Categories
мэдээ нийгэм

Д.Дунгаржав: Морио шинжиж мэдэхгүй байгаа бол цусны шинжилгээ ав

Энэ жилийн хурдан морины комиссийнхон морь мал мэддэггүй гэж наадамчид болон уяачдын дургүйцлийг багагүй хүргээд байгаа билээ. Шүдлэн насны уралдааны өмнө монгол морио хасуулчихлаа, гомдолтой байна гэсэн уяачид нэлээд байсан юм. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Далхаагийн Дунгаржав гуайн хээр үрээг эрлийз хэмээн үзэж шүдлэн насны уралдаанаас хассан. Юу болсон талаар тодруулахаар Дунгаржав гуайтай цөөн хором ярилцлаа.

Таны морийг юунаас болж хассан юм бол?

Үүнийг морь мэддэг хүнээр дахин шинжүүлмээр байна. Үүлдрийнх нь байдлаар хасч байгаа юм байх. Энэ үрээ бол миний хурдан суман хүрэн гэж мориндоо гүү тавьж арав хоног гишгүүлээд авсан төл. Морины төл учраас жаахан цэвэрхэн байхгүй юу даа. Нуруу нь бол намхан , шүдлэн үрээн дотроо бол намхандаа л орно. Намайг монголчууд маань мэднэ дээ. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Дунгаржав гээд. Надад эрлийз адуу нэг ч байхгүй. Төв аймгийн Сэргэлэн сумынхан цөмөөрөөө мэдэж байгаа.Би гаднаас эрлийз адуу авдаггүй өөрийнхөө унаган адуугаар л уралддаг. Монгол цусыг холихгүй гээд эрлийз адуу холиогүй, эрлийз адууны эсрэг байдаг хүн. Монгол хүн ч гэсэн жаахан шонхор хамартай, шөвгөр эрүүтэй, чих нь соотгор гээд янз янз байдаг. Тэрэнтэй л адилхан гэсэн үг. Адуу танихгүй хүн чинь жаахан цэвэрхэн адуу байхлээр үүлдэрлэг байдлаараа тэнцэхгүй ээ гээд хасч байгаа юм гэнэ.

Таны үрээний биеийн хэлбэр хэмжээгээр хасчихаж байгаа юм уу?

Тийм л юм шиг байна. Адуу танихгүй хүмүүсээр ингэж төрийн наадам будлиулж болохгүй л дээ. Энэ шүдлэнгийн наадам бол жинхэнэ наадам биш. Хүний нэг жилийн хөдөлмөр шүү дээ. Наяадхан адууг нь явуулаад зуу гаран нь үлдээчихэж байгаа юм. Ингэж болохгүй. Зуу гаран адууг уралдуулахгүй үлдээж байна гэдэг чинь дөрөв таван зуугаад хүний хөдөлмөрийг юман чинээ бодохгүй үрэн таран хийчихэж байн гэсэн үг. Хэдхэн томчуудын л наадам болж хувирлаа. Мандат авсан хүмүүс нь орж адуугаа гаргаад, мандатгүй мань мэт нь цагдаагаар хамгаалуулаад л. Төрийн наадмыг ингэж үймүүлж байна даа.

Хашир уяачийн хувьд цаашдаа энэ асуудлыг яаж зохицуулвал зөв юм шиг харагдаж байна?

Мал таньдаг хүнээр шинжүүлэх, бүр болдоггүй юм бол мориноос цусны шинжилгээ авч болж байна. Монгол адууны ген мөн байна уу гэж шинжлэх хэрэгтэй. Ард түмнийг ингэж хохироож болохгүй. Ер нь бол өнөөдрийн энэ шүдлэнгийн наадмыг дахиж явуулах ёстой. Би төлөөлөл болж ярьж байна. Монгол адуугаа төрийнхөө наадмаас хасуулах ёс байхгүй ээ.

Та түрүүн яриандаа монгол мориор гишгүүлсэн гэж хэлсэн. Үүнийгээ тодруулбал?

Морины төл гарна гэдэг их ховор л доо. Өдрийн од шиг үзэгдэл. Би хурдан мориндоо гүү гишгүүлээд нэг үрээ гаргаж авсан юм. Эх нь баянцагаан гүү, эцэг нь Баадуудорж гэдэг хүний угшлын төл. Монголчууд мэднэ дээ, Дунгаржав гуайн суман хүрэн гэхээр андахгүй.

Мориноос төл гарсан гэсэн үг юм уу?

Мориноос төл гардаг юм байна. Мэдэх хүн нь мэднэ дээ.

Үүлдэрлэг байдлыг шалгаж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байна. Та олон жил морь уясан, таньж байгаа байх?

Миний огт хараагүй шинэ хүмүүс байна. Мал мэдэхгүй баахан залуучууд томилсон шиг байна. Би ч уг нь иймэрхүү маргаанд орооцолддог хүн биш л дээ. Сая л харин монгол үрээгээ хасуулчихаад гомдолтой байна даа.

Та наадамд хаанаас ирж оролцож байна вэ?

Би уг нь Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул. Одоо бол Төв аймгийн Сэргэлэн суманд нутагладаг. Төв аймгийнхан бүгд мэднэ. Тод манлай Дуламсүрэнгээс авахуулаад бүх уяачид нь намайг мэднэ.Миний тэр хээр үрээг ч мэднэ.

Та энд нийт хэдэн морьтой ирэв?

Би зургаан насанд морь уясан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *