Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Данзан: Гэгээрэлд хүрэх нь энгийн дадлаас л эхэлнэ. Тийм хэцүү зүйл биш шүү дээ DNN.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.


-Тантай өнөөдөр гэгээрлийн талаар ярилцах гэсэн юм. Гэгээрлийг их том зүйл гэх түгээмэл ойлголт бий. Таны онцолж байгаагаар бол энгийн зүйлээс эхэлдэг юм шиг?

-Гэгээрэл гэдэг өөрөө өргөн ойлголт. Бурхан багшийн утгаар ойлговол хүрэхэд бэрх.Бурхан багшийг гэгээрсэн гээд яг ижил гэгээрэх тухайд бол өөр асуудал. Энэтхэгийн нэгэн хаант улсын хааны гэрт мэндэлсэн Сиддхарта Гаутама гэдэг ханхүү 29 наснаасаа эхлэн зургаан жил бясалгаад гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрэл бол төгс гэгээрэл бөгөөд мэдлэгийн талаас нь хэлбэл мэдэж болох бүгдийг мэдсэн, сэтгэлийн талаас нь хэлбэл хүнд байдаг 84 мянган муу хорт сэтгэлээс ангижирч сэтгэлээ төгс ариусгаж чадсан гэсэн үг. Ингэж гэгээрсэн бодит хүн гэвэл Нагаржуна хутагт, Мял богд нар гэдэг. Хүн бүрд ингэж гэгээрэх боломж заяагдмал байдаг гэж Бурхан багш айлдсан нь бий.

Бидний яриад байгаа гэгээрэл бол үгийн хувьд энэ гэгээрэл мөн бөгөөд утга санааны хувьд ийм гэгээрэлд зорин тэмүүлэхийг голлон ойлгож байгаа юм.

Бидний 2018 онд байгуулсан Нийгмийн гэгээрлийн холбоо “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөө” гэсэн уриатай нийгмийн гэгээрлийн 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Бурхны сургаалд “Хутагтын найман зөв” гэж бий. Энэ найман зөвөөс бид эхний ээлжинд нийгмийн зорилго болгон гурван зөвийг сонгож аваад, энэ зүгт олон түмнээ, нийгмээ бүхэлд нь уриалан ажиллаж байгаа юм. Тэгэхээр “зөв бодол”, “зөв үзэл”, “зөв тэмүүлэл” гэдгийг зорино гэдэг хүршгүй бэрх зүйл биш л дээ. Энгийнээр тайлбарлавал, хулгай худалгүй буюу бие, хэл, сэтгэлийн арван хар нүглээс ангид амьдрах нь зөв үзэл, аливаад хар амиа хоохойлж биш, олноо, нийгмээ бодож тусын сэтгэлтэй амьдрах нь зөв бодол, зөв сайн үйлс буюу өглөг өгөх, туслах, хайрлах, энэрэх зэрэг буянтай сайхан үйлсийн зүгт сэтгэлээ хандуулж сураад, түүнийгээ үргэлж санан, улам бататган, өдөр, хоног, хором бүрийн ердийн хэвшил болгон өөртөө дадуулах гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэл, чармайлт бол зөв тэмүүлэл юм.

-Зөв тэмүүлэл гэдэг нь?

-Зөв тэмүүллийг товчоор хэлбэл буруу мууг ямагт тэвчиж, зөв сайнд зорих чармайлт юм.

Уужуу ухаантай, нүүдэлчний соёлоосоо салчихаагүй байгаа, дээдсийнхээ үг сургаалыг дуулгавартай сонсдог, өвгөд хөгшдөө бусад орнуудтай ижил Асрамжийн газарт аваачиж өгөөд амьдын хагацалд унагалгүй насан туршид нь хамт байж, асарч тойлж, өргөж байдаг монгол хүнд дээрх гурван зөв язгуураасаа байдаг. Энэ цагийн нийгмийн араншинг дагаад мартагдах тийшээ болчихоод байгаа. Дээр онцолсон гурван зөвөө хүүхэд, залуустаа сануулах, ухааруулах замаар нийгэм даяараа сэргэхийн төлөө монголчууд бид бүгдээрээ хамтраад энэ зүгт зүтгэвэл тийм ч хэцүү ажил биш байх аа.

-Ахмадыг хүндлэх ёс алдагдаад байх шиг. Нөгөө талд ахмадууд нь ч хойч үедээ сургадаг явдал бүдгэрээд байна л даа?

-Өнөөдөр ахмадууд нь үг сургаалаа хэлж, хүүхэд, залуус нь сонсдог байдал огт арилчихаагүй байна. Монгол ген арилаагүй цагт арилахгүй. Гэвч цагийн өнгө аяс, гаднын элдэв нөлөө, бусдыг ямагт өөрсдөөсөө дээгүүр тавин даган дуурайдаг, Монгол гэсэн бүхнээ, бүр монгол хүнээ хүртэл доогуур үздэг, үл тоодог буруу хандлага газар авч байгаа нь үнэн. Үүнд төр, засаг ч, ахмад үеийнхэн ч буруутай. Хүүхэд бол хүүхэд л байдаг. Шинэ сэргэг юмыг сонирхож дуурайх нь хэвийн үзэгдэл. Энэ байдал газар авах янзтай болоод ирэхэд төр ч, ахмадууд ч дуугүй хараад сууж огт болохгүй. Бага дээр нь засаж авахын төлөө сэтгэл гаргах ёстой. “Өнөөгийн хүүхдүүд ч үг авахгүй биз дээ, би ч өнгөрсөн амьтан даа” гэж бодоод дуугүй явах янзтай болж. Хүүхэд, залууст маань ч “Энэ хөгшид хоцрогдсон, эдний сургаал гэж юу байхав” гэх хандлага илтэд бий болжээ.

Энэ бол тун буруу хандлага. Үүнийг засах ёстой. Үүнд ахмадууд эхэлж дуугарах нь зөв. Эрхбиш уламжлал байна, эрх, үүрэг байна. Гудамжинд охид, хөвгүүд тамхи татаад зогсож байх нь хичнээн муухай харагдаж, дургүй хүрч байвч “Миний хүүхэд биш юм чинь” гэх аминч муу бодолтой өнгөрч огт болохгүй. Миний тухайд очоод л “Охин минь, хүү минь чи тамхиа хаячих” гээд тамхины хорын тухай мэдэх бүхнээ хэлдэг. Зарим нь “Уучлаарай өвөө, би дахиад хэзээ ч татахгүй” гээд тамхиа хаядаг. Хариуд нь би “Монгол хүнд тангараг гэж нэг юм байдаг. Чи бид хоёр дахиж таарахгүй, чамайг би шалгаж чадахгүй. Гэхдээ чи амлаж байгаа тул би түүнийг чинь тангараг гэж ойлгоё. Тэгэхээр хоёулаа гар барьчихъя” гээд гарыг нь бариад духан дээр нь үнэрлэдэг. Илтэд дургүйцэх нь ч бий. Тийм хүүхдүүдэд би ч бууж өгдөггүй. Ярьсаар байгаад л буулгаж авдаг. Эндээс би хүүхэд, залуус маань хүний чин сэтгэлийг ойлгодог, хүний үг авдаг хэвээрээ байгааг мэдэрч, өөртөө их урам авдаг юм. Ахмад хүн бүр ингээд байвал болохгүй бүгдийг хуульгүйгээр засаж чадна гэж боддог. Ахмадууд ахмад шиг байж чадвал залуус үг авна.

Тэд ухаантай, өөрийнх нь төлөө хэлж байна гэдгийг ойлгоно. Ингээд залуус маань ахмадаа хүндэлдэг, дээдэлдэг, тэднээсээ асуудаг, айдаг эмээдэг болоод эхэлнэ. Хараа хяналтаас гадуур чөлөөтэй байгаа үедээ жаахан буруу байдалтай байгаа хүүхэд, залуустаа ахмад хүн бүр “Энэ миний хүүхэд, миний ач, зээ биш” гэсэн аминчхан бус “Миний л хүүхдүүдээс ялгаагүй” гэдэг тэгш сэтгэлээр хандаад хэлэх ёстойг хэлээд, биеэрээ үлгэрлээд байх нь тийм ч хэцүү ажил биш биз дээ. Энэ чинь л энд онцлоод байгаа “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл” байхгүй юу. Ер нь нийгмийн гэгээрлийн төлөөх ажил бол аль нэг байгууллага, цөөхөн хүний биш гүйцэтгэх ажил биш. Хүн бүрийн хамтын зүтгэлээр бүтэх ариун үйлс юм.

-Энэ ажлыг эхлэх энгийн зүйл нь юу вэ. Хувь хүн өөртөө ямар дадал суулгах вэ?

-Өглөө ажилдаа гарахдаа би өнөөдөр хэн нэгэнд уурлахгүй, ам мурийхгүй, буруу зүйл хийхгүй, зөв сэтгэлтэй явна гээд өөртөө амлачих хэрэгтэй. Өдөр ажлынхаа завсраар цай ууж суухдаа өнөөдөр би хүнд уурласан бил үү, буруу зүйл бодсон бил үү, хэн нэгнийг буруутгал уу гээд дүгнэлт хийчих. Буруу зүйл хийгээгүй бол үүнээсээ урам аваад л явна. Эхлээд ийм энгийн зүйлийг л өөртөө дадал болгочих хэрэгтэй.

-Хүн гэгээрч байгаагаа яаж мэдэх вэ. Үүндээ ямар шалгуур тавих вэ?

-Хүн “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй болж байгаагаа мэдэлгүй яах вэ. Ялихгүй зүйлд л уурлаж, хар буруу зүйл санаж бусдад атаархаж явдгаа больж байгаагаа анзаарна шүү дээ. Өвчин зовлонтой нүүр тулж шаналж байгаа хэн нэгэнд өөрөөсөө хэдхэн төгрөг илүүчлээд, хажуугаар нь ойр тойрныхондоо уриалчих. Бусдад тусалсандаа таны сэтгэл баярлана. Энэ чинь л гэгээрч байгаагаа мэдэрч байгаа хэрэг мөн шүү дээ. Ийм л энгийн зүйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *