжрэлийн талаар ярихаар “шийдэгдэхээс өнгөрсөн” хэмээн хүлээн авч байна. Энэ нь өөрөө шийдлийг хойш хаях сэтгэлгээг бий болгож байгаа юм.

-Дэвшүүлж буй энэхүү санаагаа холбогдох газруудад тавьж үзсэн үү?

– Хамгийн гол хохирогч нь автобусаар үйлчлүүлж буй иргэд болчихоод байна л даа. Тэр тусмаа автобус хүлээгээд ирдэггүй, нийтийн тээвэрт суухаар амьсгалах агаар олдохгүй шахам шахалдаж байна. Тэгэхээр энэ шийдэл түгжрэлийг хангалттай тайлж болно гэдэг мессэжийг өгөх гээд байгаа юм. Ингэвэл хүмүүс шийдлээ олоод явах боломжтой. Бид хоёр жилийн өмнө энэ саналаа хэлээд явсан ч амжилт олоогүй. Тэгэхээр одоо ард түмэнд хүргэе, иргэд өөрсдөө дарга нарыгаа шахаасай.

-Хувийн хэрэглээг халж, нийтийн хэрэглээг хэвшүүлэхийн тулд тохилог автобус шаардлагатай юу?

-Бидний тооцоогоор 200 мянган машин өглөөний 06-12 цагийн хооронд 10 чиглэлээс орж ирж байна. Тэгвэл хурдан буухиагаар явбал хүмүүс автомашинаа 21 дүгээр хороололдоо орхиод Улаанбаатар хот руу ирчихээд буцаад явахдаа нэг километр юм уу алхаад автобусандаа шууд суугаад гэрийнхээ үүдэнд буух нөхцөлийг бүрдүүлчихвэл хүмүүс тэр тохилог автобусыг сонгоно гэдэг нь судалгаагаар гарч ирж байгаа юм.

-Энэ шийдлээ хаана хандаж хэрэгжүүлэх вэ?

-Одоо Монгол Улсыг удирдаж буй хоёр субьект байгаа шүү дээ. Мэдээж ард түмэн, нөгөө нь МАН-ын удирдлагууд бий. Шийдэлгүй мэт чимээгүй суух биш, энэ шийдлийг хэрэгжүүлье гэдэг үүднээс нь удирдлагуудыг шахах ёстой юм. Харин удирдлагууд метро тавих зэргээр хэдэн жилийн дараа бүтэх бүтэхгүй зүйл тайлбарлаж биднийг хүлээлтийн байдалд оруулаад байна л даа. Түгжрэлээс болж өдөр болгон үнэтэй цаг хугацаа, маш их мөнгө алдаж байна шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *