УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг танилцуулж, уг хуулийн төслийн холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд худалдааны тэнцэл нэмэх 300, төлбөрийн тэнцэл хасах 800 гэсэн тоо бий. Энэ нь өмнөх оныхоос худалдааны тэнцэл 500 сая ам.доллараар буурч байгаа юм. Энэ чинь валютын ханшийг өсгөж байна. Энэ асуудал дээр ямар хөтөлбөр боловсруулах гэж байна. Энэ тухай үг өгүүлбэр бүр нь хуульд тодорхой тусгагдах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа хийхгүй байна. Мөн шинээр оруулж ирж буй хууль дотор гол гол хууль орж ирээгүй байна. Тэр морины бооцоо гэсэн юмнууд ер нь ямар хэрэгтэй юм. Мөн 60 сая малаа цаашид яах вэ? Гурван сая хүнд чинь нийлүүлэлт нь илүүдэлтэй болохоор махны үнэд нөлөөлөөд байна. Тэгээд махаа экспортлох ёстой гэдэг дээр бүгд санал нэгддэг хэрнээ хийж хэрэгжүүлж байгаа ажил алга байна. Бидний шүүмжлээд загнаад байгаа энэ олон зээлүүд чинь ирэх жилээс олон жижиг үйлдвэр болж гарна. Үүнээс дотоодын борлуулалт өснө. Ингэж өсөхөд ямар экспортын болон дотоодын борлуулалтын зах зээл байх юм. Мөнгөний урсгал нь даах уу, үгүй юу гэдэг асуултад тодорхой хариулт хэрэгтэй байна. Олон үйлдвэрт хөрөнгө оруулалт орсон. Энэ бүгд ирэх жилээс өгөөжөө өгөх болно шүү дээ. Энийг бид ямар эрх зүйн орчноор зохицуулах вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Би улстөржиж янз бүрийн юм яримааргүй байна. Өнгөрсөн танай Засгийн газрыг бууртгаж яримааргүй байна. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур авсан долоон зуун тавин сая ам.долларын “Мазаалай” бонд, намайг ажил авахад 123 сая ам.доллар болоод буучихсан байсан. Өнгөрсөн жилүүдэд нийлүүлэгдсэн 7,9 их наяд төгрөгийг бодлогогүй зарсны улмаас бид ийм нөхцөл байдалд орсон.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ хуулийн төслийг үзсэн. Мөн хоёр жилийн өмнөх төслийг үзлээ. Түрүүчийн Засгийн газар баталсан яг адилхан нэртэй хөтөлбөр бий. Гэхдээ тэр хэрэгжээгүй. Түүгээр ч зогсохгүй энэ улс орны бүр доод талын цэг дээр аваачсан. Өнөөдрийн өргөн барьсан энэ хуулийн төслийг харж байхад өмнө байсан тэр заалтууд яг байгаад байна.
Ө.Энхтүвшин: Өрийн асуудлыг ямар аргаар яаж шийдэх вэ?
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.