Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: АМНАТ-тэй холбоотой гарсан Цэцийн дүгнэлтийг УИХ яаралтай горимоор авч хэлэлцэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Цэц гаргалаа. Ардчилсан намын зөвлөл Цэцийн шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэц АМНАТ-тэй холбоотой шийдвэр гаргасан байна. АМНАТ нь Үндсэн хуулийн тодорхой заалт зөрчсөн үү, үгүй юү гэдэг нь маргаан үүсгээд байх шиг байна. Ер нь бол баялгийг ард түмэнд хүртээх арга нь татвар авах л даа. Нэгэнт л газрын доор байгаа баялгийг авч ашиглан гадагш нь борлуулах гэж байгаа бол татварын замаар л иргэдэд хүргэнэ. Тэгж байж иргэд хүртэх ёстойгоо хүртэнэ. Энэ асуудал дээр л маргаан үүсч байгаа бололтой. Газрын доорх баялгийг ашиглаж л байгаа бол татвар төлөх нь зайлшгүй. Гэхдээ давхар татвар уу, үгүй юү гэдгийг УИХ өөрөө шийдэх байх. Ашигласны татвар, ашиглаад боловсруулсны дараа давхар татвар авах тухай асуудал УИХ дээр яригдсан сэдэв шүү дээ. Эрх баригчид л өөрсдөө авах нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Өнөөдөр маргаантай сэдэв үүссэн үү гэвэл үүссэн.

-Цэцийн шийдвэрээс үүдэн төсөв 1.3 их наяд төгрөгөөр буурна гэж байна. Энэ хэр бодитой вэ?

-Энэ асуудал тодорхой хэмжээнд төсөвт нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө. Гарцаа байхгүй нөлөөлнө. Гэхдээ Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар та бүхэн заавал сонсох хэрэгтэй байх. Миний харж байгаагаар УИХ ирэх долоо хоногт Цэцийн энэ дүгнэлтийг яаралтай горимоор авч хэлэлцэх шаардлагатай.

Гэхдээ ямар хэмжээнд нөлөөлөх эсэхийг бид өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Үнэхээр энэ шийдвэрээс болоод төсвийн орлого тасрах, улмаар иргэдэд очих өгөөж нь буурах нөхцөл байдал үүсвэл тодорхой шийдвэрүүд зайлшгүй гарах шаардлагатай л гэж харж байна. АН энэ асуудлыг ирэх даваа гаригт зөвлөлийнхөө хурлаар ярилцаад, нэгдсэн байр суурь илэрхийлнэ байх. Энэ бол эрх баригчдын өөрсдийнх нь шийдэх ёстой асуудал. Давхар татвар авах асуудлыг яагаад хуулиндаа оруулж ирсэн юм, үүнийг Цэц яагаад хүлээж авсан юм гэдгийг эрх баригчид авч үзэж, тэд шийдэх ёстой гэж харж байна.

-Цэцийн томилгоог улстөржсөн, ашиг сонирхол харсан, мэргэжлийн бус байдлаар хийлээ гэх шүүмжлэл багагүй байсан. Эрх баригчид тийм томилгоо хийчихээд Цэцийн гаргасан шийдвэр дээр цочирдоод байгаа нь ямар учиртай юм бэ?

-Цэцээс нөхөн сонгуультай холбоотой дүгнэлт гаргах үед Цэц буруу шийдвэр гаргалаа гэж би байр сууриа илэрхийлж байсан. Тэр асуудал дээр Цэц гүрийсээр байгаад л нэг тийш болгочихсон. Ард түмний төлөөлөлгүй болгосон нь үнэн шүү дээ. Цэцийн хоёр дахь шийдвэр нь маргаантай сэдэв болж хувирч байна. Цэцийг хариуцлагажуулах асуудлыг бид зайлшгүй хийхгүй бол хөндлөнгийн нөлөө орж улс төрийн тогтворгүй байдал үүсгээд байгаа юм биш үү. Цэцийн талаарх миний энэхүү байр суурь хэвээрээ байгаа.

-Эдийн засагч Л.Наранбаатар “Зарим эрх баригч Цэцийн шийдвэрт нөлөөллөө, лобби хийлээ” гэж шүүмжилж байна. Энэ тухайд?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Ямар нөлөөлөл орсныг мэдэхгүй. Гэхдээ татварыг төр авч л таарна шүү дээ.

-Сангийн сайдын зүгээс Цэцийн шийдвэрээс болоод ашигт малтмалын нөөц ард түмний бус компаниудын өмч болж хувирлаа гэх дүгнэлтийг хийж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Буруу л даа. Компаниудын өмч биш шүү дээ. Газрын доорх баялаг ард түмний өмч байна. Газрын доорх баялгаас ард түмэн өгөөжөө хүртэх эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа. Үүгээрээ ч шийдэгдэх болов уу гэж бодож байна. Түүнээс компаниудын өмч болчихсон асуудал биш. Магадгүй зарим ухаантай компаниуд үүн дээр эргэлзэж байж ч магадгүй. Энэ асуудал дээр компаниуд байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Учир нь роялти буюу нөөцийг ашигласныхаа татварыг улс ард түмэндээ төлөх үүрэг нь компаниудад байгаа. Түүнээс шууд компаниуд орж ирээд үүнийгээ болиул гэсэн лобби явсан гэдэгт би итгэхгүй байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эхлэх үү?

-Ардчилсан намын зарчмын гурван саналыг л хэлэлцэж байгаа гэсэн шүү дээ. Эхлээд бүлгээрээ хэлэлцэнэ. Бүлэг дээрээ юу гэж тогтох юм. Түүгээрээ л бидэнтэй зөвшилцөх ёстой. Бид хүлээгээд л байж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг нээлттэй байж болно гэдэг байр суурийг бид илэрхийлчихсэн.

-БНХАУ-ын 800-гаад иргэн саатуулагдсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрх баригчдын хариулах асуудал. Яагаад ийм замбараагүйгээр хэдэн зуугаараа Монголд орж ирдэг юм бэ. Үүнийг хянадаг, хариуцдаг, хууль хяналтын байгууллагууд байгаа. Тэд л хариулт өгөх байх. Энэ бол дэндүү хариуцлагагүй асуудал.

Энэ чинь цахим терроризм мөн шүү дээ. Энэ асуудалд бид тайван сууж болохгүй. Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.

О.АриУНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *