УИХ–ын гишүүн Д.Дэмбэрэлтэй Үндсэн хуулийн талаар болон цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
–Үндсэн хуулийн ойн баярын өдрүүд тохиож байна. Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 24 жил өнгөрсөн байна л даа. Үндсэн хуулийг батлахад хүндрэлтэй зүйлс тохиолдож байсан байх?
-Үндсэн хуулийг баталж гаргана гэдэг амаргүй ажил. Монгол Улс хорьдугаар зууны эхэнд Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласан. Энэ нь төр, нийгмийн маш том дэвшил байлаа. Үүнийгээ удаа дараа боловсронгуй болгон цаг үед нийцүүлснээр 1990 онтой золгосон. 1990 он гэдэг бол нийгмийн томоохон тэмцлээс эхлээд шинэ нөхцөл байдалд ажиллахыг шаардсан. Ардчилсан хөдөлгөөнүүдийн шаардлагыг тусган асуудлыг шийдсэн. Нийгмийн сэгсэргээнд асуудал дэвшүүлээд ирэх үед гарах арга замыг зөв онож чадсан нь монголчуудын хамгийн том гавьяа. Энэ нь Үндсэн хуулийн арга байсан юм.
Нийгмийн томоохон шаардлагыг 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульдаа багтаан гаргасан. Миний хувьд үүнийг маш чухал хууль гэж үздэг. Үндсэн хуулийн анхны эх булаг нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль байсан. Улс төрийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийж нэг намын улс төрийн эрхийг халах шийдвэрт хүрч төрийг төр гэдэг байдлаар нь Үндсэн хуулиараа бүх асуудлаа шийдэх боломжийг бий болгосон. Нэмэлтийн хуулиар Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх асуудал гарч ирсэн. Ингээд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр АИХ-ын 429 депутатыг сонгох сонгууль болсон. Энэ бол түүхэн үйл явдал болж байсан юм. Ингэж л нээлттэй, ил тод, шударга түүхэн сонгуулийн үр дүнд бий болсон тухайн үеийн АИХ-д Үндсэн хуулийг батлах томоохон үүрэг ноогдсон. Гэхдээ энэ бүх үйл явц миний ярьж байгаа шиг тийм амар явсан юм биш. Нийгэмд шинэчлэл хийх, улс төр, эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэдэг амархан байгаагүй.
–Нийгэм огт өөр нийгмээр солигдоод амаргүй байсан биз. Иргэдийн хувьд зах зээлд бүрэн төлөвшөөгүй хэцүү байсан гэдэг дээ?
-Үнэн. Улсаараа сэтгэхүй нь бэлэн болоогүй байсан үе. Тэр сэтгэхүйг хөтлөх локомотив болсон орчин шаардлагыг хангахыг шаардсан нэг хэсэг гарч ирсэн нь нэлээд ач холбогдол өгсөн. Одоо эргээд харахад алдаж, оносон зүйл харагддаг л юм. Нийгмийн оюун санааны амьдралд цоо шинэ эргэлтийн шинжтэй зүйлийг оруулахын тулд ард түмнийг бэлтгэсэн байх шаардлагатай байдаг. Гэхдээ үүнийгээ хийж чадсан. Үндсэн хуулийг батлахын тулд Улсын бага хурлыг байгуулж, байнгын ажиллагаатай болгож бэлтгэл ажлыг хангасан. Маргаантай зүйл их байсан. 429 депутат Үндсэн хуулийн талаар хэлэлцэж байхад “Дэндүү их удаж байна. Дэндүү их маргаж байна” гэдэг наад захын шүүмжлэл гарч байсан ч үүнийг дааж зөв сайхан Үндсэн хуультай болсон. Олон талын шүүмжлэл, саналыг харгалзан үзэж 1992 оны Үндсэн хуулийн эхийг барьж авсан. Хамгийн гол нь эдийн засгийг хэрхэн яаж авч явах вэ гэдэг арга хэлбэрүүд дээр маргаж байснаас хугацаа сунжирч байсан юм. Ялангуяа нийгмийн өмчийг задлах, хувийн өмчийн хэлбэрүүдийг бий болгох амаргүй ажил. Мөн нийгмийн социал чиглэлээс ардчилсан чиглэлд шилжих буюу улс төрийн маргаанууд их байсан ч бүгдийг нь давж чадсан. 1990 онд болсон бүх үйл явц 1992 онд шинэ Үндсэн хууль төрөх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Монголчууд цаг нь тулсан үед ухаалаг шийдвэр гаргадаг юм байна гэж бодсон. Үндсэн хуулийг батлах ажлын хүрээнд ард түмэн бэлтгэл ажлыг маш сайн хангасан. Тухайн үед ард түмнээс авсан саналаа хоёр сар гаруй хугацаанд хэлэлцүүлсэн юм шүү дээ. Энэ бол маш чухал ач холбогдолтой. АИХ-ын депутатууд Үндсэн хуулийг баталчихна гэдгээр биш ард түмний саналыг хэлэлцсэн гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ хэлэлцэж байж батлахгүйгээр хэдхэн хүний хүрээнд баталсан бол ард түмний дунд Үндсэн хууль гэж хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй байсан.
–Шинэ Үндсэн хуулийн ач холбогдол нь яг юунд оршиж байв?
-Үндсэн хуулийн ач холбогдол маш өндөр. Өнөөдөр бид өнгөрсөн 20 гаруй жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг эргээд харахад өөр түвшинд ирсэн нь харагддаг. Яаж үнэмших вэ гэдэг асуулт гарч ирнэ. Миний хувьд 20 гаруй жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсан бөгөөд оюун санааны хувьд асар их өөрчлөлтийн он жилүүд байлаа. Бид өнгөрч байсан зүйлс дээр бат суурилж явсан нь ихээхэн ач холбогдолтой байсан. Үндсэн хууль төрнө гэдэг бол урьдын суурь хуримтлал дээр бий болдог зүйл. Түүнээс нь салгачихвал цаашаа амьдрах боломжгүй байсан байхыг үгүйсгэхгүй.
–Тухайн үед шинэ Үндсэн хуулийг батлахын тулд иргэн бүрийн саналыг чухалчилж авч үзэж байж. Гэтэл өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол хоёр том намын асуудал мэт харагдаж байна л даа?
-Үндсэн хуулийг батлахад биеийн байдлын бэлтгэл хангагдаж, тухайн үеийн зорилтуудыг Үндсэн хуульдаа тусгаж чадсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол бүхэлд нь өөрчлөлт оруулж байгаа юм биш л дээ. Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ гэдэг зүйл яригдахаас суурь бүх зарчмыг өөрчлөхгүй гэдэг хуулийг түрүүчийн парламент гаргасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг баталснаар ямар заалтыг нь хөдөлгөж, ямар заалтыг нь хөдөлгөж болохгүй вэ гэдгийг тусгаад өгчихсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил түрүүчийн парламентын үед хийгдэж ажлын хэсэг байгуулж дөрвөн ч хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихаад байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудлаар ажлын хэсэг гаргаж ажилласан. Дараа нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Өөрчлөлт оруулах асуудлууд ч байна” гэж тохирсноор УИХ-ын даргад танилцуулгаа хийсэн. УИХ-ын дарга шинэ ажлын хэсэг байгуулж, хуучин тавигдаж байсан асуудлуудыг судалж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа баримталж боловсруулсан. Үүнийг хоёр нам тулгаад гаргах гэж байна гэсэн хардлага байх нь зүй ёсных. УИХ-аар хэлэлцэх үед хоёр том нам зонхилж байгаа нь үнэн. Энийг ард түмэн тулгаж гаргах гэж байна хэмээн сандарсан байх л даа. Тэгж тулгаж гаргах үндэсгүй юм л даа. Учир нь Үндсэн хуулийн журмын тухай хуульдаа ард түмнээс асууж байж гаргана гээд хуульчилсан. Үүнийг хүмүүс буруу ойлгоод байна. Бидний өргөн барьсан төслийг хэлэлцээд эхэлсэн тохиолдолд бүх хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг зогсоож байгаад хэлэлцэнэ. Парламент хэлэлцэх эсэхээ шийдээд, хэлэлцүүлгээ хийж “Манай парламент энэ л асуудлыг хэлэлцье. Үүнийг ингэж өөрчилье” гэж тохирох учиртай. Харин батлахын өмнө ард түмнээс асуух ёстой. Түүнийгээ санал асуулга гээд байгаа юм. Үүнийг нь ард түмэн жаахан буруу ойлгочихов уу даа гэж харж байна. Санал асуулгын тухай асуудлыг эхэндээ УИХ-ын гишүүд нь ч ойлгохгүй буруу яриад эхэлчихсэн юм. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гээд том хууль бий. Тэр хуулийн дагуу ганц хоёр зүйл асуучихна гэж бодсон. “Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох юм уу, УИХ сонгох юм уу”, “УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчийг сонгох юм уу, пропорционалиар явах юм уу” гэж хоёрхон зүйл асуухыг хэлдэг гэж эндүүрсэн.
Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал асуулга биш. Парламент хэлэлцээд бүх газрынхаа саналыг авсны дараа Ерөнхийлөгч, Дээд шүүх, Засгийн газар, Цэцийн саналыг аваад ийм өөрчлөлт орохоор байна гээд батлахын өмнө ард түмнээс асуух юм. Ард түмнээс нийтээр нь санал аваад дэмжиж байвал явуулаад дэмжихгүй бол тэгээд л үлдэнэ. Хууль нь ердөө л энэ.
–Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх боломжтой юм. Өмнөх төслүүд нь бэлээхэн байгаа юу?
-Дараагийн парламент төслүүдийг авч үзээд нэмж, хасах зүйл байна уу гэдэг ажлын хэсгийг шинээр байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй.
Энэ парламентын үед байгуулагдсан ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй. Түрүүчийн Их хурлын үед байгуулсан миний ажлын хэсэг дэд хэсэгтэй, эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, гишүүдийг багтаасан том ажлын хэсэг байсан. Тэр том ажлын хэсэг шүүж тунгаасаар байгаад 15-16 зүйлд өөрчлөлт орж болох юм гэдэг дээр санал нэгдэж байлаа. Түүнийг нь бид харгалзсан. Дараагийн ажлын хэсгийг байгуулахдаа өргөтгөн байгуулах нь зөв. Тэгэхгүй бол энэ есөн хүн явцуу хүрээнд ажиллачихлаа гээд хардаад байна л даа.
–Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Их хурал хэлэлцэж байна. Цэцийн гишүүдийн насны хязгаар 65 байна гэдэг ч юм уу өөрчлөлтүүд багтжээ. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Нас хязгаарлаж болно. Гэхдээ Монголын ҮХЦ эцсийн шийдвэр гаргадаг маш том эрхтэй. Нэг үгээр хэлбэл парламент хууль батлахаас илүү баталсан хуулийн чинь энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд эцсийн шийдвэрээ гаргачихдаг юм. Тийм эрхтэй байгууллагад асар их мэдлэг, туршлагатай хүмүүс очиж байх ёстой. Анх бид Цэцийн асуудлыг ярихдаа шүүх гэж үзээгүй. Цэцийн эцэслэн шийдэж буй шийдэл нь Монголын өөрийн гэсэн хувилбар юм. 2200 жилийн төрийн түүхтэй улсад тэр хугацаанд хяналт хэрхэн явж ирсэн юм гэдэг түүхийг үзээд Цэц гэдэг нэр томъёог оруулж ирсэн. Цэцийн концепцийг тайлбарлаж байгаа хүмүүс “Энэ бол шүүх” гэдэг. Дахин хэлэхэд шүүх хараахан биш. Тэгж бодсон учраас л шүүгчийн нас 65 байхад энэ нөхдүүдийн насыг хязгаарлана гээд оруулж байгаа юм. Шүүх бүх насаараа суудаг монопол эрхтэй бол Цэцийн гишүүд зургаан жилийн хугацаатай суудаг. Цэцийн гишүүн ажиллах чадамжгүй бол заавал 65 гэлтгүй 50 настайд нь ч болиулж болно. Үнэхээр болоод ажлаа хийгээд байвал 65-аас дээш байсан ч яадаг юм. Үүний ялгааг сайн гаргаж чадахгүй байна. Анх Үндсэн хууль батлахад ямар үг хэлж байсан бэ гэдэг протоколыг харалгүй өөрийн итгэл үнэмшлээр асуудлыг тавиад эхэлчихлээ. Энэ нь тийм биш юм шүү гэдгийг нэгдүгээрт хэлэх ёстой.
Хоёрдугаарт, ҮХЦ-ийг шүүмжилж болно. Гэхдээ парламент Үндсэн хуулийн Цэцийг атгандаа хийх гэж байгаа юм шиг ҮХЦ-тэй маргалдах эрх ёс зүйн талаасаа байхгүй. Яагаад гэхээр энэ чинь УИХ-ын баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дээд түвшинд авч үздэг байгууллага байхгүй юу. Хэлтэс газар байгууллагын захиргааны дарга руугаа дайраад байвал ямар вэ. Парламент хууль тогтоох эрхийг монополоор авч болохгүй. Тэгж бодож байгаа бол 1992 онд баталсан Үндсэн хуулиар Цэцийг хэрхэн яаж тодорхойлсонтой зөрчилдөнө.
–Тухайн үед яг юу гэж тодорхойлсон юм?
-Дээр хэлсэн. Үндсэн хуулийн шүүгч биш. Одоо гадаад орнуудад Үндсэн хуулийн шүүх байдаг гэж хэлдэг. Үүнийг чинь бид мэдээд хийчихсэн юм. Монголчууд төрийн их уламжлалтай тул үүнийгээ Цэц гэж нэрлэнэ ээ гээд явчихсан. Сүүлд ҮХЦ дураараа явах нь ихсээд зээлийн барьцааны асуудалд бид л гэдэг байр сууринаас хандсан. Цэц гэдэг нэрэндээ бус өөрсдийнх нь ажлын арга барил, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн гаргаж байгаа дутагдал гэж дайрах нь буруу. Өмнө нь Цэцтэй харилцан ярилцаад болдог байсан.
–Парламентад суудалгүй намууд оны өмнө баталсан Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчлөө гээд тайлбарлаж байна. Сонгуулийн хуулийн тал дээр ямар байр суурьтай яваа вэ?
-Сонгууль болгоны өмнө бид Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Өмнөх Их хурал нийгмийн томоохон өөрчлөлтийг багтаасан хууль болж чадсан. Одоогийн хууль нь нийлсэндээ өөрчлөлт орж байгаа мэт харагдаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хуулиудын хуучин заалтууд л явж байгаа. Тусдаа бие даасан хууль байсныг л нийлүүлээд нэг хууль болгосон. Нэг их шинэчлэгдсэн зүйл байхгүй. Хяналтын асуудал тавигдаж, санал тоолохдоо дараа нь техникийн тооллогыг нийт хэсгүүдийн 50 хүртэлх хувьд нь хийе гэсэн. Энэ нь хуучнаасаа арай нэмэгдэж байгаа зүйл. Тэр нь автомат машинаар тоолох асуудлаас болж эргэлзэж байх шиг байна. “Хэдүй их тоолно төдий чинээ бэрхшээлтэй тулгарна” гэж би үздэг. Ухаандаа эргэлзээд нэг зүйлээ дахин тоолоод байна гэдэг чинь их бага хэмжээний зүйл гараад ирвэл түүн дээрээ маргалдаад УИХ чинь бүрэлдэхгүй, төрөө төвхнүүлж чадахгүй байдалд хүрчих вий гэж боддог. Тиймээс хяналтын тооллого гэдгээрээ байсан бол зүгээр байсан юм. Одоо “техникийн” гэдэг үг оруулаад техник зөв ажиллаж байна уу гэдгийг хянах гээд байгаа юм уу. Үүнийг нэг их лаг юм болчихлоо гэж ойлгохгүй байгаа.
Техник оруулна гэдэг чинь улс төрийн бодлогоор хийгдсэн ажил. Манай намын Бага хурлаар гаргасан үзэл баримтлал байдаг.
–Үзэл баримтлалдаа юу гэж тусгасан юм бол?
-Пропорционалийн элементийг оруулна. Санал авах, тоолох ажилд хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэсэн. Хүний хүчин зүйлийн оролцоог багасгана гэж шийдсэн. Сонгуулийн хуульд ингэж зарчим болгож оруулсны цаана хүний хүчин зүйлсийг багасгаж техник оруулъя л гэсэн бодлого. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгуулийн дүнтэй холбогдож гарсан юм. Түүнээс болж хүний амь үрэгдсэн. Гараар тоолоход асар их булхай хийсэн болохоор үүнийг хүлээж авах боломжгүй гээд цаашид парламентаа байгуулж чадах уу, үгүй юу гэдэгтээ тулсан. Тэр түүхэн нөхцөлүүдэд хүний хүчин зүйлүүдийг манай нам ярьж, түүнийгээ дараа нь дэмжсэн. Гэхдээ хамтарсан Засгийн газарт байхад АН ч дэмжсэн юм. Тэгэхээр эргэлзээгээ тооллогоор шийднэ гэдэг бол нэг талаараа дэвшил. Гэхдээ учиргүй бүгдийг нь тоолоод байна гэвэл эвгүй байдалд орох магадлалтай шүү дээ. Сонгуульд нэг хүнээр илүү санал авсан л бол ялаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол орох гэж байгаа хүмүүс нь бүгдээрээ булхайтай юм шиг болоод эргэлзээтэй болоод эхлэхээрээ улс төрийн нөхцөлд муугаар нөлөөлдөг. Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагадаа эргэлздэг болдог.
Намууд Сонгуулийн хуулийг янз бүрээр шүүмжилж байна. Энэ зүй ёсны асуудал. Тэрийг нь хэлэлцээд хариуг нь хэлээд явах ёстой. Сонгуулийн хууль гэдэг бол нэг намд зориулсан зүйл биш. Намууд Сонгуулийн хуулиас боллоо гэдэгтэй би санал нийлдэггүй. Хуулиасаа болж байгаа юм биш ээ. Хуулиа зөв хэрэгжүүлж, өөрийгөө зөв таниулж, зөв хүнээ өрсөлдүүлэх асуудал. Энэ чинь намуудын чадавхийн асуудал байхгүй юу. Хуулийг буруу гээд байх юм алга.
–Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Танай бүлэг дээр ярив уу?
-Бүлэг Улс төрийн намын тухай хуулийг хараахан яриагүй байгаа. Ярих байх. Ер нь төрийн тогтолцоо улс төрийн намуудын төлөвшилтэй салшгүй холбоотой. Намуудгүйгээр орчин үед төрийг авч явах, засаглалыг бэхжүүлэх, улсыг удирдана гэдэг ойлголт байхгүй болсон. Манай намуудын хуулийг зөв гаргах ёстой. Одоо маш олон асуудлууд тавигдаад байгаа юм билээ. Тийм олон асуудлыг нэг дор хийнэ гэдэг юу л бол. Өмчийн асуудлыг намууд тавих хэрэгтэй. Намууд бизнес хийж болохгүй гэдэг нь аль хэзээний хуульчлагдсан. Тэр зарчмыг нь тодруулж болох л юм.
Хоёрдугаарт, намуудын санхүүжилтийн асуудал тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Сүүлийн үед намууд шүүмжлэгдэх болсон нь мөнгөний эрхшээлд автсантай холбоотой. Сонгууль бас мөнгөний эрхшээлд орсныг ард түмэн шүүмжилж байна. Үүнийг засах гол гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуульд санхүүжилтийн асуудлыг зөв шийдэж өгнө гэж итгэж байгаа. Намуудын төлөөлөл парламентад сууж байгаа бол төрийн ажил хийж байгаа гэсэн үг. Үүнийхээ төлөө намууд улсаас санхүүжилт авах хэрэгтэй. Пүүс компанийн засаглалын санхүүжилтээр парламентын үйл ажиллагааг санхүүжүүлээд эхлэхээрээ буруу болоод байна гэдгийг олон удаа хэллээ.
–Тэгсэн хэрнээ засч чадахгүй юм даа?
-Засч чадахгүй байна. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхэд би ажлын хэсгийг ахалж байсан юм. Парламентад санал авсан тоогоор нь санхүүжилтийг нь хийнээ гээд нэг саналыг нь 1000 төгрөг байхаар тооцсон. Гэхдээ энэ санал бол олон жилийн өмнө шүү. Одоо бол өчүүхэн мөнгө болчихоод байна. Үүнийгээ л олигтойхон шиг нэмээд парламентад орж байгаа намын санхүүжилтийг шийдэх ёстой. Бизнесийн хүрээллээс нам санхүүжихээр нам тэдний хавсарга шиг ажиллах болдог. Мөнгөнд захирагдаж улс төрийн бодлого явах, мөнгөнд захирагдаж боловсон хүчний бодлого шийдэх, мөнгөнд захирагдаж нэр дэвшүүлэх ажиллагаа явах болдог юм. Мөнгөнд захирагдсанаас болж хуулиуд бүлэг хүмүүсийн асуудлаар шийдэгддэг. Одоо бол намуудын санхүүжилтийг зөв гаргаж ирэх ёстой.
–Харин гишүүнчлэлийн тухайд?
-Яахав ээ. Дэлхийн бүх нам гишүүнчлэлгүй байна гэдэг асуудал байдаггүй. Манайх өмнөх намуудын хуулиараа гишүүнчлэлийг чөлөөтэй болгосон. Та энэ намд орох, гарах нь чөлөөтэй гэчихсэн. Сүүлдээ чөлөөтэй байдал нь дэндээд УИХ-д сонгогдсон нөхөр нь гараад алга болчихдог болсон. Тэр чинь арай хэтэрхий эрх чөлөө биз дээ. Бие бие рүүгээ дайрсан цэцэрхсэн байдлаар Улс төрийн намын тухай хууль явна гэж байхгүй. Гацах вий дээ.
Улс төрийн намуудыг султгах тал руу нь явна гэвэл төрөө султгаж байгаа хэрэг. Улс төрийн намыг хэт дарангуйлаад эхэлбэл хувь эрх мэдэлтнүүдийн төр болно. Намуудыг султгавал нэг хүний дарангуйлал тогтоно. Эцэстээ нам ямар хамаатай юм гээд дарангуйлж байгаа эрх мэдэлтэн намтай юутай нь хөнтөрдөг болно. Хэрэв ингэхээр бол хуучин хуулиараа явсан нь дээр биз дээ.
–Сүүлийн үед орон сууцын зээлийн хүүг таван хувь болгох асуудал яригдаж байна. Та юу гэж харж байгаа вэ. Инфляци 2.9 хувь болсон гээд байгаа?
-Ганцхан инфляцийн түвшнээр хэмждэг зүйл биш. Өрөөсгөл байна. Олон үзүүлэлтийг харах ёстой. Хуучин хүүгийн хэмжээ зургаан хувь байсан. Энэ бол шинэ зүйл биш. Ирэх жил инфляци өсвөл яах юм. Ганцхан үзүүлэлтээр асуудлыг авч үзэж болохгүй. Зээлийн хугацааг 30 жил болгочихвол 25 нас хүрч байгаа залуу хосууд 55 настайдаа хоёр өрөө байртай болж зээлээс салах юм уу. Энэ бас л бодох зүйл. Ер нь бол хүмүүсийн орлоготой л холбоотой асуудал. Өнөөдөр байр авах хүсэлтэй хүмүүс, байр авах чадамжтай хүмүүсийн зөрүүн дээр битгий тоглооч дээ. Хүсэл хүн бүрт бий. Бараг хүүгүй болгоод байртай болгоод өгчихөөч гэх гээд байгаа биз дээ. Хүүг буулгах нь хохиролтой тусч магадгүй. Мөн хүсэл мөрөөдөл, бодит орлого хоёр ямар байгаа юм бэ гэдгийг тооцож үз. Хүмүүсийн орлого муудаж байна. Иргэдэд хуримтлал үүсч байна уу. Өөр нэг аюултай зүйл нь сонгуулийн өмнө ийм амлалтын шинж чанартай зүйл гаргаад ирэх юм. Ингэхээр УИХ-ын гишүүд чин шударгаар саналаа өгч чадахаа байдаг. Таван хувийн хүүтэй болгох дээр татгалзах хүн гарах юм уу. 17 мянган орон сууцаа л борлуулах гэсэн оролдлого.
–Хүүхдийн мөнгийг 0-3 насныханд 30 мянган төгрөг болгож олгох хуулийн төсөл өргөн барина гэж танай намын бүлэг мэдэгдсэн. Сонгуулийн мөнгөний амлалтууд арай л эрт эхлээд байгаа юм биш үү. Шоу санагдаж байна?
-Хүүхдийн мөнгөний асуудлыг ярих гэж байгаа бол эхлээд 2016 оны төсөвтөө өөрчлөлт оруулах ёстой. Тодотголыг наана нь л хийхгүй бол хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгнө, 30 мянган төгрөг болгоно гэдэг чинь аль аль нь итгэл муутай. Угаасаа манай намын бүлэг хүүхдийн мөнгийг хасч болохгүй гэсэн. Бүх хүүхдэд өгөхөд 240 тэрбум төгрөг болдог. Гэтэл Засгийн газар оруулж ирэхдээ л хасаа биз дээ. Зургаан сарын дараахиа хардаггүй юм уу. Сонгууль дагасан улс төр явж байгаа нь үнэн. Ингэх хэрэггүй. Айл өрхийн амьжиргаа доошилж байгаа энэ үед хүүхдийн мөнгийг нь өгөөд явах ёстой. Хүүхдийн мөнгийг гадаад талаас нь үймүүлдэг. Хүүхдийн мөнгийг халамжийг хавтгайрууллаа гэж үймүүлдэг. Энэ чинь халамжийн хуульд хамаагүй. Халамж биш. Яагаад хуулиа ойлгохгүй ингэж тайлбарладаг юм бол. Манай халамжийн тогтолцоо маш зөв гэж олон улсын санхүүгийн байгууллага болон хуульчид үздэг. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдийн ирээдүйд тустай, хөрөнгө оруулалт хийж байгаа өөр зүйл. Хүүхдийн мөнгө бол хүн амаа өсгөх гэсэн бодлого. Хоёрдугаарт, нэн хүнд амьдралтай хүүхдүүдээ дэмжих гэсэн бодлого. Гуравдугаарт, тухайн хүүхэд том болоод сургуульд сурахад хэрэглэгдэнэ. Сургалтын төлбөр нь хэд ч болж нэмэгдэх юм билээ. Энэ бол дэмжлэг. Гэхдээ энэ бол Засгийн газрын хийж байгаа ажил шүү.