“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам яг одоо төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Энэхүү наадмыг нээж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц үг хэлж байна. Тэрбээр “Жил бүрийн энэхүү баярыг хамтран зохион байгуулдаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бурхан шашны олон сүм, хийдийн лам, хуваргуудад талархаж байна. Монголын ард түмнийг бурхан ивээж, ажил үйлс, бие сэтгэл нь цэвэр ариун байг ээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү шашин соёлын наадмын түүхийг сөхвөл Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр билээ. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ. Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу наадам” болж, уламжилсаар хожим Улсын их баяр наадам болсон гэж үздэг. Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай бөгөөд монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсээр ирсэн түүхтэй билээ. Эрхэм сүсэгтэн олон, гадаад, дотоодын жуулчид, хүндэт зочид, төлөөлөгч та бүхэн Бат-Оршилтой сайхан наадарай. Ум сайн амгалан болтугай” хэмээв.
Улмаар Монголын Бурхан шашны сүм, хийдийн лам, хуваргууд нийт сүсэгтэн олонд зориулан ном айлдаж байна.