Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Өнгөрч буй Гал бичин жилд Монголын ард түмэн жаргалтай сайхан байлаа. Бичин жилийг янз бүрээр ярьдаг ч тэнгэр биднийг ивээж, зуд турхангүй сайхан болж өнгөрлөө.
Ирж буй Гал тахиа жил монголчуудад маань сайхан жил болно гэж бэлгэшээн бодож байна. Цагаан сарыг бид олон зууны турш тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Цагаан сар бол монголчуудын үндэстнээрээ тэмдэглэдэг сайхан баяр. Хаалттай нийгмийн үед тэмдэглэх хэцүү байсан ч 1990 оноос хойш их өргөн дэлгэр цагаан сараа тэмдэглэдэг болсон.
Цагаан сар, наадам хоёрыг бид онцлох дуртай. Яагаад гэвэл монголчуудыг хэн бэ гэдгийг мэдэх хамгийн чухал хоёр баяр нь юм. Энэ хоёр баярыг үзэх гэж гадаад, дотоодын жуулчид их ирдэг. Монголчуудын хөгжиж дэвшиж яваа энэ сайхан үед бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөө ийм төгөлдөр байгаа үед ард түмэн үндэстнийхээ баярыг тэмдэглэж байна. Цагаан сар бол монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр.
Монголчууд хуучин жилийнхээ сүүлийн өдөр, шинэ жилийнхээ эхний өдөр хоёрыг хамгийн баяр баясгалантайгаар тэмдэглэдгийг Цагаан сар гэдэг. Азийн ард түмэн бол аливаа зүйлийг төгс төгөлдөр бүтээе гэж мэргэдийнхээ сургаалыг дагаж явдаг. Тийм учраас өнгөрсөн 365 өдөр сайн сайхан болоод сүүлийн битүүний өдөр хамгийн сайхнаар төгсгөж байгааг бэлгэддэг юм. Энэ өдөр гэр орноо цэвэрлээд шинэ дээл хувцсаа оёж дуусгадаг. Хуучин жилийн хир буртгийг бүгдийг нь үгүй хийж байгаа бэлгэдэлтэй юм. Шинийн нэгний өглөө гурван үйлийг хичээх хэрэгтэй. Нэгдүгээрт, биеэ хичээж дээл хувцсаа засч айлд орохдоо товч, бүчээ бүчилж, малгай хувцсаа зөв түвшинд тавьж орно. Энэ бол биеийн бэлгэдэл. Хоёрдугаарт хэлний бэлгэдэл байна. Хэлээрээ бэлгэдлийн сайхан үгийг хэлж айлд орохдоо “Амгалан сайхан битүүрч байна уу” гээд уужуухан тайван ордог. Энэ бол хэлний бэлгэдэл. Бие, хэл хоёрын ард сэтгэл байдаг. Бие, хэл хоёрын ариун цэвэр байдлаар шинэ оноо үдэж байгаа нэг ийм хэлбэр байгаа юм. Тэгэхээр монгол айлд хайш яйш хувцаслан бие, хэл хоёроо буруу авч явбал зочин болохдоо тааруу байдаг. Тийм учраас их хичээж амар мэндээ мэддэг. Сэтгэлийн талаас нь аваад үзвэл хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг гэдэг бол хүндэтгэлийн эд. Хөөрөгнийхөө амсрыг жаахан султгаад нөгөө хүндээ барьдаг. Суллаж байгаа үедээ бол би сайхан амьдарч байгаа, жаргал зовлон элдэв зүйлсээс бэргэх юм байхгүй гэдэг дохио болдог. Хөөрөгнийхөө толгойг жаахан чанга дараад өгчихвөл тэр айлд ямар нэгэн гунигтай үйл явдал тохиосон гэх утга илэрхийлнэ. Эвслийн бэлгэдэл болгож хөөргөөр тамхилдаг. Оны сүүлчээр ингэж хөөрөглөдөг ёс бол Өндөр гэгээний үеэс бэлгэдэлтэй. Яагаад гэвэл эвсэж өгөхгүй, дайн байлдаанч улсууд хоорондоо яриа хөөрөө таарахгүй байгаа үед нь хөөрөглөж бай гэсэн утга. Тийм учраас хөөрөгний ёс журам дэлгэрээд монголчууд хоорондоо хөөрөглөөд амьдралынхаа яриа руу урсаад орохоор сайхан эвссэн байдаг. Иймд битүүний өдөр эв түнжин эвдэрсэн, сэтгэл санаанд юм хийсэн зэрэг зүйлсээ шинэ онд авч орохгүй, үүнээс хойш бид хоёр сэтгэлийн ямар нэг хиргүй боллоо шүү гэж эв найрамдлын тамхиа өгдөг сайхан уламжлалтай. Дорно дахины болоод Монголын ард түмэн таван зүйлийн юмаар зочноо дайлдаг уламжлал бий. Гэр орноо цэвэрлэж, өөрсдийгөө цэвэр сайхан хувцаслаж байгаа байдал нь нүдэнд нь өргөж байгаа өргөл юм. Таван мэдрэхүйд мэдрүүлж дайллага цайллагын ёсоо хийдэг. Гэрийн байдал, тавгийн идээгээ тэгш сайхан өрчихсөн байдал нь нүдэнд сайхан харагдахаар хүний сэтгэл тэгш сайхан болдог. Ер нь нүдээр харж байгаа зүйл сайхан байх юм бол хүний сэтгэл уужирч тайвширдаг. Тэр талаас нь гэрийнхээ байдлыг сайхан болгож сэтгэлд нь дулаан, бүлээн байдал үүсгэж зочноо угтдаг.
Хоёрдугаарт чих орно. Хамгийн их мэдээлэл авдаг эрхтэн. Чихэнд сонсголонтой сайхан дуу өргөж байгаа бэлгэ дэмбэрлийн үгс хэлцээд амар мэндээ мэдээд сайхан уянгалаг байвал хүний сэтгэл бүлээсч байдаг. Дараа нь аманд нь сайхан амт өргөдөг. Энэ нь амьтны амь хороогоогүй идээ будаа, битүүлэг цагаалгыг аманд нь өргөж байгаа бэлгэдэл юм. Дараа нь үнэр байдаг. Энэ бол хамарт өргөж байгаа өргөл юм. Бурхан шүтээн болон бусад газрууддаа зул хүж өргөж, тэр сайхан үнэрт сэтгэл нь баясдаг учиртай. Мөн хадаг өргөдөг. Энэ нь хүртэхүйд нь өргөж, биед нь өргөж байгаа өргөл юм. Сайхан зөөлхөн юм биед нь хүрэхэд тааламжтай байдаг. Тэр талаас нь идээ будаа, хөөрөг тэргүүтэн өргөж биед нь сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингэж хүний таван мэдрэхүйд нь өргөж зочноо хүндэлдэг ёс байсан. Энэ ёсоороо монголчууд цагаан сарын баярын үеэрээ зочин гийчнээ дайлдаг. Зочин гийчид айлд орохдоо бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж ордог ёстой. Ингэж чадах юм бол тэр айлд өлзий хутаг оршоодог гэж үздэг. Монгол хүн амны бэлгээрээ гэж хэлдэг. Ийм учраас монголчууд цагаан сарын үеэр бэлгэдлийг их боддог. Орж гарч байгаа хүмүүсийн үг хэл, байр байдлыг ажиглаад миний дараагийн жил ийм сайхан жил гарах нь ээ гэж бэлгэдэж байдаг учир хүний сэтгэлд муу муухай зүйл хийхгүйн тулд зочин гийчин болж байгаа улсууд биеэ сайхан авч явж, үг хэлээ цэнэдэг байсан. Иймэрхүү маягаар бие, хэл, сэтгэлээр хүслийн таван эрдэнийг нь дайлдаг. Хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдөр иймэрхүү ёсолгоог хийдэг байсан. Үүнээс гадна орон хийд болгонд Лхам бурхныг тахьдаг байлаа. Хуучин жилийн хамгийн сүүлийн өдөр олон дацангууд хурал номыг зэрэг хурж Лхам бурхныг залан ирүүлж дараагийнхаа жилийн сайн сайхныг даатгадаг. Тэр үед нь буян бодож шүтлэгтэй хүмүүс нь арцаа уугиулж, тотгон дээрээ гурван мөс тавьдаг ёс бий. Лхам бурхандаа өнгөрсөн жилийнхээ гэм, алдааг наминчлаад хойд жилийнхээ сайн сайхныг даатгадаг сайхан уламжлалтай. Цагаан сарын шинийн нэгэнд өглөө эртлэн босдог. Энэ бол ёслол хүндэтгэлийн их том үйл болдог. Хамгийн ахмадаасаа амар мэндийг нь зөв мэдэж золгодог. Өөрийнхөө үе тэнгийн улсуудтай бол амар мэндээ мэдэж хөөрөг зөрүүлж золгоно. Ах дүү хамаатан садантайгаа удаан уулзаж чадаагүй бол бие биенээ хараад үр хүүхдүүдээ танин мэдээд, хүүхдүүд нь бие биеэ танин мэддэг. Ах дүүсээ мэдсэнээр цус холилдохгүй янз бүрийн барцадаас хамгаалсан үйл болж байгаа юм. Мөн бие биенээ танин мэдэж, ахас ихэсээ хүндэтгэх сайхан ёсыг хүүхдүүддээ өвлүүлэн сургаж байдаг. Энэхүү баяраар агсан согтуу явж хүний сэтгэлд буруу юмыг тогтоож ард түмнээ буруу тийш нь залах явдал гардаг учраас цөмөөрөө хичээдэг л үе дээ. Аливаа баяр ёслол хэмжээ хязгаартай тул шинийн гуравнаас хойш идээ шүүсээ багасгах учиртай. Шашин номын үйл бол шинийн нэгнээс 15 хүртэл ард иргэдийнхээ заслыг хийдэг.
Бидний амьдран буй энэ дэлхийг сав ертөнц гэдэг. Харин дээр нь амьдарч буй хүн, амьтныг шим ертөнц гэдэг. Хэрвээ сав ертөнц бохирдохыг аягатай зүйрлэбэл түүн дотор хортой зүйл хийчихсэн байвал ямар ч сайхан сүү сааль, будаа хийхээр бидний идэж уухын шалтгаан болдогтой ижилхэн бидний оршин байгаа дэлхий бузартчихвал түүн дээр байгаа бид жаргалтай сайхан амьдарч чадахгүй. Байгаль дэлхийнхээ харилцан холбоог сайн мэдэрч байгалиа цэвэр ариун авч явахыг хичээнгүйлсэн эцэг өвгөдийн минь хичээлтээр XXI зуун хүртэл энэ сайхан цэвэр байгалийг бидэнд авчирч чадсан. Энэ бол гайхамшиг. Одоо бид үргэлжлүүлж байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгахыг бодох хэрэгтэй. Энэ бол алсын юм биш. Өнөө цагт бидний өмнө тулгамдаж буй ажил. Байгаль дэлхий цэвэр байвал бид удаан жаргалтай амьдарч өвчингүй байх шалтгаан болно. Тиймээс бид үүнд сайн анхаарах ёстой.
Монголчуудын эрхэмлэдэг зүйлс бол урт нас, өвчин зовлонгүй байх, барцадгүй мэнд суух, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн байх билээ. Барцад гэдэг нь амьдралын зохисгүй шалтгаанууд юм. Жишээлбэл, болгоомжгүй байгаад аюул аваарт орох, хөл гараа гэмтээх, хэрүүл хараалд өртөх зэрэг ордог. Энэ байдлыг бурхан багш айлдахдаа, “Таны хүрээлэн байгаа гэр болоод өөртэй чинь харьцаж байгаа хүмүүс ямаршуу янзтай тан руу хандаад байгаа нь таныг тодорхойлж байгаа юм” гэсэн байдаг. Жишээ нь хүнийг дээрэлхэх гээд нэг их сүрхий царай гаргаад эхэлбэл над руу ирж байгаа ертөнц яг л тийм болоод ирдэг. Түүнд дийлдэхгүй дандаа л ингэж байдаг юм, түүнтэй үзэлцэнэ гэсэн маягтай. Ингэж эргэдэг юм. Хэлэнд ч гэсэн муу үг хэлэхээр өөдөөс муу үг л ирдэг. Сайн үг хэлээд бусдыгаа хүндэтгээд сайхан харьцахаар сайхан л үг ирдэг. Тэгэхээр үр хүүхэд, хань ижилдээ сайхан үг хэлээд сайхан хараад өөдөөс нь инээхэд л тэр гэр бүл дотор бүлээн дулаан уур амьсгал гарч байдаг. Тэгээд эв зохицол явагдаад оройжингоо үр хүүхдээ асарсан, бие биендээ хайр энэрлээ өгсөн гэр бүл болдог. Тиймээс бурхан багш хамгийн түрүүнд өөр рүүгээ хар гэдэг нь энэ юм. Тиймээс энэ ёсоор явах ёстой. Ингэж барцадаас хамгаалж өөрийнхөө амьдралын зохисгүй чанарыг хаяж явдаг. Барцадгүй мэнд суух, эд таваар элбэг дэлбэг байх, сав шимийн ертөнц маань дэлгэрч байх ийм таван зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх учиртай.
Ингэж цагаан сарын эхний өдрийг эрхэмлэн чухалчилдаг нь энэ бүх зүйлийг 365 хоногтоо цааш нь үргэлжлүүлэн авч явж сайхан амьдарцгаая гэсэн гол утга нь үүнд оршиж байгаа юм. Тиймээс монголчууддаа хамгийн сайн сайхныг айлтгаж байна. Урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ээ.
Тэмдэглэсэн О.ӨНӨРЦЭЦЭГ