Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Би хууль дээрэмдэгч биш

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 13-нд өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагч төслийнхөө талаар танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүний эрх ашгийг бодож тамхины цэг байгуулах төсвийг батлах уу” гэж асуулаа. Түүний асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд оруулж ирэх гээд байгаа нэмэлт, өөрчлөлт нь хэн нэг тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалах тухай асуудал биш хууль өөрөө дархлаагүй болох гээд байгаа тул уг хуулийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Хуулийн цоорхойгоор зөрчилдөөд байгаа олон асуудал байна, тэдгээрийг шийдэх хэрэгтэй гэсэн санаа” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулах гэсэн хууль оруулж  ирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу” гэхэд Д.Эрдэнэбат “Би хууль дээрэмдэгч биш. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Таны өргөн барьсан хуулийн төсөл нэгэнт унасан тул би УИХ-ын хуралдаан дээр хуулийг дахин өргөн барина гэдгээ хэлж байсан. Тамхины цэг байгуулах гэдэг дээр нь” гэж хариулав.