Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэхуяг: Адууны жороог Монголчууд шиг судалсан улс үндэстэн хаана ч байхгүй

Усан тэлмэн жороо судлалын академийн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэхуягтай ярилцлаа.

-Үндэсний жороо морин спортын клуб байгуулахаар зорьж байгаа гэсэн. Хэзээнээс эхэлсэн ажил вэ? Хэр ахицтай байна?

-Клуб байгуулах үйл ажиллагаа 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж болно. 1996 онд улсын баяр наадмаар Яармагт анхлан жороо морины уралдааныг үзэгчдийн өмнө тойргоор зохион байгуулж эхэлсэн. Түүнээс хойш спорт болгох судалгаа олон аргачлалаар уралдаан зохион байгуулахүйл ажиллагаа явуулсаар ирсэн. Аливаа спорт оршин тогтнох үндэслэл нь клубын систем байдаг. Тийм ч болоод их спортд сагсан бөмбөгийн холбооноосоо баян Чикаго булс, Леадерс гэх мэт клуб, хөл бөмбөгийн Чельси, Реал Мадридийг бид мэднэ. Ер нь спортын хамгийн зөв хөгжил нь клубын систем гэж ойлгох хэрэгтэй. Морин спортын клубыг адууны аж ахуй гэж ойлгож болно. Адууг маллах сургах зардал өндөр учир эдийн засгийн тооцоо , спорт аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж болно.Үндэсний жороо морин спортын сургалт , уралдаанд оролцох инноваци,дэвшилтэт технологийг лицензийн гэрээгээр нэвтрүүлнэ. Жороо морины явдал, унаачийн чадвар нь нүдний хараагаар шүүх боломжгүй. Унаач тамирчин өөрийгөө болон морио хянах засах хөтөлбөр сургалт байдаггүй . Тэгвэл камерийн системийг нэвтрүүлснээр хамгийн зөв шүүлттэй, эмх цэгц, дэг журамтай клубүүд Үндэсний жороо морин спортын эдийн засгийн болон тухайн спорт тогтвортой байх анхдагч болон гол нэгж нь байх болно. Одоогоор 2-3 клубын лицензийн гэрээ яригдаж хэлцэл хийгдээд байна. Тун удахгүй клуб авах эрх нээлттэй зарлагдана.

-Монголчууд мориороо дэлхийн талыг туулж эрт үеэс гаршуулж , судалж морин эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Тэгэхээр жороо судлал тэр үеэс л эхэлсэн байх?

-13 дугаар зууны Монгол хүн, монгол морины гайхалтай амжилт , тэр жижиг хагас зэрлэг Монгол адууны жолоог атгаж хурдыг нь хувааж чадсаны хувьд эзэд нь илүү гавъяатай юм. Тэр эздийн үр сад бид 21 дүгээр зуунд Үндэсний жороо морин спортоор дэлхийг аялал жуулчлал, морин спортыг байлдан дагуулж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Жороо судлал гэдэг нь маш өргөн цар хүрээтэй асуудал анхдагчийн хувьд хүн төрөлхтөн адууг гаршуулсан үеэс эмээл гараагүй байхад адууны зөөлөн явдал жороог илүүтэй унаж сонирхож байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ адууны жороог нүүдэлчин ахуй амьдаралтайгаа холбон Монголчууд шиг судалсан улс үндэстэн хаана ч байхгүй гэж болно.

-Усан тэлмэн жороо судлалын академи хэзээ байгуулагдсан бэ?

-Юуны өмнө “ Усан тэлмэн”–ийг тайлбарлая. Өвөг дээдсээс маань нүүдэлчин ахуй амьдралдаа жороо морийг байгалийн үзэгдэл,амьтны хөдөлгөөнтэй зүйрлэж байдаг. Жишээ нь: тэмээн жороо, хонин жороо, үл тасрах усны урсгалтай зүйрлэн алдаагүй хурдан жигд жороолохыг усан тэлмэн жороо гэж ангилсан байдаг. Бэгзийн Явуухулангийн шүлэг, яруу найраг, бусад зохиолд ч усан тэлмэн гэж гардаг. Бас Тэлмэн нэртэй сум бий. Усан тэлмэн гэдэг нь жороо морины хамгийн дээд үзэгдэл, дээд чансаа стандарт байжээ гэж болно. Цаашид усан тэлмэн дээд цол, дээд зэрэглэлийн уралдаан зэрэг байж болно. “Усан тэлмэн” жороо судлалын академи нь 2018 ондоо байгуулагдан түүх өв уламжлал, спорт, эдийн засаг, аялал жуулчлал, интертаймэнт, гэсэн салбарт чиглэл чиглэлийн мэргэжилтэн эрдэмтэд ажиллаж байна. Академи нь хотын хүн, хөдөө бэлчээрт адуу байдаг гэсэн ойлголтыг хязгаарлан Монгол морио буцаад унаж эзэдтэй нь байлгах ёстой нөгөө сэтгэлийн дуудлагаар гэдэг шиг бүрэлдсэн байгууллага юм.

-Усан тэлмэн жороо судлалын академи нь хэдэн гишүүтэй юм бол?

-Манай академийн анхны хүндэт гишүүнээр “ Монгол жороо морь ном”-ын оршил үгийг мутарласан бичгийн их хүн, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуайг гишүүдын 100 хувийн саналаар баталсныг дуулгахад баяртай байна. Одоогоор 30 гаруй эрдэмтэн, нилээд тооны бизнесмэн, 200 гаруй жороо морь сонирхогчид бүртгүүлсэн. Цаашид уран бүтээлчид, эрдэмтэн, бизнесмэн монгол морио гэсэн хэн бүхэнд нээлттэй.

-Жороо морь унасан хүнтэй зам бүү нийл, Зоос өвөртөлсөн хүнтэй хоол бүү ид гэсэн зүйр үг бий. Ямар учраас ийн хэлсэн юм бол?

-Сайн жороо морь холын аянд морийг тэлдэг. Энэ нь хол аянд сайн жороо морьтой хүнтэй явбал унаж яваа морио ядраах эцээх, тэлэгдэхийг анхааруулж хэлсэн үг л дээ. Бас их мөнгөтэй хүнийг дагаж хооллоод байвал хэдэн зоос нь үрэгдчихнэ биз дээ. Энэ бол айхтар холыг сануулсан зүйрлэл юм.

-Жороо морь хурдан морь хоёрын шинж ялгаатай байх уу?

-Хурд, ороо, жороо гурвыг эндүүрэв гэсэн өвгөдийн сургаал захиас байдаг. Хурдан моринд байх бүх сайн шинж сайн жороод бий. Дөрвөн хөлийн зогсолт, хамрын самсаа нүх том байх, зоо бөгтөр гээд шинжийн сударт бий . Ер нь жороо гэдэг адууны явдлын “Нууц жор” байсаар ирсэн. Амттай хоолны жор, сайн эмийн жортой адилтгаж болно. Жорын тунг найруулах эрдэмтэн нь хол биш та бид академийн гишүүд байх болно.

-Морин спорт, аялал жуулчлал, эдийн засаг, , эрүүлмэндэд сайнаар нөлөөлөх магадлалтай гэж байна. Өөр эерэг нөлөө үзүүлэх юу байна?

-Морин спорт, эдийн засгийн тооцоо, аялал жуулчлал, бүгд судалгаа тооцоон дээр гаргасан. Аймаг орон нутаг улсын наадмын жороо морины уралдааны 90 орчим хувь нь зохион байгуулалт шүүлтийн будлианаас болж маргаантай болсноор хөгждөггүй. Уяачид, унаач, тамирчидморины бэлтгэл ажил хөдөлмөр, эдийн засаг, сэтгэл санааны хувьд хохирдог. Жороо морины уралдах тэр агшинг зөвхөн нүдний хараагаар шүүх нь хэрхэвч оновчтой шүүлт биш. Товчхон хэлэхэд 21 дүгээр зуунд Монгол улс олон улсын түвшний инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн шударга шүүлттэй үндэсний жороо морин спорттой болно гэсэн үг. Түүнийг дагалдсан аялал жуулчлал, тоног хэрэглэл, үйлдвэрлэл бүгд монголдоо хөгжинө.

-Төрөлхийн жороо морь гэж байх уу? Жороо нь ер нь удамшдаг юм болов уу?

-Төрөлхийн жороо, унаган жороо гэж байна. Жороо явдал нь удамшдаг гэсэн үг. Америк , Европын эрдэмтэд адууны алхаа гишгээг тодорхойлогч DMRT- 3 нэртэй генийг жороо адуунд илрүүлсэн. Энэ гень азарга, гүүний аль нэгэнд байхад удамшсан сайн жороо гарсан тохиолдол бий. Жороо морь өөрөө донж маяг юм, өнөөгийн хэллэгээр интертаймент. Муу жороо гэж байхгүй, сайвар хонин жороо морь унаад үндэсний хувцас хэрэглэлтэй зөв суудалтай бөмбөрүүлж яваа эмэгтэй наадмын чимэг болж харагддаг.

-Морин спорт дэлхийд өндөр хөгжиж байна. Манай орон эртнээс морины уналга эдэлгээ, түүх соёл, зан заншил бүгд бий хэрнээ олон улсад гарч чадахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Судалгаагаар дэлхийн эрчүүдийн сонирхдог10 спортын нэгэнд морин спорт ордог. Уугуул адуугүй улс хүртэл морин спортыг хөгжүүлсэн байдаг. Монгол улсын хувьд хос морьтой гэдэг шиг хурдан морины уралдааны зэрэгцээ дэлхийн түвшний жороо морины спортыг хөгжүүлэх хэрэгтэй. Бидэнд өвгөдийн үлдээсэн “амьд өв” жороо адуу нь байна. Түүх соёл нь сургах арга ухаан нь бүгд байна. Усан тэлмэн жороог гаргана гэдэг сургалтын жор шүү дээ. Бид гадны морин спортыг хөгжүүлнэ гэвэл инноваци лицензийн гэрээг асар өндөр үнээр авна. Тухайн спортын адууг нь авч өсгөх үүрэг хүлээнэ. Зардал их эдийн засгийн хохирол, монгол малын генетикийн асуудал гээд бодох зүйл их бий. Харин үндэснийжороо морин спортын хувьд жороо морио сургах. 21 аймаг бүрд 10 га газар гээд нийт 210 га газрыг л жороо моринд зориулан олговол бид инноваци дэвшилтэт технологио аймаг бүрт нутагшуулан “Эрүүл чийрэг морьтон монгол” хөтөлбөрөөр залуу үеэ хүмүүжүүлж, жороо морин спорт, аялал жуулчлалаар эдийн засгаа босгож чадна.

-Хүмүүс төгс усан тэлмэн жороо морийг харъя гэвэл хаана очиж харж болох уу?

-Уг нь Монголын их адуун сүрэгт хаана ч бий. Академийн өсгөн үржүүлж байгаа цөм сүргээс удахгүй харж болох юм.

-Хурдан морь унахад бага насны бие жижиг, жин багатай хүүхэд унавал сайн гэдэг. Жороо морийг харин хэдэн насны хүмүүс унах ёстой юм бол? Хүүхэд унах ёстой юу, олон улсын жишиг нь ямар байдаг юм бол?

-Хурдан морины уралдаан бол эртнээс уламжлан ирсэн өөр хаана ч байхгүй Монгол түмний баяр наадмын нэг морин уралдаан. Морин спорт гэвэл олон улсын түвшний хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Үндэсний жороо морин спортын хувьд 16 дээш насны нас хүйсүндэс угсаа харгалзахгүй жороо морин спортын зохих түвшний мэдлэгтэй хүн унана гэж заасан байдаг. Хөгжлийн явцдаа цаашид олон улсын жишгээрунаачтамирчин болонэмээл хэрэглэлийн жинг стандартчлан заахшаардлагатай юм.

-Морийг мах, мал гэдгээр биш эдийн засгийн маш том нөөц бололцоо гээд хөгжүүлбэл манай орон газрын дорх баялгаа ухах биш газар дээрх нөөц баялгаа ашиглаад эдийн засгийн өндөр хөгжилтэй орон болох боломж бий гэсэн үг үү?

-Яг зөв. Базаад хэлбэл өөрийн чинь хэлж буй энэ л асуудлыг яриад байгаа юм. Бидэнд судалгаа, нөөц, морьд бүх л зүйл нь байна. Ганцхан стандартын байр, байгууламж, сургалтын байр л алга. Үүнийг шийдэх боломжийг олговол магадгүй бид маш хурдан хугацаанд Исланд, Герман, Швед зэрэг барууны өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах цаг ойрхон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *