УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.
-Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан ч одоог хүртэл УИХ хэлэлцээгүй байна. Одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа бол?
-Оюу толгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахласан. Мөн үүний дараа дахин нэг ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулан байгуулсан. Би УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга байх үедээ Оюутолгойн төслийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэх бүх бэлтгэл ажлуудыг хангасан. Ямар сайндаа л албан тоот өгч байхав. Тухайн үед намайг янз бүрээр л хэлсэн.
-Таныг Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюу толгой компанийнханд хүргүүллээ гэж шүүмжилсэн л дээ.
-Ер нь бол Захиргааны хуулийн дагуу хэлэлцэх гэж байгаа тохиолдолд хүссэн ч, эс хүссэн ч албан тоотоор хүргүүлж, саналыг нь авах ёстой. Хэлэлцүүлэх бэлтгэл ажлынхаа процедурыг л бид хангаж байсан гэсэн үг. Түүнээс хойш Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, нэг талд нь гаргах нь зүйтэй. Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх гэж бодож байна.
-Оюу толгойн төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгээс Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежмэнтийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Энэ зөв үү?
-Дубайн гэрээ бол гүнийн уурхайн ажил. Үүнийг хүчингүй болгож болохгүй, сайжруулах хэрэгтэй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах нь зөв. Тэгж чадвал Монгол Улсын эдийн засаг хоёроос гурав дахин өснө, хөрөнгө оруулалт орж ирнэ. Оюутолгойн хүчин чадал илээр олборлож байгаагаа бодох юм бол хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улс шиг жижиг эдийн засагтай оронд шууд эерэгээр нөлөөлнө.
Өндөр өсөлт гарах учиртай. Гэсэн ч энэ нь хойшлоод байх шиг байна. Миний ойлгож байгаагаар 2020-2021 он гэхэд ашиглалтад орчих байх. Дубайн гэрээнд санхүүгийн таван заалт бий. Засаж янзлах зүйлүүд байна гэж харж байгаа. Тэдгээрийг засах нь зөв. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд харьцангуй сайн болсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр эргэж харах зүйл бий. 34 хувь гэх мэт янз бүрийн зүйлүүд бий. Үүнийг ажлын хэсэг шалгасан. Тиймдээ ч Оюу толгойг улстөржүүлээд байлгүй цэгцлээд авах нь зүйтэй гэж үзэж байна.
-Энэ асуудлыг УИХ хэзээ нэг тийш нь болгох вэ?
-Эхлээд бүлэг дээр энэ асуудлаа ярьж, гишүүд ойлголтод хүрч аваад хэлэлцэнэ байх. Хэлэлцэх үед Оюу толгойг оролцуулж попордог гишүүд нь тэр явдлаа багасгах нь зүйтэй юм. Оюу толгойн гэрээг сайжруулах нь зөв болохоос биш хөрөнгө оруулалтыг хөөж гаргах нь зохимжгүй. Тэртэй тэргүй гадны хөрөнгө оруулалт Монголд байхгүй болчихлоо. Өнгөрсөн жилийг энэ онтой харьцуулахад хөрөнгө оруулалт 20 хувь буурчихсан. Ганц хөрөнгө оруулагч нь Оюу толгой л байна. Орж ирж байгаа нэг тэрбум гаран ам.долларынх нь нэг тэрбум нь үндсэндээ Оюу толгойнх байгаа юм. Оюу толгойн гүний уурхай дээр л хөрөнгө оруулалтууд явагдаж байгаа. Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Оюу толгойг л харж байна. Тийм учраас гэрээгээ сайжруулаад ажлаа цааш нь явуулах тогтоолыг УИХ гаргах ёстой. Засгийн газрыг Оюу толгойтой хэлэлцээрийн ширээний ард суулгах хэрэгтэй юм.
-Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр яг ямар өөрчлөлтүүдийг хийх нь зөв юм бэ?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулж 51 хувь, зарим нь 34 хувиа эзэмших ёстой гэх мэтчилэн ярьдаг. Хувь нийлүүлэгч, Дубайн гэрээн дээр зайлшгүй эргэж харах зүйлүүд байгаа. Монгол Улсын эдийн засаг, эрх ашгийг хөндсөн, зайлшгүй засаж, сайжруулахгүй бол болохгүй заалтууд бий. Гэхдээ Монгол Улсын эдийн засгаар тоглож болохгүй. Эдийн засаг улстөрждөг зүйл биш. Нэг л гэр, нэг л улс оронд амьдарч байгаа юм бол эдийн засгаар улстөржиж оноо авна гэж байхгүй.
-Оюу толгой компани Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж чадах болов уу?
-Сууж таарна. Оюу толгой Монголын л нэг аж ахуй нэгж шүү дээ. Бүгдээрээ л хэдэн талаас нь гүйж өндөр авахуулаад байгаа болохоос бусдын л адил аж ахуйн нэгж. УИХ-ын тогтоол шийдвэр гарвал түүний дагуу л хэлэлцээрийн ширээний ард хүссэн, хүсээгүй сууж таарна.
-Оюу толгой компаниас гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ тухайд?
-Оюу толгой компани бид нэг үг, үсэг, таслал өөрчлөхгүй гэж байгаа. Энэ бол тэд нарын л бодол, хүсч байгаа зүйл. Монгол Улсад төр гэж байгаа бол Оюу толгой хэлэлцээрийн ширээний ард сууж л таараа. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалыг нь ашиглаж л байгаа компани шүү дээ. Гэрээг бидний хүссэнээр нэг бүрчлэн өөрчилнө гэж байхгүй. Гэсэн ч хүмүүс хоорондын харилцааны л асуудал учраас хоёр талаасаа ойлголцоод гэрээгээ засаад явах нь л зөв. Засах зүйл олон бий. Дээр хэлсэнчлэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ харьцангуй сайн болсон. Бусад хөрөнгө оруулагчдад жишиг болохуйц гэрээ гэж харж байгаа. Гэвч сүүлд нь л баллаад хаячихсан. 2009 онд байгуулсан гэрээнд бид 2011 онд өөрчлөлт оруулж, улам сайжруулсан. Түүнийг Оюу толгой хүлээж л авч байсан. Гэтэл өнөөдөр хүлээж авахгүй гээд гүйж байгаа нь зохимжгүй юм. УИХ-аас тогтоол шийдвэр гарчихвал Оюу толгойн хулхи нь буугаад ширээний ард сууна. Тиймдээ ч энэ нь УИХ-ын шийдэх ёстой асуудал.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд баяжуулах үйлдвэрээс татвар авахгүй бол Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр ч татвар төлөхгүй гэх зүйлийг хэлсэн. Энэ хэр бодитой вэ?
-Сангийн сайд татвар авч, төсөв бүрдүүлэх нь зүйтэй. Энэ үүрэг нь мөн. Нөгөө талдаа АМНАТ гэдгээ юу болох талаар ойлгох хэрэгтэй. Энэ нь уурхай олборлолт хийж, хүдэр гаргаад эхэлж байгаа бол түүндээ тогтсон АМНАТ буюу нөөцийн татварыг төлөхийг хэлж буй. Түүнээс тээвэрлэж, боловсруулж, баяжуулж, цааш нь ачих гэж байгаа компаниудад хамаагүй асуудал юм. Тиймдээ ч АМНАТ гэх татвараа олон улсын жишгийн дагуу л авах ёстой. Татвар авахдаа зөв авах хэрэгтэй. Би үүнийг л ярьж байгаа. Эрдэнэт үйлдвэр АМНАТ төлж байгаа. Гэхдээ хүдэрээ олборлоод баяжмал гаргаад төлж байна.
-Төсөвт хүндрэл үүсэх үү?
-Хэрэв тийм бол шийдвэрээ эргэн хар л гэж байгаа юм. Хүн болгон татвар төлөх ёстой. Төлөхдөө хичнээн хэмжээний хүдэр олборлов тэр хэмжээндээ л төлөх хэрэгтэй. Лицензгүй компаниудыг төлүүлэх үүднээс энэ шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард байнгын хороон дээр гарч байсан. Гэсэн ч энэ нь давхардсан байгаа юм. Татварыг давхардуулахгүйгээр ав гэдэг өгүүлбэрийг тавьж байсан ч бүх шатан дээр нь татвар авах мэтээр ойлгож, хүчингүй болгосон. Татвараа авах нь зөв ч АМНАТ-ийг зөв хэлбэрээр авах нь зүйтэй гэдгийг дахин хэлье.
Хэрвээ олборлож байгаа компани нь АМНАТ-өө төлөөгүй байвал боловсруулж байгаа нь төлөх. Олборлож байгаа компаниас авч буй нүүрсэнд чинь заавал АМНАТ төлөгдсөн нүүрс байх, хэрэв төлөөгүй байвал боловсруулах гэж байгаа чи төлнө шүү гэдэг зохицуулалтыг нь оруулж өгөх хэрэгтэй юм. Энэ тохиолдолд олборлож байгаа компани нь 2.5 хувийн л татвар төлөх учир боловсруулж байгаа компаниа тусад нь аж ахуйн нэгж болгочих нөхцөл байдал үүсч мэднэ. Манайхны чинь толгой сайн ажиллана шүү дээ. Тэр бүгдийг хааж өгөх хэрэгтэй гэдгийг би ойлгож байгаа.
-Та Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан хүний хувьд Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд юу хэлэх вэ?
-Саарал жагсаалт Монгол Улсад нөлөөлөх нь харьцангуй бага. Гагцхүү арилжааны банкуудад нөлөөлнө. Гадагшаа шилжүүлж буй хөрөнгүүд нь давхар шалгагдаж байгаа. Шалгах нь ч зүйтэй байх. Хурдан хугацаанд төлбөр, тооцоо хийх асуудал хүндэрнэ. Яахав одоохондоо эдийн засгийн байдал харьцангуй сайн байгаа учраас яригдахгүй байна. Цаашдаа зээлийн рейтинг бууж магадгүй. Тэр тохиолдолд гаднаас орж ирж буй зээлийн хүү, зардал нэмэгдэнэ. Ийм л хоёр хүнд асуудал бий. Бусдаар хүндрэл байхгүй гэж харж байна. Валютын нөөц 4.3 боллоо, экспорт ч нэмэгдлээ. Худалдааны тэнцэл нэмэхтэй гарлаа. Өөрөөр хэлбэл, орлого нь зарлагаасаа давж биелж байна. Монгол Улсын 2019 онд ашигтай гарахаар харагдаж байна. Сүүлийн хоёр жилд төсвийн орлого дандаа давж биелж байгаа гэх мэт сайн үзүүлэлтүүд бий. Энэ нөхцөл байдлуудаа богино, дунд, урт хугацаанд аваад явах нь зүйтэй. Гадны хөрөнгө оруулалт Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувь байдаг. Тиймдээ ч гадны хөрөнгө оруулагчдыг татахгүйгээр, тэдний мөнгийг оруулж ирэхгүйгээр эдийн засгаа өөд нь татаж чадахгүй. Тэднийг бид аль болох дуудах ёстой болохоос үргээж болохгүй. Улмаар дэмжиж, эрх ашгийг нь хамгаалах нь зүйтэй юм.
-Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Энэ нь зөв үү?
-Эдийн засгийн байнгын хорооны дарга байх хугацаандаа Саарал жагсаалтад орчихгүй юмсан гэж их л ажилласан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь ЭЗБХ-ны харьяанд байдаг. Тиймдээ ч эдгээр байгууллага болон Банк бус санхүүгийн байгууллага, хоршоодуудыг цуглуулж зөвлөгөөн хийж байлаа. Мөн тэр хүрээнд шалгасан. Их ажил хийгдсэн гэж бодож байгаа. Саарал жагсаалттай холбоотойгоор зарим нэг хүмүүст хариуцлага тооцох гэж байгаа юм байна. Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой ажлыг Санхүүгийн зохицуулах хороо голчлон хариуцаж хүлээж авсан. Тэр утгаараа санхүүгийн эх үүсвэрээ баталж, нотолж чадахгүй байгаа зүйлүүдийг нь батлуулах хэрэгтэй байсан. Мөн банк бус санхүүгийн байгууллагыг 800 сая төгрөгөөр байгуулдаг байтал 2.5 тэрбум болгочихсон. Гэтэл 800 сая дээрээ нэмж оруулж ирж байгаа хөрөнгийнх нь эх үүсвэр нь ойлгомжгүй байгаа юм. Энэ зүйлүүдээ гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байсан ч байнга л хэрүүл, тэмцэлтэй явж ирсэн. Дотроо хагаралтай байсан зүйлүүд ч бий. Харин Монголбанк сайн ажилласан гэж хэлэх байна.
Ерөнхийдөө 40 гаруй зөвлөмжөөс дөрвөн ажил нь дутуу гэх үндэслэлээр саарал жагсаалтад орсон. Нэгдүгээрт, хойд Солонгосыг бид дэмжиж байгаа нь үнэн. Дэмжихгүй байх ч хэцүү юм. Хоёрдугаарт, шүүх дээр маш олон хэргүүд шийдэгдэж чадахгүй, буцаагдаж байгаа. Шүүх авлига авах асуудал байгаа шүү дээ. Гуравдугаарт, ихээхэн хэмжээний алтыг янз бүрийн байдлаар гаргаж байгаа. Татвар төлөхгүйгээр гэсэн үг. Дөрөвдүгээрт, гадуур баригдаж байгаа элдэв оффис, орон сууцнуудаа ямар эх үүсвэрээр барьж байгаа вэ гэдгээ тайлбарлаж чаддаггүй. Бартераар барьж байна л гэдэг. Саарал жагсаалтад орсон энэ дөрвөн зүйл дээрээ бид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ зөвхөн холбогдох байгууллагуудын асуудал биш.
Үнэндээ энэ асуудал дээр УИХ гараа өргөөд сууж байгаа нь харамсалтай. Алтны татварыг тав болгочихвол алтаа хилээр хулгайд алдчих нь гэж бууж өгөөд байх жишээтэй. Угтаа холбогдох хууль хяналтын байгууллагууд нь ажиллах, хяналт тавих ёстой баймаар. Гэтэл үнэн хэрэг дээрээ цагдаа, гааль, хил бүгдээрээ оролцож байгаад л тэр алтыг гаргаж байгаа шүү дээ. Тэр бүгдийг цэгцэлж чадахгүй байгаа нь төрийн арчаагүйнх. Энэ утгаараа бусад байгууллагууд ч Саарал жагсаалтад орсонд хамаатай байгаа юм. УИХ энэ асуудлаа хаалттай хэлэлцэж, холбогдох байгууллагуудад нь хугацаатай чиглэл өгөх хэрэгтэй байна. Ингэж арга хэмжээ авч байж жилийн дотор Саарал жагсаалтаас гарна.
-2020 онд Орхон аймагт буюу таны тойрогт хамгийн бага төсөв төсөвлөгджээ. Үүнд та юу хэлэх вэ?
-Хэрүүл хийж байгаад хоёр тэрбум төгрөг нэмүүлж авсан. (инээв) Гэр хорооллынхоо тохижилтод зориулж тэрхүү төсвийг тавиулсан.
-Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт хөрөнгө суусан уу?
-Тийм. Уг хууль батлагдсанаар иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, уушгины хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болно. Нэн тэргүүнд эмч нарыг сургах, тоног төхөөрөмжөө худалдан авна. Энэ мэт бэлтгэл ажлуудад хагас жил хэртэй хугацаа шаардагдах болов уу. Эхний удаад тоног төхөөрөмж авч байгаа учир арай илүү төсөв төсөвлөгдсөн. Нэг хүний шинжилгээг хийхэд 27 мянган төгрөг зарцуулагдана. Үүний төсөв жил бүр тавигдаад явна.
Саяхан ходоодны хорт хавдартай залуу энэхүү хуулийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж, надад хандсан. Тэрээр “Энэ хуулийн төслийг дэмжиж байна, бусдад таниулах, суртал ухаалга хийх ажлыг би хиймээр байна. Би хэр удаан амьдрахаа мэдэхгүй. Гэхдээ надаас өөр хүмүүс бүү өвдөөсэй. Эрүүл мэнддээ анхаардаг болоосой гэж хүсч байна” гэсэн. Ер нь элэг, уушги, ходоод зэрэг нь хавдрын хүнд үед орсон тохиолдолд л өвддөг дүлий эрхтнүүд юм байна. Тийм учраас ходоодыг гэмтээх хеликобактер, элгийг өвчлүүлэх, умайн дээр вирус байна уу гэдгээ л эрт мэдэх хэрэгтэй байх нь. Энэ утгаараа эрт илрүүлэлт хийх нь чухал байгаа юм.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент баталж чадах уу?
-Батлагдана. Өнөөдөр (өчигдөр) бүлэг дээр ярьсан. Гурав дахь хэлэлцүүлгээ хийгээд баталъя л гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаад баталж чадахгүй бол дараа дахин баталж чадахгүй байх. Баталж чадахгүй, цааш явбал эцэст нь эмх замбараагүй байдалд хүрнэ. Дотооддоо хүнд байдалд орж, Иран, Иракийн араас орж болохгүй л дээ. Тиймээс эрх баригч нам 64 гишүүнтэй байгаа энэ үедээ батлах хэрэгтэй. Нэгэнт л ард иргэдийн төрд итгэх итгэл алдраад байгаа бол сайжруулж, цэгцэлж авах нь зүйтэй юм. 2020 онд хэн ч гарч ирээ билээ, хуулиараа л цэгцлэгдэж явахгүй бол болохгүй. Хэрэв чадахгүй бол дараагийн парламент гарч ирээд улам л муу нэр зүүнэ.