Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, МУСГЗ, доктор Д.Данзантай ярилцлаа.
-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (уржигдар) Засгийн газраас хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхдээ допингийн асуудлаар олон нийтээс санал авна. Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэх утгатай мэдэгдэл хийсэн. Та Монголын үндэсний бөхийн холбоонд олон жил ажилласан хүний хувьд энэ талаарх байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Юуны өмнө хэлэхэд Д.Амарбаясгалан сайд яг авахгүй гэсэн утгаар хэлээгүй шүү. Олон нийтийн санал авах тухай л ярьсан. Энэ зөв. Яагаад гэвэл манай зарим хүмүүс үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах шаардлагагүй гэж ярих нь бий. Иймд олон нийтийн саналыг аваад мухарлах нь дээр. Дахиж ийм юм ярихгүй болно шүү дээ. Ингэж хэлэхийн учир нь хэрэв олон нийтээс үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй байх асуудлаар санал авбал үүнийг дэмжих хүн бараг гарахгүй гэдэгт би баттай итгэж байна. Тухайлахад, бөхчүүдээс эхлээд үүнийг огт зөвшөөрөхгүй. О.Хангай аварга “Хэрэв тэгвэл бөхөө барилдахаа болихоос өөр аргагүй” гэж байна лээ. О.Хангай аварга ухаандаа тийм зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй гэдгээ хэлж байна шүү дээ. Тэгэхээр ид залуу насандаа яваа сайхан бөхчүүд барилдахаа болих зам руу орно. Тэгээд монгол бөх гэдэг өв соёл байхгүй болно. Нөгөө талаас олон улс үндэснийхээ спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаггүй жишээ ярьж байна. Бид олон улсын юм болгоныг дууриах албагүй. Монгол Улсад өөрийн гэсэн онцлог, ондоошил гэж юм байх ёстой. Үүнийг саналаа өгөх олон түмэн мэднэ. Допингийн хор холбогдлыг тамирчид байтугай жирийн хүн ч сайн мэддэг болчихсон шүү дээ.
Бас нэг сайн мэдээ нь 32 бөхөөс шинжилгээ авахад нэг л бөхөөс илэрлээ шүү дээ. Энэ бол манай бөхчүүд допинг хэрэглэж болохгүйг бүрэн ойлгочихсон байгаагийн шинж. Өмнө нь 16 бөхөөс авахад 3-4 гарчихдаг байсан.
-Допинг хэрэглэх нь ямар хор хохиролтой вэ?
-Допинг хэрэглэсэн дугуйн тамирчин уралдааныхаа замд нас барсан тохиолдол бий. Хүндийн өргөлтийн тамирчин штангаа өргөж байгаад гар нь хугарсан баримт ч байдаг. Дэлхий дахин допингийг эсэргүүцээд байхад бид дэлхийн нэг эд эс юм бол, дэлхийн нэг л бүрэлдэхүүн юм бол бас л эсэргүүцэх ёстой. Монгол бөх маань манайд хөгжиж буй бөхийн төрлийн бүх спортын үндэс суурь болдог. Монгол бөхөөрөө барилддаг бөхчүүд л чөлөөт, жүдо, самбоор барилддаг. М.Лхагвагэрэл заан дэлхий, олимпод амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа. Үндэсний бөхдөө аварга, арслан болохын төлөө зүтгэж байгаа. Тэгэхээр М.Лхагвагэрэл ухаандаа түүнийг хэрэглэж болох уу.
-Болохгүй л дээ.
-Болохгүй байгаа биз. Миний хэлэх гол зүйл манай үндэсний спорт манайд хөгжиж байгаа дэлхийн олон спортын суурь болдог. Бусад улс гүрэнд байдаг үндэсний гэх спортуудтай огт адил биш. Дахин хэлэхэд Д.Амарбаясгалан сайд шууд болиулъя гэж хэлээгүй. Хүний хэлсэн үгийг бид зөвөөр ойлгох хэрэгтэй. Ард түмнээс санал асууя гэсэн. Тэгвэл ард түмэнд тийм үзэл бодол байхгүй гэж би бат итгэж байгаа. Тийм учраас тэгж бардам хэлсэн байх гэж бодож байна.
-Олимпод цагаан тугийн доор орох эрсдэл үүссэн байгаа энэ үед ийм шийдвэр гарвал манайд хэрхэн нөлөөлөх вэ?
-Дээд зэргийн муугаар нөлөөлнө. Б.Бат-Эрдэнэ сайд өөрөө тамирчин хүн. Допингийн асуудлаар маш шаргуу ажиллаж байгааг би сайн мэдэж байна. Хууль дүрмийг нь дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлээд, спортын тухай хуульд тусгай бүлэг оруулах гээд ажиллаж байгаагаа хэлж байна лээ. Тэгэхгүй бол болохгүй. Энэ чинь цаг авдаг ажил шүү дээ. Зөндөө ахиц гарч байгаа юм байна лээ. Допингийг оруулж ирдэг сүлжээг уг үндсээр нь тасалж болно. Хил, гааль, тагнуултайгаа хамтраад энэ ажлыг Спортын хороо, Олимпын хороо хийж байгаа гэж ойлгож байна. Энэ бүгдээ ном ёсоор нь болгоод Дэлхийн допингийн эсрэг байгууллага, ОУОХ-ндоо мэдэгдэх бололцоотой гэж бодож байна.
-Нөгөө талаас Допингийн үндэсний хороо бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, сорьцыг сольдог гэх мэт мэдээлэл явлаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?
-Би тийм зүйл байхгүй гэж бүрэн итгэдэг хүн. Гэтэл таагүй мэдээлэл гарсан нь даанч харамсалтай. Үүнийг хуулийнхан шалгаад, эцэслэн тогтоох байх. Тэр болтол юу ч хэлэх боломж алга. Одоогоор хардлага, таамаглалын төдий л байна шүү дээ. Хэрэв хардлага үнэн байвал мөн ч харамсалтай юм болно доо. Жилийн өмнө 38 бөхийн тухай шуугиад намдсан, тэр илрэх байх, завшсан, хохирсон бөхчүүд ч олноор гарах байх. Энэ төр засаг чинь шударга бус бүхнийг хайр найргүй илчилж, засах гээд зүтгээд байна шүү дээ.
С.ОТГОНБАЯР