Categories
мэдээ цаг-үе

Д.Дорлигжав: Би электроникийн чиглэлээр компани байгуулж технологийн салбарт хүч үзэж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцлаа.


-Таныг АТГ-ын дарга болох гэж байна хэмээн нэлээд шуугьлаа. АТГ-ын дарга болох гээд байгаа юм уу?

-Харин тийм ээ. Худал цуурхал л яваад байх юм. Би АТГ-ын дарга болохгүй ээ гэдгээ албан ёсоор хэлье. Надад тийм амбиц ч байхгүй. Нэгдүгээрт, хэн нэгэн намайг АТГ-ын дарга болооч ээ гэж огт хэлээгүй. Ямар ч санал тавиагүй. Хоёрдугаарт, АТГ-ын даргаар ажиллаж байгаа энэ хүний хугацаа дуусаагүй. Тиймээс үүнийг худлаа л гэж бодож байгаа. Хэн, ямар зорилгоор ийм шуугиан дэгдээгээд байгаа юм бүү мэд. Хаанаас ийм бор шувуу нисгэсэн юм бол доо. Миний хувьд АТГ-ын дарга болно гэхээс илүү өмнө минь хийх ажил маш их байна.

-Таныг намынхаа ротацид орлоо гээд мөн л шуугьсан. Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байгаа вэ?

-Би Үндэсний бодлогын хорооны гишүүн. Жилд хоёр удаа хуралдахаар нь очиж оролцчихоод байж байна. Өөр юу байхав дээ.

-Улс төрөө хийдэггүй юм уу. Улстөрч хүнийг нам гүм байх тусам хүмүүс хаачив гээд их сонирхох юм л даа. Зарим нь хилийн дээс алхаад алга болчихлоо гэдэг?

-Улс төр хийнэ гэхээр би яг яах ёстой юм. Юм болгон дээр очоод “Ингэх ёстой, тэгэх ёстой” гээд явах юм уу. Үнэхээр юм ярих ч сонирхол алга. Нийгэм бүхэлдээ дөжирчихсөн байна. Хэн нь зөв, хэн нь буруу, хэн нь үнэн, хэн нь худлаа хэлээд байгааг шүүх чадваргүй болчихсон юм биш үү. Би мэдэхгүй байна. Ийм үед юу ч яриад нэмэргүй л санагдах юм.

-Та нарын дуу хоолой нийгэмд дутагдаад байгаа юм биш үү?

-Хааяа хэрэгтэй гэсэн үедээ амьхандаа дуугарч л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг байр суурь минь хэвээрээ байгаа. Нийгэмд тулгамдсан асуудал гэж байдаг бол тэр чинь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болчихоод байна шүү дээ. Бид хэд хэдэн Ерөнхийлөгч сольж үзлээ. Хэд хэдэн намыг өөр хооронд нь сольж ч үзсэн биз, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд. Ямар ч ялгаа байсангүй. Нэг хэсэг нь МАНАН гэж орилох юм. Орилж байгаа хүмүүс нь ч МАНАН-гаасаа ялгагдах юм огт алга. Засаг байгуулъя гэхээр бүгд л харайгаад ороод ирдэг нөхдүүд шүү дээ. Өнөөдрийн МАНАН чинь тэгдэг биз. Ард түмэн ч үүнийг харж байна. Ингээд ирэхээр нийгэм бүхэлдээ цөхөрдөг.

Намыг нь, хүнийг нь солиод болдоггүй. Одоо яах вэ. Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг бий. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд явж ирсэн замаа эргэн харахаар ард түмэнтэйгээ л адил цөхөрч байна. Бусад орнууд олон намын тогтолцоотой, ардчилсан системтэй хэрнээ хөгжөөд байхад манайх яачихсан болоод ийм байдалтай яваад байдаг юм бэ. Юу нь болохгүй байна, яавал болох вэ гэдгийг таны хэлсэнчлэн улстөрч хүний хувьд дотроо боддог байхгүй юу. Сүүлд би нэг гаргалаа олсон.

-Ямар?

-Хамгийн түрүүнд улс төрийн намууд төрд гамшиг болж байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Улс төрийн нам төрийн албанд мэддэг, чаддаг хүнийг нь томилохгүй, намын нэр гэсэн далбаан доор хаа хамаагүй хүнийг тавьж байна. Алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцохгүй харин ч эсрэгээрээ энхрийлээд суучих юм. Үүгээр дамжаад авлигын асуудал буурахгүй байна. Хэдэн тэрбумаар төрийн албыг нааш цааш болгодог гэдэг нь үнэн. Хариуцлага алга, чадварлаг боловсон хүчин алга. Төсвөө зөв зарцуулахаас эхлээд мордохын хазгай болж, гурвалжин дөрвөлжин маргаан болж үргэлжилдэг. Энэ бүхэн намуудаас болж байгаа. Одоо яах вэ гэхээр ардчилсан улс олон намын системтэй байх ёстой гэдэг. Хүн төрөлхтөн ардчиллын системээс илүү сайныг одоогоор бодож олоогүй байна гэж ярьдаг.

Гэтэл өөр улс оронд болоод байгаа ч манайд болдоггүй. Төрийн ажилд олон жил нухлуулсан хүний хувьд энэ бүхнийг бодож л байна.

-Бодоод ямар дүгнэлтэд хүрэв?

-Намуудыг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой юм байна. Энэ хязгаарлах арга өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тогтооно. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч байна, мөн ард түмнээс сонгогдсон хууль тогтоох дээд байгууллага байна гэж байгаа юм. Ерөнхийлөгч гарч ирээд батлагдсан хуулийн дагуу төрийн гүйцэтгэх ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ чадварлаг боловсон хүчнийг сонгох, хэнийг тавихаас эхлээд нам харгалзалгүй чаддаг хүнийг нь тавих ёстой. Чадахгүй бол маргааш нь хариуцлага тооцохоос эхлээд төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулах, бодлоготой болгохоос эхлээд энэ бүхэн гүйцэтгэх засаглалын ажил. Хууль тогтоогчид нам намаараа баталж буй хуулин дээрээ үзэл бодлоо уралдуулах ёстой. Ингээд намуудыг гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оруулахаа больчихвол энэ гамшиг арилна.

-Намууд энэ бүгдийг хүлцэнгүй хүлээн зөвшөөрнө гэж та бодож байна уу. Улс төрийн намуудын үндсэн чиг шугам нь гүйцэтгэх эрх мэдлийг намаар дамжуулж авах байдаг шүү дээ. Нэг хүний гарт бүх эрх мэдлийг өгөөд өөрсдөө бэлгэдлийн маягаар явна гэвэл улс төрийн намууд ил, далд эсэргүүцэх байх даа?

-Тийм учраас би одоо ухаарцгаая, одоо зогсоцгооё гээд байгаа юм. Ерөн-хийлөгчийн засаглалтай болчихвол намууд зогсоно. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал руугаа оруулахгүй. Эцсийн бүлэгтээ Ерөнхийлөгчийн хариуцлага болж гарч ирэх байхгүй юу. Одоо эзэнгүй болчихоод байна. Тэр нам ингэснээс болж тэгсэн л гээд байгаа биз дээ. Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар нь бие бие рүүгээ алдаагаа чихээд хариуцлага тооцож чаддаггүй. Нэг нэгэндээ саад хийж л чадна. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэдгийг дахиад хэлье. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт аюул шүү. Одоо байгаагаасаа улам дордоно.

-Одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт таны хэлээд байгаагийн бүр эсрэг болж орж ирэх гэж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүр хумина гээд байгаа л даа?

-Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрүүлсэн тогтолцоог хийнэ гээд байгаа юм. Ерөнхий сайд гэдэг чинь намын дарга. Намын зовлон гүйцэтгэх засаглалаас салахгүй. Энэ яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нь бид энэ байдлаасаа салж чадахгүй. Харин ч эсрэгээрээ улам лавшруулж өгнө. Одоо Ерөнхийлөгчийн институци байгаа тулдаа болохгүй зүйлд нь хориг тавихаас эхлээд арга хэмжээ авах гэж оролдож байна. Үүнийг нь алга болгочихвол бурантагийг нь эвхээд тавина гэсэн үг. Аюултай шүү.

-Манай хоёр хөршийн тэргүүнүүд өөрсдийн эрх мэдлийн хугацаагаа сунгах боломжоо нээчихлээ. Тиймээс манай улс ч гэсэн хоёр хөрштэйгөө ижил замаар явах ёстой гэсэн үг үү. Зарим хүмүүс бол хоёр гүрний дунд байгаа бол Монгол Улс ардчиллын баян бүрд байх ёстой гээд байгаа л даа?

-Ардчиллыг хөгжүүлэх хэрэгтэй. Америк, Франц шиг Ерөнхийлөгчийн тогтолцоотой, ардчилсан улс байх ёстой. Би ардчилсан системүүд дотор байдаг нэг хувилбарыг нь хэлээд байна л даа. Ерөнхийлөгчийн засаглал нь манайд илүү үр дүнтэй, таарах хувилбар нь. Түүнээс биш урд, хойд хөршүүд юугаа хийх нь бидэнд тийм хамаатай юм уу. Тэдний хийсэн болгон манайд заавал таарах албагүй. Адилхан ч байх албагүй. Бидэнд юу хэрэгтэй байна, түүнийгээ хийх хэрэгтэй.

-Та хууль зүйн салбарт багагүй хугацаанд ажилласан. Сайдын албыг хүртэл хашиж байлаа. 2016 оноос хойш хууль зүйн салбарт хийгдэж буй өөрчлөлтүүдийг хэрхэн харж байгаа вэ. Таны баталсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийгээд байна?

-Ямар зүйл хийж байгааг нь анзаарч чадахгүй явна. Намайг сайд байх үед батлаад хэрэгжүүлж эхлээгүй байсан Эрүүгийн хууль, процессийн, Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлт оров гэдгийг нэг бүрчлэн мэдэхгүй байна. Уулзсан хүн бүрийн хэлж буй нэг зүйл нь “Энэ арай хэтэрчээ” л гэж байгаа юм. Заримыг нь анзаарч байхад үнэхээр харамсмаар өөрчлөлтүүд орсон байна лээ. Уг хуулиудыг харахаас чухал ажил надад бий. Үүнд анхаарлаа хандуулж байгаа. Өдөр шөнөгүй зүтгээд үр дүнд хүрч байна шүү.

-Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой асуудлыг та харсан байх. Харахгүй байя гэсэн ч харахаас аргагүй болтол шуугьж байна. Х.Тэмүүжин сайд байхдаа Эрдэнэт үйлдвэр, Стандарт банк хоёрын хооронд бий болсон маргааныг шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл таныг Хууль зүйн сайд болоод энэ бүхэн замхрах шатандаа орсон гэх юм?

-Хууль зүйн яам шалгадаг ажил биш. Намайг Улсын Ерөнхий прокурор байхад шалгагдаж байсан хэрэг.

Ш.Батхүү хоригдчихсон байсан. Би нэг зүйл хэлье. Ч.Ганзориг хуурамч гарын үсэг зурсан гээд байгаа. Хамгийн анхны гэрээн дээр зурсан Ч.Ганзоригийн гарыг үсэг үнэн байдаг. Түүнээс хойших гарын үсэг зурагдангуут нь хуурамч гэдэг нь үнэн. Монгол Улс яагаад Арбитрийн шүүх дээр очоод “Та нар энэ гэрээг хуурамч гээд байгаа юм бол яагаад энэ гэрээний дагуу ажиллаад баяжмалаа ачуулаад, мөнгөө аваад олон жил явсан юм бэ. Энэ гарын үсэг, гэрээ хуурамч байлаа ч та нар үйлдлээрээ нотолж байна” гэдгээр уначихсан юм. Ердөө л энэ.

-Стандарт банкны өрийг хэн төлөх ёстой юм?

-Эрдэнэт үйлдвэр төлж таарна.

-Хуурамч гарын үсэг зурсан Ш.Батхүү төлдөггүй юм уу?

-Гэрээний журмаар барьцаанд тавьсан гэдгээрээ Эрдэнэт хариуцлагаа хүлээнэ. Дараа нь хувь хүнтэйгээ Эрдэнэт үйлдвэр юм уу, Засгийн газар өгч авдаг зүйл байдаг юм бол тэрийг нь ав. Хуулийн хувьд ингэж явах ёстой. Ш.Батхүүд Хадгаламж гээд том банк, бензин колонкуут, махны үйлдвэрүүд байсан. Тэдгээрийг нь үнэлээд авах бололцоо байгаа л байх.

-Эхний ээлжинд бушуухан Стандарт банкны өрөө л дарах ёстой юм байна…

-Хуурамч гэсэн мөртлөө үнэхээр хуурамч биш гэдгийг мэдэж л байсан байхгүй юу. Үйл ажиллагаа явж байсан. Үүнээс болж унасан байхгүй юу.

-Үе үеийн парламентад олонхыг бүрдүүлсэн улс төрийн намууд, Засгийн газар үргэлж Эрдэнэтийг тойрон галын наадам шахуу зүйл хийдэг. Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольдог. Та Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Үнэхээр тийм их бараа шахдаг юм уу?

-Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн захирлууд маш удсан шүү дээ. Ч.Ганзориг бараг найман жил болчихсон байх. Тэгтлээ их солигдохгүй байгаа.

-Шахаа хийх боломж байдаг юм уу?

-Байдаг л юм байгаа биз. Одоо ингээд иймэрхүү яриагаа орхиё. Ард түмэнд хэрүүл хэрэггүй, тэмүүлэл, гэрэл гэгээ хэрэгтэй байна. Хүмүүс уул уурхай хэрэггүй оюун ухаанаа ухаж амьдаръя гээд байгаа биз дээ.

Оюун ухаанаараа амьдаръя гээд IT-гийн компани ярихаас хэтрэхгүй байгаа юм. Энэ нэг чиглэл нь мөн. Би багын электроник, техникт дур сонирхолтой хүүхэд байсан. Үүн дээрээ түшиглээд физик, электроникийн чиглэлээр компани байгуулан лабораторийн ажилтай сууж байна.

-Улс төрийн хүрээнээс гэнэтхэн л электроникийн чиглэлээр компани байгуулсан гэхээр сонин л санагдаж байна…

-Би хүүхэд байхдаа янз бүрийн радионоос эхлээд төрөл бүрийн схем олж аваад юм хийх гэж үздэг байлаа. Тэр үед ямар жижиг деталь эд анги зардаг дэлгүүр байдаг байсан биш. Айлуудаар хэсч хуучны эвдэрсэн том модон радио гуйж аваад гар хөлөө түлэн байж юм хийнэ ээ бас. Би машин, техник талдаа илүү сонирхолтой. Хувь заяагаар ч юм уу, мэргэжил өөр тийшээ яваад хөндийрчихөөд байсан юм.

Гэнэт яагаад багын хоббигоороо явах болсон бэ гэхээр физик электроникийн чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн хэдэн залуутай би санаандгүй байдлаар танилцсан юм. Энэ залуус юм хийх гээд учраа олохгүй яваад байсан. Тэдний хийж байгаа зүйлсийг сонирхож, ярьж байгаа зүйлийг нь сонсдог байлаа. Ингэж явсаар байгаад хобби маань сэргэчихсэн. Тэгээд ярьж байгаад хамтдаа юм хийхээр болж технологийн салбарт хүч үзэн туршилт, судалгааны төв байгуулан ажиллаад их сайхан үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал…

-Патент авсан хэд хэдэн шийдэл бий. Тухайлбал, эрчим хүч хэмнэх, цэвэр эрчим хүч гаргах. Ингэж болж байгаа юм чинь хэнд зориулж ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг чинь зах зээлийн асуудал. Бид ярьж байгаад дэлхий дээр хамгийн их сонирхох зүйл цахилгаан машин гэж үзсэн. Цахилгаан автомашины компаниуд нэг цэнэглэлтээрээ хэдэн км явж байна, хэдэн цагт цэнэглэж байна гэдгээрээ өрсөлдөж байгаа. Тиймээс бид эрчим хүч хэмнэх төхөөрөмжөө автомашин дээр хэрэглэе бүтээгдэхүүний дизайн гаргасан. Цахилгаан машинтай хүн нэг цэнэглээд 300 км явах байсан бол бидний төхөөрөмж 600 км явуулна. Хоёр цахилгаан хөдөлгүүртэй бол 1200 км явуулах боломжтой. Физикийн томьёололоороо болчихож байгаа юм. Амьдрал дээр туршаад шавар усанд явахаас эхлээд хурдан, удаан явах гээд хүндрэлтэй зүйл гарна. Энэ бүхнийг шинжлэх ухаан талаас нь нотлохын тулд дан ганц автомашин байх шаардлагагүй. Бүх цахилгаан техник дээр турших хэрэгтэй. Бид нэг цэнэглэлтээр 50 км явдаг унадаг дугуйн дээр туршаад ямар ч асуудалгүй байсан. Дараа нь бид нэг цэнэглэлтээр 300 км явдаг автомашин байдаг бол үүн дээр туршилтуудаа хийнэ. Сүүлд нь хоёр хөдөлгүүртэй автомашинууд дээр туршина. Машин болгон өөр өөр хүчин чадалтай. Тус тусад нь тааруулж хийнэ. Энэ мэтчилэн туршилтуудаа хийж байна. Туршилтуудаа дуусгасны дараа дэлхий нийтэд энэ бүтээгдэхүүнээ санал болгоно.

-Олон улсад ийм жишиг байна уу?

-Бид хүнд хэрэгтэй зүйл хийе гэвэл хамгийн их өрсөлдөж байгаа бүтээгдэхүүнийг хийх ёстой. Тэр ч утгаараа бид үүнд зорьсон. Хоёрдугаарт, бид цэвэр эрчим хүчний чиглэлд ажиллаж байгаа. Цахилгаан, нар, салхи, газны хэрэггүй жижиг батарейгаар өдөөгдөөд өөрөө ажилладаг цахилгаан генератыг хийж байна. Нэг удаа л худалдаж авна. Цаашаа өөр ямар нэгэн зүйл хэрэггүй. Өөрөөсөө цахилгаан үйлдвэрлэнэ. 20, 50, 100 кВт-н загвар гаргачихаад хийх гээд сургуулийнхаа доод талын давхрыг механик цех болгоод нэгдүгээр давхраа лаборатори болгочихсон ажиллаж байна.

-Манайх шиг утаа гэж их ярьдаг улсад эрчим хүчээр халаалтаа шийдээд явахад хэмнэлттэй юм байна, тийм үү?

-Хэрэгтэй гэсэн хүмүүс нь сонирхоно биз. Гуравдугаарт, бид эрчим хүч хэмнэж адаптор хийж байна. Эрчим хүчний бага хэрэглээтэй айл, аж ахуйн нэгжүүдэд зориулж байгаа. Хамгийн багадаа эрчим хүчийг 50 хувь хэмнэж байгаа юм. 60 хувь хүртэл хэмнэх боломжтой. Үүнийгээ айлын цахилгаан тоолуурын дэргэд байршуулчихна. Тухайн айлын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 50 хувь хэмнэгдэнэ, хамгийн багадаа шүү. Онолын хувьд цахилгаан их хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд ч тавьчихаж болно. Гар утас цэнэглэдэг повер банкаас эхлээд жижиг зүйлс ч хийж байна. Автомашинтай хүмүүс холын замд гэрэл шилжүүлдэггүй дээ. Тэгвэл автоматаар гэрэл шилжүүлдэг мэдрэгчтэй зүйл ч хийж байх жишээтэй. Зам тээврийн, хөгжлийн яаманд санал болгосон. Хүлээж авах юм уу бүү мэд. Эрүүл мэндийн салбарын чиглэлд ажиллах бодолтой байгаа. Тодорхой хэмжээнд электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэхээр дизайн гаргасан.

-Эрчим хүч геополитикийн чухал зүйл. Хэзээнээс туршилж дуусч амьдралд нэвтрүүлэх боломжтой вэ. Их хэмжээгээр захиаллаа гэхэд үйлдвэрлэлийн боломж хэр байгаа бол?

-Биткойн ажиллуулдаг хүмүүсээс эхлээд эхнээсээ захиалга өгөөд эхэлсэн. Одоо бид үйлдвэр туршилтын лабораторидоо хийж байна. Цаашид өргөжөөд явбал үйлдвэрийн тухай ярих байх.

-Үнэ ханшийн хувьд ямар байх бол?

-Аль болох боломжийн үнэтэй байх тал дээр анхаарна. Бид хилийн цэргийнхэнд 20 кВт-ын цахилгаан станцыг санал болгож байгаа. Үүгээр заставынхаа гурван байшинг цахилгаанаар халаачихна. Хоол унд, угаалгын машин энэ бүгдээ цахилгаанаар хангачихна гэсэн үг. Заставууд дизель түлш үрж нүүрс, түлээ зөөхөөс эхлээд зардал их гардаг. Цаашид бидний хийж буй энэ зүйлс бага хэрэглэгч буюу сумын төв болон сумын төвөөс доош бага хэрэглэгчтэй бүх хүн ашиглах боломжтой хувилбарыг гаргаж ирье гэж бодоод байгаа. Сумдыг төвийн эрчим хүчээр хангасан хэдий ч үйлдвэрлэл явуулж чадахгүй, лааны оронд хэрэглэж байна. Зах хязгаарынханд боломж алга л даа. Тиймээс нэг удаа л цахилгаан эрчим хүч гаргагчаа худалдаж аваад цаашид үнэгүй эрчим хүч хэрэглэнэ гэсэн үг.

-Эрчим хүчний салбарт инноваци бүтээж байна гэж ойлголоо. Салбар яамны зүгээс дэмжлэг байна уу?

-Манайхан нэг юм хийхээрээ төр дэмжсэнгүй, төр намайг харсангүй гэдэг буруу жишиг тогтоочихсон. Төр биш хэрэглэгчдэд ойр бүтээгдэхүүн хийчихвэл иргэд хэрэгтэй юм байна гээд худалдаад авдаг тийм зүйлийг хийх ёстой. Хэрэглэгчдийн тоо бүр олон болоод миний хүчин чадал хүрэхээ болиод эхэлбэл улс оронд ач холбогдолтой гэж үзвэл төрөөс дэмжлэг хүсч байх хэрэгтэй. Миний хийж байгаа энэ зүйлс төрд хандах хэмжээнд хүрээгүй байна.

Цаашид бид нисдэг дрон хийх загвар гаргасан. Дэлхий дээр батарейгаар ажилладаг нисдэг дрон 30-40 минут нисдэг. Хамгийн том дрон 100 орчим кг ачаа зөөж байгаа байх. Бидний гаргасан загвараар 300 орчим кг ачаа тээгээд, өөрөө өөрөөсөө цахилгаан гаргаад явах учраас хэдэн цаг ч нисч болно. Ингэхээр физик электроникийн салбарынхан мэдэхгүй өөр салбар руу орж ирж байгаа юм. Манайд аеродинамикийн тооцоо гаргадаг хүн, зохион бүтээх товчоо алга. Ганц нэг мэргэжлийн хүмүүст сэнсний тооцоо гаргаж өгөхөөс эхлээд захиалга өгчихсөн. Нэг зүйл рүү зориг шулуудаад ороход маш олон шийдэж болохоор зүйлс харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *