Categories
мэдээ цаг-үе

Д.Дашпүрэв: Болж буй энэ явдлууд чинь хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл

Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлаачид “Хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна” гэж ярилаа. Энэ өөрчлөлтийг философичид хэрхэн тайлбарладаг вэ. Энэ ноцтой зүйл үү?

-Хүн гэдэг чинь сэтгэлтэй. Амьтанд ч сэтгэл бий. Хүн бол сэтгэлтэй байхаас гадна сэтгэхүйтэй. Та сая сэтгэц гэж дурдлаа. Сэтгэц гэдэг бол сэтгэхүйн бас нэг өөр үйлдэл, өөр үйл ажиллагаа. Сэтгэл бол хүний мэдрэхүй дээр суурилсан сэтгэлийн хөдлөлүүд л байгаа юм шүү дээ. Түүнийг психологичид судалдаг юм. Сэтгэл судлаачдын үүднээс үзвэл мэдээж хэрэг манай нийгэмд эрс өөрчлөлт гарсан учраас хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэхүй, түүгээр дамжаад зан заншил, зан чанарт эрс өөрчлөлт гарсан. 1990 оноос хойш аажуухан өөрчлөгдөөд явж байгаа юм. Манайх чинь нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжсэн. Тоталитари-Авторитари тогтолцоотой социалист орноос зах зээлийн Ардчилсан улс төрийн тогтолцоотой орон руу шилжиж л яваа юм. 30 жил шилжиж байна. Харьцангуй урт хугацаа өнгөрчихөж байна. Шинэ тогтолцоонд шилжих үе нь дуусах шатандаа орж байгаа нь үнэн. Гэхдээ бүрэн дуусч чадах эсэх нь одоогийн хүн төрөлхтний нийгмийн хөгжил, одоогийн олон улсын байдлаас хамаараад удааширч байгаа зүйл сүүлийн үед ажиглагдаж байгаа. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс болоод үнэт зүйлийн үнэлэмжийн чанар, үнэлэмжийн хэмжүүр гээд бүгд өөрчлөгдчихсөн.

Хуучин социализмын үед мэдээж нийтээрээ нэг л хэвийн амьдралтай, нэг л түвшний амьдралтай байсан. Яг үнэндээ олон улсын хэмжүүрээр үзвэл бүгдээрээ ядуу байсан гэж хэлдэг. Ц.Элбэгдорж эртээд ярилцлагадаа бас тэгж хэлж байна билээ. Тэр бол үнэн. Бүгдээрээ ядуу байсан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, өвөл, арваннэгдүгээр сарын үед Улаанбаатар хотод Австрийн гутал эмэгтэйчүүдэд зориулагдаж худалдаанд гардаг байсан юм. 800 төгрөгийн үнэтэй. Тэр гутлыг хотын сэхээтэн эмэгтэйчүүд, дунд тушаалаас дээд тушаалын дарга нарын авгайчуул авч өмсдөг. Тэр гутлыг өмсөөгүй эмэгтэй хүн их гунигтай. Хөөрхий амьдралдаа их сэтгэл дундуур үлдэнэ. Дээшээ хашгираад нэмэргүй, доошоо хашгираад нэмэргүй (Инээв.). Тийм нийгэм байсан байхгүй юу. Одоо бол өөрчлөгдсөн. Монголчуудын өмнө түмэн сонголт тавигдаж байгаа. Амьдралаа яаж ч авч явж болно. Амьдралдаа чи ямар үнэт зүйлийг сонгох юм, тэр чинь чиний өмнө байгаа. Чи л өөрөө сонголтоо хийнэ. Чи сонголтоо буруу хийвэл чиний л буруу. Сонголтоо зөв хийсэн бол чиний л зөв. Тэгэхээр зах зээлийн нийгэмд нэг золигийн юм байдаг нь мөнгө хэрэгтэй болдог юм. Мөнгө хэрэгтэй болохоор уг нь мөнгийг шударга аргаар олох ёстой. Хууль зөрчихгүйгээр олох ёстой. Гэтэл зөндөө хүн хууль зөрчдөг юм. Зөрчихөөс өөр аргагүй гэж өөрсдөө боддог юм. Тэгээд манай дарга, сайд, нийгэмд дээгүүр нисэж явсан улсууд өндөрт нисэж явсан шувууд далавч нь хугараад унаж ирж байгаа шиг хөөрхий Ганц худаг руу яваад шоронд сууж байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бас л болох ёстой үзэгдэл.

-Яагаад?

-Яагаад вэ гэхээр нийгмийн баялгаас тэгш хуваарилах явдал ерөөсөө хэцүү байдаг юм. Социализм тэгш хуваарилах гээд 70 жил ноцолдоод дийлээгүй, болдогггүй юм. Тэгш биш хуваарилахаар чадалтай, албан тушаалтай нь ахиухан шиг шүүрч аваад тэгээд хууль зөрчсөн нь шоронд ордог. Ийм л нийгмийн үзэгдэл явагдаж байгаа юм. Үүнд цочирдоод, сэтгэл санаагаар уналаа, муудлаа гэх юм байхгүй. Энэ бол зүгээр л хүний нийгэмд тохиолддог хэвийн үзэгдэл байхгүй юу.

-Тэгэхээр манай нийгэм туулах ёстой юмаа туулж, жамаараа яваа байх нь?

-Жамаараа л явж байна. Тэгэхдээ тэр жам нь хурдтай байж болно, удаашралтай байж болно. Удаашруулбал муу байгаа юм. Гэхдээ одооны Засгийн газар, төр, УИХ удаашруулах тал руу нь явж байна л даа. Саармагжуулж байна. Гэвч чөлөөт өрсөлдөөний хууль чинь маш хатуу шүү дээ. Хожвол чиний аз, хохирвол чиний хохь болдог учраас тэрийг зөөллөх гэж оролдож байна л даа. Зөөллөвөл буруутдаг юм. Хэцүү шүү дээ. Туулаад л гарахаас өөр арга үгүй.

-Дээхнэ үед хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод ялаа эдлээд гарч ирсэн ч хийсэн үйлдэлдээ гэмшиж, түүнээсээ ичиж, эмээдэг. Ял эдэлж байсан гэдгээ хүнд мэдэгдүүлэхгүйг хичээдэг байлаа. Гэтэл одоо гэмт хэрэг үйлдэж, хар тамхи хэрэглэсэн, авлига авч шоронд суусан хүмүүс суллагдаж гарч ирээд уран бүтээл, кино хийж, дуулж хуурдаад, шоронд суусан тухайгаа нийтэд зарлаж, түүгээрээ нэр хүндээ өсгөдөг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүн дээр хувь хүний ёс зүйн асуудал хөндөгдөнө, тийм ээ?

-Тэгнэ тэгнэ. Ёс зүйн асуудал хөндөгдөнө. Муу юманд холбогдоод, орон шоронд орсон улсуудыг бүгдийг нь буудчихаж болохгүй л дээ. Тэд хийсэн үйлдлээсээ ямар сургамж авснаа нийгэмд хэлнэ. Тэрийг нь хүмүүс сонсож болно, сонсохгүй ч байж болно. Тэр хүн тэр хийсэн үйлдлээрээ бахархаж болно. Зарим нь бахархахгүй байж болно. Бахархах нь муу гэдгийг оюунлаг хэсэг нь шүүмжилж л байх ёстой. Шорон тийм сайхан зүйл биш шүү дээ, хүн эрхээ хасуулна гэдэг чинь. Хүнд хамгийн үнэтэй зүйл юу вэ гэхээр эцсийн эцэст эрх чөлөө л байдаг. Эрх чөлөөгөө хасуулаад ялтан гэж дуудуулаад, шоронгийн харгалзагчид загнуулаад явж байх чинь тийм сайхан юм уу. Сайхан биш шүү дээ. Тэгсэн хүн гутахаас гадна зарим нь бусдыгаа бас адилхан болгох гэж хичээдэг байхгүй юу. Тэгээд нөгөөдхөө сурталчилж байгаа юм. Тэрэнд нь орохгүй байх ёстой, тэрнийг нь шүүмжлэх ёстой.

-Хувцасны моод цаг үе бүрд өөрчлөгддөг шиг философи ч бас өөрчлөгдөнө биз. Одоо манайд ямар философийн урсгал, чиглэл ноёлж байгаа вэ?

-1990-ээд оноос өмнө Монголд байна шүү дээ, 1921, 1922 оноос коммунист үзэл суртал ноёрхох болсон юм. 1940-өөд он хүртэл үзэл сурталжсан ойлголт л явж байсан. Харин 1940-өөд оны сүүлээс Монголд шинэ үеийн философийн ухаан үүсч, хөгжиж, хүмүүс мэргэжиж эхэлсэн юм.

-Шинэ гэв үү?

-Шинэ гэдэг нь Европын философи л байхгүй юу. 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлт хүртэл Монголын ард түмний философи нь Буддын философи байсан байхгүй юу. Шашны философи. Бурханд мөргөдөг, ертөнцөд нүгэл, буян ээлжилж байдаг, нүгэл хийвэл үйлийн лай нь ирнэ гэдэг. Энэ чинь Буддын философи. Гэтэл энэ философийг хаяад Марксист философийг авсан. Энэ философи нь XVIII зууны 40-өөд онд Баруун Европт үүссэн. Марксийн үеэс үүссэн юм. Тэрнийг XX зууны эхээр Оросын Коммунистуудын нэг хэсэг болох Волшвек коммунистууд Марксийн философийн ашиглаад Лениний философи, Ленинизм болгосон. Манайд 1940-өөд оны сүүлчээс 1990 он хүртэл Марксизм, Ленинизмийн философи ноёрхож байсан. Би ч гэсэн марксист философиор сурч, судалж, түүгээр мэргэшсэн хүн. Гэхдээ Марксист философи бол дэлхийн, баруун Европын философиудаас хамгийн муу, харгис философи нь байгаа юм. Хүмүүсийг бүгдийг нь эрх тэгш бай, бүгдээрээ адилхан бай, адилхан хувцасла, адилхан амьдар.Чи яагаад баяжих гээд байгаа юм гэдэг тэр философи 1990 он хүртэл ноёрхсон. Монгол үндэстний хувь заяа нь тэр байсан юм байлгүй дээ, чааваас.

Тэгээд 1990-ээд оноос орчин үеийн философиор явж эхэлсэн. Бид шинэ философи бүтээж байгаа юм биш шүү дээ. Бид орчин үеийн, соёлт хүн төрөлхтний баримталдаг, амьдралын олон янзын философиудтай хүмүүсээ танилцуулж байгаа юм. Хүмүүс тэр философиудтай танилцаад ирэхээр юмыг сайн ойлгодог болно. Гэхдээ 1990-2020 он хүртэл бид философийг нэг их ярихгүй, сонирхохгүй байгаа нь бас философичдын хувьд зориудаар сүр болгодоггүй юм. Яагаад вэ гэвэл хуучин философи нь мартагддаг. Тэр муу юм чинь мартагдахгүй бол шинэ юм орж ирэхээр муугаар ашигладаг. Шоронд орчихоод тэрнийгээ гайхамшиг болгож ярьж байгаатай нь адилхан болдог байхгүй юу.

-Залуус “50+ насныхан нас барсны дараа энэ нийгэм цэвэршинэ” гэж яриад байгаа?

-Горьдов оо! 50+ чинь өөрийнхөө орчин тойрныхноо оюун санаа, сэтгэл, үзэл бодол, үнэт зүйлийг нь бохирдуулаад, буртаглаад хамаг муу муухай юмнаасаа болохын хэмжээгээр наагаад үхдэг байхгүй юу. Тэгэхээр бас л тэдний хойноос явдаг л юм. Тийм учраас харин нийгмийг хуучин үзэл суртал, хуучин философи, хуучин шашны хоцрогдсон үнэт зүйлсээс салгахын төлөө тасралтгүй тэмцэж байх ёстой. Тэгж л байж ариусна. Түүнээс биш ариусахгүй. Ардчиллын төлөө идэвхтэй явж байсан хүмүүс хөрөнгөнд шунаад хууль зөрчөөд шоронд ороод байна шүү дээ. Ямар сайн байх юм. Энэ чинь нөгөө муугийн нөлөөлөл тусчихсан байхгүй юу. Баяжих хэрэгтэй, болно. Хөрөнгөжих хэрэгтэй, болно. Гэхдээ хууль зөрчиж болохгүй. Шударга өрсөлдөөн, шударга хөдөлмөр, шударга бизнесээр хөрөнгөжих ёстой.

-Монголчууд нэг үеэ бодвол бие биедээ тусалж, сайн үйлсэд нэгнээ уриалж, хамтдаа мод тарьж, ойд мод, гол усаа цэвэрлэдэг боллоо. Энэрэнгүй болж эхэлж байна уу?

-Буддын шашинд сайн юм зөндөө бий. Марксизмд сайн юм зөндөө бий (Инээв). За юу. Бүгд хар биш. Сайныг нь тусгаад саарыг хаяад л явах ёстой. Их шашинлаг байвал муу байдаг юм шүү дээ. Шашин чинь шашин шүү дээ. Бүгдээрээ философилог байвал тийм ч сайн биш. Философи чинь бас л нэг төрлийн хүний сэтгэл санаа, оюун ухаан дээр ажилладаг мэдлэгийн салбар шүү дээ.

-“Монголын философичдын өв” номын нээлт болж байна. Номны нэрнээс харахад Монголын философичид хойч үедээ үлдээх философитой юм байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол философийн өв гэдэг бол дэлхийн сонгодог философийн сонгодог бүтээлүүдийг л философийн өв гэж ярьдаг юм. Манайхан 1990 он хүртэл Марксизмд суралцаад Марксист философичид байсан юм. Тэрэн дотор гайхамшигтай сайхан өв гээд байх юм байхгүй ээ. Энэ зүгээр л төөрөгдөл. Дээр үед намайг Москвагийн Нийгмийн ухааны академид суралцаж байхад манай багш Евгений Петрович Ситковский “Манай Зөвлөлтөд хүнийг үхсэн хойно нь некрологийг нь ямар гоё хийдэг болсон гэж бодно вэ” гэж ярьж билээ. Үхсэн хойно нь “Тэр хүн үхээгүй байсан бол ямар үнэтэй, цэнэтэй мундаг хүн байсан юм бэ” гэдгийг некрологид нь бичдэг байхгүй юу.

Тэрэн шиг тэрний инерцээр манайхан гайгүй сэхээтэн хүн өнгөрчихөөр танилууд нь тэр хүнийг жигтэйхэн мундаг хүн болгоод л, ном гаргаад л… (Инээв). Тэрний л инерц байхгүй юу. Тийм сүртэй юм байхгүй. Бид 1990-ээд он хүртэл гайхамшигтай философи бүтээгээгүй ээ. Үнэнээсээ л хэлж байна. Энэ бол зүгээр л шоу. Шоу бизнес.

-Ажил дээр гарч байгаа одооны залуус ажлын байран дээрээ гологдож байна, нэг газраа тогтохгүй байна гэж шүүмжилдэг. Ер нь нэг газраа удаан ажилладаггүйн цаад шалтгаан юу байдаг юм бэ?

-Хуучин нийгмийн уламжлал байгаа, хүмүүст. Одоо үеийн залуусын сайн тал руугаа явж байгаа нь юу вэ гэхээр өөрийн би-г ойлгож байгаа. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байгаа. Тэгээд өөрийнхөө үнэ цэнийг доромжлуулах дургүй болж байгаа. Тэр нь сайн хэрэг. Түүнд сонголт байна. Та нарын үед сонголт байна. Миний үед үхтэлээ загнуулаад, аль л муу муухайгаараа дуудуулаад маргааш нь ажилдаа ирэхгүй бол бүр ажилгүй болдог байлаа. Тийм учраас маргааш нь ажилдаа ирж өөрийн би-гээ хог дээр хаяж байсан байхгүй юу. Одоо бол та нар эрхбиш өөрийн би-гээ халаасандаа хийчихсэн яваа байх. Одооны залуус өөрийнхөө би-г өөрийнхөө толгойд, өөрийнхөө сэтгэлгээнд, өөрийнхөө ёс суртахуунд, өөрийнхөө үнэлэмжинд хийчихсэн байна шүү дээ. Тэгэхээр тийм хүнийг доромжилж болохгүй. “Уучлаарай, би танайд байх ямар албатай юм. Би өөр хаанаас ч гэсэн хэдэн төгрөг олчихно”. Ингэж хэлээд л ажлаасаа гарчихаж байгаа юм. Энэ нь сайн шүү дээ. Өөрийгөө үнэлж чадаж байгаа байхгүй юу.

Тэр хүний хөдөлмөрч, тууштай чанарыг өөрийг нь шүүмжлэхэд, өөрийгөө доош нь хийж байгаагаар үнэлж болохгүй. Хүн тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж ажилладаг, сайн сайхны төлөө өөрөө хамаг хүчээрээ өрсөлдөөн дунд явж ялж гардаг. Тэр сайн чанар. Түүнээс биш өөрийгөө доромжлуулаад, өөрийгөө доош нь хийлгээд, нусаа татаад явж байгаа нь сайн биш. Харин ч идэвхгүй байдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *