Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Хувийн, хувьсгалын гэлтгүй том төслүүдээ Засгийн газар дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-УИХ-аар 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хориг, ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын тухай ямар байр суурьтай байгаа бол. Байнгын хороод хүлээж авахгүй гээд шийдчих шиг боллоо. Мөн ирэх оны төсвийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Төсвийн тодотголыг Их хурал баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэсэн ч Их хурал хоригийг хүлээж авсангүй. Хоригийг хүлээж авлаа гэхэд цаг хугацааны хувьд ч амжихааргүй болж байгаа. Хоригийн гол асуудал төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгт байгаа юм. Ирэх жил ОУВС-тай ярьж байгаад багш, эмч нарын цалинг шатлалтайгаар нэмэх хэрэгтэй. 2012-2016 онд тэдний цалинг огт нэмээгүй шүү дээ. 2018 оны нэгдүгээр сараас эхлээд ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тиймээс энэ удаа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй. 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдадаа нэг удаагийн тусламж хэлбэрээр олгож байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж хаа хаанаа амаргүй цаг үеийг туулж байна. Тэр утгаараа нэг удаадаа шийдэл гаргаж байгаа болохоос асуудлыг бүрэн шийдчихэж байгаа юм биш. ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг байгаа болохоор тэдэнтэй дахин сайтар ярилцах нь зөв.

2018 оны төсвийн тухайд орлого нь зургаан их наяд гаруй, зарлага нь найман их наяд гаруй, төсвийн алдагдал хоёр их наяд байхаар батлагдах гэж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг багаар тооцсон гэв үү?

-Алт, зэсийн үнийг багаар тооцож байгаа. Өнөөдөр олон улсын зэх зээл дээр зэсийн үнэ 7000 орчим ам.доллар байгаа ч 5000 ам.доллар байхаар тооцсон. Ингэснээр ирэх онд улсын орлого жаахан нэмэгдэх болов уу. Орлогоо бага тавьж байж зардлаа бага тавихгүй бол орлогын хэмжээгээр зардал нэмэгдэж, гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулах гэж гүйнэ. Тиймээс ингэж багаар тооцож байгаа байх. Энэ жилийн төсвийн орлогоос давсан 900 гаруй тэрбум төгрөг нь зэс, алт, нүүрсний үнэ өссөнтэй холбоотой. Нэг үгээр хэлбэл үнийн зөрүүгээс орж ирлээ. Үүнээс 400 гаруй тэрбумыг нь хөрөнгө оруулалт үлдсэнийг нь нийгмийн чиглэлийн зүйлсэд хуваарилж байх шиг байна. 2018 оны төсвийг харж байхад 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Эдийн засаг хүнд, компаниуд ажилгүй байгаа энэ үед 700 гаруй тэрбум төгрөгийн ажил олгогдох нь байна гэж ойлгох ёстой. Түүнчлэн томоохон төслүүдээ явуулж байж эдийн засаг өснө.

Бороо гоулд ашиглалтанд ороход Монголын эдийн засаг 10 хувь, Оюу толгой ашиглалтанд ороход эдийн засаг 17 хувь хүрч өсч байсан. Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө гэдэг бол үндсэндээ том төслүүдээ хөдөлгөх л байсан юм шүү дээ. Үүнийг яаралтай хийгээч ээ гэж байгаа юм. Цалин, тэтгэвэр, татвар явдаг зарчмаараа явна. Ингэлээ гээд эдийн засаг өсч, мундаг ахиц гарахгүй. Тиймээс зардлаа буулгаж, алдагдлаа багасгаад хөрөнгө оруулалтуудаа нэмэх асуудлуудаа шийдээд, эцэст нь том төслүүдээ явуулах ёстой. Ирэх онд томоохон ажлуудыг зоригтой эхлүүлэх нь зөв. Ирэх жил л амжиж нэлээд ажил хийхгүй бол 2019 оноос улс төржилт эхэлж, 2020 онд сонгууль болох тул юу ч хийлгэхгүй.

-2018 онд тэтгэвэр нэмнэ, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд халамжийн чиглэлийн зардал нэмэгдэх янзтай байна. Амаргүй байгаа эдийн засгийнхаа нурууг авч байгаа юм биш үү. ОУВС-тай тохирсон амлалтууд зүгээр үү?

-Би түрүүн хэлсэн дээ. 400 гаруй тэрбумыг нь хөрөнгө оруулалтад зарцуулаад үлдсэн 500 гаруй тэрбумаар нь тэтгэврийн нэмэгдэл, цалинтай ээж зэрэг хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Эдийн засаг бага ч гэсэн өсч байгаа бол хүүхдийн мөнгийг олгох, тэтгэврийг нэмэх, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм. Ингэж байж тэгш хүртэнэ, иргэдийн халаасанд очно. Түүнээс биш дөрвөн том сургууль барих нь зохимжгүй. Иинфляци өндөр байгаа үед иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татахын тулд халаасандаа ямар ч мөнгөгүй хүмүүсийнхээ орлогыг нэмж өгөх нь зүйтэй. Хамгийн чухал нь ажлын байр бий болгох. ЖДҮ дээр гэхэд энэ жил 40 гаруй тэрбум төгрөг тавьж өгч байна. ЖДҮ-ийн зээлүүдийг нь өгөх цаг болсон. Хувийн, хувьсгалын гэлтгүй том төслүүдээ Засгийн газар дэмжих хэрэгтэй. Ялангуяа валют олж ирэх экспортын үйлдвэрлэлийг дэмжих нь чухаг болчихоод байна. Импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэр, үйлчилгээн дээр дэмжлэг үзүүлэх ёстой. Ирэх жил валютын ханш харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байгаа.

-Ямар утгаараа. Валютын ханшийг барина гэдэг ч зуу зуун төгрөгөөр нэмэгддэг нь үнэн л дээ…

-Одоо Монголбанк нэг тэрбум 700 сая ам.долларын валютын нөөцтэй байна. Эдийн засаг сайжирч валютын нөөц нэмэгдвэл ханш тогтвортой байх болов уу.

-2018 оны төсөвт яг ямар том төслүүдийг хөдөлгөхөөр тусгасан юм бэ. Өмч хувьчлалаар 100 тэрбум төгрөг олно гэсэн байна лээ?

-Төрийн банкнаас эхлээд өмч хувьчлалын жагсаалтууд бий. Ялангуяа сүүлийн үед төрийн өмчит ашиггүй ажиллаж байгаа компаниудыг бид хувьчил гэж байгаа юм. Төсвөөс санхүүждэгийг нь болиулж, орлогоороо зардлаа нөхөж, цалинждаг бол гэж байгаа л даа. Мөн газрыг дуудлага худалдаанд оруулна. Далд байдлаар гэрчилгээ олгодгийг болиул гэж байгаа. Түүнчлэн ашигт малтмал дээр орж ирж байгаа лицензүүдийг өргөдөл нэрийн доор будлиантуулдгийг зогсоож, ахиу мөнгө өгсөн туршлагатай, томоохон компаниудад зөвхөн сонгон шалгаруулалтаар олго гэдэг зүйл яригдаж байна. Гашуун сухайт-Таван толгойн төмөр зам, Таван толгой, ДЦС-III гээд том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.

-Төсөв хэлэлцэж байхад Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд харьяалуулах нь зөв буруу, НХХЯ байх нь зөв буруу гээд нэлээдгүй маргаан өрнөж байна. Маргааны ард Эрүүл мэндийн даатгалын сангийн 420 тэрбум төгрөг бий гэх юм…

-Мөнгийг булаацалдахаасаа илүү Эрүүл мэндийн даатгал гэдгээр нь ойлгох хэрэгтэй. Энэ даатгал яах гэж байдаг юм. Иргэн мөнгөө төлж даатгалд хамрагдаж байна уу. Тийм. Даатгалд хамрагдсан учраас дараа нь эмчилгээ үйлчилгээ авах ёстой. Даатгал төлсөн хүмүүс хэд хоног эмнэлэгт хэвтэхдээ эм, тариа бүх зүйлээ өөрөө олж ир гэхээр олон жил даатгал төлсөн хүн гайхаж байна. Юуны тулд олон жил даатгал төлсөн юм бэ гээд. Асуудал үүнд байна. Иргэдийн төлсөн даатгалыг эргэлтэнд оруулахгүй, эмч, өвчтөнүүдэд нь өгөхгүй байгаа юм. Эргэлтэнд орж байх ёстой мөнгийг банкинд байлгаад байж болохгүй. Зориулалт нь өөрөө Эрүүл мэндийн даатгалын мөнгө шүү дээ. Тиймээс миний хувьд Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яам авч байгааг буруутгахгүй байгаа. Гэхдээ Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зориулалтаар нь ашиглах ёстой. Түүнээс биш байшин барь, машин авч уна гээгүй. Элэг, нүд, хорт хавдрын хагалгаа гээд өртөг өндөртэй, хүнд хагалгааг манайд хийдэг болсон. Харамсалтай нь иргэд тэр бүр үнэ хөлсийг нь дийлдэггүй. Яагаад үүнийг даатгалд хамруулж болдоггүй юм бэ. 426 тэрбумыг зүгээр банкинд байршуулаад байдгаа болих хэрэгтэй. Зориулалтаар нь ашигла. Тиймээс Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн бодлого ярьж байгаа учраас эмнэлгүүдэд тооцоо судалгаатай хуваарилах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *