Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэлнямба: Түүхий нүүрсийг цэвэршүүлэх үйлдвэртэй болчихвол хорт утаа 70-80 хувиар буурна

Түүхий нүүрсийг цэвэршүүлж буй үйлдвэрийн үйл явцаа олон нийтэд ингэж танилцуулжээ. Энэ үйлдвэрийг томруулж, хөгжүүлбэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд утаагүй болно гэж үзэж байна

Улаанбаатар хотын утааг 70-80 хувиар шууд бууруулах боломжтойг “Монхимо” эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал Д.Дэмбэрэлнямба хэлж байна. Тэрээр олон жилийн судалгааныхаа үр дүнд нийслэлчүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахгүйгээр хорт утааг бууруулах технологийг гаргаж авчээ. Үйлдвэрлэлийн явцыг тэрээр видео хэлбэрээр бэлтгэснээ үзүүлсэн юм. Тус компанийн технологиор цэвэршүүлсэн нүүрс, байгалийн нүүрс хоёрыг зэрэг шатаахад үр дүн шууд харагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. “Монхимо” эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал, химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбатай ярилцсанаа хүргэе.


-Түүхий нүүрснээс гарах хорт утааг 70-80 хувь бууруулах төслийг боловсруулсан. Бүр үр дүнг нь олон нийтэд танилцуулсан гэсэн. Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүйгээр утааг бууруулах ямар технологийг та боловсруулсан юм бэ?

-Улаанбаатар хот болон бусад суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийгмийн олон хурц асуудлыг үүсгэж байгааг бид харж байна. Утаа үндэсний аюулгүй байдлын нэг номерын дайсан боллоо. Ард түмэн энэ аюултай гамшигт өртөж амь нас, эрүүл мэндээ алдаж, бидний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.Би Япон, БНСУ-д их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, багшийн ажил хийсэн. Тэнд нано технологийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд нано кальцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцож байсан маань адууны ясаар кальцийн бэлдмэл бүтээхэд ихээхэн туршлага болсон. Үүний хажуугаар ард түмэнд тустай зүйл бүтээе гэж санаачилсан төсөл маань нүүрс цэвэршүүлэх энэ төсөл байсан. Бид БНСУ-ын “ЛиФизикс” компанитай хамтран Багануурын хүрэн нүүрснээс солонгос компанийн технологийг ашиглаж цэвэр нүүрс гаргаж авах судалгааг 2015-2017 онд явуулсан юм. Судалгааны үр дүнд Монгол Улсын стандартын шаардлагыг хангасан, Улаанбаатар хотын гэр хороолол, аймгийн төв бусад суурингуудын нүүрс түлдэг хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж утаа, агаарын бохирдлыг эрс бууруулах боломжтой гэдэг дүгнэлт гарсан.

-Чухам яаж?

-БНСУ-ын “ЛиФизикс” компани байгалийн композит нийлмэл материалын технологийг хөгжүүлдэг. Эдгээр материалууд тухайн сонгож авсан биеттэй физик, химийн урвалд орж түүний шинж чанарыг эрс өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, композит материал хүрэн нүүрстэй урвалд орж цэвэр нүүрсийг бий болгоно. Үйлдвэрлэлийн процессыг хэлбэл, түүхий нүүрсийг гурван төрлийн реактороор дамжуулан боловсруулж цэвэр нүүрсийг гаргаж авна. Эхний хоёр реакторт түүхий нүүрсийг композит материалын усан уусмалаар өндөр даралтаар шүршихээр хоорондоо урвалд ордог. Гуравдугаар, реакторт бага температурын хатаалт явагдаж, түүхий нүүрсэнд байгаа хортой бодисууд задрах, хоргүй хэлбэрт шилжих зэрэг урвалууд явагдаж дуусах юм. Энэ үед хүхэрт хий байхгүй, тоосонцор нь манай утаагүй түлшний стандарттай харьцуулахад 19 дахин, азотын ислүүд дөрөв дахин багасч хорт утаа 70-80 хувиар буурах үр дүн гарсан. Эсрэгээрээ нүүрсний дулаан өгөх чадвар 1000-1500 гаруй кило калориор нэмэгдэнэ.

-Хорт бодисууд нь арилаад зогсохгүй нүүрсний илчлэг нэмэгдэж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Нэг айлын нүүрсний хэрэглээ 30 хувиар багасна. Жилд таван тонн нүүрс түлдэг байсан айл цэвэршүүлсэн нүүрс хэрэглэбэл 3.5 тонныг түлдэг болно гэсэн үг.

-Цэвэршүүлсэн нүүрсийг түлэх зуух нь өөр байх уу?

-Үгүй. Ямар ч төрлийн зуухтай айл хэрэглэж болно.

-Нүүрсийг хорт утаагүй болгож байгаа технологи нь цацдаг бодистоо байна уу?

-Дээр хэлснээр хоёр төрлийн бодис байгаа. Ямар ч үнэр танаргүй, цайны ханд л гэсэн үг. Нүүрснээс ялгарч байгаа утааны хорыг үнсэнд нь барьж үлддэг, хортой хийг задалдаг бодисуудыг агуулсан уусмал.Бид өнгөрсөн оны долоо, наймдугаар сард хоногт 2-3 тонн цэвэр нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг 400 гаруй сая төгрөгөөр солонгосуудтай хамтраад ашиглалтад оруулсан. Манай үйлдвэрийн зүгээс нүүрсний хорт утааг задалдаг бодистой уусмалыг боловсруулж нийлүүлэх юм. Харин солонгосууд үйлдвэрийг өөрсдөө барьж өгөх сонирхолтой байгаа.

-Үйлдвэрлэлийн технологийг олон нийтэд танилцуулсан гэсэн. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж үзээд юу гэх юм?

-Ерөнхий сайдын алба, Байгаль орчны яамнаас хүмүүс ирсэн, үзсэн. Сайхан юм байна, хэрэгтэй юм байна гэлцэж байгаад л явцгаасан.

-Та хүлээлттэй байв уу?

-“Танайх энийгээ хийгээч, бид дэмжье” гэж магадгүй гэж бодож байсан. Хамгийн гол нь энэ утаа гэдэг чинь маш том асуудал. Үүнийг ганц нэг байгууллага шийдчихдэг юм биш. Улс асуудлыг гартаа авах нь зөв. Ингэхдээ гадаад, Монгол хамаагүй санаачилгыг нь дэмжиж, өрсөлдүүлэх маягаар зөв технологийг гаргаж ирэх ёстой юм. Тэгээгүйгээс сонгосон ажил нь энэ өвөл харагдах байх.

-Та сайжруулсан түлшийг хэлж байна уу. Сайжруулсан түлшний технологийг та хэрхэн үнэлэх вэ?

-Надад өөлөх шаардлага байхгүй. Яахав, ердийн нүүрс угаах арга нь нүүрсийг гадаргуугийн идэвхтэй бодис буюу баяжуулах зориулалтын савангийн уусмалд хийхэд хүнд хольц, чулуулаг нь ёроолд нь тунадаг. Нүүрс нь хөвж дээр нь гарч ирдэг бодисын хувийн жингийн ялгаан дээр үндэслэдэг. Ингэснээр нүүрсний үнсний хэмжээ багасах, шаталт бага хэмжээгээр сайжрах боловч нүүрсэнд агуулагддаг, шатах үед дэгддэг тоосонцор, утаа, азот болон хүхрийн исэл, угаарын хий, нүүрсхүчлийн давхар исэл зэргийг багасгаж бууруулж чадахгүй. Ер нь энэ асуудлыг шийдэх арга зам мухардалд орсон гэж болно. Тэгээд ч хол газраас тээвэрлэж ирэх зардал, тээвэрлэлтийн явцын сөрөг үр дагавар, сайжруулсан гэх түлшийг хэрэглэх явц нь өөрөө зардал өндөртэй харагдаж байгаа.

-Хоногт 2-3 тонн нүүрсийг цэвэршүүлэх үйлдвэр барьсан гэлээ. Хэрэглээнд нэвтрүүлье гэвэл эдийн засгийн тооцоо яаж гарсан байдаг вэ?

-Улаанбаатар хотынхон жилдээ таван сая гаруй тонн түүхий нүүрсийг хэрэглэдэг. Үүний 85 хувь нь цахилгаан станц, үлдсэн 15 хувь нь айл өрхийн түлшний хэрэгцээнд байгаа юм. Манай технологи хоногт 100 болон 1000 тонн боловсруулах хүчин чадалтай хоёр шугамтай. Хэрэв 1000 тонн/ хоногт шугамыг сонгож авбал шугамны тооноос хамаарч нэг шугам 4-5 сая ам.доллар болно. Энэ нь 100 тонн/хоногт шугамнаас илүү ашигтай. Өдөрт 100 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үнэ 3.75 тэрбум төгрөг буюу 1.5 сая ам.доллар болж байгаа. Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож зөвхөн энэ цэвэр нүүрсийг хэрэглээнд оруулна гэвэл ийм 5-6 шугамтай үйлдвэр хэрэгтэй. Харин хоногт 1000 тонныг үйлдвэрлэнэ гэвэл сард 30.000 тонн, зургаан сард 180.000 тонн болно. Жилд бол 350.000 тонн болчихно. Улаанбаатар хотын хэрэгцээг хангахад 2-3 үйлдвэр хэрэгтэй гэж үзвэл нэг үйлдвэр барих зардал дөрвөн сая ам.доллар гэсэн тооцоо байгаа. 2-3 үйлдвэр баривал 8-12 сая ам.доллар буюу 20-30 тэрбум төгрөг шаардагдах юм. Ийм үйлдвэрийг бид өөрсдөө дэргэдээ авахгүй. Уурхайнуудад л бариад өгчихнө. Нэг ёсоор улсын өмч болно. Ингэж байгуулбал, өөрийн ашгаар таван жилийн дотор зардлаа нөхөх боломжтой.

-Тэгвэл хэрэглэгчдийн гар дээр цэвэршүүлсэн нэг тонн нүүрс хэдэн төгрөгөөр ирэх вэ?

-Бүх зардлыг тооцоход нэг тонн нь 107.500 төгрөг болж байгаа. Багануурын уурхайгаас гарч байгаа нэг тонн тутмын зардал дээр бутлах шигших, боловсруулахад зарцуулах цахилгаан, бодис, түүнд ажиллах хүчний цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалынх нь шимтгэл, хөдөлмөр хамгаалал, нунтаг нүүрсийг буцаах, элэгдэл хорогдлын зардал, шуудай, Багануураас Улаанбаатар хүртэл тээвэрлэх, түүнийг ачиж буулгах гээд бүх тооцоог багтаасан үнэ нь энэ. Мэдээж үүн дээр ченжүүд тодорхой хувь нэмээд худалдаалах болов уу. Ямартаа ч түүхий нүүрсний зах зээл дээрх үнээс давахгүй. Яахав, нийслэлчүүд байр орон сууцанд ороод нүүрсний хэрэглээ хаагдахаар бол энэ технологи хаягдахгүй. Уурын зуухнуудын түлшийг боловсруулна. Цаашлаад цахилгаан станцад түлж байгаа нүүрсийг ч цэвэршүүлж болно.

-Үйлдвэр барих улирал өнгөрчихлөө хэмээн та нэлээд бухимдуу байсан. Төр засаг нүдэн дээр ил байгаа технологийг ашиглахгүй байгаад гомдолтой байна уу даа?

-Үйлдвэр барихын тулд дулааны улирал хэрэгтэй. Энэ зун ингээд өнгөрлөө. Би уг нь өнгөрсөн зун энэ технологио танилцуулсан. Үйлдвэрийн ажлыг өнгөрсөн зунаас эхэлсэн бол энэ жил ашиглалтад ороод ажиллаж байх ёстой. Гомдож барих тухайд тийм зүйл байхгүй. Тэдний сонголтыг хүндэтгэнэ. Яахав цаг хугацаа нь болоод энэ үйлдвэр чинь хүн ардад хэрэгтэй юм гэж үзвэл нээлттэй. Бид яахав сурсан мэдсэнээрээ хамтраад л явна.Гэхдээ бид өөрсдийнхөө хэмжээнд боловсруулсан технологио өнөөдөр биш юм гэхэд хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ. Улаанбаатарт биш юм гэхэд хөдөө орон нутагт байгуулж, үр дүнгээ үзүүлнэ. Бид гараа хумьж суугаагүй. Зохих хэмжээгээр хөрөнгө оруулалт хөөцөлдөж, жижиг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *