УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нээлтээ хийж буй УИХ-ын Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Хуралдааны талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн зүгээс Ерөнхий сайд болон шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй ойрын өдрүүдэд зөвшилцөхөөр болжээ. Зөвшилцлийн дараа УИХ-ын чуулганд АН-ын бүлэг ямар байр суурьтай оролцохоо тодорхойлно гэлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинээр байгуулагдах Засгийн газар бүтцийн шинэчлэлтэй зэрэгцэн төсвийн шинэчлэл хийж чадна гэж харж байна. Тодруулбал, төрийн захиргааны албаны данхайсан бүтцийг цомхотгох асуудлыг нэн тэргүүн ярилцах ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалингийн дундаж хэмжээ өрхийн хэрэглээнд хүрэхгүй болсныг төр засаг хүлээн зөвшөөрч, хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй болгох талаар Төсөвт зайлшгүй тусгах ёстой. Гуравдугаарт нийгмийн хөгжлийн ганц баталгаа болж байсан Хүүхдийн мөнгийг олгох тал дээр шинэ Засгийн газар байр сууриа тодорхой болгох шаардлагатай байна” гэлээ.
Түүнээс гадна тус намын бүлэг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол гол хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, 2018 оны Төсвийн хуулийн хүрээнд цөөнх, сөрөг хүчний дуу хоолойгоо тодорхой илэрхийлж, нийгмийн халамж, цалин урамшууллыг тодорхой заагтай олгох боломж шинэ Засгийн газарт байгаа учир зөв зүйтэй ашиглах ёстой гэж үзэж буй аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтаа хэвээр байгааг хэлж байв. Учир нь Үндсэн хууль нийт ард түмэн, намуудын зөвшилцлийн дүнд батлагдах ёстой гэж үзэж буй юм.
Мөн банк санхүүгийн системийн бүтцийн хуулиуд болон Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиудаар байр сууриа нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй Баялгийн хуваарилалтын хуулийг АН-ын бүлэг хамтарч өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэдийг өрийн дарамтаас гаргах үндсэн зорилготой уг хуулийн төсөлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Багш, эмч нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Энэ бол багш нарын цалингийн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улсын шинэ үеийг бэлтгэхэд суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх вэ гэдэгт асуулга өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж цалин хүссэн хэмжээгээр нь нэмэх боломжгүй ч шинэ үеэ бэлтгэхэд багш нарын ур чадварт уялдсан цалингийн шинэчлэл энэ улсад хэрэгтэй. Энэ бол боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй учраас энэ талаас нь асуудалд хандаасай гэж Ерөнхий сайдад нэр дэвшигчээс хүсч байна. Хүүхэд бүрт олгох мөнгө байна уу, байхгүй юу гэдэг асуудал биш. Цөөхөн хүн амтай Монголд Хүүхдийн мөнгө бол хүн амын өсөлтөд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь харвал Төсөвт онцгой байр суурь эзлэх ёстой гэдгийг шинэ Засгийн газар ойлгоно. АН-ын бүлэг энэ байр сууриа асуудал хэлэлцэх үед илэрхийлээд явна.
-Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа юу?
-АН-аас өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцоно. Санал солиолцоход хэр зэрэг нөхцөл байдлыг ойлгохоос шалтгаалж, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх байр сууриа илэрхийлнэ.
-Засгийн газрын бүтцийн асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ? Яамдын бүтцийг нэмэх, хасах гэх мэт шаардлага тавьж байгаа юу?
-Асуудал яамдын тоонд биш, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Жишээлбэл, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд төрийн захиргааны төв байгууллага байгуулах тухай шийдвэр байдаг. Эдийн засгийн хөгжлийн асуудлаар Монгол Улсад нэгдсэн бодлого хэрэгжүүлэх төрийн төв байгууллага байгуулах шаардлагатай гэсэн саналаа АН-ын бүлэг илэрхийлж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулбал цаг хугацааны хувьд хэдийд явуулах тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Ард нийтийн санал асуулгыг хугацааны хувьд шахаж шаардахгүй. Харин урьдчилсан хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруултал нийт иргэд, улстөрийн нам, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг ойлголцлын хүрээнд оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийг “савалтал” томоохон өөрчлөлт оруулахгүй байх нь зөв гэж үзэж байгаа.