Categories
мэдээ улс-төр

Д.Дорлигжав: Ерөнхийлөгч гэхээсээ намууд, фракци, бүлэглэл төрийн бодлогыг завхруулж ирсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнийг манай уншигчид санаж байгаа буй за. Тэрбээр “Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэсэн хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа шалтгаанаа ийнхүү тайлбарласан юм. “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ.

Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.

Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно.

Ингэж босоо удирдлагын тогтолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер дарга нарыг томилох боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шуурхай арга хэмжээ аваад явна.

Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж өчнөөн юм болдог, нэг нам, фракц хамгаалдаг зовлон бий.

Энэ нь эцсийн дүндээ Монголын төр засаг асуудлыг хурдан шуурхай бодитой шийдэх, үйл ажиллагааны үр дүн нүдэн дээр хурдан гарах, төрийн зарчимч үйл ажиллагаа олон нийтэд ил тод болох, үйлчилгээний чанар сайжрах талтай.

Манай ардчилсан шинэ Үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт явж байдаг. Энэ цаг үе нь ч болж байна.

УИХ-аас боловсруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулахаар байгаа.

Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсраад явж байгаа. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм.

Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.

Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлагагүй хүмүүсийг тавьдаг, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй, ууж иддэг, эргээд шалгаж чаддаггүй бүх шалтгаан дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Ерөнхийлөгч нарт гэхээс илүү энэ парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг намуудын эрх мэдлийг улам нэмэгдүүлж, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг.

Асуудлын мөн чанарыг зөв тайлж, зөв уншиж шийдэх ёстой. Өнгөрсөн 27 жилийн төрийн доголдол юунд байна вэ гэдгийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна.

Эрх баригчдын боловсруулсан төслийг би хардаж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болъё гэсэн юм явж байгаа.

Зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх далд санаа агуулж байх талтай. Ийм зүйл хийж болохгүй, тууштай эсэргүүцнэ.

Яагаад би Үндсэн хуулийн талаар бие дааж төсөл боловсруулахаар болов гэхээр энэ хуулийг батлалцаж явсан хүн. Энэ 27 жилд төрийн өндөр дээд албыг хашиж явсан, төрийн ажлын жаргал зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан.

Ингэж явахдаа Үндсэн хуулиндаа байгаа системийн гажгийг олж харсан. Олон зүйлийг хийхийг оролдсон ч Үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан.

Одоо энэ зөрчлийг арилгах, Монгол шуурхай төртэй болох шаардлагатай. Амьдрал шаардаж байна. Дэлхийн эдийн засаг, геофолитикийн орчин хурдтай өөрчлөгдөж байна. Бид дотроо хэрэлдээд суух боломжгүй.

Ийм учраас ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэж хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *