Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунцэцэг: Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан “био”, “натурал” гэж харж байна

Д.Чулуунцэцэг эмч Польш дахь Монголын уламжлалт эмнэлгийн эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн юм. Монгол дахь Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн. Д.Чулуунцэцэг эмч Польшид ажиллаж олсон мөнгөөрөө Монголдоо хөрөнгө оруулдаг, ах дүүсээ тэтгэдэг эмэгтэй. Өдгөө тэр Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг Монголд мөнгө татах “саалийн үнээ” болгож, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх Монгол брэнд үйлдвэрлэхээр зүтгэж яваа аж.

-Таныг дэлхийн зах зээлд Монголын уламжлалт эм тан, уламжлалтын эмч нарын “ноу хау”-г худалдахаар олон ажил санаж сэдэж яваа гэж сонслоо. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-“Монголын уламжлалт анагаах ухааны арилжааны чадамжийг нээх цогц бодлогын санаачилга” санал болгохоор Монголдоо ирсэн юм. Би Польшид 1990 оноос хойш 26 жил ажиллаж амьдарч байна. Бидний санал болгож байгаа цогц бодлогын гол утга санаа ийм юм. Уламжлалт анагаах ухааны салбараа дэмжвэл 2050 он гэхэд Монгол Улсад 50 тэрбум ам.долларыг экспортоос оруулж ирэх чадалтай эдийн засгийн тулгуур салбар болж хөгжих ирээдүй бий. Энэ тухай би ганцаараа яриагүй ээ. “Синергетик анагаах ухаан судлалын төв”-өөс Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн загварыг сүүлийн 10 жилд судалсны үндсэн дээр бид хамтдаа цогц бодлогоо Монголын төр, олон нийтэд санал болгож байгаа юм. Иргэд маань Монголын уламжлалт анагаах ухаан, ардын эмнэх практик хоёрыг ялгадаггүй. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бариа засал, зүү эмчилгээний хэмжээнд л ойлгодог. Монголын уламжлалт анагаах ухааны чадалтай эмч нар гадаад руу олноороо гарсантай ч энэ бүхэн холбоотой болов уу. 1991 оноос хойш 300 орчим эмч Польш болон Европын орнууд руу гарсан гэсэн тоо бий. Уламжлалт анагаах ухаанаа бид Монголдоо эхэлж баталгаажуулахгүй бол яаж дэлхийн түвшинд ярих вэ. Тийм учраас монголчууддаа эхэлж ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлээд дараа нь дэлхийн хүмүүст таниулахаар зорьж явна даа.

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи юм. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч байгаа судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болсон. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд ч төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлж байна.

Урьд нь бид уламжлалт анагаах ухаанаа сэргээх талаар л ярьдаг байлаа. Харин одоо бол Монголын уламжлалт анагаах ухаан Монгол Улсад мөнгө авчрах гарц гэж хараасай. Үнэндээ зэс, нүүрснээс хэд дахин илүү үнэ хүрэх шинэ бүтээгдэхүүн бол манай уламжлалтын эмч нарын ур чадвар, байгалийн эм тангийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хэмжээнд байгалийн эмийн худалдаа 2005 онд 65 тэрбум долларт хүрсэн байлаа. Харин 2050 он гэхэд энэ зах зээл бараг зуу дахин өснө гэсэн судлаачдын тооцоо бий.

-Дорнын уламжлалт эмчилгээний салбар бусад оронд яаж хөгжиж байна. Бусад улс орнууд эндээс хэр их мөнгө “зулгаадаг” юм бэ?

-Одоогоор баруунд хам­гийн нэр хүндтэй Азийн уламжлалт эмнэлэг гэвэл Хятад эмнэлэг, Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлэг, сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр Түвд эмнэлэг тодорч байна. Харин Польшид бол Монголын уламжлалтын эмч нарыг шүтдэг. Монголоос бидэн шиг багаараа гадаадад гарчихсан салбар байхгүй. Бид ганцхан Польшид ажиллаад байна уу гэвэл үгүй. Германаас, Англиас, Америкаас Польшид байгаа Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар руу хүмүүс зорьж ирдэг.

Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” компанийн 2012 онд гаргасан “Уламжлалт анагаах ухаан Хятадад ба дэлхийд” гэсэн зах зээлийн судалгаагаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна лээ.

Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлгийн хувьд эмийн бүтээгдэхүүнээс гадна бариа засал, иллэг, сувиллын үйлчилгээ, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний чиглэлээр илүү хөгжсөн байдаг.

Монголын уламжлалт анагаах ухаан бол уул уурхайгаас тав дахин их арилжааны хүчин чадалтай зах зээл гэдгийг бид шийдвэр гаргагчдад ойлгуулахаар хичээж байна. Монгол эмнэлэгийн мянган чадварлаг эмч байхад л Оюутолгойгоос илүү хэмжээний орлого бий болгоно.

-Тэгвэл одоо Монголын уламжлалт анагаах ухааны салбар маань ямархуу түвшинд явна вэ?

-Уламжлалт монгол эмнэ­лэг бол Торгоны зам, чөлөөт худалдааны сүлжээгээр явагдсан мэдлэг солилцооны үр дүнд XVIII зуун гэхэд оргилдоо хүрсэн, Энэтхэг, Түвд, Хятадын анагаах ухааны мэдлэгүүдийг нэгтгэж авсан агуу ухаан. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Хүннү, Түрэг, Кидан, Чингэсийн эзэнт гүрний үед эрчимтэй хөгжиж байсан юм байна. Хаадын эмнэлэг гэж байсан юм билээ.

-Дээдсүүдэд зориулсан тусгай эм тан байсан гэсэн үг үү?

-Байлгүй яахав дээ. “Ноёны уудаг норов дүнтэн” гэж ярьдаг шүү дээ, “Норов 7” гэж эм бий. Ноёдууд л ууж байсан, биеийг тэнцвэржүүлж байдаг, 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулж байдаг ийм эм.

Харин 1937-1959 оны хооронд энэ салбарын бүтцийг нь бүрэн устгасан, хориотой болсон байдаг. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлсэн. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж гарсан. Үүний дагуу Уламжлалт монгол эмнэлгийн хөгжлийн асуудлыг ЭМЯ-ны ганц мэргэжилтэн, Уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ туршилтын хүрээлэнгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь үнэхээр хангалтгүй байна.

-Одоо яах ёстой вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааныг экспортын баримжаатай эдийн засгийн бие даасан салбар гэж үзэж, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх хэрэгтэй байна. Уламжлалт монгол эмнэлгийн бие даасан хуулийг баталж, Уламжлалт монгол эмнэлгийн үйлчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл, худалдааны харилцааг тусгайлан зохицуулах ёстой. Уламжлалт анагаах ухааны төрийн бодлогыг багцалж барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад харилцааг хангах үүрэгтэй төрийн захиргааны бие даасан байгууллага хэрэгтэй байна. Уламжлалт эмнэлгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж өгөөч. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах талаар ч хийх юм их бий.

-Ингэхэд уламжлалт эмнэлгийнхэн хавдар гэх мэт хэцүү өвчнүүдийг эмчилж чаддаг уу?

-Бүх эмнэлгээр яваад аргаа барсан хүмүүс бидэнд ханддаг. Хавдар, чихрийн шижин өвчтэй олон хүн бидэнд хандаад үр дүнд хүрсэн жишээнүүд олон бий. Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа байдаг. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргасан. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг. Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно гэж ДЭМБ үзжээ. Ирээдүйн архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.

Уламжлалт анагаах ухаа­ны эмчилгээ яаж идэж уух вэ гэдгээсээ л эхэлнэ. Дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаагаа, хувцсаа тохируулах учиртай. Бид хүн эмчлэхдээ сэтгэл засал хамт хийдэг. Ямар ажил хийж байна, ямар хоол идэж байна гээд л эхэлнэ. Ядаргаанд орсон бол бариа засал хийх үү, зүү төөнүүр хийх үү бүх юмыг нь судалж оношилж байгаад цогцоор нь эмчилнэ.

-Европ эмнэлгээр явахад нэг хэцүү юм нь бөөр, зүрх, элэгний эмч гээд тусдаа байдаг. Нэг эмчид нь үзүүлээд биеийнхээ байдлын талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй. Тус бүрт нь шинжилгээ өгөхөөр цаг, мөнгө урсдаг нь хэцүү. Гэтэл уламжлалтынхан хэдхэн хором судас бариад хүний өвчин хуучийг бүрэн тодорхойлж чадах уу?

-Уламжлалт эмнэлгийн үнэ цэнэ өсч байгаа нь үүнтэй холбоотой. Цогцоор нь эмчилнэ гэдэг уламжлалт эмнэлгийн давуу тал. Мон­голын уламжлалт анагаах ухааныг гадныхан био, нату­рал гэж харж байна. Биднийг байгалийн эмчилгээ хийдэг гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ салбарт дэлхийн брэнд үйлдвэрлэх боломжийг хөгжлийн гарц гэж үзэх учир­тай. Польшид бидний уламжлалт эм танг цай, кофе шигээ л хэрэглэдэг. Гэтэл бид уламжлалт эм тангаа бараг л хулгайгаар шахуу зөөж байна. Алийн болгон ингэж байх вэ. Тийм л учраас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг судалгаа шинжилгээг уламжлалт эм тандаа хийлгэж баталгаа нотолгоотой болохоор зүтгэж байгаа юм. Ингэж байж л бидний үнэ цэн өсч, дэлхий биднийг хүлээн зөвшөөрнө. Эхний ээлжинд бид өргөн хэрэглээний 160 уламжлалт эмийн фармакопи, клиникийн судалгаа хийлгэж, патентжуулахаар болсон. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлаа танилцуулж, “Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан монгол брэнд үүсгэх асуудлыг судлаж, санал зөвлөмж боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яаманд мөн “Уламжлалт эмийн фармакопи боловсруулах ажлын хэсэг” ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ чиглэлээр асуудал хариуцсан хүмүүс нь огцорч, өөрчлөгдөөд ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд орчихсон нь хэцүү л байна.

-Хятад өөрөө уламжлалт эмнэлгийн угшилтай болохоор манай ардын эмнэлгийн хамгийн том өрсөлдөгч гэсэн үг үү?

-Уламжлалт монгол эмнэл­гийн төв нь Монгол Улс биш харин Өвөрмонгол болчих вий гэж эмзэглэдэг. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд Уламжлалт монгол эмнэлгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлж бай­гаа. Тэд гадаадаас жилд 25 мянган өвчтөн хүлээж авах хүчин чадалтай Уламжлалт монгол эмнэлгийн эрүүл мэндийн төвийг байгуулж, ашиглалтанд оруулсан байна лээ. Харин тэр гадаад өвчтөн гэдгийн дийлэнх нь Хятадад эмчлүүлэхээр очдог Монгол өвчтөнүүд байхаар тооцсон гэдгээ төвийн дарга нь ярьж байсан. Монголчууд уламжлалт монгол эмээ түгээх борлуулах тухай ярьж байх хооронд Монголд үйлдвэрлэсэн уламжлалт эмийг буриадууд Европын орнуудад худалдаалах ажлыг хийж эхлээд байгааг ч манай бодлого боловсруулагчид анзаараасай билээ.

Б.ЯНЖМАА

6 replies on “Д.Чулуунцэцэг: Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан “био”, “натурал” гэж харж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *