Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Ядуу орны удирдагчийн сэтгэлгээ улсаа биш, амин хувиа хоохойлсон байдаг

Сэтгэл судлаач Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Эдийн засаг нь хөгжөөгүй ядуу улсын ядуурлын гол шалтгаан нь нийгмийн сэтгэл зүйдээ байна уу?

-Нийгэм гэхээс илүү хувь хүн, бие хүний сэтгэл зүй л дээ. Учир нь бие хүний сэтгэл зүй амьдралын бүх салбарт үндсэн гол үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлээс нь хамаарч бие хүний сэтгэл зүй бүрдэнэ. Өв тэгш гэр бүлд хүмүүжиж, аав ээж нь урамшуулж, өөрөөр нь шийдвэр гаргуулж, нээлттэй харилцаж ойлголцох, асуудал шийдэх чадварыг эзэмшүүлсэн бол газар хөдөлж, галав юүлсэн ч өөрийгөө аваад гарах чадалтай хүн болж өсдөг. Наад зах нь боловсрол эзэмших чадвартай гэсэн үг. Ажлаа сайн хийж, орлого олох чадвартай хүн болж өсдөг гэсэн үг. Боловсролтой хүмүүс хэзээ ч ядуу амьдардаггүйг баталсан олон судалгаа бий. Гэхдээ нэг зүйлийг онцолъё. Боловсролтой буюу сэтгэл зүйн зөв төлөвшилтэй хүмүүс ядуу амьдардаггүй. Өвгөнтөд оччихсон боловсролтой хүмүүс маш олон байгаа.

-Сэтгэл зүй материаллаг байдалтай салшгүй холбоотой. Ядуурлын хувь өндөр, төсөөлөмгүй хэцүү амьдралтай айлын тоо өссөөр байна. Энэ хандлага нийгэмд ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ. Хэт ядуу хүмүүсийн сэтгэл зүйн нийгэмд үзүүлэх аюул хөнөөл нь юу бол?

-Таны сая асуусан хоосон хүмүүс бол шууд утгаараа нийгмийн паразит. Яаж шимэгчилж амьдрах, хэрхэн буруу аргаар мөнгө олох арга гарцыг хайж байдаг. Тэдний хүүхдүүд бас яг тийм хандлага, сэтгэхүйтэй хүн болж төлөвшдөг. Товчхондоо ийм хүмүүс олшрох хэрээр нийгмийг хойшоо татдаг, ядуу харагдуулдаг.

-Үнэгүй байртай болгоно гэхээр дугаарлаж зогсдог хүн өчнөөнөөрөө байгааг сая нийтээрээ харлаа. Ядуурлын сэтгэл зүйтэй шууд холбогдох кейс мөн үү?

-Мөн байлгүй яахав. Ямар ч хүн гэнэтийн бэлэг, сюрприз хүлээдэг, үнэгүй зүйлд дуртай. Арабын баячууд хүртэл зочид буудлаас алчуур, халат авдаг гэсэн үг бий.

Хөдөлмөр, үнэ цэнээрээ босгосон зүйл тухайн хүний хувьд чухал үнэт зүйл нь байдаг. Өв тэгш хүмүүжилтэй, ажил хийж хөдөлмөрлөдөг хүмүүс бэлэн бэлгийг биш, хөдөлмөрөөрөө олсон зүйлийг илүү үнэлдэг л дээ. Дахиад хэлэхэд үнэгүй юманд дургүй хүн гэж үгүй, гэхдээ ядуу хүн бол бүр нугасгүй. Хөдөлмөрлөж сураагүй, хөлсөө урсгаж үзээгүй учраас илүү дуртай байдаг. Хангалуун амьдрах ч хандлага, ядуу аж төрөх ч хандлага. Улс төрийн намууд сонгуулиар ард түмний саналыг худалдаж авдаг үзэгдэл ерөөсөө л ийм шалтгаантай. Нийгмийн халамж цэцэглээд байгаа нь учиртай. Авлигын мөн чанар ч тийм. Нийгмийн халамж гэдэг бол шууд утгаараа авлига. Байр өгнө гэсэн амлалт авлига. Үнэгүй зүйл гэж байхгүй. Хөдөлмөрлөөгүйгээр байр авбал зараад уухаас өөр үр дүнгүй. Сонгуулиар баахан гэр өгдөг, өнөө гэрүүд нь тодорхой хугацааны дараа алга болчихдог. Энэ бол ядуу хүний буюу гуйлгачны сэтгэхүй. “Буян”-гийн Жаргалсайхан хэзээ ч билээ “Мөнгийг нь аваад, саналаа өөр хүнд өгчихгүй юу” гэж хэлж байсан. Гэтэл хүний биологийн мөн чанар, инстикт хэзээ ч тийм биш. Хүн хэдэн сая жил амьдрах, орших хугацаандаа нийгмийн амьтан байсаар ирсэн. Нийгмийн амьтад нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмаар амьдарсан. Сэтгэлийн өгөө аваан дээр амьдарсаар өнөөг хүрсэн. Хүнээс мөнгө зээлчихээд буцааж өгөхгүй тохиолдолд дотроос нь юм мэрээд байдаг. Өгч байж тайвширдаг. Харин бэлэнчлэгчид эсрэгээрээ. Зах ёроолгүй сав шиг өгсөн бүрийг нь авдаг. Аваад ханадаггүй.

-Тэгэхээр улс төрийн намууд иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж буй том шалтгаан байх нь…?

-Ерөөсөө л тийм. Багаасаа тэтгэмж, тусламж аваад сурчихсан хүүхэд том болсон хойноо ч тийм байдаг. Хэн нэг орон манай улсад хандив өгөх байх гэсэн гуйлгачны сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг. Түвшин нь өөр боловч мөн чанар нь яг адилхан. Ядуу хүний сэтгэл зүй, ядуу ард түмний сэтгэл зүй, ядуу ард түмнийг түүчээлдэг удирдагчдын сэтгэл зүй яг адилхан байдаг.

– Нийгмийн сэтгэл зүй нь ядуурчихаар төлөвшөөгүй улстөрчид гарч ирэх магадлал өсдөг гэж ойлголоо…?

-Яг тийм. Ерөөсөө л мөнгөөр худалдаад авчихаж байгаа шүү дээ.

-Ядуу хүмүүсийн тухайд сэтгэл зүйн яг ямар эмгэгт нэрвэгдэх магадлал өндөр байдаг вэ?

-Хамгийн түрүүнд сэтгэл гутралд ордог. Сэтгэцийн өвчний нэг хэлбэр шүү дээ. Сэтгэл гутралтай хүмүүс ажил хийж чаддаггүй. Ядуу хүмүүсийн хувьд яг өвчин биш юм аа гэхэд хариу урвалтай сэтгэл гутралтай байдаг. Өөртөө итгэлгүй, айдастай, залхуу, юмыг дандаа хойш тавьдаг, бэлэнчлэх сэтгэлгээтэй. Ийм учраас уур уцаартай гэх мэт зан төрхийн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг. Тэд өөрийгөө илэрхийлэх аргуудыг мэддэггүй. Ганцхан арга нь хүчирхийлэл, уур уцаар. Өөрөөр хэлбэл ядуу хүмүүс хүчирхийлэгчид байдаг.

-Сая таны онцолсон сэтгэл гутрал, элдэв үйлдэл хүндрэхээрээ нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Гэмт хэргийн гаралт нэмэгдэнэ. Гэр бүл, сэтгэл зүйн хүчирхийлэл хэлбэрээр илэрнэ.

-Сэтгэл гутрал оргилдоо хүрэхээр ямар эрсдэл ажиглагддаг бол?

-Сэтгэл гутралын хамгийн дээд түвшин нь амиа хорлох. Сэтгэл гутрал заавал ядуу хүнд байна гэж үгүй л дээ. Амжилттай хүмүүст ч бий. Энд та бид хоёрын онцолж ярих зүйл бол сэтгэлгээний ядуурал. Олон төрлийн ядуурал байна. Сэтгэлгээний хувьд ядуу хүмүүст эдийн засгийн ядуурал дагалдана. Гэтэл эдийн засгийн хувьд асуудалгүй хэрнээ сэтгэлгээний ядууралтай хүмүүс гэж байна.

-Эдийн засгийн хувьд асуудалгүй сэтгэлгээний ядууралтай хүмүүс гэдэгт ямар бүлгийнхэн орох вэ?

-Аав, ээжийн буянаар аятай амьдарч яваа хүмүүс байж болно. Наад захын жишээ гэхэд л хар тамхины хэрэглээ байна. Үнэтэй хар тамхи татдаг залуус гээд харахаар дандаа боломжийн айлын хүүхдүүд байдаг. Хүлэмжийн хүмүүжил гэж бий л дээ. Хөрөнгөтэй гэр бүлийн бага хувьд анзаарагддаг. Тэд хүүхдээ сэтгэл зүйн хувьд ядуу буюу, сэтгэл зүйн дархлаагүй өсгөчихдөг. Гэтэл хүүхдийн хүмүүжлийн хамгийн гол зүйл бол хүүхдийг амьдралд бэлдэх. Газар хөдөлж, галав юүлсэн ч гарах чадвартай байх хүмүүжил хамгийн чухал байдаг.

-Сэтгэл зүйн энэ асуудлуудыг эерэгээр эргүүлье гэвэл хамгийн энгийн шийдэл нь юу вэ?

-Олон түвшинд явагдах зүйл. Нэгдүгээрт, цаг хугацаа буюу нийгмийн хөгжлийн төвшинд явагдаж байгаа процесс. Хүссэн хүсээгүй нийгэм өөрчлөгддөг. Хуучин нийгэмд алдаа дутагдал өчнөөн бий ч хувь хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой байсан. Учир нь ирээдүй нь тодорхой байсан юм. Гэтэл ардчилалд шилжсэнээр тодорхойгүй байдал үүссэн. Тодорхойгүй байдал, хүлээлт хүний сэтгэл зүйд айхавтар нөлөөлдөг. Тодорхойгүй хүлээлт хамгийн хэцүү нь. Би хэзээ ажилтай болох вэ, хэзээ мөнгөжих вэ гэсэн тодорхойгүй хүлээлт. Ядуу хүмүүс яг ингэж сэтгээд азын сугалаа хүлээгээд суудаг. Хөдөлмөрч хүн тэгдэггүй. Ажлаа хийгээд баялгаа бүтээгээд урагшилдаг. Социализмын давуу тал гэвэл хүн бүр ажилтай, олох мөнгө нь ойлгомжтой, ирээдүй нь баталгаатай байсан. Энэ бол гадаад паспортоос илүү үнэ цэнэ.

-Гэмт хэргийн гаралт хэрцгий болоод байгаа. Ядуурлын сэтгэл зүйн хурц хэлбэр мөн үү?

-Тэгж хэлж болно. Баялгаа бүтээж чаддаг эрүүл хүмүүс гэмт хэргийн тухай бодохгүй. Учир нь тэдний үнэт зүйл огт өөр. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил тэдний үнэ цэнэ. Ядуу хүний гол шинж нь бэлэнчлэх сэтгэлгээ. Бэлэнчилдэг хүнд өөрийн үнэлэмж байдаггүй. Би өөрөө бүтээсэн шүү гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр өөрийн үнэлэмжгүй хүн өөрийн бахархалгүй гэсэн үг. Бахархалгүй хүн юугаа ч худалдахад бэлэн. Амьдрал бол сонголт, асуудлыг даван туулах буухиа уралдаан. Эрүүл хүмүүс асуудлаа шийдээд явчихдаг, ядуу хүмүүсийн тухайд ямар нэг асуудал гарангуут хясаандаа нуугддаг. Хэн надад юу өгөх бол гэсэн айдас горьдлоготой нүдээр харж байдаг. Ямар нэг асуудал тулгарлаа гэхэд ядуу сэтгэлгээний хамгийн түрүүний арга бол хүчирхийлэл. Ядуу сэтгэлгээтэй хүнээс ядуу сэтгэлгээтэй хүүхэд төрнө, ядуу сэтгэлгээтэй хүн хүчирхийлэгч байдаг. Хүчирхийлээр асуудлыг шийддэг ядуу хүний хүүхэд асуудал шийдэхэд хүч л хэрэглэдэг юм байна гэсэн бодит үйлдлийн ганцхан загвартай болчихдог. Ухаантай хүн гэмт хэрэг хийлээ гэхэд уран нарийн бодож хийнэ. Ядуу сэтгэлгээтэй хүмүүсийн шийдэх арга нь тодорхой. Уур уцаар, бухимдал байдаг. Ийм мэдрэмжүүд нь хуримтлагдаж явсаар тэсэрсэн үедээ хүн юу хийж байгаагаа ухамсарлахгүй байдалд ордог. Дотор хуримтлагдсан бүх асуудлаа хийж байгаа үйлдэл буюу хүчирхийллээрээ гаргадаг. Ядуу байгаа буруутнаараа өөрийгөө биш бусдыг нэрлэдэг. Бурууг бусдаас хайдаг учраас хохирогчийг хэн ч юу ч биш болгох ганц зорилготойгоор хүчирхийлдэг, хэн ч биш болгохыг улайрдаг.

-Ядуу гүрний удирдлагууд нь ядуу сэтгэлгээтэй байдаг гэж та түрүүн цухас онцолсон. Ядуу удирдагчдын нэг тод шинж нь хичнээн их идэж, уусан ч ханадаггүй байдал байх. Манайд их тод ажиглагдаж байгаа өнгө…?

-Санал нэг байна. Ядуу гүрний удирдагчийн ядуу сэтгэлгээ улс гүрнээ биш амин хувиа хоохойлсон өнгөтэй байдаг. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө баялаг хураасан өчнөөн жишээ бий. Ганц хүнд тийм их баялаг байгаад яах билээ. Энэ бол сэтгэлгээний ядуурлын үндсэн шинж.

-Дээр, дооргүй сэтгэлгээний ядууралд орсон өнөөгийн гундуу өнгө цагийн жамаар аажимдаа сэргэх ёстой юм байна гэж ойлголоо…?

-Нэг талаар тийм. Би түрүүн хоёр нийгмийн тухай ярьсан даа, ерээд оны эхэн үед зэрлэг, ширэнгийн хууль үйлчилж байсан. Сүүлдээ хүссэн хүсээгүй байдал өөрчлөгдсөн. Хөгжсөн, өөдөлсөн. Өмнөх улстөрчдөөс илүү эх орноо гэсэн сэтгэлгээтэй, илүү төлөвшсөн залуус гарч ирсэн. Одоо тэд өөрчлөлт хийж байна. Энэ бол хүссэн хүсээгүй нийгмийн хөгжлийн хууль. Өөдрөгөөр харахад эерүүлэх хүч нь байнга дээшилнэ. Гэхдээ асар их сөргөлдөөн, тэмцэл, өрсөлдөөнтэй нүүр тулгарна. Хэн ч ямар ч аргаар олсон бай хамаагүй эд хөрөнгөө зүгээр өгөхийг хүсэхгүй.

-Та сэтгэл засалч хүн. Таны нэг өдөр цаг завгүй, байнгын үйлчлүүлэгчид дарагдсан харагдах юм. Мэдээж цагийн мөнгөө төлөөд сэтгэл засалчид хандаж яваа хүмүүс дундаж, дунджаас дээгүүр түвшнийхэн байгаа нь ойлгомжтой. Нийгмийн дундаж давхаргынхан голчлон ямар асуудлаар хандаж байна вэ?

-Стресс байна. Боловсролын асуудлууд байна. Бие махбодь, сэтгэл санааны дархлаа, гутрал, гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн зөрчил, зорьсондоо хүрч чадаагүйгээс, өөрөө өөрийгөө таньж мэдээгүйгээс болсон асуудлууд байна. Хэт өндөр зорилго тавиад хүч нь дутсан тохиолдол анзаарагддаг. Ер нь асуудлуудыг нь анзаараад байх нь ээ тухайн хүний сэтгэл зүйн дархлаатай холбоотой байдаг.

-Сэтгэл зүйд суурилсан боловсролын тогтолцоо хэрэгтэй гэдгийг таны ярианаас бүр тод ойлголоо…?

-Наадах чинь маш чухал санал. Ер нь гарцгүй асуудал гэж байдаггүй. Сэтгэл зүйн боловсролтой хүн ямар ч асуудлаас гарч, ямар ч бэрхшээлийг давж чаддаг.

-Сэтгэл гутралд орсон хүмүүс амиа хорлох магадлал өндөр, тэр дундаа эрчүүдийн хувь өндөр гэж сонсож байсан. Шалтгаан нь юундаа байна?

-Стрессээ тайлах чадвар эрчүүдэд сул байдаг. Эмэгтэйчүүд шиг уйлаад яриад гаргачихаж чаддаггүй. Эрчүүд илүү дотогшоо байдаг. Өгөгдөл нь тийм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *