Categories
мэдээ үндэсний-бөx

Д.Данзан: Допингийн нөлөөгөөр үндэсний бөхөөр хичээллэж буй олон мянган залуус хохирч болохгүй || DNN.mn

Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн, МУСГЗ, Физикийн ухааны доктор (Ph.D) Довдонгийн Данзантай ярилцлаа.


-Р.Нямдорж гуай та хоёр МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байх үед үндэсний бөхөөр хэд орчим залуус хичээллэж байв. Энэ талаар танд судалгаа байгаа байх?

-Үндэсний бөхийн тамирчдыг бэлтгэдэг гурван ч дээд сургууль байлаа. 21 аймаг 365 сумтай. Аймгийн наадамд 128-256, сумын наадамд 64-128 бөх барилддаг. Ингээд тооцоход 30 орчим мянган бөх барилдаж байна гэсэн тооцоог гаргаж байсан. Энэ дунд амны хүүхдүүд ч бий.

-2000-аад оны эхэн үед бөхчүүд байгалиас заяасан биеэрээ уран, хурц барилдаан гаргадаг байж. Үзэгчид ч үндэсний бөх рүү хошуурна. Өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр байна л даа. Нэмэлт тэжээл, допингийн нөлөөгөөр бөхчүүд хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг болжээ. Уран тансаг барилдаан ховор болсон байна. Үзэгчид ч сонирхохоо больсон юм уу гэх хандлага анзаарагдах юм. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-1970-аад оны үед Ч.Бээжин аварга гэж жигтэйхэн уран барилддаг хүн байж. Дархан аварга Д.Цэрэнтогтох, заан Д.Мягмар, харцага Ч.Өвгөнхүү гээд бөхчүүд уран дайчин барилдана. За тэгээд шинэ мянган гарахад зургаан залуу зааны өрсөлдөөн үзэгчдийг татдаг байлаа. “Жижиг” Сүхбат уран барилдана. Дээхнэ үед барилдаан ховор болдог байсан тул бусдынхаа барилдааны арга барилыг мэдэхгүй учраас мэхээ өрсөж хийгээд л хаях нь хаяад, унах нь унаад явдаг байж л дээ. Өнөөдөр долоо хоног бүр барилдаан болж байна. Бие биенийхээ барилдааныг маш сайн судалдаг болж. Бөхчүүд барилдаан бүрд л давахын төлөө зүтгэж байгаа. Ингэхлээр уран барилдаан ховордож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бөхчүүдийг шүүмжлээд, муу хэлээд байх аргагүй. Давахын төлөө барилдаж байгаа учраас юу ч хамаагүй хийгээд унахыг бодохгүй шүү дээ. Гэтэл бөхчүүдээ элдэв янзаар л хэлдэг. Холбооны дэд тэргүүнээр ажиллаж байхдаа бөхчүүдээ өмөөрч их бичдэг, ярьдаг байлаа. Нэг зүйлийг онцлоход, аль ч цаг үед цөөн тооны төрөлхийн мах мариатай бөхчүүд барилдсаар л ирсэн, сүүлийн үед байнгын бэлтгэл, барилдааны дүрэм зэрэгтэй холбоотойгоор бөхчүүд их жинтэй болж байгаа нь ч үнэн.

-Сүүлийн 10 жилд бөхчүүд уураг, цаашлаад допингийн төрлийн бодис нийтлэг хэрэглэдэг болжээ. Энэ нь бөхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байх шиг.

-Ер нь допингийн эсрэг тэмцэл бол тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын шударга өрсөлдөөний нөхцөлийг хангахад л чиглэдэг юм шүү дээ. Тийм болохоор допингийн хор хөнөөлтэй холбоотойгоор судалгаа хийж цуврал нийтлэл бичиж, ном гаргаж байлаа. 2005, 2006 оны л үед тэр. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ нэвтэрч эхэлж байсан үе. Нэмэлт бүтээгдэхүүн уургийн тухайд допингоос тусдаа асуудал. Мууг нь ялгаж үлдээгээд, эрүүл мэндэд тус дэмтэйг хэрэглэх нь тухайн хүний ухамсар, хариуцлагатай холбоотой. Үнэн сэтгэлээсээ жигшээд явж байгаа бөхчүүд ч олон бий. Биднийг бөхийн холбоонд ажиллаж байхад улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар орж ирээд “Допингийн эсрэг арга хэмжээ авахгүй бол барилдахад хэцүү байна” гэдгээ илэрхийлж байлаа.

Барилдаж байгаа улс нь допинг хэрэглээд байгаа нь тэдэнд мэдрэгдээд байж л дээ. Бидний тухайд тухайн үед өөрсдийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ аваад л явж ирсэн. Бөхчүүдийн дунд соён гэгээрүүлэх ажил ч мундахгүй хийсэн. Би гэхэд “БӨХ” сониндоо 2006 оны сүүл үеэр дараалсан гурван томоохон нийтлэл бичиж, допингийн төрлийн бодисын жагсаалтыг дахин дахин гаргадаг байлаа. Доктор О.Амарцэнгэлээр бөхчүүддээ допингийн асуудлаар лекц уншуулж байлаа. Ч.Санжаадамба тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл допингийн эсрэг тууштай тэмцэж, энэ талын хүчтэй дуу хоолой болж яваад нь хувийн зүгээс талархдаг юм.

-Улсын наадамд барилдсан 512 бөхийн 16-г нь допингийн шинжилгээнд хамруулахад 3-4 бөх асуудалтай гарч байна. Энэ нь үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрсныг харуулж байх шиг. Үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж байгаа олон мянган залуусын эрүүл мэндэд эрсдэл учирч байна уу гэх айдас төрж байна.

-Хортой учраас л дэлхий нийтээр хорьж байгаа юм. Допингийн нөлөөгөөр уралдааны замд нас барсан дугуйчин байдаг. Штангаа өргөж байсан тамирчны гар хугарсан жишээ ч бий. Энэ бүгд допингийн хэрэглээний гор. Үндэсний бөхөд допингийн хэрэглээ даамжирвал ийм л зүйл тохиолдоно. Цаашлаад допингийн хэрэглээ янз бүрийн хорт хавдруудын суурь ч байж болно. Үндэсний бөхөөр хичээллэж яваа эрүүл чийрэг залуус маань үүнд хордоод байвал юу болох вэ. Залууст допингийн нөлөөгөөр янз бүрийн өвчин тусаад байвал эмгэнэл шүү дээ. Мөн допингийн төрлийн бодис үргүйдэлд хүргэдэг. Бөхчүүд удам дамжиж барилддаг шүү дээ. Цаашид энэ их өв соёлыг хэн тээж авч явах вэ. Допингийг үндэсний бөхөөс нэн даруй л арилгах шаардлагатай байна. Өнөөдөр сумын цолтнуудын барилдаанд 600 гаруй бөх барилддаг. Нэгэн том цолтой бөхтэй уулзахад “Өнөөдөр захын сумын заан залуутай барилдахад л маш хатуу болсон” гэж онцолж хэлж байсан. Залуус маань “Би улсын наадамд шөвгөрөх биш” гэсэн хандлагаар янз бүрийн юм хэрэглээд байх вий дээ гэж санаа зовох юм.

-МҮБХ-ны удирдлагууд допингийн эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг. Гэсэн ч хэрэглээ байсаар л байна шүү дээ.

-МҮБХ-ны зүгээс тууштай тэмцээд л байна. Допингийн эсрэг үндэсний төвд асуудал байна гэж ярих юм. Энэ байгууллагын үйл ажиллагаа их далд хэлбэрт, хаалттай байдаг бололтой. Допингийн эсрэг байгууллага БНСУ-аас ирсэн шинжилгээг задлахдаа сэтгүүлчдэд нээлттэй байх хэрэгтэй гэж боддог юм. Сэтгүүлчид ч үүнийг шахаж шаардаасай гэж хувийн зүгээс уриалж байна. Хүний нэр төртэй холбоотой л гэдэг. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг өнөөдөр зарлах, маргааш зарлах ямар ч ялгаагүй биз дээ.

-Допингийн төрлийн бодис борлуулдаг сүлжээ байдаг талаар бөхчүүд ил далд хэлбэрээр ярьдаг. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-Допинг оруулж ирдэг, бизнес болгодог нөхдүүд байх шиг байна. Бөхчүүд өөрсдөө үүнийг илчлэхгүй болохоор нь гайхдаг юм. Хэдхэн бөхийн клубээр яваад л зарж байхад нь яагаад бариад авч болдоггүй юм бэ. Залуу бөхчүүдийн толгойг эргүүлж, янз бүрийн төрлийн хортой бодис зараад байгаа хүмүүсийн үйлдлийг нэн даруй таслан зогсоох ёстой гэж боддог. Энэ нь цаагуураа үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй байж болох асуудал. Янз бүрийн допингийн төрлийн бодис хилээр оруулж ирэхэд ч хатуу хяналт тавих хэрэгтэй. Манайхан зах зээлийн нийгэм гэж орчуулсан. Үүнийг чөлөөт эдийн засгийн нийгэм гэж орчуулах хэрэгтэй юм шиг. Ашиг олохын тулд чөлөөт эдийн засгийн талбарт чөлөөтэй ажиллана. Ашгийг ариун цагаан хөдөлмөрөөр олж болно. Хамгийн муу нь хүн хорлож олдог юм байна. Үүний нэг нь допингийн бизнес. Допингийг хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэх ухуулга ч хийдэг байна. Энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон. Энэ ашиг хонжоо хайсан хүмүүс бөхийн спортоор хичээллэж байгаа залуусын эрүүл мэндийг хорлоод байна шүү дээ. Бөхчүүд маань ухамсартай, хариуцлагатай байж элдэв төрлийн зүйлээс хол байх хэрэгтэй.

-Допингийн төрлийн бодисын мэдлэггүйгээс шалтгаалж нэр, төр эрүүл мэндээрээ хохироод үлдэх тохиолдол байгаа нь анзаарагддаг.

-Гэнэдэж байж болно. Хүчний багш нар нь ч юм уу итгэл хүлээсэн нэг нь допингийн төрлийн бодис санал болгодог. Тухайн бөх хар муу саналгүй өнөөхийг нь хэрэглэчихдэг. Ингээд л асуудал үүсч болно. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа бол идэж, хэрэглэж байгаа зүйлийнхээ талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай цаг үе ирсэн. Үүнээс гадна бөхчүүд бэртэл авна. Бэртэлдээ ямар эм тан хэрэглэснээ эмчээр бичүүлж авах ёстой. Наадмаар тав даваад допингийн шинжилгээнд хамрагдахад ямар эм тан хэрэглэснээ бичиж өгдөг журамтай. Бөхчүүд маань юу ч хэрэглээгүй гээд л бөглөчихнө. Гэтэл шинжилгээний хариу асуудалтай гараад ирдэг. Ингээд л асуудал үүснэ. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлийнхээ жагсаалтыг шинжилгээ өгөхдөө авч очоод үзүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд анхаарч үзэх журам бий. Манайхан хариуцлагагүй, хэнэггүй байдлаасаа болоод үүнийг тоодоггүй, тэгээд л хохирдог.

-Допингийн зөрчлийн асуудалд хариуцлага тооцоход хууль эрх зүйн орчин асуудалтай байх шиг. Бөхчүүдийн дунд допингийн хэрэглээ түгээмэл байгааг үүнтэй холбож тайлбарлах хүмүүс ч байдаг шүү дээ.

-Энэ асуудалд улстөрчдийн гар орж завхруулдаг муухай жишиг бий. Заримд нь огт арга авч чадахгүй, заримд нь ёс төдий, заримд нь хуулийн дагуу зохих хариуцлага тооцох жишээтэй. Допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөөд л зогсож байсан хүүхэд маргааш нь допингийн шинжилгээний хариу зарлах болоход “Намайг хорлож байна. Би допинг хэрэглээгүй” гээд л босоод ирнэ. Хэн нэгэн улстөрч үг зааж өгөөд явуулж байгаа нь тэр шүү дээ. Асуудал цэгцрээд хэн нь ямар хариуцлага хүлээх нь тодорхой болчихвол улстөрчид гараа татна. Хоёрдугаарт бөхчүүд өөрсдөө хэн нэгэнд найдахгүй, гэнэдэхгүй болно.

-Үндэсний бөхөд хавтгайраад буй допинигйн хэрэглээг арилгах хамгийн оновчтой шийдлийг та юу гэж үзэж байна вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай. МҮБХ төслөө өргөн барьсан байна. Хуульд энэ асуудлыг их тодорхой заах ёстой. Тэгээд олон улсын журамд нэгдчихвэл нэг мөр шийддэг шударга ёс тогтоно. Допингоос ангижирч, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах нэг сайн арга нь явцын шинжилгээ. Бид ажиллаж байхдаа бөхчүүдээс явцын шинжилгээ аваад, арга хэмжээг гаргасан журмынхаа дагуу аваад явж байлаа. Одоогийн удирдлага энэ ажлыг үргэлжлүүлэх байх. Жилд 5-6 удаагийн шинжилгээ л аваад байж болно. Зардал, санхүүжилтийг нь ямар нэг аргаар шийдээд, допинг илэрсэн бөхчүүдээр нь төлүүлдэг байж болох шүү дээ. Ийм гарц гаргалгаа байж болно. Энэ тохиолдолд хэн нэр төрөөрөө хохирохыг хүсэх билээ дээ. Допингийн хэрэглээ аяндаа л цэгцэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *