АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 99 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн шалгаж эхэлсэн. Улмаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьсон билээ. Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байв. Өнгөрсөн баасан гаригт тус шүүхэд Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасны дагуу түүнд авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээг өөрчилжээ.