Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунжав: Монголчууд мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хуультай байх хэрэгтэй

Судлаач, профессор Д.Чулуунжавтай ярилцлаа.


-“Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөө”, “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй” гэсэн таны хоёр нийтлэл цахим ертөнцөд шуугиан дэгдээж байна. Яагаад ингэж үзэх болов?

-Шинжлэх ухааны академид би 42 жил ажилласан. Энэ өгүүлэл, судалгааны ажил бол миний 42 жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Судалгааны бүтээлийн эмхэтгэлийн гутгаар дэвтэр маань “Шашны тухай зүйлүүд” нэртэйгээр удахгүй худалдаанд гарах гэж байна. Гэхдээ энэ тухай ярихын тулд эхлээд монголчуудын оюун санааны амьдралын тухай ярих нь зөв гэж бодож байна.

-Тэгвэл нүүдэлчин монголчуудын оюун санааны амьдрал бусад ард түмэнтэй харьцуулахад ямар онцлогтойгоор хувьсаж, хөгжиж ирсэн бэ?

-Монголчуудын оюун санааны амьдралын түүх тэдгээрийн нүүдэлчин ахуйгаас шалтгаалсан өвөрмөц замыг туулжээ. Цаг үетэй нь холбож улируулан нягталж аман зохиол, түүх, домгоос нь үзэх аваас монгол хүний сэтгэл зүй, ухамсарт айдас, хүйдэс, өвчин шаналлаас үүдсэн мухар сүсэг (анхан үеийн), бөөгийн шүтлэг, суурин иргэдийн томоохон шашны нөлөө, Бурханы шашны гурван удаагийн дэлгэрэлт, марксизм-ленинизмийн шашинчлагдсан түрэмгийлэл, элдвээр хиртсэн либерал ардчиллын хийрхэл, анархизм гээд ер аливаа нийгэмд нэвчдэг, дайрдаг бүхэн л байжээ. Монгол мэргэдийн философи сэтгэлгээ, танин мэдэх арга зүй, логикт гэнэн материализм ба урсгал диалектикийн элементүүд, идеализмын элдэв зүсмийн илрэлүүд, сэтгэлгээний туйлшрал, түүхэн хязгаарлагдмал байдал, үзэл сургаалыг шашинжуулж хиртүүлэх согог гэх мэтийн үзэгдлүүд бүгд бүртгэгдсэн. Тэдгээр алдаа, согогийн шүүмжлэл амаар болон бичгээр үлдсэн байдаг.

Үүнээс гадна дэлхийн том шашнууд хүчтэй хөгжиж нийгмээ бүхэлд нь эзэмдэх болсон бүс нутгуудаас монголчууд хол хөндий, оорцог оршин байсны улмаас христ хийгээд лалын шашны нөлөөнд эргэлтгүй автахаас “аврагдсаар” ирсэн байна. Мөн үүнд нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийтэй харьцах болон биологийн шинжлэх ухааны талаарх өргөн дэлгэр мэдлэг нь ч нөлөөлсөн гэж хэлж болно. Ер нь монголчуудын оюун санааны амьдрал бүр анхнаасаа л практик амьдралд яг таг суурилсан, мэдлэгийг дээдэлсэн, үнэнд ойр, худал хуурмагаас хол хөндий, бөө мөргөлд ч яадгаа алдталаа автагдчихсан байгаагүй.

Тэгж явсаар эцэс сүүлдээ үеэ нэгэнт өнгөрөөсөн бөө мөргөлөөс салж Бурханы шашинд орсон байгаа юм. Улмаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс дарга, цэрэггүй шашин шүтдэг болсон. Нэг л жишээ татахад, өнөөдөр дунд сургуулийн сурагчид төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнө, ямар мэргэжил сонгохоо зурхайчаас асууж, ганданд мөргөж даатгадаг болоод байна. Гэтэл шалгалтаа амжилттай өгөх эсэх нь тэдний хичээл зүтгэлээс, ямар мэргэжил сонгох нь хүсэл мөрөөдлөөс нь шалтгаалах зүйлс шүү дээ.

-Буддын шашин анх хэзээ, яагаад манайд орж ирсэн юм бол. Монголчууд Буддын шашин суртлыг зээлдэж, хуулж дэлгэрүүлсэн юм уу. Эсвэл Буддагийн онол, сургаалыг судалж, эзэмшсэн юм уу?

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх оролдлого нийтдээ гурван удаа хийгдсэн байгаа юм. Эхнийх нь монголчуудын анхны эзэнт гүрэн болох Хүннүгийн үед Жагараас түрэг хэлтэн улсуудаар дамжин орж иржээ. Хүннүгийн ноёд, язгууртны хүрээнд дэлгэрч эхэлж байсан боловч мөнхүү үеийн дайн, самууны нөхцөлөөс шалтгаалан газар авч, бэхжиж чадалгүй байсаар орхигдож мартагджээ. Хоёр дахь дэлгэрэлт нь Годан хаан ба Сажа бандидагийн уулзсан XIII зууны дунд хэрээс XV зууны дунд хүртэл үргэлжилжээ. Удаахь гурав дахь дэлгэрэлт нь XVI зууны эцсээс XX зууны дунд хүртэлх үеийг хамарч байгаа юм. Эдгээр нь нийтдээ нэг мянга орчим жилийг дундаа хоёр завсарлан багтааж байна.

Монголчууд Буддын шашинг анх шинжлэх ухаан гэж боддог байсан. Үнэхээр ч тийм байсан үе бий. Сүм хийдийн хажууд суралцана гэдэг бол их дээд сургуульд орсонтой ялгаагүй. Яагаад гэвэл эмч нарыг сүм дуганд 14 жил бэлдэж, онош тавьдаг, тан барьдаг, биечлэн эмчилдэг маарамба болгодог байсан. Зурхайчид, тоо боддог хүмүүсийг, мужаан, дархныг хүртэл бэлддэг байж. Бурханы шашны шүхэр доор бүх л мэдлэг байсан. Тэр ч бүү хэл Бурханы шашин суртал Монгол даяарт түгэн дэлгэрснээр Монголын оюунлаг хүмүүс төвд, самгарди хэл, бичиг сурч Энэтхэг, Төвдийн нэр алдар нь дэлхийд цуурайтсан их бичгийн хүмүүсийн зохиол бүтээлтэй танилцаж бүр гүнзгий судалж, тайлбар, шүүмж бичиж, гол чухал олон асуудлаар Монголын эрдэмтдийн гэх ном, бүтээл бичих, хэвлэх болсон.

Энэтхэгийн Нагаржуна, Асанга, Васубанду, Дигнага, Аръядева, Шантидева гэх мэтийн эрдэмтэд, Төвдийн Зонхова, Хайдав, Жалцов, Жамъяншадав, Монголын Лувсанпэрэнлэй, Ишбалжир, Лувсандагвадаржаа, Лувсанчүлтэм, Агваанхайдав, Агваанбалдан нарын ном, бүтээлийг хүрээ, хөдөөгүй лам хуврагууд судалж, гол чухал зүйлүүдээр нь ном хаялцаж, дээд цол олох дамжаа барьж, сав болон шим ертөнц, хүний сэтгэхүйн нууцад цаашлан нэвтэрцгээж байх болжээ.

Монголын уламжлалт мэдлэг, ухаан тэгж Энэтхэг, Төвдийн эрдэмтэн мэргэдийн олж хуримтлуулсан их сан хөмрөгөөр баяжиж XIX зууны дунд, сүүлч үе гэхэд оргил цэгтээ хүрэн цэцэглэсэн юм.

-Тэгвэл Бурханы шашин шинжлэх ухаанч чанараа хэзээ алдаж, шашин болсон юм бэ?

-Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байжээ. Улмаар Төвдийн зарим том лам, хутагт хувилгаадын ном, ёсоо огоорсон үйлдлүүд ихэсч, нэр хүнд нь унаж эхэлсэн байна. Яг энэ үеэс буюу XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн Бурханы шашин дэлгэрснээр олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Чухамдаа тэр шашинжиж хиртсэн байдлаараа Монгол даяарт дэлгэрсэн тул тэрхүү хир буртаг нь Монголын хутагт, хувилгаадад халдаж доройтох, мөхөхийн үрийг бас зэрэгцүүлэн тарьсан юм. Тэр цаг үеэс хойш Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ.

Энэ сөрөг үзэгдлүүдийн эсрэг Монголын ариун явдалт, шударга гавж нар үгээ хэлж, шүүмж бичиж, олшруулан тарааж, тэмцэж эхэлсэн юм. Тухайн цаг үеийн шашин суртал, ёс журам, дэг, зан үйл, лам хуврагийн биеэ авч явах соёл, хэм хэмжээнд шинэчлэл хийх шаардлага гарчихаад байгааг ариун явдалтан хамба, цорж, гэсгүй нар олж хараад ийм ажлыг эхлүүлэхийн төлөө буйгаа илэрхийлцгээж, бүр бусдыгаа уриалж байв. Тухайлбал, Нийслэл хүрээний их хамба Агваанхайдавын бичсэн “Бурханы шашин их эрдэнэ бээр (шашин нь өөрөө) арван зүгийн ялгуулсан бурхан бодисадва сэлтэд илгээсэн захиа бичиг, “Хонь, ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Ламын залбирал” хэмээх судрууд, мөн Агваанбалдан цоржийн “Чирданжи намшаг” зэрэг олон ном, зохиолд ном, нэр ёсоо алдсан хутагт хувилгаадыг хурцаар шүүмжилж, шашин номын үйлсийг ариусгах, шинэтгэхийн чухлыг учирлан өгүүлжээ.

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх нь ашигтай гэж үзээд манай ноёд анх авсан юм биш үү?

– Бурханы шашинг Монгол даяар дэлгэрүүлэх замаар монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх, нэг шашин шүтээнийг тойруулан Ар, Өвөр, Цахар, Барга, Буриад, Ойрд бүгдийг эв найрамдалтай, нэгдсэн захиргаа, төв төртэй болгохыг хичээн энэ зорилгын үүднээс Халх ба Ойрадын ноёд далдуур тохиролцон Чингисийн угсааны Автай сайн хан Гомбодоржийн нуган үр Занабазарыг Монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн нь тухайн цаг үедээ зөв сонголт байв.

Монголчуудын энэ санаачилга Далай ламд ч бас таалагджээ. Энэ нь монголчууд Бурханы шашин сурталд бүрэн эзлэгдэхийн дохио байлаа. Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Далай лам Жонан Дарнатын XV дүрийн хувилгаан Гунгаанимбогийн удаахь дүр мөн байна хэмээн айлдаж баталгаажуулжээ. Гунгаанимбо бол Монголд Бурханы шашинг дэлгэрүүлэхэд онцгой хүчин зүтгэл гаргасан хувилгаан бөгөөд 1634 онд Халхад нас баржээ. Занабазар хүү дараа жил 1635 онд төрсөн бөгөөд 1639 онд түүнийг Дарнатын гэгээний удаахь дүр хэмээн зарласан нь зүйд нийцсэн арга хэмжээ байжээ. Бурханы шашинг шинэ тутам хүлээн авсан Монголын сүсэгтэн олныг энэ тэр гэгээнтэн, хутагт, хувилгаадын хойд дүрүүдэд мөргүүлж, шүтүүлж байх нь шашин номын ашиг, сонирхолд тун ч нийцтэй байсан биз. Гэвч хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулдаг арга хэмжээ нь дорхноо л улс төрийн, эдийн засгийн, бизнесийн, бүр булхай луйврын шинжийг олж төрөл арилжаад зальжин ихэс дээдсээс гэнэхэн сүсэгтэн олныг мэхэлдэг гох дэгээ, өгөөш болж хувирчээ.

-Шашин бол хүнийг дотроос нь бүтээдэг үнэт зүйл гэж философичид өндрөөр үнэлдэг шүү дээ?

-Шинжлэх ухаан талаас нь тэгж үздэг. Гэтэл өнөөдөр лам нар тэр үүргээ гүйцэтгэхгүй байна. Өвчтэй, зовлонтой, эрүүл саруул, гэрлэсэн, сөнөсөн бүх хүмүүсийг цуглуулаад дунд нь ганцхан ном уншаад юуг нь засч чадах вэ. Харанхуй шөнө явж байгаад янз бүрийн юмнаас айгаад галзуурах шахсан хүнийг ганцааранг нь хүлээж аваад, асуугаад яриад, тайвшруулаад, шөнө тийм юм байж болно, чи айсан, зовсон, ичсэн байна. Энэ юмыг унтахынхаа өмнө уух юм бол зүүдэлж, айж цочихгүй гэж ухуулж, сэтгэлзүйд нь нөлөөлөх хэрэгтэй.

Монголчууд өнөөдөр хувь заяагаа итгэж, сүсэглэж даатгаад үнэтэй цэнэтэй бүхнээ олон хойт дүрийн Далай лам, Банчин Эрдэнэ, хутагт хувилгаадад үе үеэрээ улиран, ээлжлэн барьсаар 400 гаруй жилийн дотор Монголын бараг бүх баялаг Төвдийн сүм хийдүүд рүү урсан оджээ. Алт, мөнгө, үнэт үс, эдлэл, эрдэнийн чулуу, эмийн ургамал, эмээлтэй морьд, ачаатай тэмээд гэх мэтийн асар их баялгийн үнэ, өртөг нь төвд хэлээр уншуулж сонссон ном, гуулин бурхад, хонх, дамар, эрхи, сахиус, тахилын цөгцнүүд мэтийн зүйлс болж хувирсан юм. Үүнийг тэгш, шударга солилцоо байсан, лам хувраг, хутагт хувилгаадын сүсэгтнүүдэд үзүүлсэн үйлчилгээний тоо, чанар, үр дүнд нийцсэн төлбөр байсан гэх үү?

Үзэл санаа, онол сургаалыг “үйлдвэрлээд” экспортолж болно. Гагцхүү үүнд элдэв заль, булхай, луйвар байж таарахгүй билээ. Үзэл санааг үнэлж, худалдан авч болно. Оюун санааны амьдрал бол өөрийн гэсэн хэрэгцээ, хэрэглээтэй байдаг. Гэхдээ мөнхүү хэрэгцээгээ “хуурамч, хулхи” бүтээгдэхүүнээр хангах гэж “тэнэгтвээс” юу юугаа алдаад, юу ч үгүй хоцордгийн жишээг холоос эрэх хэрэггүй юм.

Буддын шашин өнөөдөр Монголын ядуурлын, мунхарлын, хүн ам цөөрсний, газар нутгийнхаа тавны гурвыг хоёр хөршдөө алдсаны, цэрэг зэвсгийн хүч чадалгүй болсны шалтгаан болчихоод байна.

-Өнөөдөр Монголд Бурханы шашныг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж байгаа лам, хутагт хувилгаад байна уу?

-Жагар, Энэтхэг, Төвдийн гүн ухааны сургаал Буддын гүн ухаанд шингэсэн юм. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо сав болон шим ертөнцийн тухай, нүгэл буяны тухай Дорно дахины гүн ухааны сургаал энд агуулагдаж байна. Хоёрт, Дорно дахины анагаахын ухаан Бурханы шашинд агуулагдаж байгаа. Хятад, Энэтхэг, Бирм, Монголын анагаах ухаан Бурханы сургаалын шүхэр дор орсон. Энэ бол шашнаас тусдаа зүйл.

Буддын сургаалын шинжлэх ухаан, мэдлэгийн талыг голчлоод явж байгаа хүмүүс бий. Тэд бол Чойрын номтой улсууд. Эдгээр хүмүүс нь орчин үеийнхээр бол дорно дахины философичид, эмч нар юм. Тэд шинжлэх ухааны шугамыг бариад явж байна. Мөн одон орон судлалыг төвдүүд зурхай, мухар сүсэг болгосон.

-Бизнес болсон буддын шашинд ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт, анхнаасаа шинжлэх ухааны шинжтэй байсан шашинг мухар сүсгээс салгах хэрэгтэй. Монголын үндэсний телевизээр “Ариусахуйн гүмүда” гэж нэвтрүүлэг явдаг. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаа энд тэндхийн хамба нар өөрсдөө “Монголчууд хурал ном сонсохдоо төвд хэл ойлгохгүй учраас юу ярьж байгааг нь ойлгохгүй, тэр ярьж байгаа зүйл нь тус болох байх гэсэн үүднээс мухар сохроор залбираад сууж байна” гэж ярьцгааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төр, шашин хоёр тусгаарласан. Төр, шашин хоёр тусдаа байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын төр мөнгө гаргаж төв ганданд том обьект барьж өгч байна. Манай төрийн зүтгэлтнүүд гүнзгий шүтлэгтэй болчихсон, лам нартай зэрэгцэж суугаад бүх юмаа хийдэг болжээ. Тэгэхээр тэднийг харсан жирийн иргэд юу гэж ойлгох вэ. Тэднийг Далай ламыг шүтэж, гандангийн хамбад даалгахаар их хуралд сонгогдож, сайд болдог юм байна гэж ойлгож байна.

Буддагийн сургаал номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир утгыг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл байсан. Энд хойт нас, шашин төр хослох тухай байгаагүй. Түүнийг төвдүүд гаргаж ирсэн. Будда, “Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй ” гэж өөрийнхөө амаар хэлсэн гэдэг.

Винайн ёсонд Бурханы шашинд өөрийгөө зориулна гэдэг нь хүн лам болъё гэж шийдвэл багшид шавь орж, мал аж ахуй, аав ээжээсээ салаад, эхнэр авалгүй хүрээ хийдэд амьдарч Бурханы зүтгэлтэн болдог. Тэр хүн номоо уншина, бясалгана, улам гүнзгийрүүлнэ, тэндээ нэг насаа зориулж аль болох бурхан болохыг хичээх юм. Тэгээд бурхан болоод махан биеэ энэ дэлхийд үлдээгээд сүнсээ авч бурхдын оронд очоод мөнхийн хутгийг олох ёстой. Төвдүүдийн суртлаар бол. Гэхдээ тэгнэ гэж Будда өөрөө сургаагүй. Мянган жилийн дараа төвдүүд Буддагийн сургаалыг шашин болгож авахдаа энэ мэтээр өөрчилж, бусад улсад тараагаад, түүнээсээ ашиг олж эхэлсэн байгаа юм.

-Саяхан УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь нар “Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаар?

-Тийм. Өнөөдөр манайд эцэг, эх нь юу ч мэдэхгүй хүүхдээ гандан хийдэд дагуулж очоод номын дуу сонсгох нэрээр алгыг нь хавсруулаад сөхөрч суулгадаг. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Эцэг, эх нь хүүхдийнхээ сонголт хийх эрхэд халдаж, өөрийн шүтдэг шашинг хүчээр ухамсарт нь суулгаж байгаа явдал юм. Ингэснээр ирээдүй хойч үе минь Бурханы шашинг, сургаал номлолыг нь ойлгохгүй мухраар шүтэж нэг насаа барна гэсэн үг. Монголчууд ийм маягаар мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хууль хэрэгтэй байна.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *