“Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн эмнэлгийн сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Эмэгтэй хүнийг яаж баярлуулах ёстой байдаг вэ. Эмэгтэй хүн юунд илүү баярладаг юм бэ?
-Эмэгтэй хүнд хамгийн их сэтгэлийн таашаал өгдөг бэлэг бол өөрт нь таалагддаг бэлэг. Бэлэг заавал материаллаг байх албагүй. Гоё хоол хийж өгөх, хамт салхинд гарахыг бүсгүй нь хүсэж байгаа бол хамгийн том бэлэг болж ч чадна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг утгаар нь сарнай цэцэг өгвөл сэтгэлд нь ихэд нийцтэй. Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж халамжилдаггүй бол хичнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Ямар ч хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн бэлэг байдаг. Магадгүй тэр нь үнсэлт, хайраар дүүрэн харц ч байж болно. Эсвэл өөрийнх нь авахыг маш ихээр хүссэн бэлгийг өгч болно. Бэлэг гэдэг бол хязгааргүй. Хамгийн үнэтэй булган шуб бэлэглэсэн ч эмэгтэй хүн сэтгэлийн ханамж авахгүй байж магадгүй шүү дээ. Хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж, бусад нь бол дагалдах хүчин зүйл гэж ойлгож болно. Хайртай хүндээ хайрлуулж буйгаа мэдрэх л хамгийн том бэлэг болж чаддаг.
-Баяр гэлтгүй бусад үед ч хайртай эмэгтэйгээ эхнэрээ, ээжийгээ, охиноо аз жаргалтай байлгахын тулд эрчүүд яах ёстой?
-Хүн жаргах эрхтэй, бусдыг жаргуулах үүрэгтэй төрдөг. Жаргал гэж сэтгэл санааны амар амгалан байдал, тайван сайхан амьдрал, сэтгэл хангалуун байдлыг хэлдэг. Тиймээс монгол эр хүн бүр хайртай бүсгүйгээ өдөр бүр аз жаргалтай байлгах нөхцөлийг бүрдүүлэх юм бол тэр эмэгтэй үнэхээр жаргалтай байж чадна. Энэ нь түүнд өгч буй насан туршийнх нь хамгийн том бэлэг. Энэ бэлэг нь эмэгтэйчүүдэд юугаарч үнэлж, юугаар ч сольж болшгүй бэлэг болж чаддаг. Өглөө, өдөр, орой, шөнө ч гэсэн ямар ч тохиолдолд эмэгтэй хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй. Эмээ, ээж, эхнэр, охин, найз бүсгүйгээ, ач зээ нар гэх мэт бүх л эмэгтэйчүүдийг аз жаргалтай байлгаж чадах юм бол Монгол Улс амар тайван, аз жаргалтай, хөгжил дэвшилтэй орон байж чадна. Жинхэнэ эр хүн бол хайртай эмэгтэйгээ юунд дуртайг сайн мэдэж байх ёстой.
-Сүүлийн үед зөвлөгөө авч буй хүмүүсийн байдлаас ажиглахад монгол эмэгтэйчүүд яаж амьдарч байна вэ?
-Аз жаргалтай эмэгтэйчүүд бий. Ажил мэргэжлийн хүрээнд би маш олон хүнтэй уулзаж, харилцдаг. Зовж байгаа нь бий. Эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаасаа болж зовлонтой тулгардаг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн зовлон гунигийн асуудал их ирдэг гэсэн үг. Эрчүүдэд үнэхээр хатуу үг хэлмээр санагддаг. Хатуухан хэлэхэд эмэгтэйчүүдийг зовоож буй тэр эрчүүд арчаагүй, өөдгүй, амиа бодсон бэртэгчингүүд байна. Гэхдээ аз болоход ийм эрчүүд цөөхөн байгаа гэдэгт итгэдэг.
-Ирээдүйд яаж ийм амиа бодсон эрчүүдийн тоог цөөлөх вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Монголын ирээдүйг тодорхойлох зүйл. Энэ жилээс эрүүл мэндийн хичээл Ерөнхий боловсролын сургуульд орох гэж байх шиг байна. Үүнээс гадна хүүхдүүдэд сэтгэлзүйн боловсролыг багаас нь олгох шаардлагатай. Харилцаа гэж юу юм, хайр гэж юу вэ. Үнэт зүйл гэж юу юм. Хүн юуны тулд, хэний төлөө амьдардаг юм гэдгийг ухамсарлуулж бусдыг хайрлах чадварыг эзэмшүүлэх шаардлагтай байгаа юм. Хүүхдийн хүмүүжлийн сэтгэл судлал бол дунд, дээд сургуульд ч орох ёстой. Гэхдээ юу ч мэдэхгүй, юу ярьж байгаагаа ч ойлгохгүй хүмүүсээр энэ хичээлийг заалгаж болохгүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс л заах ёстой.
-Яагаад зарим эрчүүд ийм амиа бодсон болов. Юу нөлөөлөв?
-Социализмын үед нийгэм харьцангуй тогтвортой байсан. 1990-ээд оноос нийгэм тогтворгүй болсон. Зах зээлийн нийгэмд хүн чанар гэдэг зүйл бараг үгүй болдог. Үүнтэй ч холбоотой. Тогтворгүй үед хүмүүс наймаанд явж, гадагшаа гарч салж сарниж өвөө, эмээ аав, ээж, ах дүү танил айлдаа хүүхдээ орхиод явдаг байсан. Аз болоход сайн өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд байдаг. Гэхдээ хайр халамжаар дутуу өссөн тавиул хүүхдүүд хэзээ ч бусдыг хайрлана гэж байхгүй. Тухайн үеийн хүүхдүүд одоо гэр бүл зохиогоод алдаа их гаргах байдал ч ажиглагдаж байна. Тиймээс төр засгийн бодлого, ирээдүйн монгол гэр бүл рүү чиглэж хүчтэй ажиллах ёстой.
-Хайрлуулж өссөн хүн л хүнийг хайрладаг уу?
-Хайрлуулсан хүүхэд хүнийг хайрлана. Гэхдээ хүүхдээ буруу хайрлаад, хүссэн болгоныг нь авч өгөөд бүх зүйлийг бэлдээд, өмнөөс нь асуудлыг нь шийдээд байгаа бол хүлэмжийн хүмүүжил олгож байна гэдэг. Ийм хүлэмжийн хүмүүжилтэй өссөн хүүхэд ирээдүйд өөрийгөө авч явах чадвар муу, өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах чадваргүй, оновтой зөв шийдвэр гаргах чадваргүй, бусдын гарыг харсан хүн болж хувирдаг. Бусдыг хайрлах чадваргүй мөртлөө бусдаас хэт их хайрыг шаарддаг нэгэн болчихдог. Өгөө аваатай, энергийн солилцоотой байж, эхлээд бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулах хэрэгтэйг ойлгодоггүй.
-Эсрэгээрээ эмэгтэй хүмүүс бусдыг энэрэх сэтгэлгүй болсон тохиолдол хэр гардаг вэ?
-Багадаа харшилсан хүмүүжлээр өссөн, гадуурхагддаг, архи уудаг агсан тавьдаг, загнадаг, зоддог гэр бүлд өссөн эмэгтэй хүүхдийн энэрэнгүй зөөлөн сэтгэл тун бага. Хүнийг хайрлах чадваргүй болчихсон, үзэн ядалтаар өссөн эмэгтэйчүүд эр нөхрөө үл ойшоодог, тэгэх ёстой гэдэг байр сууринаас ханддаг. Өөрсдөө хайрыг өгч чаддаггүй. Хүүхдүүддээ ч хэт туйлширсан байдлаар ханддаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг сүйрүүлдэг эмэгтэйчүүд байна. Гэхдээ харьцангуй бага. Залуу гэр бүлүүдэд сайн эцэг эхчүүд байгаа ч хүүхдийн хүмүүжлийн тухай анхаардаггүй, биологийнхоо хэрэгцээг хангачихаад л явж байдаг залуус ч олширсон байна. Тиймээс гэр бүлийн хүмүүжил боловсролын талаар төрөөс цогц бодлого баримтлах шаардлага тулгарчээ.
-Хэдэн наснаас гэр бүл зохиох нь зохимжтой юм бэ?
-Бусдыг таних гэж үерхэлгүй яахав. Гэхдээ хамгийн түрүүнд би хэн бэ, би зорилгодоо хэр тэмүүлж чадаж байна. Би эхнэр, нөхөр болоход төлөвшсөн байна уу, асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрхэн биеэ авч явж чадаж байна гэх мэтээр өөрийгөө таних хэрэгтэй. Ингээд өөрийгөө таньчихаад, эсрэг хүйстнийхээ сэтгэл зүйг таних чадвартай болно. Сүүлийн үед залуучууд би ийм хүнтэй үерхэж байгаа, бид хоёр таарах болов уу гэж зөвлөгөө авдаг болсон байна. Энэ их зөв шүү дээ. Монголчууд удам судрыг нь харна гэдэг нь харьцангуй оновчтой шийдвэр байдаг. Буруу сонголт хийснээсээ болоод насан туршдаа зовж, амь насаараа хохирох ч тохиолдол байна. Сөрөг орчинд өссөн хүүхэд ирээдүйн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах чадвар тун бага байдаг. Бага насныхаа уур гомдлыг гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн мэдэлгүй гаргах тохиолдол их байдаг юм. Тиймээс өссөн орчин, удам судрыг нь харах хэрэгтэй.
-Дурлал, хайр гэж ялгаатай. Гэр бүлүүдэд мөн мөчлөг байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулаач?
-Гэр бүлийн хямралын үе гэж бий. Эхний үе нь таван жилийн мөчлөгтэй. Үерхсэн эхний зургаан сард бие биенийхээ сайн чанаруудыг хардаг бол нэг гэрт ороод ирэхээр асуудал их тулгарна. Хүүхэд, гэр бүлийн асуудал, санхүү, амьдралыг авч явах чадвар зэрэг олон асуудалтай тулна. Энэ асуудлуудыг зөв туулж чадвал цаашид сайхан амьдрах боломжтой. Эхэн үеийн мөчлөгийг давж чадахгүй ганхаж буй бол цаашид хэцүү, хүүхдийнх нь ирээдүй маш хүнд болж байгаа гэсэн үг. Тиймээс гэр бүл зохиоход нухацтай хандах хэрэгтэй.
Монгол хүний наслалт, монголын нөхцөлд бол 22-27 насанд буюу боловсрол эзэмшсэн, ажил эрхэлж буй өөрөө, өөрийнхөө санхүүг хангахуйц хэмжээнд хүрсэн үедээ гэр бүл болчихвол сайн. Хэт оройтох дэмий. Ижил түвшний хүмүүс сайн зохицдог. Хотын тансаг хороололд өссөн хүүхэд, хөдөөгийн багийн хүүхэд хоёр нэг гэр бүл болоод сайн амьдарч болно, гэхдээ сайхан амьдрах магадлал тун бага. Ижил түвшний боловсрол, хүмүүжилтэй хүмүүс л сайн зохицно. Хүний төлөвшлийн 80 хувь нь тав хүртэлх насанд бүрддэг. Энэ насанд аз жаргалтай хайран дунд өссөн бол бусдыг хайрлах чадвартай болсон байдаг. Нэгэнт зөв сайхан гэр бүлд өссөн, хариуцлагаа ухамсарлах чадвартай, хүнийг хайрлаж сурсан хүн бол галав юүлж байсан ч амьдралаа аваад явах чадвартай байдаг.