-Галд түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал тааруу байна-
Тэр охиныхоо амийг аварч чаджээ. Аврал эрэн хашгирах бээлийн чинээ нялх охиноо дүрэлзэн асах улаан гал дундаас аварч чадсан байна. Хэдхэн минут, секундын хугацаа алдсан бол Д.Дамиран гэх залуу охиноо үүрд алдах байжээ. Азаар саравчныхаа мухраас гарч ирээд л гэр нь шатаж байгааг харсан гэнэ. Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны VIII баг дээд Жаргалантын “Богино салаа” гэх газар өвөлжиж байсан иргэн Д.Дамирангийн зуух дэлбэрснээс болж энэ сарын 2-нд гал гарч, гэр нь шатсан байна. Галд түлэгдсэн аав, охин хоёрын биеийн байдал тааруу байна. ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Долоон настай Д.Үүрцайх охины биеийн 90 гаруй хувь нь түлэгджээ. Харин Д.Дамирангийн нүүр, хоолой, гар, баруун хөл түлэгдсэн байна. Мөн хоёр нүд нь юм харахгүй байгаа аж. Энэ талаар Д.Дамирангийн хадам эгч Ц.Болормаатай холбогдож,тухайн үед юу болсон талаар ярилцлаа.
-Охин, аав хоёрын биеийн байдал ямар байна вэ ?
-Охины бие маш хүнд байна. Эмч нарын зөвлөгөөний хурлаар орж, мэс ажилбар хэрхэн хийх талаар ярилцаж байна. Биеийн ихэнх хэсэг түлэгдсэн болохоор амь насанд нь аюултай гэж эмч нар хэлсэн. Аавынх нь биеийн байдал тааруу байгаа. Нүүр нь нэлэнхүйдээ галд түлэгдсэн.
-Тухайн үед юу болсон талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юү?
-Аймгийн нэгдсэн эмнэлэгт байхдаа Д.Дамиран, охин хоёрыг харж хоносон. Тухайн үед юу болсон талаар Д.Дамирангаас асуусан. Энэ сарын 2-ны өглөө эрт үхрээ саах гээд гэрээсээ гарсан байгаа юм. Охин нь унтаад үлдсэн байсан. Тэд гарахдаа хогтой аргал байсныг зуухандаа хийчихээд гарчихсан юм билээ. Үнээгээ
саана, үхэртээ тэжээл өгнө, малаа бэлчээрт нь гаргана гээд гэртээ орж ирэхгүй удах болохоор охиноо даарчих байх гэж бодоод хогтой аргал хийчихсэн байна лээ. Ингээд саравчныхаа мухарт уяатай байгаа хэдэн үнээгээ сааж байсан гэсэн. Эхнэр нь саагаад, нөхөр нь ивэлгэж өгөөд зогсож байсан гэсэн. Гэтэл охины хашгирах дуу сонсогдсон байгаа юм. Саравчнаасаа гараад гэр рүүгээ хартал улаан гал дүрэлзэж байсан гэсэн. Д.Дамиран ч гал дүрэлзэж байгаа гэр рүүгээ охиноо аврах гээд шууд гүйгээд орсон гэсэн. Эхнэр нь араас нь гал руу орох гээд зогсож байхад охиноо тэврээд гараад ирсэн гэсэн. Тэднийг хаалгаар гарч ирж байхад гэрийнх нь тооно шатаж доошоо унасан байна лээ. Өглөө орноосоо босоогүй байсан болохоор охин нүцгэн байсан юм билээ. Д.Дамиран гал гарах үед хөвөнтэй дээлтэй байсан гэсэн. Өмсөж байсан дээлний гадна тал тэр чигтээ шатаж, гэрийн хулдаасанд нь гутлынх нь ул наалдаад хөл нүцгэн болчихсон гэж ярьсан. Үүнээс болоод баруун хөл нь түлэгдчихсэн байна лээ.
-Саахалтын айл руу явж тусламж дуудаад ирэх үед охины биеийн зарим хэсэг хөлдсөн гэсэн үү?
-Яах ийхийн зуургүй л гэр нь тэр чигтээ шатчихсан байна. Манай дүү өмссөн хувцастайгаа үлдэж, Д.Дамиран цамц, өмдтэй үлдсэн байна лээ. Дүү маань дээлээ тайлж охиндоо нөмөргөөд тэврээд өвөлжөөн дээрээ хоцорсон гэсэн. Хамгийн ойрхон айл долоон километрийн зайтай байдаг болохоор Д.Дамиран тусламж дуудахаар өвлийн хүйтэнд хөл нүцгэн, өмд цамцтай явсан байна лээ. Айлд хэл дуулгахаар явахдаа хөл гараа хөлдөөчихсөн байна лээ. Харин охин, ээж хоёр гадаа зогсож байх үед түлэгдсэн хэсэг нь хөлдөж хайрагдчихсан байсан. Үүнээс болоод охины биеийн байдал маш хүнд байна.
-Зуух дэлбэрсэн гэсэн. Ямар зуух байсан юм бэ?
-“Нарантуул” захаас худалдаж авсан хөдөөний айлууд хэрэглэдэг энгийн зуух байсан юм. Хогтой аргал зууханд хийхээр уугиж байгаад гэнэт дэлбэрчихсэн бололтой. Үүнээс болоод л гал гарсан юм шиг байна лээ.
Э.Баатар