“Рио-2016” олимпийн наадамд манай улсаас 50 тамирчин оролцох эрхээ авсан билээ. Тэднийг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болсон. Арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын зарим гишүүд, олимпод эрхээ авсан тамирчид оролцсон юм. Мөн Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпийн медальтнууд, Олимпод оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид,болоод дасгалжуулагч нар оролцлоо. Энэ үеэр “Олимпийн хөгжил” сангаас тамирчдадаа тус бүрт нь сая төгрөг гардуулан өгсөн юм.
Арга хэмжээ өндөрлөсний дараа “Рио-2016” зуны олимпод оролцох “Усанд сэлэлт”-ийн спортын мастер Д.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн “өврөөр даллах” сэлэлтээр 24.25 секунд, “далайн гахай” сэлэлтээр 25.79 секундын амжилтаар тус тус 50 метрийн усан бассейны Улсынхаа рекордыг шинэчилсэн билээ. 2008 онд анх улсын аварга болж, түүнээс хойш амжилтаа ахиулсаар байгаа юм.
– Танд юуны өмнө эх орныхоо нэрийг гаргаж олимпийн наадамд оролцох болсонд баяр хүргэе. Өнөөдөр Ерөнхийлөгч “Та бүхэнд ард түмний хүндэтгэл, магтаал багадаагүй. Төрийн хайр халамж багадаагүй. Тамирчдад ялагдах эрх байхгүй” гэж хэллээ. Энэ үгийг юу гэж бодож байна вэ?
-Олимпийн наадамд цагаан хуудсаар оролцох болсон. Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон учир ийм эрх өгсөн байх. Ерөнхийлөгч маань “Өмнөх олимпуудтай харьцуулахад энэ удаа хоёр дахин илүү тамирчид явж байна. Тийм ч учраас Монголын ард түмэн та бүхнээс хоёр дахин илүү амжилт хүлээж байна” гэж хэлсэн. Энэ үгийг байнга санаж “Рио-2016” олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугаа мандуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө л хичээнэ дээ.
– Хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлдэг энэхүү наадамд орон орны тамирчид оролцохыг хүсдэг. Та усанд сэлэлтийн төрөлд эх орныхоо нэрийг гаргахаар оролцох гэж байна. Сэтгэгдэл өндөр байна уу?
-Тиймээ. Усанд сэлэлтийн спорт манай улсад тийм ч сайн хөгжөөгүй ч эх орныхоо нэрийг гаргах гээд оролцох болсондоо сэтгэл өндөр байна. Тамирчин болгон олимпод оролцохыг мөрөөддөг. Усанд сэлэлт бол монголчуудын хувьд шинэ спорт. Би 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд ерөнхийдөө Европ болон Америкийн тамирчид сайн оролцдог.
-Өмнө нь Барселон, Сингапур, Казань гэх мэт нэлээд олон тэмцээнд явж байжээ. Ер нь хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхдаа л усанд сэлэх сонирхолтой байдаг байсан. Анх 1994 оноос тогтмол бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн дээ. Түүнээс хойш 22 жил тасралтгүй бэлтгэлээ хийсээр олимпод явах болсондоо маш их баяртай байна.
-Таны эхний тэмцээн хэзээ болох вэ, бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
– Эхний тэмцээн маань наймдугаар сарын 11-нд товлогдсон. Бэлтгэлээ “Орчлон” дээд сургуулийн хоёрдугаар байранд базаасан. Бэлтгэл сургуулилт маш сайн байгаа. Ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.
О.ӨНӨР