Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Эрдэнэбилэгийг шоронгоос гаргаж, бизнест нь зүтгүүлье DNN.mn

Цар тахлын жилүүдэд хөдөлдөг бүхэн нам зогсож, эдийн засаг эргэлтгүй болон навс унасан энэ жилүүдийг Эрдэнэт, Оюу толгойн буянаар монголчууд мөр бүтэн, гэдэс дүүрэн давлаа. Цахилгаан, дулаан, усны мөнгийг төр дааж, бүр хүн бүртээ тэтгэмж өгөв. Мэдээж, төрийн хэтэвчийг дүүргэдэг үйлдвэрүүдийг Эрдэнэт, Оюу толгой тэргүүлнэ. Хамгийн их орлого тэндээс ирнэ. Тэндээс орж ирсэн мөнгөө л төр иргэддээ тарааж, улстөрчид өөрсдөдөө оноо нэмдэг. Хэрэв Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Монголд 100 хувь авчраагүй бол, хэрэв Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэж, Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлээгүй бол өнгөрсөн хоёр жил байдал арай өөрөөр эргэх байлаа. Юун ус, цахилгаан, дулааны төлбөрөө төр даах манатай, оросуудад Эрдэнэтийн орлогынхоо талыг өгч, Оюу толгойн гадаад захирлуудыг царайчлаад сууж байх байсан биз ээ. Алдаатай, оноотой ч энэ хоёр хүний ач буянаар монголчууд ковидын жилүүдэд яадгаа алдчихсангүй. Гэтэл тэдний буянаар орж ирсэн мөнгөөр өөртөө оноо авч суугаа улстөрчид харин өнөө хоёроо адгийн хулгайч, луйварчин гэж цоллоод, амьдаар нь өвчих шахуу болж байна. Түүнийг нь дагаж хуйлрагсад ямар ч олон билээ. Бүгд л барьж хорь, хөрөнгийг нь хураа, шоронд хатаа хэмээн уулгалан дайрч байна, албаар ингэж дайруулах ажлыг ч зохион байгуулалттай хийж байна. Энэ ёсоор Д.Эрдэнэбилэгийг шоронд барьж хориод сар гаруй боллоо. Хорих хугацааг нь дахин нэг сараар сунгав. Ч.Сайханбилэгийг мөн адил хилээр орж ирэнгүүт нь барьж хорихоор бэлэн зэхээний сууж байгаа.

Ажил хийсэн хүн алддаг. Гэхдээ монгол төрийн хамгийн том хэтэвч болсон Эрдэнэтийг 100 хувь Монголдоо авч чадсаных нь төлөө Д.Эрдэнэбилэг гэдэг хүнд монголчууд ач санах ёстой. Өдгөө Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий компаниар авахуулсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ хугацаанд нь төлөөгүй гэж түүнийг хорьж байгаа гэх. Тэгвэл Д.Эрдэнэбилэгийг бушуухан шоронгоос суллаж, бизнест нь зүтгүүлээч. Тэгж байж зээлийг нь төлүүлж, өр ширийг нь даруулах ёстой баймаар юм. Ер нь дээр өгүүлсэнчлэн түүнд ач санаж, Хөтөл байтугайг өгдөг зарчмаар нь өгчихмөөр юм. Төр хурааж авсан компаниуд ашигтай ажиллаж байсан түүх байхгүй. Үеийн үед сайн нам, сайн улстөрч улс орныг өөд нь татаж байсангүй. Харин сайн бизнесмэнүүд л улс орныг босгож ирдэг. Төр засгийн үүрэг бол хүнд хэцүү үед компаниуддаа боломж олгож байх ёстой. Дэлхийн тэргүүлэгч гүрэн Америкийн чөлөөт эдийн засаг, өдгөөгийн нийгмийн суурийг тавьсан таван алдартай бизнесмэн байдаг Америкийн анхны тэрбумтан, газрын тосны магнат Жон Рокефеллер, гангийн үйлдвэрлэлийн Эндрью Карнеги, банк санхүүгийн Ж.П.Морган, Форд мотор компанийг үндэслэгч Генри Форд, төмөр зам, усан тээврийн Корнелиус Вандербилт нарын үүсгэсэн бизнес улс орны эдийн засаг болоод нийгэм, хүмүүсийн сэтгэлгээнд асар том өөрчлөлт дэвшил авчирсан. Одоо ч нэр нөлөө нь хэвээрээ. Японы “Тоёота”, “Ниссан”, “Сони”, Өмнөд Солонгосын “Хюндай”, “Самсунг”, “Эл Жи”, “Эс Кэй” зэрэг технологийн аварга компаниуд улс орноо хямрал, ядуугийн зовлонгоос гаргахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй одоо ч улс орныхоо нэр нүүр нь болж байна. Энэ мэт улс орон бүр үндэсний аварга компаниудынхаа үүсгэж бий болгосон баялаг дээр тулгуурлаж сэргэж босдог. Тэд нь олон улсад улсынхаа нэрийн хуудас, үнэт зүйл, бахархал нь болж явдаг нь шилдэг бизнесмэнүүдийн холын хараа, ухаалаг бодлого төлөвлөлтийн үр дүн юм. Мэдээж, төр нь эднийгээ зохистой бүхий л хэлбэрээр нь дэмжсэн байж таарна.

Ийн дурдсаны учир Д.Эрдэнэбилэг бол Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг яах аргагүй мөн юм. Түүний Худалдаа хөгжлийн банк болон хамаарал бүхий бусад компаниуд хэзээ ч ашиггүй ажиллаж байгаагүй. Тэр хэрээрээ улсад татвар төлж, хүмүүсийг ажлын байраар хангаж, цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийдэж байдаг. Ийм олон, олон компанийн ажлын үр дүнгээр улс орон хөгжиж, нийгэм өөрчлөгдөж, хүчирхэг дундаж давхарга бий болдог. Д.Эрдэнэбилэг хоригдохоосоо өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өр зээлтэй нь хамт 41 тэрбумаар худалдаж авсан. Хуучин үйлдвэр өнөөдрийг хүртэл цоожтой байгаа, нэг ч машин асаагаагүй. Хөгжлийн банк болон арилжааны бусад банкнаас авсан зээлээрээ цоо шинэ үйлдвэрийг хажууд нь байгуулсан. Энэ хэрийн том төсөл зардлаа нөхтөлөө багадаа 10 жил болдог юм” гэж ярьсан байна лээ. Гэтэл төр аль хэдийнэ түүний хөрөнгө оруулсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хураагаад авчихсан. Тэнд очсон төрийн төлөөлөл болох захирал нь цементийн үнийг буулгаж, ард түмэнд маш ашигтай зүйл хийж байгаа гээд поп мэдээлэл цацаад эхэлсэн. Төр ингэж л ажилладаг. Хүчээр үнэ буулгаж, хүчээр бүх зүйлийг хийж байгаад дампууруулдаг. Харин бизнесмэнүүд зах зээлийнхээ зарчмаар л ажилладаг. Тэд арай илүү холыг харж, ашигтай ажиллах бүх хувилбаруудыг тооцоолсон байдаг. Ялгаа нь энэ.

Д.Эрдэнэбилэгийг шорон оронд ороогүй үед нь маш олон хүн тусламж дэмжлэг авч хөл дээрээ боссон гэдэг. Бизнесийн хамтрагчид ч хэдэн мянгаараа тоологдох биз. Хүнд хэцүү үед чинь харамгүй тус болж байсан энэ хүнээ одоо өмөөрч дуугарах шийртэй хүн байна уу. Та нарыг өөр зуураа энэ хүний ач тусыг ярьж байх хооронд улс орон даяар худалч хулгайчаар нь цоллоод, шоронд хориод, яллах гэж байна. Түүнийг луйварчин, хулгайч гэж хашгирагчид бол өөрсдөө хийсэн бүтээсэн зүйлгүй, хоосон толгойтууд байгаа. Нэг хэсэг нь түүний амжилтад атаархагчид ингэж орилж байна. Мөн хөлсний бичээчид Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг зүхэж байна. Төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн түүний хүч хөдөлмөр, үнэ цэнэ, үүсгэсэн баялаг, нийгэмд үзүүлсэн үр нөлөө хаачив. Бүр төрөхөөсөө л хулгайч луйварчин байсан аятай зүйл бичих нь хэтэрхий эрээ цээрээ алдаж байгаа харагдах юм.

Дахин хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Монголын шилдэг бизнесмэнүүдийг шоронгоос гаргаж бизнест нь зүтгүүлээч. Олон тэрбумын өртөгтэй том том төслүүдийг нь дуусгаж, ажлыг нь хийлгэж, төр өрөө буцааж авахад анхаараач. Тэд Хөгжлийн банкны өрөө ядах зүйлгүй амархан төлчихнө. Тэр зэргийн өр зээл тавьсан хүмүүс буцааж төлөх гарц гаргалгаагаа аль хэдийнэ төлөвлөчихсөн. Хэрэв тэднийг шоронгоос гаргаж ажлыг нь хийлгэж, банк зээлсэн мөнгөө буцааж авбал “чоно цатгалан, сүрэг бүрэн” гэдэг шиг л хэн хэндээ ашигтай хувилбар юм. Банк ч мөнгөтэй, бизнесмэнүүд ч өөрийнхөө хөрөнгөтэй үлдэнэ. Гэтэл манай төр амраар нь, бас өөрсдөдөө ашигтай хэмээн харж хэдэн бизнес эрхлэгчдээ шоронд хорьж байгаад хөрөнгийг нь хурааж авах бодолтой байх шиг. Хэрэв ийм зүйл төлөвлөж байгаа бол саяхан дефолтоо зарласан Шри Ланкийн түүхийг санууштай.

Г.Гэндэндарам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *